Лиахона
Мормоны Номоос Аврагчийн гэрлийг олох
2024 оны 1-р сар


“Мормоны Номоос Аврагчийн гэрлийг олох,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Эцэг эхчүүдэд зориулав

Мормоны Номоос Аврагчийн гэрлийг олох

Зураг
Хамтдаа уншиж буй нэгэн гэр бүлийнхэн

Эрхэм хүндэт эцэг эхчүүд ээ,

Энэ сарын дугаар 2024 оны сургалтын хөтөлбөр болох Ирээд, Намайг дага гарын авлагатай адил Мормоны Номын талаарх ойлголтыг бидэнд өгнө. Дараах нийтлэлүүдэд харанхуй, төөрөгдлөөр дүүрэн дэлхийд гэрэл, үнэнийг олох түлхүүрүүдийн талаар ярилцана.

Сайн мэдээний ярилцлага

Аврагчийн гэрлийг эрэлхийлэх

4-р хуудас дээрх ерөнхийлөгч Айрингийн нийтлэлээс зарим санааг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж, гэрлийн бидний амьдралд гүйцэтгэдэг үүргийн талаар ярилцана уу. Харанхуйд Аврагчийг олсон талаарх Камрины түүхийг уншаарай. Танай гэр бүлийнхэн энэ жил Мормоны Номыг судалж байхдаа Аврагчийн гэрлийг хэрхэн олж болох вэ?

Үнэнийг хаанаас эрэх вэ?

Бурхан бүх үнэний эх сурвалж. Бид Түүний үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлснээр мэдэж авч чадна. Ахлагч Силва, Силва эгч хоёр номлолоос бууж ирснийхээ дараа хаана амьдрахаа шийдэх хэрэгтэй болсон учраас Их Эзэнээс удирдамж эрэлхийлжээ (20-р хуудсыг үзнэ үү). Танд хэрэгтэй удирдамжийг Их Эзэн хэзээ танд өгсөн бэ?

Сайн мэдээг судлах талаар илүү ихийг үзнэ үү

Хүмүүс урлагийн музейд очихдоо үзэж чадах бүх зүйлийг үзэх гэж яаран, урлагийн гоо сайхныг мэдрэх боломжоо алддаг. Үүнтэй адилаар Мормоны Номын уншигчид яарч уншвал чухал үнэнийг мэдэхгүй өнгөрч болно. Судрын энэ номд анхаарал хандуулахын тулд ямар арга бидэнд тус болж чадах вэ? Зарим санааг 12-р хуудаснаас авна уу.

Ирээд, Намайг дага дээрх Гэр бүлийн хөгжилтэй үйл ажиллагаа

Давчуу бөгөөд нарийн зам.

1 Нифай 8; 11; 15

Амьдралын модны жимснээс хүртэх нь Есүс Христээр дамжуулан мөнх амьдралыг сонгохын бэлгэдэл юм (1 Нифай 15:36; Сургаал ба Гэрээ 14:7-г үзнэ үү). Төмөр бариул (Бурханы үг) хэрхэн биднийг Бурханы хамгийн агуу бэлэг рүү хөтөлдөг талаар сурахын тулд энэ үйл ажиллагааг хийгээрэй.

  1. Ханан дээр амьдралын модны зургийг тогтоо.

  2. Зургийн доор уяа (төмөр бариулыг төлөөлүүлэн) тогтоо. Хэн нэгэнд уяаны нөгөө үзүүрийг бариулаад, өрөөний нөгөө талд зогсоо.

  3. Нүдээ боосон нэг хүүхдийг уяанаас барихгүйгээр өрөөний нэг талаас амьдралын мод хүртэл хэр удаан алхах хугацааг хар.

  4. Одоо уяанаас барих зуураа амьдралын мод хүртэл хэр удаан алхах хугацааг хар.

Хэлэлцүүлэг: Бид төмөр бариулаас бариад, хэзээ ч тавихгүй байхын тулд юу хийж чадах вэ?