Институт ба семинар
6-р хичээл: Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн


6-р хичээл

Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн

Оршил

Мормоны Ном болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээ нь хожмын өдрүүдэд Бурханаар авчрагдах “ер бусын ажил мөн гайхамшгийн” нэг хэсэг юм (2 Нифай 25:17). Мормоны Ном сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг учраас урвалтыг ялан дийлж, Христэд бодгалиудыг авчрахад нэн чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ хичээл нь энэ ариун нандин цэдэг бидний өдрүүдийг харж, сүнслэгээр өдөөгдсөн бичээчдээр бичигдсэн гэдгийг онцолно.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Жэффри Р.Холланд, “Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11-р сар, 88-90 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100.

  • “Flooding the Earth and Our Lives with the Book of Mormon,” chapter 10 in Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson (2014), 137–45.

Заах зөвлөмж

2 Нифай 27:6, 29–30, 35; 3 Нифай 29:1–2; Мосе 7:62; Иосеф Смит—Түүх 1:34

Хожмын өдрүүд дэх Мормоны Номын үүрэг

Мормоны Номонд, хожмын өдрүүдэд дэлхий дээр ёс бус явдал ба урвалт байх болно гэсэн бошиглолууд цэдэглэгдсэн байдаг гэдгийг суралцагчдад тайлбарла (2 Нифай 27:1, 4–5-ыг үзнэ үү). Түүнчлэн Мормоны Номонд эдгээр асуудлыг шийдвэрлэх Их Эзэний шийдэл цэдэглэгдсэн байдаг. Ангийнхан Их Эзэний шийдлийг хайж байх хооронд нэг суралцагчаас 2 Нифай 27:6, 29–30, 35-ыг чанга уншихыг хүс.

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, хожмын өдрүүдэд Их Эзэн ёс бус явдал ба урвалтыг зогсоохын тулд юу хийнэ гэсэн байна вэ?

  • Мормоны Ном нь ямар арга замаар хожмын өдрүүдийн ёс бус явдлыг шийдвэрлэх шийдлийг гаргаж өгдөг вэ?

Суралцагчдад хожмын өдрүүдэд Мормоны Номын хийж гүйцэтгэх нэмэлт үүргүүдийн талаарх бошиглолыг Мормон цэдэглэн үлдээсэн гэдгийг хэл. Суралцагчдад 3 Нифай 29:1–2-ыг судалж, уг бошиглолыг хайж олох хугацаа гаргаж өг. Та “эдгээр үгс” гэсэн үг хэллэг Мормоны Номыг хэлж байгаа гэдгийг онцолж болно.

  • Мормоны Ном ирснээр өөр ямар чухал ажил хийгдэж эхлэх вэ? (Израилийн цугларалт.)

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон сайн мэдээний сэргээлтэд гүйцэтгэх Мормоны Номын гол үүргийг болон хожмын өдрүүдэд хийгдэж эхлэх Их Эзэний ажлын талаар дүрслэн өгүүлсэн гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг дараах мэдэгдлийг чанга уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“[Мормоны Ном] Сүм зохион байгуулагдахаас хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн юм. Алдар суугийн гурван зэрэглэл, селестиел гэрлэлт, нас барагсдын өмнөөс хийх ажил зэрэг агуу сургаалуудыг илчлэхээс өмнө Мормоны Номыг уншуулахаар гэгээнтнүүдэд өгсөн ажээ. Энэ ном санваарын чуулгууд болон Сүм зохион байгуулагдахаас өмнө гарч ирсэн юм. Энэ бүхэн ариун номыг Их Эзэн хэрхэн чухалчлан үзэж байсан талаар ямар нэг зүйлийг бидэнд хэлэхгүй байна гэж үү? (“The Book of Mormon—Keystone of Our Religion,” Ensign, 1986 оны 11-р сар, 4).

  • Яагаад Мормоны Ном Сэргээлтийн өөр олон чухал үйл явдлын өмнө ирсэн, мөн яагаад Их Эзэний Израилийг цуглуулах ажилд болон хожмын өдрүүдэд ёс бус явдлыг ялан дийлэхэд гол үүрэг гүйцэтгэнэ гэж та бодож байна вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд нэг суралцагчаас Иосеф Смит—Түүх 1:34-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг Мормоны Номд юу агуулагддаг талаар олж мэдэхэд урь.

  • Мормоны Номд юу агуулагддаг вэ? (Суралцагчдад дараах үнэнийг олж тодорхойлоход нь тусал: Мормоны Ном нь Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг агуулдаг.)

  • Мормоны Ном нь “үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг” агуулдаг гэсэн Моронайн тунхаглал ямар утгатай вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мормоны Ном ‘Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдлыг’ (С ба Г 20:9) агуулдаг гэж Их Эзэн Өөрөө хэлсэн билээ. Энэ нь урьд өмнө илчлэгдсэн сургаал бүрийг агуулдаг гэсэн хэрэг биш юм. Энэ нь бидний авралд шаардлагатай сургаалуудын бүрэн байдлыг бид Мормоны Номоос олж болно гэсэн үг юм. Тэдгээр нь энгийн мөн тодорхой заагддаг” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 131).

  • Мормоны Номд агуулагддаг “бидний авралд шаардлагатай сургаалуудын” зарим нь юу вэ? (Эдгээр сургаалд Цагаатгал, Есүс Христэд итгэх итгэл, наманчлал, баптисм ба Ариун Сүнсний бэлэг зэрэг нь ордог.)

Их Эзэн бошиглогч Енохт хожмын өдрүүд дэх Мормоны Номын ач холбогдлын талаар заасан гэдгийг тайлбарла. Нэг суралцагчийг Моронай 7:62-ыг чанга уншихад урь. (Та самбар дээр “зөв шударга ёсыг тэнгэрээс доош [илгээсэн]” гэдэг нь Сэргээлтийг боломжтой болгосон илчлэлтүүдийг, харин “дэлхийгээс үнэнийг [илгээсэн]” гэдэг нь Мормоны Номыг хэлж байгаа гэдгийг бичиж болно. Суралцагчдыг эдгээр тодорхойлолтыг судрынхаа захад буй зайн дээр бичих эсвэл цахим судар дээрээ тэмдэглэхэд урамшуулан дэмж.)

  • Энэ шүлэгт цэдэглэснээр, хожмын өдрүүдэд Мормоны Номыг хэрхэн ашиглах вэ? (Бурханы сонгогдсон хүмүүсийг дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахад туслах.)

  • Та хэзээ Мормоны Ном хэн нэгэнд сайн мэдээнд хөрвөгдөн, Их Эзэний Сүмд нэгдэхэд тусалж байсныг харсан бэ?

  • Бид ямар ямар арга замаар зөв шударга ёсоор болон Мормоны Номоор “дэлхийг үер мэт арчиж” болох вэ?

Суралцагчдыг ирэх долоо хоногт Мормоны Номын захиасаар зүрх сэтгэл, гэр орноо мөн дэлхийг “үерлүүлэх” ямар нэгэн зүйл хийх амлалт өгөхөд урь.

3 Нифай 21:9-11

Эсэргүүцлийг Мормоны Номын үнэн сөрөн зогсдог

Суралцагчдаас тэд хэзээ Мормоны Номыг эсвэл Сайн мэдээний сэргээлтийг эсэргүүцэхийн эсрэг хамгаалснаа бодож үзэхийг хүс.

Нэг суралцагчийг 3 Нифай 21:9-11-ийг чанга уншихад урь. Суралцагчдыг уншиж эхлэхээс өмнө Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холланд эдгээр шүлэгт орсон “үйлчлэгч” гэдэг нь бошиглогч Иосеф Смит гэж тодорхойлсон болохыг тайлбарла (Christ and the New Covenant [1997], 287–88-ыг үзнэ үү).

  • Бошиглогч Иосеф Смит эдгээр шүлгэн дээрх тодорхойлолттой хэрхэн нийцэж байна вэ?

  • Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Аврагч хожмын өдрүүдэд Иосеф Смитыг болон Мормоны Номыг эсэргүүцэх хүмүүст юу үзүүлнэ гэсэн байна вэ? (Суралцагчдад дараах сургаалыг олж тодорхойлоход нь тусал: Бурханы мэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүү агуу.)

  • Мормоны Ном хэрхэн Бурханы “мэргэн ухаан чөтгөрийн башир аргаас илүү агуу” гэдгийг харуулахад тусалдаг вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн дараах мэдэгдлийг үзүүлээд, унш:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Хүмүүс энэ номыг [180 гаруй] жилийн турш сорьж сонжин, дайрч давшилж, үгүйсгэн, ширүүн шүүмжлэлийн бай болгож, урж тасчиж хаясаар ирлээ. Орчин үеийн шашны түүхэнд, ерөөсөө аль ч шашны түүхэнд ингэж дайрч давшлуулсан өөр ном байхгүй биз ээ. Ийнхүү дайрч давшлах нь одоо ч хэвээр байна. … Эл номын эх сурвалжийн тухай зүсэн зүйлийн сэжиг таавар гаргаж ирдэг ч, хэсэг шуугилдаж байгаад таг чиг болдог. Энэ номыг орчуулсан, боловсролгүй залуу Иосефын тайлбарласнаас өөр ямар ч тайлбар байхгүй учир эдгээр илэрхий даржин, өрөвдөлтэй хариултуудын аль нь ч үнэний шалгуурыг даагаагүй юм. ‘Ямар ч санаа муут хүн ийм ном бичиж чадахгүй. Энэ ном үнэн бөгөөд Бурханаас зарлиг аваагүй бол ямар ч лут хүн ийн ном бичиж чадахгүй’ гэж өвөөгийнхөө энгийн атлаа тов тодорхой мэдэгдэлтэй би санал нийлдэг” (“Бодгалийн аюулгүй байдал,” Ensign, 2009 оны 11-р сар, 89 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 100).

  • Яагаад Мормоны Ном ийм их эсэргүүцэлтэй тулгардаг гэж та бодож байна вэ?

  • Ямар ямар тохиолдол танд Мормоны Ном өөрийнх нь эсрэг ирэх эсэргүүцлийг дийлж гарна гэдгийг зааж өгсөн бэ?

  • Та бусдад Мормоны Номын тухай зааж эсвэл үүний үнэнийг хамгаалж байхдаа юу мэдэрч, юуг олж мэдсэн бэ?

Мормон 8:1–5, 26–35

Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн

Суралцагчдад Моронай өөрийнхөө соёл иргэншлийг мөхөхийг гэрчилсэн гэдгийг сануул. Суралцагчдаас Мормон 8:1–5-ыг уншаад, Моронай алтан ялтсуудыг нуухын тулд юу хийх шаардлагатай байсан талаар бодож үзэхийг хүс.

  • Та өөрийгөө Моронай гэж төсөөлөн бод. Та ямар шалтгаанаар бусад хүн таны цэдгийг уншаасай гэж хүсэх байсан бэ?

Суралцагчдаас Мормон 8:26–35-ыг уншаад, Моронай Мормоны Ном урагш авчрагдах үеийн нөхцөл байдлын талаар юу гэж бошиглосныг олж мэдэхийг хүс. Та суралцагчдыг олж мэдсэн зүйлээ тэмдэглэхэд урамшуулан дэмжиж болно.

  • Моронай Мормоны Ном урагш авчрагдах үеийг хэрхэн дүрслэн өгүүлсэн бэ? (Энэ нь урвалт, ёс бус явдлын өдөр байх болно.)

  • Та 35-р шүлэг дээр үндэслэн ямар дүгнэлт гаргаж болох вэ? (Та Моронайгаас гадна Нифай, Иаков, Мормон зэрэг бусад бошиглогч ирээдүй үеийнхэнд зориулан бичиж байгаа гэж хэлсэн болохыг онцолж болно. Суралцагчдаар 35-р шүлгийг 2 Нифай 25:21–22 болон Мормон 7:1-тэй солбицсон эшлэл болгон ашиглуулах талаар бодож үз.)

  • Яагаад Моронай болон Мормоны Номын бусад бичээч өнөө үед бидэнд тулгарч буй асуудлуудын талаар мэдэж байсан гэдгийг мэдэх нь чухал вэ? (Та нар энэ асуултын талаар ярилцаж байхдаа дараах үнэнийг онцол: Мормоны Номын бичээчид өнөө үед бидэнд тулгарч буй асуудлуудын талаар мэдэж байсан учраас уг номонд заасан зүйлс нь бидний хувьд агуу үнэ цэнэтэй.)

Суралцагчдад энэ үнэнийг ойлгоход нь туслахын тулд нэг суралцагчийг ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны дараах мэдэгдлийг уншихад урь:

Зураг
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Мормоны Номыг … бидний өдрүүдэд зориулан бичсэн юм. Эртний нифайчууд ба леменчүүдийн аль алинд энэ ном байгаагүй. Энэ номыг бидэнд зориулан бичсэн юм. Мормон нифайчуудын соёл иргэншлийн төгсгөл хавьд бичиж байв. Бүх зүйлийг эхлэлээс хардаг Бурханы сүнслэг нөлөөн дор тэрбээр хэдэн зууны цэдгийг товчлон, бидэнд хамгийн чухал үй олон түүх, хэлсэн үг, үйл явдлаас сонгон авч, товч хураангуйг хийсэн ажээ.

Мормоны Номын гол бичээч бүр ирээдүйн үеийнхэнд зориулан бичсэнээ гэрчилсэн байдаг. … Хэрэв тэд өнөө үеийг харж, бидэнд агуу үнэ цэнэтэй зүйлсийг сонгосон юм бол, бид Мормоны Номыг судлах ёстой биш гэж үү? Их Эзэн юуны учир үүнийг цэдэгтээ оруулахад Мормонд (эсвэл Моронайд болон Алмад) сүнслэгээр нөлөөлсөн юм бол? Би үүнээс энэ эрин үед амьдрахад надад туслах ямар сургамж авч болох вэ?’ (Teachings: Ezra Taft Benson, 140).

  • Мормоны Ном бидний өдрүүдэд зориулан бичигдсэн гэдгийг санаж байх нь үүнийг унших хандлагыг маань хэрхэн өөрчлөх вэ?

Суралцагчдыг Мормоны Ном хэрхэн тэдэнд удирдамж, хүч чадал, асуултуудын хариулт мөн асуудлуудын шийдлийг өгсөн тухай жишээ өгөхөд урь

Суралцагчийн унших материал