Институт ба семинар
5-р хичээл Есүс Христийн хязгааргүй Цагаатгал


5-р хичээл

Есүс Христийн хязгааргүй Цагаатгал

Оршил

Дэлхий ертөнц дээрх хамгийн агуу үйл явдал болох Есүс Христийн Цагаатгал бүх хүнд нүглээсээ өршөөгдөж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой мөнхөд хамт амьдрах боломжийг өгдөг. Цагаатгалаар дамжин бүх хүн төрөлхтөн амилуулагдаж, Бурханы оршихуйд шүүгдэхээр эргэн очих юм. Цагаатгал нь Есүс Христээс тоолж баршгүй олон байдлаар зовж шаналахыг шаардаж байсан учраас Түүнд бидний хүн нэг бүрийн зовлонг ойлгох төгс чадвар байдаг.

Нөхцөл байдлын тухай унших материал

  • Боид К.Пакэр, “Цагаатгал,” Ensign, 2012 оны 11-р сар, 75-78 эсвэл 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89.

  • Д.Тодд Кристоффэрсон, “Гэтэлгэл,” Ensign, 2013 оны 5-р сар, 109-112 эсвэл 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 128.

Заах зөвлөмж

Мозая 3:5–11; Алма 34:8–12

Зөвхөн Есүс Христ хязгааргүй Цагаатгалыг гүйцэлдүүлж чадах байсан

Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын (1920–2007) дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчийг чанга уншихад урь.

Зураг
Ерөнхийлөгч Жэймс Э.Фауст

“Би бүх түүхэн дэх хамгийн агуу үйл явдлын талаар яримаар байна. Энэхүү ер бусын үйл явдал нь бидний Их Эзэн Аврагч Есүс Христийн зүйрлэшгүй Цагаатгал байсан юм. Энэ нь дэлхий ертөнц дээр болж өнгөрсөн хамгийн эрхэм дээд үйлдэл байсан юм” (“The Atonement: Our Greatest Hope,” Ensign, 2001 оны 10-р сар, 18).

Ангийнхныг яагаад Цагаатгал түүхэн дэх хамгийн агуу үйл явдал болохыг харуулсан үг, хэллэгүүдийг тэмдэглэж байх хооронд хоёр эсвэл гурван суралцагчийг Алма 34:8–12-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • Яагаад Есүс Христийн Цагаатгал дэлхий ертөнц дээрх хамгийн агуу үйл явдал байсан бэ? (Дараах үнэнийг онцол: Есүс Христийн Цагаатгал нь хязгааргүй, мөнхийн бөгөөд бүх хүн төрөлхтөнд авралыг боломжтой болгосон юм.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүлэх талаар бодож үз:

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“Хязгааргүй Цагаатгал нь Адам, Ева болон тэдний бүх үр удмыг гэтэлгэхэд шаардлагатай байсан. … Мөнхийн хуулийн дагуу уг Цагаатгал нь үхэлд харьяалагддаггүй мөнх хүмүүнээр хийгдэх хувийн золиослолыг шаардаж байв. Гэсэн ч Тэрбээр үхээд, өөрийн бие махбодыг эргүүлэн авах ёстой байлаа. Үүнийг гүйцэлдүүлж чадах цорын ганц хүн нь Аврагч байсан юм. Тэрбээр эхээсээ үхэх хүчийг өвлөн авсан бол Эцэгээсээ үхлийг ялах хүчийг өвлөн авсан юм” (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 34).

  • Яагаад Есүс Христ бүх хүнийг гэтэлгэж чадах цорын ганц хүн байсан бэ? (Тэрээр үхэлд харьяалагдаагүй мөнх хүмүүн байсан.)

  • Есүс Христийн золиослол ямар байдлаараа хязгааргүй мөн мөнхийн байдаг вэ?

Энэ асуултад хариулахад нь туслахын тулд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг үзүүлээд, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

“[Есүс Христийн] цагаатгал бол эцэс төгсгөлгүй мөнхийн юм. Энэ нь бас бүх хүн төрөлхтөн хэзээ ч үл төгсөх үхлээс аврагдах учраас хязгааргүй юм. Энэ нь Түүний хэмжээлшгүй зовлон шаналлын улмаас хязгааргүй юм. … Энэ нь бүхний төлөө нэг удаа хийгдсэн буюу цар хүрээгээрээ хязгааргүй юм. Цагаатгалын нигүүлсэл нь тоо томшгүй олон хүнд хүрээд зогсохгүй мөн Түүний бүтээсэн хязгааргүй олон тоотой дэлхийд хүрдэг. Энэ нь хүмүүний аливаа хэмжүүрээс эсвэл мөнх бус хүмүүний ойлголтоос давсан хязгааргүй зүйл байлаа” (“The Atonement,” Ensign, 1996 оны 11-р сар, 35).

Хаан Бенжамин хаанчлалынхаа сүүл үед хүмүүстээ тэнгэр элч хүмүүсийг “баяслаар дүүргэгдэж болохын тулд” “агуу их баясгалангийн баярт мэдээг” (Мозая 3:2–4) өөрт нь тунхагласан гэж зааж байсныг тайлбарла. Ангийнхныг дагаж уншаад, хаан Бенжамины “баярт мэдээг” хайж байх хооронд цөөн хэдэн суралцагчаас Мозая 3:5–11-ийг ээлжлэн чанга уншихыг хүс.

  • Эдгээр шүлгэн дэх ямар ямар захиас хаан Бенжамины хүмүүсийг баяр баяслаар дүүргэхэд хүргэсэн гэж та бодож байна вэ? (Суралцагчдыг хариулж байх хооронд Есүс Христ авралыг боломжтой болгосон гэдгийг онцол.)

  • Ямар үг, хэллэг бидний авралын төлөө төлсөн Есүс Христийн үнийг дүрслэн харуулж байна вэ?

Нэг суралцагчийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэймс Э.Талмэжийн (1862–1933) дараах мэдэгдлийг уншихад урь:

Зураг
Ахлагч Жэймс Э.Талмэж

“Цэцэрлэг дэх Христийн тарчлалын хэр хэмжээ, учир шалтгааныг аль ч талаас нь эгэл хүний хязгаарлагдмал оюун ухаанаар ойлгох аргагүй юм. … Тэр дэлхий дээр хэзээ нэгэн цагт амьдарч байсан өөр хэн ч давж гарахааргүй тийм ачааг үүрэн, зовон тарчилж байсан юм. Энэ нь түүний сүв бүрээс цус шүүрэхэд хүргэсэн бие махбодын өвдөлт, оюун ухааны шаналал төдий байсангүй, харин гагцхүү Бурхан л тэсэн гарч чадах сүнсний шаналал байлаа. Бие махбодын болон оюун ухааны ямар их хүч чадал, тэсвэр хатуужилтай өөр хэн ч үүнийг тэсэн гарч чадахгүй” (Jesus the Christ, 3 дахь хэвлэл [1916], 613).

  • Есүс Христийн бидний төлөө үүрсэн зовлон шаналлын хэр хэмжээний тухай бодоход танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

2 Нифай 9:6–12, 20–22

Есүс Христ бие махбодын болон сүнслэг үхлийг даван туулсан.

Суралцагчдаас Цагаатгал байхгүй байсан бол юу болох байсныг асуу. Хэрэв Цагаатгал байхгүй байсан бол хүмүүний байдал ямар байх байсныг төсөөлөн бодоход нь суралцагчдад туслахын тулд нэг суралцагчаас 2 Нифай 9:6–9-ийг чанга уншихыг хүс. Ангийнхныг дагаж уншаад, Цагаатгалгүйгээр бидний хувь заяа ямар байх байсан тухай дүрслэн харуулсан үг хэллэгийг олж мэдэхэд урь.

  • Бошиглогч Иаковын хэлснээр Цагаатгалгүйгээр бидний бие махбодод юу тохиолдох байсан бэ? Бидний сүнсэнд юу тохиолдох байсан бэ?

Суралцагчдад сайн мэдээний гол захиас болох бид Есүс Христийн Цагаатгалын ачаар энэхүү аймшигт хувь заяаг амсах шаардлагагүй гэдгийг сануул.

Ангийнхан сүнсний болон биеийн үхлээс чөлөөлөгдөх арга замуудыг хайж байх хооронд хоёр суралцагчаас 2 Нифай 9:10–12, 20–22-ыг ээлжлэн чанга уншихад урь.

  • Бидэнд сүнсний болон биеийн үхлээс зайлсхийх ямар арга замууд өгөгдсөн байдаг вэ? (Суралцагчдад дараах сургаалыг нэгтгэн дүгнэхэд тусал: Есүс Христ Цагаатгалынхаа ачаар биеийн болон сүнсний үхлийн үр дагавруудыг ялан дийлсэн.)

  • Эдгээр шүлэг Амилалтын адислалуудын талаар юу зааж байна вэ? (Бидний бие сүнстэйгээ мөнхөд нэгдэнэ. Бид шүүгдэхээр Бурханы оршихуй руу аваачигдана.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

“Есүс Христ Цагаатгал ба Амилалтаараа Уналтын бүх талыг ялсан юм. Бие махбодын үхэл нь түр зуурынх бөгөөд бүр сүнсний үхэлд хүртэл төгсгөл ирэхэд бид бүгд наанадаж л шүүгдэхээр түр хугацаагаар ч болов Бурханы дэргэд буцаж очих болно” (“Есүс Христийн амилалт,” Ensign, 2014 оны 5-р сар, 112 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган,132).

  • Та хэзээ Есүс Христ биеийн болон сүнсний үхлийг ялан дийлсэнд талархсан бэ?

Мозая 3:11, 16; 15:7–9; Алма 7:11–13; Моронай 8:8–12; Сургаал ба Гэрээ 137:7–9

Есүс Христ Цагаатгалаараа дамжуулан бүх хүнд гэтэлгэлийг санал болгосон

Суралцагчдад Есүс Христ нь Уналтын улмаас бий болсон биеийн болон сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг чөлөөлөхийн хамт биднийг нүглээс үүдэлтэй сүнсний үхлээс мөн адил аварч чадна гэдгийг сануул. Ангийнхан Есүс Христ хэрхэн нүглүүдээсээ гэтэлгэгдэх боломжийг бидэнд олгосныг хайж байх хооронд нэг суралцагчийг Мозая 15:7–9-ийг чанга уншихад урь.

  • Эдгээр шүлэг Христ хэрхэн нүглүүдээсээ гэтэлгэгдэх боломжийг бидэнд олгосон талаар юу зааж байна вэ? (Уг сургаалыг онцол: Есүс Христ Цагаатгалаар дамжуулан үхлийн хүлээсийг тасчин, Өөр дээрээ бидний алдсыг авч, шударга ёсны шаардлагыг ханган, бидний төлөө өмгөөлөл хийх хүчийг авсан юм.)

  • Өмгөөлөл гэсэн үг юу гэсэн утгатай вэ? (Өмгөөлөл гэдэг нь хоёр талд зөрчилдөөнөө шийдвэрлэхэд туслахын тулд талуудыг хооронд нь зуучлах үйлдлийг хэлнэ. Энэ тохиолдолд Есүс бидний нүглээс болж үүссэн Бурхан ба бидний хооронд үүссэн тааламжгүй харилцааг эвлэрүүлэхийн тулд өмгөөлдөг юм.)

Мормоны Ном бидэнд Есүс Христийн Цагаатгал хэрхэн бяцхан хүүхдүүдийг болон сайн мэдээг хүлээн авч, баптисм хүртэлгүй нас барсан хүмүүсийг авардгийг ойлгоход тусалдаг гэдгийг тайлбарла.

Ангийн нэг хэсгээс Мозая 3:16-г дотроо уншаад, уншсан зүйлээ Моронай 8:8–12-той солбицсон эшлэл болгохыг хүс. Ангийн үлдсэн хэсгээс Мозая 3:11-ийг дотроо уншаад, уншсан зүйлээ Сургаал ба Гэрээ 137:7–9-тэй солбицсон эшлэл болгохыг хүс.

  • Эдгээр шүлэг баптисм хүртэхээсээ өмнө нас барсан хүүхдүүдийн авралын талаар юу зааж байна вэ?

  • Эдгээр шүлэг “Бурханы тааллыг мэдэлгүйгээр нас барсан” хүмүүсийн авралын талаар юу зааж байна вэ? (Мозая 3:11).

Суралцагчдад Аврагч Цагаатгалаар дамжуулан мөнх бус байдлын сорилт бэрхшээл дунд биднийг ойлгож мөн бидэнд туслахын тулд төгс ойлгох чадвартай болсон гэдгийг хэл. Суралцагчдаас Алма 7:11–13-ыг судлан, Цагаатгалын нэг хэсгийн хувьд Есүс Христийн туулсан мөнх бус сорилт бэрхшээлүүдийг дүрслэн харуулсан үгсийг олж мэдэхийг хүс. Суралцагчид олж мэдсэн зүйлсээ хуваалцах хооронд дараах үгсийг самбар дээр жагсааж бич: өвдөлт, зовлон, уруу таталт, өвчин, үхэл, сул дорой байдал (сул талууд болон чадваргүй байдал), мөн нүгэл. Алма 7:11 дээрх “бүх төрлийн” гэсэн үг хэллэгийг онцолж, суралцагчдаас самбар дээр жагсааж бичсэн олон төрлийн нөхцөл байдлын тухай жишээнээс хуваалцахыг хүс.

“Өөр дээрээ” гэсэн үг хэллэг 11–13-р шүлэгт хэд хэдэн удаа давтагдсан гэдгийг онцол. (Тайлбар: Та энд олон давтагдсан үг, хэллэгийг олж тогтоох нь судар судлах чадвар болохыг онцолж болох юм. Судар дээр давтагдсан үг, хэллэгийг тэмдэглэх нь сонсогчдод онцолсон зүйлийн гол утга санааг олж тогтооход тусалдаг.)

  • 11–12-р шүлэгт цэдэглэснээр, яагаад Есүс Христ “өөр дээрээ” бидний өвдөлт, өвчин, зовлон болон самбар дээр жагсаасан бусад нөхцөл байдлыг хүлээн авсан бэ? (Суралцагчдад дараах зарчмыг олж тодорхойлоход нь тусал: Аврагч өөр дээрээ бидний өвдөлт, өвчин, зовлонг авсан учраас Тэрээр мөнх бус байдлын зовлон бэрхшээлтэй нүүр тулгарах үед бидэнд туслах боломжтой болсон.)

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Жэффри Р.Холландын дараах мэдэгдлийг үзүүлж, нэг суралцагчаас чанга уншихыг хүс:

Зураг
Ахлагч Жэффри Р.Холланд

“Аврагчийн Цагаатгал нь биднээс зөвхөн бидний нүглүүдийн ачаа дарамтыг авах бус мөн бидний гутрал цөхрөл, гуниг зовлон, сэтгэлийн шаналал болон урам хугаралтын ачаа дарамтыг авдгийг би гэрчилж байна [Алма 7:11–12-ыг үзнэ үү]. Ийм тусламжинд найдах нь бидний ачаа дарамтыг үгүй болгож, бидний авралыг авчрах хөшүүрэг болдог бөгөөд бидний өсөж хөгжих учир шалтгаан, арга зам эхлэлээс өгөгдсөн байдаг юм” (“Broken Things to Mend,” Ensign эсвэл Лиахона, 2006 оны 5-р сар, 70–71).

  • Аврагчийн Цагаатгалд найдах нь хэрхэн таны үйлдэлд болон мөнхийн хэтийн төлөвт нөлөөлөх вэ?

  • Алма 7:11–13 дахь үнэнүүдийг ойлгох нь хэрхэн танд сорилт бэрхшээлүүдийг даван гарахад туслах вэ?

Суралцагчдыг Есүс Христийн Цагаатгалын хүчийг амьдралдаа мэдэрч байсан туршлагуудаасаа хуваалцахад урь (тэдэнд хуваалцахад хэт нандин эсвэл хэт хувийн шинж чанартай зүйлээ хуваалцахгүй байхыг анхааруул).

Суралцагчдыг амьдралдаа Аврагчийн Цагаатгалын эдгээн, хүчирхэгжүүлэх хүчийг илүү сайн хэрэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар бичихэд урь. Тэднийг төрсөн мэдрэмжийнхээ дагуу үйлдэхэд урамшуулан дэмж.

Суралцагчийн унших материал