Лиахона
Есүс Христээр дамжуулан бүрэн бүтэн болсон минь
2024 оны 1-р сар


“Есүс Христээр дамжуулан бүрэн бүтэн болсон минь,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Нас ахисан ч итгэлтэй хэвээр

Есүс Христээр дамжуулан бүрэн бүтэн болсон минь

Хүүхдүүд минь тусдаа гараад, шинэ эрх чөлөө, боломж, адал явдалтай учирсан би яагаад үүргээ биелүүлсэн гэж мэдрэхгүй байсан бэ? Юу дутагдаж байсан юм бол?

Зураг
Сүмийн гишүүн болох хүмүүстэй холбоо барьж буй номлогчийн эх рүү Аврагч гараа сунгасан нь

Зургийг Диллийн Марш

Би бага хүүгээ номлолд гарах өргөдлөө бөглөж дуусах үед амар амгаланг хүсэж залбираад, нулимс урсгаж билээ. Би үнэхээр хүүгээ номлолд гараасай гэж хүсэж байсан. Би үнэхээр хүссэн. Энэ тал дээр би өөрийгөө ятгах гэж хичээсээр байв.

Би Аврагчдаа хайртай бөгөөд Есүс Христээр дамжуулан бидний мэдэрдэг баяр баясгаланг хуваалцах хүүгийнхээ боломжийн төлөө үнэхээр их догдолж байсан. Гэхдээ би бас хүүгээ явуулна гэхээс айж байв. Түүнийг номлолынхоо дараа гэртээ хэзээ ч ирэхгүй гэдгийг би мэдэж байлаа. Тэр гэртээ амьдарсан ч огт өөр байх байсан.

Найзууд маань хүүхдүүд нь тусдаа амьдрах сайхан байдаг гэж ярьж байв. Нөхөр бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт байж, тэднийг өсгөж байх үед байгаагүй эрх чөлөө, боломжийг догдлон, тэсэн ядан хүлээж байлаа.

Би шинэ эрх чөлөөгөө эдлэн, зөндөө юм хийв. Нөхөртэйгөө аялж; дуудлагаараа баг бишгүүр тоглож сурч; ач, зээ нартайгаа тоглож; ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаа ч хийлээ.

Сэтгэл хөөрч, адал явдал тохиож байв. Өөрийгөө сайжруулж, гайхамшигтай сайхан зүйлсийг би олж байв.

Гэсэн ч үргэлж ямар нэг зүйл дутаад байлаа. Нэг л зүйл байхгүй байсан. Хүү маань явахдаа зүрхний минь нэг хэсгийг аваад явчхаж. Энэ хэсгээ би өөрөө нөхөж чадахгүй юм шиг санагдав.

Хүүгээ явснаас хойш жил гаруйн дараа би хүүхдүүдийн маань бага байхдаа гаргаж байсан ааш аягийг давж гарахуйц дүрсхийсэн ууртай болсон байв. Нөхөр минь над руу хараад, “Мишэлл ээ, үйлчлэх хэрэгтэй байна” гэлээ. Би үйлчлэх хүсэлтээ өгөв.

Зүрх минь шаналсан хэвээр л байлаа. Үйлчлэх урилга өгсөн газар болон ямар ч байгууллага руу очиход хэцүү байдаг байв. Бүх хүүхэд маань гэрээсээ явахад амьдрал минь хэзээ ч дахин бүрэн бүтэн болохгүй мэт санагдаж байлаа.

Нэг орой намайг тусламж гуйн залбирахад Сүнс надад зорилгогүй байснаас үүдсэн хоосон орон зайг мэдэрч байгаа гэдгийг мэдүүлэв. Би тэрхүү бүх гайхамшигтай үйл ажиллагаагаар амьдралаа дүүргээд, уйтгар гунигаа зохицуулчихлаа л гэж бодсон байсан.

Хариулт эрэлхийлэх нь

Хариултаа эрэлхийлж байхдаа би бошиглогч Иосеф Смитийн түүхээс “Бидний зүрх сэтгэлээ өгсөн [хэн нэгэн эсвэл ямар нэг зүйл] алдагдахад энэ нь бидэнд сэрэмжлүүлэг болох ёстой. … Бидний хайр бусад хүнд зориулагдахаас илүү Бурханд болон Түүний ажил дээр тавигдах ёстой”1 гэсэн мэдэгдлийг олж мэдсэн юм.

Гэрэл гэнэт л зүрх сэтгэл дэх бараан үүлсийг нэвт сүлбэв. Би гунигийн гүн ангалаа ямар нэг зүйл, үйл ажиллагаагаар мөн үйлчлэх, хайрлах, авьяасаа хөгжүүлэх зэргээр дүүргэх гэж хичээсэн байжээ. Бүгд сайн зүйл байсан ч миний ангайсан хоосон нүхийг дүүргэж чадаагүй юм. Тэдгээр арга нь надад хэрэгтэй байсан эдгэрлийг өгч чадаагүй.

Ийм төрлийн амар амгалан хийгээд дүүргэлт зөвхөн бидний Аврагч, Есүс Христээр дамжин ирэх боломжтой гэдгийг би ухаарсан. Есүс “Зам, үнэн, амь бол Би байгаа юм” (Иохан 14:6) хэмээн заасан. Зөвхөн Түүгээр дамжуулан бид баяр баясгалан, бүрэн бүтэн байдал, амар амгалан, аз жаргалыг олдог. Дуулал 16:11 дээр “Өөрт минь Та амийн замыг таниулна. Өөрийн тань оршихуйд л баяр хөөр дүүрэн” гэсэн байдаг.

Би хэрхэн өөрчлөгдсөн бэ

Амьдрал даруй өөрчлөгдөөгүй. Зүрх минь даруй эдгэрээгүй. Гэхдээ ийм зүйл тохиолдоход би юун дээр анхаарлаа төвлөрүүлэх ёстойгоо мэдэж авсан.

Өөрөөр залбирах болсон. Аврагчтайгаа илүү бат бөх харилцаатай болоход минь туслахыг би Тэнгэрлэг Эцэгээс гуйж эхлэв. Урам хугарсан үедээ би Есүс Христ миний төлөө надтай хамт байгаа, Түүний цагаатгагч хүчний ач ивээлээр Тэр надад туслах болно гэдгийг өөртөө зориуд сануулдаг байсан. Судар судлахдаа би Түүнтэй тогтоох харилцаан дээр илүү анхаардаг болов. Хэдийгээр хугацаа орсон ч Есүс Христ рүү сэтгэл хөдлөл, эрч хүч, бодол санаагаа чиглүүлэхдээ би тууштай байсан.

Намайг энэ бүхнийг хийх үед түнэр харанхуй сарниж эхэлсэн юм. Өдөр бүрийн үйлчлэлийн жижиг үйлсээс би илүү их баяр баясал олж авч, хайрыг мэдэрч байлаа. Гэрэл болон найдвар замыг минь гэрэлтүүлж, зүрх сэтгэлийн минь хоосон орон зайг дүүргэв. Бүхний эхэнд Аврагчийг тавьсан минь үйлчлэхээс гэр бүлийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлэх хүртэл, аялахаас авьяасаа хөгжүүлэх хүртэл амьдралын минь тал бүрд илүү гүн утга учир, баяр баяслыг өгсөн билээ. Христ дээр төвлөрсөн үед бүх зүйл илүү баялаг болов.

Амьдралын хувьсан өөрчлөгддөг цаг хугацаагаар аялах хүн болгоны аялал онцгой. Гэхдээ бидний уй гашууг шийдэх шийдэл бол “зүрх сэтгэлийнхээ бүх тэмүүллээр надад ирж мөн би [чамайг] эдгээх ажгуу” (3 Нифай 18:32) хэмээн Христийг хэлэх үед Түүний дуудлагад хариу үйлдэх явдал юм. Бид зөвхөн Христээр дамжуулан жинхэнэ эдгэрэл, амар амгалан, хайр, баяр баяслыг олно.

Зохиогч нь АНУ-ын Юта мужид амьдардаг.