Семинар
5-р хэсэг : 1 дэх өдөр, 1 Нифай 20–22


5-р хэсэг: 1 дэх өдөр

1 Нифай 20–22

Оршил

1 Нифай 20–21-т Нифай Хуучин Гэрээний бошиглогч Исаиагийн бошиглолуудаас эш татжээ. Лебенээс салгаж авахын тулд Нифай болон түүний ах нарыг Иерусалим руу буцааж явуулсан тэр гуулин ялтсууд дээр Исаиагийн бичээсүүд агуулагдаж байжээ. Эртний Израил гэрээнүүдээ сахидаггүй байсан ч Их Эзэн тэднийг хайрласан хэвээр, наманчилж, Өөртөө ирэхэд тэднийг урьсаар байв. Эдгээр бүлгүүдийг судлахдаа Исаиа Есүс Христийн тухай юу заасан болон Өөрийн хүмүүсийг гэтэлгэх Түүний хүсэл дээр анхаарал төвлөрүүл.

Зураг
Исаиа Христ мэндлэх тухай бичсэн нь

1 Нифай 20

Их Эзэн Израилыг шүүмжилж, тэднийг Өөртөө эргэж ирэхийг урьсан нь

Хийсэн гэрээнүүдтэйгээ эсвэл Сүмийн жишгүүдэд үл нийцэх ямар нэг зүйл хийсэн үеийнхээ тухай санаж байна уу? Шийдвэрийнхээ талаар та ямар бодолтой байсан бэ? 1 Нифай 20:1–2-ыг унш (2-р шүлэг дэх “тулгуурлах” гэсэн үг найдах гэсэн утгатай). Исаиа хэнд хандаж ярьсан бэ? “Иаковын угсаа” гэж ямар хүмүүс вэ?

Хуучин гэрээн дэх Иаков нь Исаакийн хүү, Абрахамын ач хүү юм. Их Эзэн түүнд Израил гэдэг нэр өгчээ (Эхлэл 32:28-ыг үзнэ үү). “Израилын угсаа” гэдэг үг түүний үр удмынхныг хэлэх бөгөөд заримдаа “Иаковын угсаа” гэдэг. Энэ үг бас Есүс Христэд үнэнчээр итгэгчдийг хэлдэг. (Судруудын Удирдамж, “Израил,” “Израилын хаант улс”-ыг үз.) Өнөө үед Бурхантай гэрээнүүд хийдэг (баптисмын гэх мэт) хүмүүсийг эрт үеийнхтэй адил Израилын угсааны гишүүд гэж үздэг.

1 Нифай 20:3–4, 8, 18-ыг судалж, Израилын угсаа Их Эзэнд итгэлгүй байсныг харуулсан үгс болон хэллэгийн доогуур зур. “Та нарын хүзүү төмөр шөрмөс, та нарын магнай гууль” (1 Нифай 20:4) гэсэн хэллэг нь судруудад, олон удаа давтагддаг “гөжүүд зан” гэсэн үгийг бэлгэдлээр төлөөлдөг. Энэ хэллэгийн нэг утга бол үхэр, илжиг зэрэг мал эзнээ хөтлөхөд явах дургүй байгаа үедээ хүзүүгээ хөшүүн болгож зогсдогтой зүйрлүүлсэн байж болох юм. Өөр нэг утга бол толгойгоо бөхийлгөх хүсэлгүй хүмүүс хөшүүн хүзүүтэй буюу гөжүүд байдаг гэсэн санаа юм. Үүн лүгээ адил бардам зан, ёс бусынхаа болон Их Эзэнээр удирдуулахаас татгалзсаныхаа улмаас Израилын угсааныхан хөшүүн хүзүүтэй буюу гөжүүд байсан юм.

Эдгээр шүлгүүдийг илүү сайн ойлгож, өнөө үетэй адилтгахын тулд Израилын угсааны энэхүү тодорхойлолт нь өнөө үеийн зарим хүмүүсийн үйлдлийг хэрхэн дүрсэлж байгаа тухай бод.

1 Нифай 20:9–14, 16-г уншихдаа эдгээр шүлгүүд Их Эзэний тухай мөн Тэрбээр ямар байдалтай харагддаг тухай юу зааж байгааг тунгаан бод.

  1. Дараах асуултуудад товчхон хариулж, судрын тэмдэглэлдээ бич:

    1. Хүмүүс өнгөрсөн үед Өөрийг нь эсэргүүцдэг байсан ч Их Эзэн тэдэнд хэрхэн ханддаг байсан бэ? Яагаад? (1 Нифай 20:9–11, 14-ийг үзнэ үү.)

    2. Их Эзэн өөрийнхөө гэрээт хүмүүсээс юу хийхийг хүссэн бэ? (1 Нифай 20:12, 16-г үзнэ үү.)

Их Эзэн, дуулгаваргүй хүмүүсийг наманчилж, Өөртөө ирэхийг урьдаг гэдгийг бид дээрх шүлгүүдээс мэддэг боллоо. Тэргүүн Зөвлөлийн гишүүн, Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах үгийг уншиж, энэхүү үнэнийг баталсан хэллэг(үүд)-ийн доогуур зур.

“Сатан бидэнд уучлагдахаас өнгөрсөн гэж итгүүлхийг хүсдэг ( Илчлэлт 12:10-ыг үзнэ үү). Сатан биднийг нүгэл үйлдсэн л бол буцах аргагүй болж, —замаа өөрчлөхөд нэгэнт оройтсон гэж бодохыг хүсдэг. …

“Христ биднийг аврахаар ирсэн билээ. Хэрэв бид буруу замаар орох юм бол нүгэл нь буцах аргагүй зүйл биш гэдэг итгэлийг Есүс Христийн Цагаатгал бидэнд өгч чадна. Хэрэв бид өөрсдийнхөө авралд зориулагдсан Бурханы төлөвлөгөөг дагавал аюулгүйгээр эргэх зам бидэнд боломжтой” (“Point of Safe Return,” Ensign ба Лиахона, 2007 оны 2—5-р сар, 99).

1 Нифай 21:1–17

Мессиа Өөрийн гэрээт хүмүүсийг мартахгүй хэмээн Исаиа бошиглосон юм

1 Нифай 21:1–13-т Мессиа болох Есүс Христийн тухай Исаиагийн бошиглолуудын нэгийг Нифай цэдэглэжээ. Христ гэдэг грек үг, Мессиа гэдэг еврей үг хоёул “Тослогдсон” эсвэл “Сонгогдсон Нэгэн” гэсэн утгатай . Есүс Христ, Израил болон Харийнхан аль алиных нь Гэтэлгэгч байхаар сонгогдсон билээ.

1 Нифай 21:6–13-ыг уншихдаа Есүс Христийг болон Тэрээр Израилын Гэтэлгэгчийн хувьд юу хийхийг дүрсэлсэн хэллэгүүдийг судартаа тэмдэглэ.

Израилын хүүхдүүд гэм нүглийнхээ улмаас өөрсдийгөө Их Эзэнээс холдуулсан атлаа, Тэрбээр тэднийг мартаж, орхисон гэж боддог байжээ (1 Нифай 21:14-ийг үзнэ үү). Хэдийгээр тэд Их Эзэн өөрсдийг нь орхисон гэж боддог байсан ч 1 Нифай 21:14–16-г судалж, Их Эзэн биднийг хайрладаг бөгөөд хэзээ ч биднийг мартахгүй гэсэн нотолгоог ол. Эдгээр шүлгүүдээс өөртөө хамаатай чухал гэж үзсэн хэллэгүүдийг тэмдэглэж болно.

Зураг
Есүс шархаа үзүүлсэн нь

Аврагч цовдлуулах үедээ олсон шархаа биднийг хэзээ ч мартахгүй байхын нотолгоо болгон хэрхэн үлдээснийг Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын Ахлагч Жэффри Р.Холланд: “Христ Өөрийнхөө гэтэлгэсэн хүүхдүүдийг эсвээс тэднийг Сионд аврахын төлөө тэдэнтэй хийсэн гэрээгээ хэзээ ч мартахгүй байх болно” гэж тайлбарлажээ. [Түүний] бидний төлөөх хайр халамж болон бидэнтэй хийсэн гэрээний сэтгэл өвтгөм сануулга бол гарын алган дээр нь үлдсэн Ромын хадаасны сорви юм” (Christ and the New Covenant [1997], 84).

  1. Дараах асуултуудын товч хариултыг судрын тэмдэглэлдээ бич:

    1. Заримдаа хүмүүс яагаад, Их Эзэн өөрсдийг нь мартсан хэмээн үздэг гэж та боддог вэ?

    2. Аврагчийн гарын алган дээр сийлэгдсэн байх гэдэг нь юу гэсэн утгатай гэж та боддог вэ? Загалмай дээрх Аврагчийн зовлон шаналалд талархалтай байхад энэ нь танд хэрхэн туслах вэ?

    3. Их Эзэн таныг мартаагүй гэдгийг мэдэхэд тань тусалсан ямар туршлага танд байдаг вэ?

  2. Өнгөрсөн үеийнхээ нүглийн улмаас сүмд явах нь зохисгүй гэж үздэг нэг найз танд байдаг гэж төсөөлөн бод. Судрын тэмдэглэлдээ, 1 Нифай 20–21-ээс болон 1 Нифай 20-ийн судлах хэсэг дэх Ерөнхийлөгч Угдорфын үгнээс сурч мэдсэн зүйлээ ашиглан, найзыгаа урамшуулан дэмжсэн товч захидал бич.

1 Нифай 21:18–22:22

Нифай, Израилын тараагдалт ба цугларалтын тухай Исаиагийн бошиглолыг тайлбарласан нь

Израилын цугларалтын тухай Исаиагийн бошиглолуудаас нэгийг нь Нифай цэдэгтээ оруулжээ. Энэ нь 1 Нифай 21:18–26-д байдаг. 1 Нифай 22-т Нифай, Исаиагийн бошиглолын талаар өөрийнхөө тайлбарыг оруулжээ. 1 Нифай 22:4–12-ыг уншиж, Израил эцсийн өдрүүдэд хэрхэн цугларах тухай Нифайн тайлбарыг ол.

Мормоны Номонд “харийнхан” гэдэг нэр томьёо ихэвчлэн Иудейн үр удмынх биш хүмүүсийг хэлдгийг мэдэх нь тустай байж болно. “Гайхамшигт ажил” гэдэг хэллэг нь хожмын үе дэх сайн мэдээний Сэргээлтийг хэлж байгаа юм. Түүнчлэн Нифай гэрээнүүдийг хэчнээн удаа дурдсаныг анхаар. Тэдгээрийг судартаа тэмдэглэж болно.

Их Эзэн эцсийн өдрүүдэд сайн мэдээг сэргээж, Израилыг цуглуулахаар амласан юм. 1 Нифай 22:17, 19–22, 25–28-ыг судлахдаа хүмүүсийн зөв шударга байдлын улмаас Сатанд юу тохиолдохыг судартаа тэмдэглэ.

  1. Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 20–22-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: