Семинар
20-р хэсэг: 1 дэх өдөр, Алма 39


20-р хэсэг: 1 дэх өдөр

Алма 39

Оршил

Алма Кориантон хэмээх эрх дураараа хүүгээ үйлчлэлээ орхиж, бэлгийн харилцааны жигшүүрт нүгэл үйлдсэнийх нь төлөө зэмлэжээ. Алма Кориантонд түүний үйлдлийн ноцтойг хэлж, Кориантоныг маш ноцтой буруу үйлдлийнхээ улмаас гэм нүгэлд унасанд нь харууссанаа илэрхийлдэг. Алма Кориантоныг “нүдээрээ шунасныхаа араас” явахаа зогсоож, наманчлахыг тушаажээ (Алма 39:9). Кориантонд өгсөн Алмагийн захиас Алма 39–42-т байдаг.

Алма 39:1–6

Алма хүү Кориантондоо бэлгийн харилцааны нүглийн ноцтойг тайлбарласан нь

Дараах мэдэгдлийг тунгаан бод: Зарим нүглүүд нь бусад нүглүүдээс илүү ноцтой байдаг.

  1. Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич: Та зарим нүглүүд бусад нүглүүдээс илүү ноцтой гэдэгтэй санал нийлж байна уу? Яагаад эсвэл яагаад үгүй гэж?

Алма 39-д цэдэглэснээр хүү Кориантондоо өгсөн Алмагийн зөвлөгөө зарим нүглүүдийн ноцтой байдлыг ойлгоход тань тусалж чадна. Кориантон Алма болон ах Шиблоны хамт зорамчуудад сайн мэдээг номлохоор явжээ. Тэр үед Кориантон бэлгийн харилцааны ноцтой нүгэл үйлдсэн байна.

Алма 39:1–4-ийг уншиж, Кориантон ямар гэм бурууг үйлдсэнийг олж мэд. Янхан эм гэдэг нь завхай эмэгтэй эсвэл биеэ үнэлэгч гэсэн утгатайг мэдэх нь эдгээр шүлгүүдийг ойлгоход тань тусалж болох юм. “Их Эзэн нүглийг өчүүхэн төдий ч хүлцсэн янзаар хүлээн зөвшөөрч чадах нь үгүй” (С ба Г 1:31) гэдгийг ойлгох нь чухал бөгөөд бэлгийн харилцааны нүгэл нь үнэхээр ноцтой юм. Кориантон янхан эм Изабелийн араас явахын тулд номлолоо санаатайгаар орхисон нь түүнийг ноцтой нүгэл рүү хөтөлснийг бас анхаар.

Алма 39:5-ыг уншиж, Алма бэлгийн харилцааны ноцтой нүглийг бусад нүгэлтэй хэрхэн харьцуулж тайлбарласныг олж мэд. Жигшүүрт хэрэг нь нүгэлт, ёс бус эсвэл бузар булай зүйл юм. Бид эдгээр шүлгүүдээс бэлгийн харилцааны нүгэл нь Бурханы мэлмийд жигшүүрт хэрэг гэдгийг сурдаг. Бэлгийн харилцааны нүгэл нь яагаад хүн амины хэргийн дараа ордог ноцтой нүгэл болохыг тунгаан бод.

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бэлгийн харилцааны нүгэл нь яагаад Их Эзэнд жигшүүрт хэрэг байдаг талаар дараах тайлбарыг өгчээ: “Бурхан бүх нийтэд өгөгдсөн бие махбодын дур таашаалд онцгойлон хязгаар тогтоосноор бүх эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн төлөөх түүний төлөвлөгөөнд энэ нь ямар байр суурь эзэлдэг талаар бидэнд юу хэлэхийг хичээж байна вэ? Тэрээр амьдралын жинхэнэ төлөвлөгөөний талаарх тайлбарыг маш тодорхойгоор өгсөн гэдгийг би та нарт мэдэгдэж байна. Хүн энэ дэлхийд хэрхэн ирдэг бас хэрхэн явдаг нь мөнх бус амьдралын хувьд Түүний хамгийн их анхаардаг зүйл нь юм. Тэрбээр эдгээр асуудлуудад маш нарийн хязгаар тогтоосон юм” (“Personal Purity,” Ensign, 1998 оны 11-р сар, 76).

Дараах хэсгүүдийг уншиж, уг асуултын хариултыг олж тэмдэглэ: Бэлгийн цэвэр ариун харилцаанаас ямар адислалууд ирдэг вэ?

Эхнэр нөхрийн хоорондох бие махбодын дотно харилцаа нь сайхан бөгөөд ариун нандин зүйл юм. Энэ нь хүүхэд төрүүлэх, эхнэр ба нөхрийн хоорондын хайрын илрэл байхаар Бурханаас томилогдсон юм. Гэрлэлтээс өмнө бэлгийн харилцаанд орохгүй байхыг Бурхан зарлиг болгосон билээ.

Та нар бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байснаар ариун сүм дэх эрхэм нандин гэрээнүүдийг хийж, дагахад өөрсдийгөө бэлтгэдэг. Та нар хайр халамжаар дүүрэн мөнхийн гэр бүлийн нэг хэсэг болох хүүхдүүдийг энэ дэлхийд авчрах бат бөх гэрлэлтэд өөрсдийгөө бэлддэг. Та нар гэрлэлтээс гадуур бэлгийн харилцаанаас үүдэлтэй сэтгэл санаа болон сүнслэг байдлын уналтаас өөрсдийгөө хамгаалах болно. Та нар бас хор хөнөөлтэй өвчнүүдээс өөрсдийгөө хамгаалдаг. Бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байх нь таныг өөртөө итгэлтэй, жинхэнэ аз жаргалтай байхад тусалдаг бөгөөд одоо ба ирээдүйд зөв шийдвэр гаргах чадварыг тань өсгөдөг” ( Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө [товхимол, 2011], 35).

Одоо дараах догол мөрүүдийг уншиж, уг асуултын хариултыг олж мэд: Бэлгийн харилцааны цэвэр ариун байдлын талаар Их Эзэний ямар жишгүүд байдаг вэ?

“Бэлгийн харилцааны талаарх Их Эзэний жишиг тодорхой бөгөөд хувирдаггүй. Гэрлэлтээс өмнө ямар ч бэлгийн харилцаанд бүү ор, гэрлэлтийн дараа ч эхнэр нөхөртөө чин үнэнч бай. Гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцаа нь хэвийн зүйл хэмээн ятгах хэвлэл мэдээллийн хэрэгсэл, найз нөхөд болон бусдын уруу таталтад бүү ор. Энэ бол худлаа юм. Бэлгийн харилцааны нүгэл нь Бурханы мэлмийд үнэхээр ноцтой зүйл мөн. Энэ нь амьдрал бүтээх зорилгоор Бурханы өгсөн ариун хүчийг бузарладаг юм. Бэлгийн харилцааны нүгэл бол хүн алах болон Ариун Сүнсийг үгүйсгэхээс бусад бүх нүглүүдээс хамгийн жигшүүрт нүгэл мөн хэмээн бошиглогч Алма сургасан байдаг (Алма 39:5-ыг үзнэ үү).

“Бэлгийн харилцааны нүгэлд хөтлөх аливаа зүйлийг бүү хий. Бусдыг хүндэтгэн харьцаж, тэднийг хэзээ ч тачаангуй, хувиа хичээсэн хүслийнхээ бай бүү болго. Гэрлэхээсээ өмнө тачаангуй үнсэлцэх, өөр хүний дээр гарч хэвтэх эсвэл өөр хүний нууцлаг эрхтнүүд эсвэл биенд хувцастай болон хувцасгүйгээр хүрэх зэрэг зүйлсийг хийж болохгүй. Бэлгийн харилцааны мэдрэмжийг өдөөх зүйл бүү хий. Өөрийнхөө биед ийм хүслийг өдөөх зүйл бүү хий. Ариун Сүнсний өдөөлтийг анхааралтай сонс, тэгвэл та нар цэвэр мөн ариун журамтай байж чадна. Бэлгийн харилцааны гэм нүгэлтэй хүнээс Их Эзэний Сүнс авагдах болно.

Орой үдшийн цагаар болон гэрээсээ хол хоногоор явах үйл ажиллагаанууд эсвэл насанд хүрэгчдийн хараа хяналтаас гадуурх үйл ажиллагаанууд зэрэг уруу таталт ихтэй нөхцөл байдлуудаас зайлсхий. Бэлгийн харилцааны мэдрэмжүүдийг өдөөх аливаа мэдээллийн хэрэгсэл ашиглах болон ийм ярианд бүү оролц. Садар самууны ямар ч зүйлд оролцож болохгүй. Ариун Сүнс танд эгзэгтэй үед тусалж, ийм нөхцөл байдлаас өөрийгөө татан гаргах хүч чадлыг өгч чадна. Итгэлтэй байж, эцэг эх болон удирдагчдынхаа зөв зөвлөгөөнд дуулгавартай бай.

“Ижил хүйстэнтэйгээ явалдах нь маш ноцтой нүгэл юм. Хэрвээ ижил хүйстэндээ татагдах явдалд шаналж байгаа эсвэл зүй бус зүйлд уруу татагдаж байгаа бол эцэг эх болон бишопоосоо зөвлөгөө хүс. Тэд та нарт туслах болно.

Бэлгийн харилцааны хүчирхийлэлд өртөгсөд нь нүгэл үйлдсэнд тооцогдохгүй бөгөөд наманчлах шаардлагагүй байдаг. Хэрвээ та хүчирхийллийн хохирогч болсон бол та гэмгүй бөгөөд Бурхан та нарт хайртай гэдгийг мэдэх хэрэгтэй. Эцэг эхтэйгээ эсвэл насанд хүрсэн итгэдэг хүнтэйгээ энэ талаар ярилцаж, бишопоосоо даруй тусламж хүс. Тэд та нарыг сүнслэг байдлаар дэмжиж, шаардлагатай тусламж, хамгаалалтыг авахад тань туслах болно. Эдгэрэлтийн үйл явц цаг хугацаа шаарддаг. Аврагчид итгэ. Тэрбээр таныг эдгээж, амар амгаланг өгөх болно.

“Хэрэв та нар бэлгийн харилцааны ямар нэгэн хэлбэрийн нүгэл хийхэд уруу татагдсан бол эцэг эх, бишопоосоо тусламж хүс. Уруу таталтыг тэсвэрлэж, зохисгүй бодол, мэдрэмжүүдийг давж гарахад тань туслах Тэнгэр дэх Эцэгтээ хандан залбир. Хэрвээ та бэлгийн харилцааны нүгэл үйлдсэн бол яг одоо нүглээ наманчлах үйл явцыг эхэл. Ингэснээр та амар амгаланг олж, Сүнсний бүрэн нөхөрлөлтэй байж чадна.

“Бэлгийн харилцааны хувьд цэвэр ариун байх хувийн амлалт өг. Үг үйлдлээрээ бусдыг өөрийн адил үйлдэхийг уриал (Залуучуудын Бат Бөх Байдлын Төлөө Товхимол 35–37).

Их Эзэн таныг уншсан зүйлээсээ ямар захиаст анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байгааг тунгаан бод.

Алма 39:7–19

Алма Кориантоныг наманчлахад уриалсан нь

Эцэг эх, залуу эрэгтэйчүүд эсвэл залуу эмэгтэйчүүдийн удирдагчид, бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө бэлгийн харилцааны цэвэр ариун байдлын ач холбогдлын тухай ярилцаж байна гэж төсөөлөн бод. Таны эцэг эх эсвэл сүмийн удирдагчид танд бэлгийн харилцааны цэвэр ариун байдлын ач холбогдлын талаар зөвлөхөд та ямар хариулт өгөхөө бодож үзнэ үү. Алма 39:7–8-ыг уншиж, Кориантонд нүглийнх нь ноцтой байдлын талаар Алмагийн заасан зүйлийн зорилго нь юу байсныг олж мэд. Цэвэр ариун байх, наманчлах болон Бурханы шүүлтээс зайлсхийх эцэг эхийнхээ эсвэл сүмийн удирдагчдын зөвлөгөөг хайрын урилга гэж үзэх нь тэдэнд өгөх таны хариултад хэрхэн нөлөөлөхийг тунгаан бод.

Зураг
Ахлагч Д.Тодд Кристоффэрсон

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д. Тодд Кристоффэрсон эцэг эхчүүд яагаад Алмагийн адил хүүхдүүдээ наманчлахад урьдгийг тайлбарлажээ: “Наманчлахыг урих нь хайрын илрэл юм. … Хэрэв бид бусдыг өөрчлөгдөхөд урихгүй эсвэл өөрсдөө наманчлалыг хүсэхгүй бол бид бие биенийхээ өмнө, өөрсдийнхөө өмнө хүлээх үндсэн үүргийг биелүүлж чадахгүй. Зөөлөн эцэг эх, хүлцэнгүй найз, сэтгэл зовнисон сүмийн удирдагчид өөрсдөдөө биш харин тусалж чадах хүмүүсийнхээ сайн сайхан байдал, аз жаргалд үнэхээр илүү санаа тавьдаг. Тийм ээ, зарим үед наманчлалд урих нь хүлээн зөвшөөрч боломгүй эсвэл гомдмоор бүр дургүй хүрмээр юм шиг санагдаж болох ч, Сүнсээр удирдагдсан үед энэ нь үнэхээр чин сэтгэлийн хайр халамжийн үйлдэл байх болно” (“The Divine Gift of Repentance,” Ensign ба Лиахона, 2011 оны 11-р сар 39).

  1. Дараах бүрэн биш өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ бич: Наманчлал нь … -г багтаадаг. Дараа нь та Алма 39:9–14-ийг судлахдаа уг өгүүлбэрийг гүйцээж болох наманчлалын тухай юуг Алма Кориантонд заасныг судар судлах тэмдэглэлдээ жагсаан бич.

Алмагийн зөвлөгөөг ойлгож хэрэгжүүлэхдээ дараах асуултууд болон тайлбаруудыг ашигла. Судар судлах тэмдэглэлдээ дээрх өгүүлбэрийг гүйцээхэд тань туслах доор жагсаасан шүлэг тус бүрээс дор хаяж нэг үнэнийг олж бичихийг хичээ. Та эдгээр асуултуудын хариултыг судар судлах тэмдэглэлдээ бичих шаардлагагүй.

Алма 39:9-ийг унш. (Алма 39:9 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.) “Нүдээрээ шунасныхаа араас дахин бүү яв,” “эдгээр зүйлүүдэд өөртөө хориг тавь” гэсэн хэллэгүүд нүглээ орхихтой ямар холбоотой вэ?

Одоо үед “нүдээрээ шунах” гэсэн хэллэгт мөнх бус амьдралын хүчтэй хандлага буюу бүх төрлийн садар самуун зураг, мэдээллийн хэрэгсэл ордог. Алма 39:9-д байгаа “өөртөө хориг тавь” гэсэн хэллэг нь ямар нэг зүйлээс татгалз гэсэн утгатай юм. Бид энэ хэллэгийг өнөө үед тийм ч их ашигладаггүй. Хэдий тийм ч, Иосеф Смитийн үед хориг тавих гэсэн үйл үг нь заримдаа “арилгах, цуцлах, … саад учруулах … ; зогсоох” гэсэн утгуудыг илэрхийлдэг байжээ (Noah Webster’s First Edition of an American Dictionary of the English Language, facsimile ed. [1967]). Хэрэв бид эдгээр тодорхойлолтуудыг Алмагийн хүүдээ заасан зүйлүүдийг ойлгоход ашиглавал (эдгээрт бидний хяналтад байдаг ёс суртахуунгүй байдлын уруу таталтуудын эх сурвалжууд орно) “Бурханы хаант улсыг өвлөж” болохын тулд ёс суртахуунгүй байдлын бүх зүйлээс ангижрахын ач холбогдлыг ойлгож чадна. Хожмын үеийн гэгээнтэн өсвөр үеийнхэн өнөөдөр бэлгийн харилцааны цэвэр ариун байдлын асуудлуудад болон нүдээрээ шунасныхаа араас гүйхээс зайлсхийхэд өөрсдөдөө өндөр шаардлага тавьж болох ямар арга замууд байна вэ?

Алма 39:10-ыг унш. —Эцэг эх, сүмийн удирдагчид, ах дүүс, эсвэл итгэлтэй найз нөхдөөсөө— сүнслэг тусламжийг эрэлхийлэх нь хүнийг наманчлахад хэрхэн тусалж чадах вэ?

Алма 39:11–12-ыг уншиж, дараах асуултуудыг тунгаан бод:

  • Хүн дахин нүгэл үйлдэхэд чөтгөрөөр удирдуулахгүй байхын тулд түүний наманчлалын үйл явцад зүрх сэтгэлд нь ямар өөрчлөлт гарах ёстой вэ?

  • Хоосон, мунхаг зүйлсийн хойноос хөөцөлдөхөөс зайлсхийх нь хүнийг наманчлахад хэрхэн тусалж чадах вэ?

Алма 39:13-ыг унш. Зорамчууд Кориантоны биеэ авч явах байдлыг хараад Алмагийн үгсэд итгэх байсан эсэхийг Алма Кориантонд хэлснийг эргэн сана (Алма 39:11-ийг үзнэ үү). Судруудад “Их Эзэнд ханд” гэсэн хэллэг нь наманчлалыг илэрхийлдгийг ойлгох нь тустай байж болох юм. Наманчлал нь “зүрх сэтгэл болон хүслээ Бурхан руу эргүүлэх үйл явц” юм (Судруудын Удирдамж, “Наманчлал”).

  • Бүх “оюун, зүрх сэтгэл, мөн чадлаараа” наманчилна гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

  • Бидний нүглүүд бусдад нөлөөлөх үед бид наманчлалынхаа хэсэг болгож юу хийх ёстой вэ?

  • Ноцтой нүгэл үйлдэгдсэн үед яагаад бишоп эсвэл салбарын ерөнхийлөгчөөсөө тусламж хүсэх шаардлагатай байдаг вэ?

Алма 39:9–13-аас бид үүнийг сурдаг: Наманчлалд нүглээ хүлээж, орхих болон Их Эзэнд бүх оюун, бүх зүрх сэтгэл, бүх хүч чадлаараа хандах нь ордог.

Их Эзэн танаас зүрх сэтгэл, хүслээ Түүн рүү бүрэн хандуулахын тулд юу хийхийг хүсдэг гэж бодож байгаагаа тунгаан бод. Та эдгээр өдөөлтүүдийг хэрэгжүүлж эхлэхийн тулд өнөөдөр юу хийж болох вэ?

Есүс Христ болон Түүний Цагаатгалгүйгээр та нүглээсээ уучлагдах боломжгүй юм. Алма 39:15–16, 19-ийг уншиж, Алма Есүс Христ ирж, дэлхийн нүглүүдийг зайлуулах болно гэсэн мэдлэгийг хэрхэн дүрсэлснийг олж мэд.

  1. Есүс Христийн ирэлт Кориантонд болон танд яагаад сайн мэдээ болохыг судар судлах тэмдэглэлдээ бич.

Зураг
төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Алма 39:9

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт судруудыг цээжлэх талаар ингэж хэлжээ:

“Судруудыг судлах, тунгаан бодох, судруудаас эрж хайх болон цээжлэх нь дэлхий дээр хэзээ ч, хаана ч хандаж болох найз нөхөд, үнэт зүйлс болон үнэнүүдээр дүүргэсэн бичиг баримтын шүүгээтэй байхтай адил юм.

“Судруудыг цээжилснээр агуу хүчийг хүлээн авч чадна. Нэг судрыг цээжлэх нь нэг шинэ найзтай болохтой адил юм. Энэ нь хэрэгтэй үед тусалж, сүнслэг удирдамж, тайтгарлыг өгч, хэрэгтэй өөрчлөлтийг хийх урам зоригийн эх сурвалж байж чадах шинэ хүнийг таньж мэдэхтэй адил юм” (“The Power of Scripture,” Ensign ба Лиахона, 2011 оны 11-р сар, 6).

  1. Алма 39:9-ийг цээжлэхийг хичээ. Энэ шүлгийг цээжлэх нь таныг уруу таталтын үед хэрхэн хамгаалах талаар нэг эсвэл хоёр өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 39-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: