Лиахона
Миний хамгийн агуу эрдэнэс
2024 оны 1-р сар


“Миний хамгийн агуу эрдэнэс,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Миний хамгийн агуу эрдэнэс

Хожмын үеийн гэгээнтний дүр эсгэсэн минь намайг баптисм руу, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдрах шинэ амьдрал руу хөтөлсөн юм.

Зураг
Мормоны Номыг дэргэдээ тавиад, хоол бэлтгэж байгаа нь

Зураг чимэглэлийг Бэн Симонсэн

Тогоочийн ажил миний амьдрал байсан юм. Би тансаг зочид буудал болон усан онгоцонд хоол хийж, дэлхийгээр аялдаг байв. Олон улсын хоолны уралдаан тэмцээнүүдэд ялж байсан шилдэг тогоочдын багт би нэгдсэн юм.

Нэг удаа би гурван жил гэрээсээ хол амьдарч байлаа. Ээж маань над руу үе үе залгаж уйлан, гэртээ ир гэж хэлдэг байв.

Италийн Миланд зочид буудалд хоол хийхээр гэрээ байгуулсан тэр нэгэн өдөр хөл хөдөлгөөн ихтэй метроны буудал дээр би бүрэн цагийн номлогчидтой таарч билээ. Тэд надад Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн тухай ярьж, сайн мэдээний зарчмуудын талаар хуваалцсан. Гэр бүлийн тухай надад заасан зүйл үнэхээр сайхан санагдав.

Номлогчид надад Мормоны Номын нэг хувийг өгч, үүний талаар залбираарай гэж хүсэв. Тэд бас хэрхэн залбирах заавар бүхий жижиг товхимол өглөө.

Би зочид буудал руугаа баяртай гэгч ирээд, өрөөндөө орж, залбирч, уншиж эхлэв. Мормоны Номыг унших тусам улам илүү уншихыг хүсэж байв. Харамсалтай нь, ажлаасаа болоод би номлогчидтой дахин уулзаагүй юм. Гэрээний хугацаа дуусахад би Бари руу гэртээ ирээд, өөр зочид буудалд хоол хийж эхэлсэн.

Зочид буудлын рестораны өөр нэг тогооч нэг өдөр ямар нэг зохисгүй шалтгаанаар зөөгч нарын заримтай болзоонд явахыг хичээж байв. Хожмын үеийн гэгээнтэн зөөгч нар түүнтэй болзох дургүй байсанд тэр тун ууртай байлаа.

Миланд уулзсан номлогчдоо санаад, би зөөгч нар татгалзах эрхтэй гэж тэр тогоочид хэлэв.

“Аан, чи бас Мормон уу?” гэж тэр асуулаа.

Надад номлогчдын заасан зарчмууд таалагдсан учраас, зөөгч нарыг хамгаалах нь зөвтгөгдөнө гэж бодсон учраас би “Тийм ээ” гэж хариулав.

Тогооч дараа нь зөөгч нартай тааралдаад, намайг хожмын үеийн гэгээнтэн гэж хэлсэн байв. Тэд их баярлаж байжээ. Биднийг үдийн хоолны үеэр цуглахад, тэд надаас Миланы Сүмийн талаар асууж гарлаа. Би тэдэнд хотын тухай, тэнд номлогчидтой уулзсан тухайгаа ярив. Үдийн хоол ирэхэд би ширээн дээр байсан нэг хундага дарсанд хүрэв.

Нэг зөөгч нь “Дарс уугаад, яаж байна вэ?” гэж асуулаа.

Намайг “Болохгүй гэж үү?” гэхэд,

“Чи Сүмд идэвхтэй юү?” гэж нөгөө зөөгч асуулаа.

“Ямар утгаар?” гэж би асуув.

“Баптисм хүртсэн өдрөөрөө юу өмссөн бэ?” гэж тэд асуув.

“Санахгүй байна. Би дөнгөж нэг сартай байсан” гэж би хариулсан юм.

Өөрсдөөр нь доог тохуу хийж байна гэж бодсон учраас тэд тун их уурлав. Би тэдэнд тоглоогүй гэж батлан хэллээ. Би Сүмийн гишүүн биш гэдгээ хүлээж, гэхдээ надад Мормоны Ном, миний сурсан сайн мэдээний зарчмууд таалагдсан гэж хэлэв. Тэгээд би Сүмийн талаар илүү ихийг хэрхэн мэдэж болохыг асуулаа.

Зөөгч нар удалгүй намайг номлогчидтой танилцуулсан юм. Намайг сонирхогчийн хичээл авч дуусаад, баптисм хүртсэн гэхэд тэд арайхийн итгэв.

Зураг
Хоёр хүүхэдтэйгээ байгаа эцэг эх

Гэр бүлийн гэрэл зургуудыг зохиогчийн зөвшөөрлөөр нийтлэв

Баптисм хүртсэнээс хойш миний амьдрал өөрчлөгдсөн. Нэг хөлөө дэлхийд, нөгөө хөлөө сайн мэдээнд тавьж болохгүйг би ойлгосон. Ажил гэдэг бол амьдралын хамгийн чухал зүйл биш гэдгийг би мэдсэн. Их Эзэн болон гэр бүл минь нэгдүгээрт гэдгийг би ухаарсан юм. Эцэст нь би намайг байхгүй хойгуур ээжийнхээ гунигладаг байсныг ойлгоод, уучлал гуйв.

Би дэлхийгээр аялахаа больж, Швейцарын Бэрн ариун сүмд гэрлэн, гэр бүлтэй болж, авьяасаа өвчтэй хүмүүсийг эдгээхэд тусалж ашигладаг орон нутгийн эмнэлэгт хоол хийдэг ажилд орсон юм. Би одоо эмнэлгийн хүний нөөцийг хариуцдаг. Орон нутагтаа ажиллах нь гэр бүлдээ бас Сүмийн дуудлагадаа зориулах цагийг өгдөг.

Баптисм хүртсэнээсээ хойш хоёр жилийн дараа би ариун сүмд ороод, хувийн хишгээ хүлээн авсан анхны өдрөөс хойш ариун сүм, тэндхийн ажлын ариун нандин байдалд хайртай болсон. Аавыгаа дөрвөн жилийн дараа өнгөрөхөд надад сэтгэл санааны хүнд цохилт болсон юм. Тэр миний баатар байсан. Есүс Христийн сайн мэдээний ачаар би түүнийг амьд гэдгийг мэднэ.

Аавыгаа төлөөлөн ажлыг нь хийснийхээ дараа селестиел өрөөнд ороход намайг тэврэн авч байгааг нь би мэдэрсэн. Тэр үед аав минь сайн мэдээг болон хүүхдүүдээ гэх Их Эзэний хайрыг хүлээн авсан гэдгийг би мэдсэн.

Хожмын үеийн гэгээнтэн бидэнд үнэн сайн мэдээг мэдэх адислал бий. Энэ нь миний амьдралыг өөрчилсөнд би талархдаг. Сайн мэдээнээс би жинхэнэ аз жаргалыг олсон. Сайн мэдээ болон миний гэр бүл бол миний хамгийн агуу эрдэнэс юм.