Ерөнхий чуулган
Сүнслэг инерцийн хүч
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Сүнслэг инерцийн хүч

Өнөөдөр би сүнслэг эерэг инерцээ хадгалж үлдэхэд бидэнд туслах таван тодорхой үйлдлийг санал болгоё.

Хайрт ах, эгч нар аа, би та нартаа хайртай. Өнөөдөр та нартаа үг хэлэх энэ боломж нь надад эрхэм зүйл билээ. Та нарыг дайсны ширүүн дайралтаас хамгаалагдаж, өөрт тулгарах ямар ч сорилт бэрхшээлийг даван туулах хүч чадалтай байгаасай хэмээн би өдөр бүр залбирдаг.

Зарим бэрхшээл бусдын харж чадахааргүй нэн хувийн гүн зовлон дарамт байдаг. Харин зарим нь дэлхийн тавцанд ил өрнөдөг. Зүүн Европ дахь зэвсэгт мөргөлдөөн бол эдгээрийн нэг юм. Би Украинд болон Оросод маш олон удаа очиж байсан. Би тэрхүү орнууд, хүмүүст болон тэдний ярьдаг хэлэнд хайртай. Энэ мөргөлдөөнд өртсөн бүх хүний төлөө би гашуудан, залбирдаг. Зовж шаналж, амьд үлдэхийн төлөө тэмцэж буй хүмүүст туслахын тулд Сүмийн хувьд бид чадах бүхнээ хийсээр байна. Бид дайны гай зовлонд нэрвэгдэж байгаа бүх хүний төлөө үргэлжлүүлэн мацаг барьж, залбирахад хүн бүрийг урьж байна. Аливаа дайн нь Их Эзэн Есүс Христийн зааж, дэмждэг бүхнийг аймшигтай зөрчдөг хүчирхийлэл юм.

Бидний хэн нь ч улс үндэстнийг төдийгүй бусдын үйлдлийг, тэр байтугай өөрийн гэр бүлийн гишүүдийг ч хянаж чадахгүй. Гэхдээ бид өөрсдийгөө хянаж чадна. Хайрт ах, эгч нар аа, би өнөөдөр та бүхнийг өөрийн зүрх сэтгэл, өөрийн гэр орон, өөрийн амьдралд өрнөж буй зөрчилдөөнийг эцэслэхэд уриалж байна. Бусдыг гомдоох аливаа хүсэл эрмэлзлээ, тухайлбал: энэ нь ааш зан, хурц хэл ам эсвэл өөрийг тань гомдоож бэртээсэн хүнийг үзэхгүй байх явдал байна уу хамаагүй, аливаа ийм хүслээ булшилж хаяна уу. Гэсэн хэдий ч Аврагч бидэнд нөгөө хацраа тавьж өг,1 дайснуудаа хайрла, мөн чамайг хүнлэг бусаар ашиглах тэдний төлөө залбир2 гэж зарлигласан.

Бидэнд өөрсдийгөө зөвтгөх шалтгаан байгаа үед уур хилэнгээсээ салах нь үнэхээр хэцүү байж болно. Хор хөнөөлтэй үйлдлээрээ гэмгүй хүмүүсийг гомдоосон тэднийг уучлах боломжгүй санагдаж ч магад. Гэхдээ Их Эзэн бидэнд “бүх хүнийг уучлах”3-ыг зөвлөсөн.

Бид Энхийн Жононгийн дагалдагчид билээ. Зөвхөн Түүний өгдөг амар амгалан урьд урьдынхаас илүү одоо бидэнд хэрэгтэй байна. Бид амьдралдаа амар амгалан, эв нэгдлийг дор бүрдээ эрэлхийлэхгүй атлаа дэлхийд амар амгалан тогтноно гэж яахан хүлээж болох билээ? Ах, эгч нар аа, миний санал болгож буй зүйл амаргүй гэдгийг би мэднэ. Гэхдээ Есүс Христийн дагалдагчид бүх дэлхийнхний дагах үлгэр дуурайлыг үзүүлэх ёстой. Өөрсдийн зүрх сэтгэлд болон амьдралд одоо болж байгаа хувийн зөрчилдөөнүүдийг эцэслэхийн тулд чадах бүхнээ хийхийг би та нараас хичээнгүйлэн гуйж байна.

Саяхан сагсан бөмбөгийн тэмцээн үзэж байхад санаанд минь орж ирсэн нэгэн ойлголтын талаар ярингаа би үйлдэл хийх онцгой уриалгаа тодотгомоор байна.

Уг тоглолтын эхний хагаст хоёр баг эн тэнцүүхэн өрсөлдөж, харилцан довтолж байлаа. Тэгтэл эхний хагас дуусахад таван секунд үлдээд байхад нэг багийн хамгаалагч гурван онооны шидэлтийг маш гайхалтай гүйцэтгэсэн ба ганцхан секунд дутуу байхад түүний багийн нэг тоглогч талбайн гаднаас гаргасан дамжуулалтыг булаан авч, цаг дуусах шүгэлтэй зэрэгцэн дахин нэг бөмбөг оруулав! Ингээд уг баг дөрвөн оноогоор түрүүлснээ мэдэрсэн тэр инерцээрээ хувцас солих өрөө рүү орцгоож билээ. Тэд энэ инерцээрээ хоёрдугаар хагаст үргэлжлүүлэн тоглож, тэмцээнд хожиж чадсан юм.

Инерц нь хүчирхэг агуулгатай ойлголт юм. Бид бүгд үүнийг аливаа нэг хэлбэрээр, тухайлбал машин хурдаа нэмэх үед эсвэл санал зөрөлдөөн ширүүсэж хэрүүл маргаан болох зэргээс харж байсан.

Тиймээс би чухам юу “Сүнслэг инерцийг сэдээж чадах вэ?” гэж асууя. Бид эерэг, сөрөг инерцийн аль алиных нь жишээг харсан. Хөрвөгдөж, итгэлдээ өссөн Есүс Христийн дагалдагчдыг бид мэднэ. Гэхдээ бас нэгэн цагт итгэлтэй байсан ч унасан итгэгчдийг ч бид мэддэг. Инерц аль ч тал руу хэлбийж болно.

Хилэнцэт болон цаг үеийн илүү хар бараан тэмдгүүд гаарч буй энэ хурдыг сөрөн зогсохын тулд бидэнд сүнслэг эерэг инерцтэй байх явдал өнөөдөр хэзээ хэзээнээс илүү хэрэгтэй болоод байна. Цар тахал, цунами, галт уулын дэлбэрэлт, зэвсэгт дайсагнал зэргээс үүдсэн айдас, тодорхойгүй байдлын дунд сүнслэг эерэг инерц биднийг урагш хөдөлгөсөөр байх болно. Сүнслэг инерц нь дайсны цуцашгүй, хорон муу дайралтыг даван туулахад болон сүнслэг суурийг маань ганхуулах түүний оролдлогыг таслан зогсооход бидэнд тусална.

Олон төрлийн үйлдэл сүнслэг эерэг инерцийг сэдээн хөдөлгөж чадна. Тэдгээрийн заримд дуулгавартай байдал, хайр, даруу зан, үйлчлэл, талархал4 ордог.

Өнөөдөр би сүнслэг эерэг инерцийг хадгалахад бидэнд туслах таван тодорхой үйлдлийг санал болгоё.

Нэгдүгээрт: Гэрээний зам дээр гарч, тэндээ үлд.

Саяхан би олон хүнтэй уулзаж байна гэж тодхон зүүдэлсэн юм. Тэд надаас олон асуулт асуусны ихэнх нь гэрээний замын тухай болон яагаад энэ нь чухал болох тухай байв.

Би зүүдэндээ бид баптисм хүртэж, Бурхантай анхныхаа гэрээг хийснээр гэрээний зам дээр гардаг талаар тайлбарласан.5 Бид ариун ёслолоос хүртэх бүрдээ Аврагчийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг санаж, зарлигуудыг нь дагана гэдгээ дахин амладаг.6 Бурхан хариуд нь Их Эзэний Сүнсийг бидэнтэй үргэлж хамт байлгана гэж баталдаг.

Дараа нь бид илүү агуу амлалтуудыг багтаасан нэмэлт гэрээнүүдийг ариун сүмд байгуулдаг. Ёслол, гэрээнүүд нь бидэнд бурханлаг хүчнээс хүртэх боломжийг олгодог. Гэрээний зам бол өргөмжлөлийг хүртэж, мөнх амьдралыг хүлээн авахад хөтлөх цорын ганц зам билээ.

Зүүдэнд маань нэгэн эмэгтэй гэрээнүүдээ зөрчсөн хүмүүс тэр замдаа хэрхэн буцаж орж болох талаар асуусан юм. Түүний асуултад өгсөн миний хариулт хоёр дахь зөвлөгөө рүү чиглүүлнэ.

Өдөр бүр наманчлахад ирдэг баяр баясгаланг олж мэд.

Наманчлал хэр чухал вэ? Бид “наманчлал түүнчлэн … Их Эзэнд итгэх итгэлээс өөр юуг ч номлох ёсгүй”7г Алма заасан. Мөнхийн алдар сууг хүсдэг хариуцлагатай хүн бүрээс наманчлахыг шаарддаг.8 Үүнээс хэн ч бултах аргагүй. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд өгсөн илчлэлтдээ тухайн үеийн Сүмийн удирдагчдыг хүүхдүүддээ сайн мэдээг заагаагүй учраас зэмлэжээ.9 Наманчлал бол өсөлт хөгжлийн түлхүүр юм. Цэвэр итгэл нь биднийг гэрээний замаар урагшлахад хөтөлдөг.

Наманчлахаас бүү ай, бүү хойшлуул. Сатан та нарыг зовж зүдрэхэд баярладаг. Түүнийг болиул. Түүний нөлөөг амьдралаасаа үлдэн хөө! Эгэл хүнээ орхисноор ирдэг баяр хөөрийг мэдрэхийн тулд өнөөдрөөс эхэл.10 Аврагч биднийг үргэлж хайрладаг, ялангуяа биднийг наманчлахад хайрладаг. Тэрээр “Уулс ганхаж, толгод доргивч, энэрэл хайр минь чамаас салахгүй”11 хэмээн амласан.

Хэрэв танд гэрээний замаас хэт холдсон эсвэл хэтэрхий удаан төөрсөн, буцах замгүй болсон гэж бодогдож байвал энэ нь огт худал юм.12 Бишоптойгоо эсвэл салбарын ерөнхийлөгчтэйгөө холбоо бариарай. Тэр бол Их Эзэний төлөөлөгч бөгөөд наманчлалаас ирэх баяр баясгалан, тайвшралыг мэдрэхэд тань туслах болно.

Гэхдээ нэг зүйлийг анхааруулъя. Гэрээний зам руу буцна гэдэг нь амьдрал хялбар болно гэсэн үг биш. Энэ зам хэцүү бөгөөд заримдаа эгц авирч буй мэт санагдах болно.13 Гэсэн хэдий ч энэхүү авиралт биднийг сорьж, бидэнд зааж, эгэл чанараа сайжруулж, гэгээнтэн болоход маань туслах зорилготой. Энэ бол өргөмжлөл рүү хөтөлдөг цор ганц зам юм. Нэгэн бошиглогч14 “Бурханы зарлигуудыг дагадаг тэдний адислагдсан мөн баярт байдлыг” тайлбарлахдаа, “… учир нь болгоогтун, тэд бүх зүйлд, биеийн мөн сүнсний аль алинд нь адислагдсан болой; мөн хэрэв тэд төгсгөл хүртэл итгэлтэйгээр тэвчвээс, тэгвэл тэд Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж … [мөн] тэд тэнгэрт хүлээн авагдах болно”15 гэжээ.

Гэрээний замаар алхахын зэрэгцээ өдөр бүр наманчилснаар бид сүнслэг эерэг инерцээ тэтгэдэг.

Миний өгөх гурав дахь зөвлөгөө: Бурханы тухай мөн Тэрээр хэрхэн ажилладаг талаар олж мэдээрэй.

Өнөөдөр бидний хамгийн том сорилтуудын нэг бол Бурханы үнэн болон Сатаны хуурамч зүйлсийг ялгах явдал юм. Тийм ч учраас Их Эзэн бидэнд “чи ямагт залбир; … Сатаныг ялж гарахын тулд, … түүний ажлыг дэмжиж байдаг Сатаны зарц нарын гараас зугтаахын тулд16 хэмээн сэрэмжлүүлжээ.

Бурхан, Сатан хоёрыг ялгах нэгэн жишээг Мосе тайлбарласан юм. Сатан Мосег уруу татахаар ирэхэд тэрээр уг хууран мэхлэлтийг ялгаж харсан. Учир нь тэр дөнгөж Бурхантай нүүр тулж харилцан ярилцсан байв. Иймд Мосе Сатан гэж хэн болохыг хурдхан ухаарч, түүнд явахыг тушаасан.17 Сатаныг үргэлжлүүлэн ятгах үед Мосе хэрхэн Бурханаас нэмэлт тусламж гуйхаа мэдэж байв. Мосе бурханлаг хүчийг хүлээн аваад, хилэнцэт нэгнийг дахин хөөж, “Надаас тонил, Сатан, гагцхүү энэ Бурханыг л би шүтэх болно”18 гэж хэлжээ.

Бид тэр жишээг дагах ёстой. Сатаны нөлөөг амьдралаасаа үлдэн хөө! Түүнийг даган, “зовлонгийн хийгээд төгсгөлгүй халаглалын ангал”19 руу бүү яв.

Өдөр бүр “Бурханы сайн үгээр”20 тэжээгддэггүй гэрчлэл асар хурдан үгүй болох болно. Тиймээс Сатаны төлөвлөгөөг эсэргүүцэх ерөндөг нь тодорхой юм. Бид өдөр бүр Их Эзэнийг шүтэж, Түүний сайн мэдээг судлах хэрэгтэй. Би та нараас амьдралдаа Бурханыг ялуулахыг хичээнгүйлэн гуйж байна. Их Эзэнд цаг заваа шударгаар зарцуул. Ингэхдээ таны сүнслэг эерэг инерц яаж өөрчлөгдөж байгааг анзаараарай.

Миний өгөх 4 дэх зөвлөгөө бол Гайхамшгийг эрэлхийл мөн хүлээ.

Моронай бидэнд “Бурхан гайхамшгийн Бурхан байхаа болиогүй”21 гэж баталсан. Их Эзэн Өөрт нь итгэдэг хүмүүсийн амьдралд хөндлөнгөөс оролцох хэр их хүсэлтэй байдгийг судрын ном бүр харуулдаг.22 Тэрээр Мосегийн төлөө Улаан тэнгисийг хувааж, гуулин ялтаснуудыг авахад нь Нифайд тусалж, бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Сүмээ сэргээсэн. Эдгээр гайхамшиг бүр цаг хугацаа шаардсан бөгөөд энэ хүмүүсийн Их Эзэнээс гуйсан анхны зүйл нь биш ч байсан байж магадгүй.

Үүнтэй адилаар, хэрэв та нар Түүнд “эргэлзэлгүйгээр”23 итгэх аваас Их Эзэн та нарыг гайхамшгуудаар адислах болно. Гайхамшгийг эрэлхийлэхийн тулд сүнслэг ажил хий. Та Бурханаас ийм итгэлийг хэрэгжүүлэхэд туслахыг залбиран гуй. Есүс Христ “эцэж ядарсанд тэнхээ өгч, чадал барагдсанд нь хүч нэмдэг”24 гэдгийг та бүхэн хувьдаа мэдрэх боломжтой гэдгийг би амлаж байна. Их Эзэн танд амьдрал дахь уулаа нүүлгэхэд тусалж байгааг ухаарахаас илүү цөөн хэдэн зүйл таны сүнслэг инерцийг хурдасгах болно.

Миний өгөх 5 дахь зөвлөгөө бол Өөрийн амьдрал дахь зөрчилдөөнийг эцэслэ.

Би та бүхнийг өөрсдийнхөө амьдрал дахь зөрчилдөөнүүдийг эцэслэхэд дахин уриалж байна. Уучлахад болон уучлал гуйхад шаардлагатай даруу байдал, эр зориг, хүч чадлыг хөгжүүл. Аврагч “Хэрэв [бид] хүмүүсийн алдааг уучилбал [бидний] Тэнгэрлэг Эцэг [биднийг] мөн уучилна”25 гэж амласан.

Өнөөдрөөс хойш хоёр долоо хоногийн дараа бид Христийн амилсны баярыг тэмдэглэнэ. Энэ хугацаанд та өөрийг тань зовоодог зөрчилдөөнүүдийг эцэслэхийг эрэлхийлнэ үү гэж би урьж байна. Цагаатгалынх нь төлөө Есүс Христэд талархах үүнээс илүү зохистой үйлдэл байгаа гэж үү? Хэрэв одоо уучлах боломжгүй мэт санагдаж байвал Есүс Христийн цагаатгагч цусаар дамжуулан танд туслах хүчийг хичээнгүйлэн гуй. Таныг ийн үйлдэх үед хувийн амар амгалан, сүнслэг инерц урсан орж ирнэ гэдгийг би амлаж байна.

Аврагч бүх хүн төрөлхтний төлөө Цагаатгал үйлдэхдээ Өөрийг нь дагадаг хүмүүст Өөрийн эдгээх, хүчирхэгжүүлэх, гэтэлгэх хүчээс хүртэх замыг нээж өгсөн. Эдгээр сүнслэг давуу эрх нь Түүнийг сонсож, Түүнийг дагахыг эрэлхийлдэг бүх хүнд боломжтой.

Хайрт ах, эгч нар аа, би зүрх сэтгэлийнхээ гүнээс та бүхнийг гэрээний зам дээрээ гарч, тэндээ үлдэхийг уриалж байна. Өдөр бүр наманчлахаас ирдэг баяр баясгаланг мэдэр. Бурханы тухай мөн Тэрээр хэрхэн ажилладаг талаар суралц. Гайхамшгийг эрэлхийл мөн хүлээ. Өөрийн амьдрал дахь зөрчилдөөнийг эцэслэхийг хичээ.

Эдгээр зорилгынхоо дагуу үйлдэх үед ямар ч саад бэрхшээлтэй тулгарсан бай та гэрээний замдаа инерцээрээ илүү урагш ахих чадвартай байна гэдгийг би амлаж байна. Мөн би та нарт уруу таталтыг эсэргүүцэх илүү их хүч чадал, сэтгэлийн амар амгалан, айдсаас ангид байх эрх чөлөөг олж авч, гэр бүл тань илүү их эв нэгдэлтэй байх болно гэж амлаж байна.

Бурхан амьд! Есүс бол Христ! Тэр амьд! Тэр бидэнд хайртай бөгөөд бидэнд тусална. Энэ бүхнийг би бидний Гэтэлгэгч, Есүс Христийн ариун нэрээр гэрчилж байна, амен.

Эх сурвалж

  1. 3 Нифай 12:39-ийг үзнэ үү.

  2. 3 Нифай 12:44-ийг үзнэ үү.

  3. Сургаал ба Гэрээ 64:10-ыг, түүнчлэн 9-р шүлгийг үзнэ үү.

  4. Төлөөлөгч Паулын хэлснээр “Бүх зүйлд талархлаа өргө” (1 Тесалоник 5:18). Цөхрөх, урам хугарах, сүнслэг байдлаар доройтохын эсрэг хамгийн найдвартай ерөндгүүдийн нэг бол талархах явдал юм. Бид ямар зүйлсийн төлөө Бурханд талархаж болох вэ? Дэлхий ертөнцийн сайн сайхан, сайн мэдээний Сэргээлтийн төлөө мөн энэ дэлхий дээр бидэнд боломжтой болгодог Түүний Хүүгийн болон Түүний хүч чадлын тоо томшгүй олон арга замын төлөө Түүнд таларх. Судруудын төлөө болон Бурханаас гуйсны маань хариуд бидэнд тусалдаг тэнгэр элч нар, илчлэлт, мөнхийн гэр бүлүүдийн төлөө Түүнд таларх. Хамгийн гол нь дэлхий рүү илгээгдсэн үүрэг даалгавраа биелүүлэх боломжийг бидэнд олгосон Түүний Хүүгийн бэлэгт буюу Есүс Христийн Цагаатгалын төлөө Бурханд таларх.

  5. Гэрээний замыг ойлгохын тулд, гэрээ нь Бурханы болон Түүний хүүхдүүдийн нэгний хоорондох хоёр талын амлалтыг агуулдаг гэдгийг ойлгох нь чухал юм. Гэрээний нөхцөлүүдийг Бурхан тогтоож, бид тэдгээрийг зөвшөөрдөг. Үүний хариуд Бурхан бидэнд амлалт өгдөг. Олон гэрээг гаднах тэмдгүүд буюу бидний гэрчтэйгээр оролцдог ариун нандин ёслолууд дагалддаг. Жишээлбэл: баптисм бол баптисм хүртэж буй хүний Бурханы зарлигуудыг дагах гэрээ байгуулсан гэдгээ Их Эзэнд илтгэн харуулж буй тэмдэг юм.

  6. Моронай 4:3; 5:2; Сургаал ба гэрээ 20:77, 79-ийг үзнэ үү.

  7. Мозая 18:20.

  8. Moсе 6:50, 57-г үзнэ үү.

  9. Сургаал ба Гэрээ 93:40–48-ыг үзнэ үү.

  10. Moзая 3:19-ийг үзнэ үү.

  11. Исаиа 54:10; тодотгол нэмэгдсэн; мөн 3 Нифай 22:10-ыг үзнэ үү. Энэрэл хайр гэдэг үг нь еврей хэлний hesed буюу нинжин сэтгэл, өршөөл нигүүлсэл, гэрээний хайр гэх гүн гүнзгий утгатай хүчирхэг үгээс орчуулагддаг.

  12. Зарим нүглийн хохирлыг барагдуулах боломжтой ч заримынх нь боломжгүй байдаг. Нэг нь нөгөөгөө хүчирхийлэх юм уу амийг нь хөнөөсөн тохиолдолд бүрэн хохиролгүй болгох боломжгүй. Ийм тохиолдолд, нүгэл үйлдсэн хүний хувьд хийж чадах зүйл бага ч, хувь хүний наманчлал маш их үүрэгтэй. Их Эзэн төлбөл зохих төлөөсийг уучлах хүсэлтэй байдаг тул бид хэр холдож төөрснөөсөө үл хамааран Түүн дээр очиж чадна. Тэр биднийг чин сэтгэлээсээ наманчлах үед уучлах болно. Бидний үйлдсэн гэм нүгэл болон хохирол барагдуулах чадвар хоёрын ялгаан дахь аливаа төлөөсийг нигүүлслийн бэлгийг өгч чадах Есүс Христийн Цагаатгалыг хэрэгжүүлснээр төлж болно. Бидний төлж чадаагүй төлөөсийг уучлах Түүний хүсэл бол үнэлж баршгүй бэлэг юм.

  13. 2 Нифай 31:18–20-ийг үзнэ үү.

  14. Нифайчуудын бошиглогч хаан Бенжамин

  15. Moзая 2:41

  16. Сургаал ба Гэрээ 10:5; тодотгол нэмэгдсэн.

  17. Moсе 1:16-г мөн 1–20-р шүлгийг үзнэ үү.

  18. Moсe 1:20.

  19. Хиламан 5:12.

  20. Моронай 6:4.

  21. Мормон 9:15-ыг мөн 19-р шүлгийг үзнэ үү.

  22. Төлөөлөгч Иохан “Есүс бол Христ гэдэгт [биднийг] итгүүлэхийн тулд” (Иохан 20:31) Аврагчийн гайхамшгуудыг бичиглэсэн хэмээн тунхаглажээ.

  23. Moрмон 9:21.

  24. Исаиа 40:29.

  25. Матай 6:14.

Хэвлэх