Лиахона
Удаан тогтож унших: Судраас Аврагчийг олж харах
2024 оны 1-р сар


“Удаан тогтож унших: Судраас Аврагчийг олж харах,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Удаан тогтож унших: Судраас Аврагчийг олж харах

Уран зураг үзэх хандлагыг ашиглах нь бидэнд Мормоны Номоос Есүс Христийг олж харахад тусалж чадна.

Зураг
Цовдлолтын дараа Есүсийн биеийг өргөж буй Маригийн баримал

Ла Пиэта, баримлыг Микэланжэло

Цовдлолтын дараа Есүсийн биеийг өргөж буй Маригийн Ла Пиэта хэмээх гайхамшигтай баримлыг бүтээхэд Микэланжэло жил гаруй хугацааг зарцуулжээ. Леонардо да Винчи Сүүлчийн зоог хэмээх алдарт зургаа зурахдаа бүр ч удаан буюу гурав орчим жилийг зарцуулсан.

Уран зургийн музейн үзэгчид нэг зургийг дунджаар хэр удаан үздэг вэ гэдгийг таах гэж оролдъё.

Нэгэн судалгаагаар хариулт нь 17 секунд гэж гарчээ.1

Төсөөлөөд үз. Зураачийн олон жил зарцуулж бүтээсэн уран зургийн бүтээлийг үзэхэд 17 секунд зарцуулж байна.

Ойлгомжтой л доо. Нэг музейд хэдэн зуун уран зураг, баримал байдаг. Бид завгүй хүмүүс. Тиймээс бид музей дундуур яарч, чадахынхаа хэрээр л үзэж амждаг. Егөөдмөөр нь, бид ямар нэг зүйлээс хоцрох вий гэсэн айдсаасаа болж уран зургийн чухал зорилго болох зураачийн биднээс мэдрээсэй гэж хүссэн сэтгэл хөдлөл, бодлыг орхигдуулдаг. Бидний нүд музейн бүтээл болгон дээр тусдаг ч үнэндээ тэдгээрийн алиныг нь ч олж хардаггүй. Тэгээд бид музейгээс ядарчихсан, урамгүйхэн гардаг. Урлаг хүн болгонд биш, харин өндөр боловсролтой хүмүүст зориулагдсан гэдэгт бид итгэн, хүмүүс урлагаас юуг нь хардаг бол гэж хүртэл боддог байж магадгүй юм.

Удаан тогтож харах

Энэ асуудлыг шийдэхийн тулд дэлхий даяарх уран зургийн музейнүүд үзэгчдийг “удаан тогтож харах”2 гэж нэрлэгдсэн зүйлийг хийж дадахад урамшуулж байна. Тэд хүмүүсийг музейн нэг уран бүтээлийг сонгон авч, танил болж аваад, тэрхүү зургаа 5-10 минутын турш сайтар хараасай гэж хүсдэг. Зураг руугаа янз бүрийн өнцгөөс хар. Ойртож очоод, нарийн ширийн зүйлсийг анзаар. Зургаас холдож зогсоод, бүхэлд нь хар. Заримдаа үзэгчдэд ядаж өөрсдийн үзэл бодолтой болж, өөрсдийн гэсэн нээлтээ хийтэл уран бүтээлийг дүгнэсэн музейн тайлбарыг уншихгүй байхыг зөвлөдөг.

Удаан тогтож харах арга нь урлагийн музейг үзэж сонирхох олон хүний байдлыг өөрчилсөн. Өөрсдийгөө урлагт дуртай гэж боддоггүй байсан зарим хүн хүртэл урлагийг дурлан сонирхдог болсон. Тэд урлагийн аль ч бүтээлээс утга учрыг нь олж мэдэж чадна гэсэн итгэлтэй болж, олж мэдсэн зүйлээсээ баяр баясал мэдэрдэг. Хүмүүс урлагт дуртай болохын тулд урлагийн түүхээр мэргэшсэн ямар нэг коллежийн зэрэг хэрэггүй гэдгийг мэдэж авдаг бөгөөд тэд ердөө л удаан тогтож хараад, тухайн уран бүтээлд бүтээгдсэн зорилгоо гүйцэлдүүлэх боломжийг нь олгох хэрэгтэй.

Ийм зарчмыг судруудыг уншихад, тухайлбал энэ жилийн Мормоны Номыг судлах манай Ирээд, Намайг дага гарын авлагад хэрэгжүүлж болох уу?

Есүс Христийн өөр нэгэн гэрч болох Мормоны Ном бол Аврагчид итгэх итгэлийг хүчирхэгжүүлэх зорилгоор бичигдсэн гэдгийг бид мэднэ (1 Нифай 6:4). Энэ Номыг сүнсээр өдөөгдсөн Бурханы бошиглогчид бидний өдрийн төлөө онцгойлон бичсэн гэдгийг бид мэднэ (жишээ болгон, Мормон 8:35-ыг үзнэ үү). Мормоны Номыг бичсэн эртний бошиглогчид хувиасаа агуу золиос гаргасныг бид мэддэг. Төмөр ялтаснууд дээр үг сийлэх ажиллагаанд нөр их зүтгэл, хөдөлмөр орсон (Иаков 4:1-ийг үзнэ үү). Өнөөдөр бидэнд хүртээлтэй болгохын төлөө цэдгийг хадгалахын тулд тэдний зарим нь амь насаа эрсдэлд оруулж байсан (Мормон 6:6; Моронай 1-ийг үзнэ үү).

Гэсэн ч заримдаа бид завгүй амьдралдаа Мормоны Номыг яарч уншдаг. Магадгүй, бид өглөөний ундны үеэр эсвэл ажил руугаа явах замдаа хэдэн шүлэг гүйлгэж хардаг байх. Бид бүлгийн үг болгоныг хардаг ч ихэнхийг тунгаадаггүй. Үргэлж биш ч заримдаа бид ном эсвэл апп-ыг хаахдаа эхлүүлсэн тэр үеийн мэдрэмжтэйгээ хаадаг.

Удаан тогтож унших

Хэрэв урлагийн бүтээлийг удаан тогтож харж байж үнэлэх ёстой байдаг бол Мормоны Номыг “удаан тогтож унших” ёстой байх. Энэ нь судар судлахад заавал илүү удаан байх хэрэгтэй гэсэн үг биш, ердөө л унших хурдаа өөрчлөх нь бидэнд ашиг тустай байж болох юм. Нэг бүлгийг уншиж дуусгах гэж яарахын оронд өнөөдөр зөвхөн гурав эсвэл дөрвөн шүлэг судлах дээр анхаарч болно. Гэхдээ бид эдгээр шүлгийг үнэхээр сайтар тунгаадаг. Бид нарийн ширийн зүйл, үг, хэллэгийг анзаардаг. Энэ нь Аврагчийн талаар надад ямар нэг зүйл зааж байна уу? Энэ нь Түүнийг гэх миний хайрыг, Түүнд итгэх миний итгэлийг гүнзгийрүүлж байна уу? Түүний намайг мэдээсэй гэж хүссэн зүйл байна уу гэхчлэн тус бүрийг яагаад чухал болохыг бид тунгаан боддог.

Удаан тогтож унших нь Мормоны Ном дахь өөрөөр анзаарахгүй байх байсан зүйлийг анзаарах боломж өгдөг. Хамгийн чухал нь, энэ нь Аврагчийг гэрчлэхийн тулд бичигдсэн энэ номоос Түүнийг илүү олон удаа олж харахад тусалж чадна. Удаан тогтож унших нь Есүс Христийн тухай Мормоны Номын хүчирхэг гэрчлэлд бидний нүд, оюун, зүрх сэтгэлийг нээх зам юм. Урлагийн сэтгэл хөдөлгөм уран бүтээлийг нарийн тодорхой харах цаг гаргавал энэ нь амьдралыг өөрчилж чадна. Бүр илүү гүн гүнзгий арга замаар судруудаас Аврагчийг харах нь бидний бодол, мэдрэмжид, дараа нь бидний амьдралд гүн гүнзгий нөлөөлж чадна.

Жишээлбэл: Та 1 Нифай 1-р бүлгийг уншиж байна гэж бодъё. 6-р шүлэг таны анхаарлыг татаж байна. Иймээс та удаашруулаад, хэсэг зуур саат. Лихайн үзсэн “галан багана” “чулуун дээр тогтон үзэгдэв” гэдэг дээр анхаарал тань байна. Гал ийм байдалтай байх нь сонин. Энэ нь юу гэсэн үг байж болох вэ? Та судруудад дурдагддаг өөр бусад галан баганыг бодож магадгүй (зүүлт тайлбарыг хараад та уншиж болно). Та магадгүй Их Эзэний оршихуй яагаад галтай зүйрлэгддэг болохыг бодож болно. Энэ нь танд Түүний талаар юу заадаг вэ? Хэзээ нэгэн цагт Тэрээр таны амьдралд галан багана шиг байсан уу?

Бодох юм маш их байна. Тэгтэл та шүлгээ дуусгаагүй байгаа шүү дээ.

Мэдээж, Мормоны Номыг хурдан уншихын ач тус байгаа. Энэ нь түүхийг бүхэлд нь судлах, давтагддаг өргөн сэдвийг ойлгоход тусалж чадна. Гэсэн ч Мормоны Номын дэлгэрэнгүй мэдээллээс Есүс Христийн талаар судлах зүйл зөндөө. Заримдаа ийм мэдээллийг харах хамгийн сайн арга бол удаан, хянуур унших байдаг.

Мормоны Номд бичсэн үгээсээ Нифай “Эдгээр үгс … Христийн үгс, тэрээр эдгээрийг надад өгсөн юм; Христ та нарт … эдгээр нь түүний үгс гэдгийг агуу их сүр жавхлан хийгээд хүчээр үзүүлэх болно” (2 Нифай 33:10–11) хэмээн хэлжээ. Та Мормоны Номоос Аврагчийн үгийг олохын тулд чадварлаг уншигч байх албагүй. Та ердөө л удаан тогтож уншин, Есүс Христэд итгэлтэй болохын тулд буюу хийхээр бүтээгдсэн зүйлээ хийх боломжийг Мормоны Номд өг.

Эх сурвалж

  1. Trent Morse, “Slow Down, You Look Too Fast,” ARTnews, Apr. 1, 2011, artnews.com-ыг үзнэ үү.

  2. “Slow Art Day,” slowartday.com/about-ыг үзнэ үү.