Лиахона
Сүнслэг байдлын хувьд зорилгогүй байснаа даван туулсан минь—Одоо би юу хийх вэ?
2024 оны 1-р сар


“Сүнслэг байдлын хувьд зорилгогүй байснаа даван туулсан минь—Одоо би юу хийх вэ?,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Залуучуудад зориулав

Сүнслэг байдлын хувьд зорилгогүй байснаа даван туулсан минь—Одоо би юу хийх вэ?

Бид Есүс Христ рүү урагшилж буй үедээ хэзээ ч зорилгогүй байдаггүй.

Зураг
Усан дээрх хөвөгч цагариг

Насанд хүрэх нь миний хувьд сэтгэл хөдөлгөмөөр байсан. Үргэлж хүсдэг байсан амьдралаа босгож эхлэхэд би бэлтгэгдсэн байв. Би Бразилд номлолд үйлчлээд, дараа нь гэртээ хариад, их сургуульд орж суралцсан юм. Зэргээ хамгаалаад, сайн цалинтай ажилд орж, Христийн шавийн хувиар амьдрах гэж би хичээж байв.

Би одоо ч энэ амьдралын шатандаа л байна. Түүнийг дагахын тулд хамгийн сайнаараа хичээж байна.

Өдийг хүртэл хүлээн авсан боломж, адислалуудынхаа төлөө би маш их талархаж байна. Эргээд бодоход, энэ хүртлээ (гэрлэлтээс бусад) байгуулж чадах бүх гэрээг байгуулж, үргэлж төлөвлөж байсан том том амжилтад хүрсэн гэдгээ мэддэг ч заримдаа би хэрхэн өсөж хөгжихөө, ялангуяа сүнслэг байдлын хувьд хэрхэн урагшлахаа сайн мэдэхгүй, бага зэрэг гацсан мэт санагддаг.

Миний эргэн тойрны залуучуудад хэцүү байгааг би харж байсан. Зарим нь зорилгогүй байгаагаа мэдэрч, урьдчилан бодоогүй зүйлтэй тулгарсан учраас Сүмээс явсан. Тэдний энэ үйлдэл амьдралын төлөөх асуултын жагсаалтад минь нэрмээс болдог байв.

Гэсэн хэдий ч яг одоо Тэнгэрлэг Эцэгт тавих хамгийн том асуулт бол Би сүнслэг байдлын хувьд зорилгогүй байна гэсэн мэдрэмжээ хэрхэн давж гарах вэ? гэсэн асуулт юм. Одоо би юу хийх вэ?

Эдгээр асуултыг шийдвэрлэх үедээ би энэхүү тодорхой бус цаг мөчөө чиглүүлэхэд тусалсан хэдэн чухал үнэнийг мэдэж авсан юм.

Анхаарал сарниулах зүйл таныг замаасаа гарахад бүү хүргэг

Дараа нь хаашаа хандахаа, бас юу угтаж буйг мэдэхгүй үед дэлхийн сатааруулах зүйлс сүнслэг зүйлсийн дээгүүр хялбархан гэгч давж гарч эхлэх боломжтой байдгийг би анзаарсан. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн 2-р зөвлөх Рэбэкка Л.Крэйвэн эгч “Энэ дэлхий бол сонгогдогсдыг хүртэл гэрээнүүддээ хайхрамжгүй хандан амьдрахад хүргэдэг анхаарал сарниулах зүйлсээр дүүрэн байна”1 хэмээн хэлжээ.

Залуучуудыг номлолоос буцаж ирснийхээ дараа гэрчлэлээ алдан, хүнд хэцүү байдалд орж байхыг би харж байлаа. Би мөн зарим нь шинэ дадал хэвшилдээ Есүс Христийн сайн мэдээг оруулаагүй учир их сургуулиа дүүргэх эсвэл гэрлэх зэргээр том амжилтад хүрээд, яваандаа хамгийн чухал зүйлээсээ холддог гэдгийг харсан.

Би ч бас сүнслэг байдлын хувьд өгсөж, уруудсан. Сүнслэг байдлын дадал хэвшилтэй болох үед, ялангуяа найдан итгэснээр минь тодорхой нэг адислал ирэхгүй үед ямар нэг урам сэдэл авах, залхуурахгүй байхад хэцүү байсан. Би үргэлж өсөж хөгжин, сайжрахыг хүсдэг буюу сүнслэг байдлын хувьд зогсонги байхыг хүсээгүй юм. Гэхдээ заримдаа би ямар нэг зорилгогүй, урсгалаараа байгаагаа мэдэрдэг.

Гэсэн хэдий ч би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт, ялангуяа өчүүхэн мөн энгийн арга замаар өдөр бүр тусгайлан цаг зориулах үедээ (Алма 37:6-г үзнэ үү) дэлхий тогтворгүй байсан ч Түүний сайн мэдээний авчирдаг тайвшрал, тогтвортой байдлыг мэдэрдэг.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон: “Би та нараас амьдралдаа Бурханыг ялуулахыг хичээнгүйлэн гуйж байна. Их Эзэнд цаг заваа шударгаар зарцуул. Ингэхдээ таны сүнслэг эерэг инерц яаж өөрчлөгдөж байгааг анзаараарай”2 хэмээн хэлсэн. Би Есүс Христэд итгэлтэй байхыг өдөр бүр ухамсарлан сонгож; Түүнтэй намайг холбох сүнслэг дадал хэвшилд цаг гаргах үедээ сүнслэг байдлыг тодорхойлогч үеэ дурсан; зорилго, ирээдүйн төлөөх найдвар, итгэлийн шинэ мэдрэмжийг мэдэрдэг.

Бурханы нөлөөг эрэлхийл

Их сургуулиа төгсөх жилдээ би мөн зорилгогүй байгаагаа мэдэрч байв. Амьдрал хүнд байлаа. Бүх нийтийн хорио цээрийн дэглэмийн үеэр хичээлүүдээ дуусгах гээд гэртээ өнжих үед сэтгэл их шаналдаг байсан юм. Амьдралд минь чиглүүлэг, холбоо хэлхээ байхгүй байв.

Тэр үед сүмдээ идэвхтэй байдаггүй байлаа. Онлайнаар ариун ёслолын цуглааныг сонсохын тулд орноосоо унтлагын хувцастайгаа сугарах хэрэг гардаг байв.

Тэр хар өдрүүдэд би гэр бүл, найз нөхөдтэйгөө холбоо барьж; зорилгогүй, сэтгэл их шаналж байгаагаа тайлбарладаг байлаа. Ирээдүйд итгэх ямар ч найдлага төрөхгүй, цаашдаа яана даа л гэж бодож байсан юм. Тэгэхэд тэд миний төлөө залбирдаг, хэдий хол байсан ч гэсэн намайг дэмждэг гэж хэлдэг байв.

Гүн гүнзгий итгэлтэй хайртай хүмүүстэйгээ холбоо барьж, Тэнгэрлэг Эцэгт хандан өчүүхэн ч гэсэн сүнслэг өдөөлтөөр залбирахад, намайг дэмжсэн тэрхүү дэмжлэг, хайрыг би мэдэрсэн.

Биелэгдээгүй хүлээлт, эргэлзээ, хэцүү төвөгтэй байдлаа хэт анхаарсан үед итгэл минь савчиж байв. Амьдралдаа байгаа адислалыг ч олж харахгүй байв. Гэхдээ патриархын адислалаа уншаад, өөрийгөө сайн сайхнаар хүрээлүүлж, ерөнхий чуулганы захиасыг сонсон, намайг илүү сайн болоход нөлөөлдөг хайртай хүмүүстэйгээ цагаа өнгөрүүлснээр би амьдралыг минь өөрчилдөг Есүс Христийн сайн мэдээний ер бусын ялгаан дээр дахин төвлөрдөг.

Өмнөх зам тань тодорхой бус байвч, төлөвлөснөөр юмс өрнөхгүй байлаа ч амьдралд тань сайн сайхан зүйл байсаар байгаа бөгөөд гэрээний замдаа ахиж хөгжихөд тань туслах маш олон боломж байдаг. Суралцах зүйл үргэлж байдаг. Ялангуяа сүнслэг байдлын хувьд өсөж хөгжих боломж байнга байдаг. Тэнгэрлэг Эцэгээс удирдамж гуй. Тэрээр эргэн тойронд тань суралцах, өсөж хөгжих сайн нөлөө, боломж эрэлхийлэх, олоход тусална (Итгэлийн тунхаг 1:13-ыг үзнэ үү).

Зураг
Каяак завин дээрх залуу эмэгтэй

Үргэлжлүүлэн хичээ

Бидний сүнслэг байдал заримдаа дээшилж, заримдаа доошлон давлагаалж байдаг. Заримдаа итгэлдээ тууштай байж, сайн мэдээнээс баяр баясал мэдэрдэг байх. Гэвч дараа нь хаашаа хандахаа мэдэхгүй байх үе ч гардаг. Асуудал тулгарах, асуулт гарах, адислал хойшлогдох, ялангуяа сайн мэдээгээр амьдрахын тулд хамаг сайнаараа хичээх үед бидэнд хэцүү болдог байх. Ийм хэцүү үед хүмүүсийг Аврагч руу хандах эсвэл хандахгүй байх гэсэн хоёр замын нэгийг сонгож байгааг хардаг.

Заримдаа би ийм цаг мөчийг Мосегийн болон хүрэл могойн түүхтэй харьцуулдаг (Тооллого 21:8–9-ийг үзнэ үү). Израилчуудыг хорт могойд хатгуулсныхаа дараа эдгэрэхэд туйлын бэрх болох үед Мосе Иеховаг төлөөлүүлсэн хүрэл могой руу ердөө л хар гэсэн аврагдах энгийн аргыг тэдэнд хэлжээ. Тэдний хийх хэрэгтэй зүйл тэр л байв. Тэд ердөө нэг удаа хараад л амьд үлдэх байсан. Гэвч олон хүн харахгүй байхыг сонгож, мөхсөн билээ. (1 Нифай 17:41-ийг үзнэ үү.)

Энэ түүх эдгэрэх боломж яг өмнө маань байхад заримдаа урам хугарах болон хүсэн хүлээгээгүй хүлээлтээс болж өс хонзон санах хорт бодлыг хэрхэн тээдэг талаар бодоход хүргэдэг.

Найдвар, амар амгалан, ирээдүйн төлөөх итгэл мэдрэх түлхүүр бол ердөө Есүс Христ рүү харах юм (Хиламан 8:14–15; Иохан 3:14–17-г үзнэ үү).

Би алдаа гаргасан үедээ өөрийгөө үргэлж хатуу ширүүн шүүмжилдэг. Би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар суралцахыг, Тэдэнд итгэхийг үнэхээр хичээж байсан учраас хүнд хэцүү үед өршөөл, өсөлт хөгжил, эдгэрэл хүсэн; үргэлж Тэдэнд найдвар тавих боломжтой гэдгийг мэддэг. Залбирах, Ирээд, Намайг дага гарын авлагын дагуу судлах, ариун сүмд цагаа өнгөрөөх, дуудлагаа эрхэмлэн биелүүлэх зэргээр дамжуулан Тэдэн рүү харах үед талархах болон шинэчлэгдсэн мэт мэдрэмж төрдөг.

Би Тэднийг эрэлхийлэх үедээ Есүс Христийн сайн мэдээ бол дэлхийн могойноос эдгэрэх, тайвшрах, аюулгүй орогнох газар болохыг ухаардаг.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд: “Бурханыг болон бүх хүмүүнийг хайрлах хайрыг агуулсан ‘Найдварын төгс гэрэл’— … үүнийг та бүхэнд хүсэж байна. Энэхүү тод найдварыг тээснээр энэ нь Бурхан танд хайртай, Христ таны Өмгөөлөгч, сайн мэдээ үнэн гэдгийг маргаангүй шивнэн хэлэх болно. Түүний гэрэл гэгээ сайн мэдээнд үргэлж, өдөр бүр шинэ боломж, шинэ амьдрал, шинэ он байдгийг сануулах болно. Ямар гайхалтай гайхамшиг вэ! Ямар гайхамшигтай бэлэг вэ! Христийн бэлгийн ачаар бид итгэж, хичээж, найдсан хэвээр байх юм бол амьдралын хамгийн сайхан зүйлс биднийх байх болно”3 хэмээн биднийг хайрлан гэрчилсэн.

Есүс Христ рүү чиглэ

Насанд хүрэхэд олон өөрчлөлт, тодорхой бус зүйл, заримдаа бүр хүлээж байснаас өөр зүйл учирдаг. Гэхдээ Есүс Христийн сайн мэдээ үргэлж тодорхой, үргэлж тогтвортой байдаг юм. Мөн биднийг гэрээний зам дээрээ үргэлжлүүлэн үлдэх үед Түүний болон Түүний Эцэгийн амлалт баталгаатай байдаг. Энэ дэлхий заримдаа бидний анхаарлыг Түүн дээр төвлөрөхөд хэцүү болгож чаддаг. Гэхдээ биднийг Түүн рүү чиглүүлдэг ямар ч алхмыг хийх нь өсөж хөгжих явдал юм. Бид Есүс Христ рүү урагшилж буй үедээ хэзээ ч зорилгогүй байдаггүй буюу бид итгэл найдвар, амар амгалан, баяр хөөр тийш чиглэж байдаг.

Зохиогч нь Английн Манчэстэрт амьдардаг.