Ерөнхий чуулган
Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Номлолын үйлчлэл миний амьдралыг үүрд адисалсан

Би залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд та бүхнийг мөн та нарын эцэг, эхчүүдийг хэрхэн номлолын үйлчлэл амьдралыг тань үүрд адислахыг харж, мэдээсэй хэмээн залбирч байна.

Ерөнхийлөгч Нэлсон, номлолын үйлчлэлтэй холбоотой зөвлөгөөг дахин хуваалцсанд баярлалаа.

Ах, эгч нар аа, хэдэн жилийн өмнө чуулганы хуралдаанд үг хэлж байх үеэр нүдний эвэрлэг бүрхэвчийн өөрчлөлтөөс болж миний зүүн нүдний хараа гэнэт муудсан ба энэ нь бага багаар даамжирсаар уг нүд маань бүрэн хараагүй болсон юм.

Надад тулгарсан энэхүү сорилт бэрхшээл намайг бусад төрлийн хараанд, тэр тусмаа өнгөрснөө өөрөөр харахад юу юунаас илүү талархах сэтгэлтэй болгосон. Өнгөрсөн амьдралаа эргэцүүлэх үедээ би томоохон өөрчлөлтүүдийг авчирсан зарим туршлагыг олж харсан юм. Тухайлбал, залуу байхдаа Англид бүрэн цагийн номлогчоор үйлчилсэн минь миний амьдралыг адисалж, сүнслэг хувь заяаг минь тодорхойлсон.

1930 оны Их хямралаас үүдэлтэй эдийн засгийн сорилтууд эцэг, эхэд минь болон гэр бүлд маань хэрхэн таагүй эргэлт авчирсан талаар би эргэцүүллээ. Аав минь тухайн хүнд хэцүү цаг үед автомашины дилерээ аварч үлдэх, бас гэр бүлээ тэжээхийн тулд маш шаргуу хөдөлмөрлөдөг байсан ба эцэг, эх хоёр маань сүмд хэсэг хугацаанд яваагүй юм.

Хэдийгээр бид гэр бүлээрээ сүмд очиж чаддаггүй байсан ч энэ нь намайг найзуудтайгаа хааяа нэг сүмд очиход саад болоогүй.

Тэр үед номлолд явах тухай бодол санаанд минь байдаг байсан ч энэ тухай би эцэг, эхтэйгээ ярьдаггүй байлаа.

Коллежид сурч байхдаа би хэдэн найзынхаа хамт номлолд үйлчлэхээр шийдэв. Би бишоптойгоо уулзаж, аав, ээж хоёрыгоо хотоос гадагш явсан байх үед номлолын өргөдлөө бөглөсөн. Тэднийг буцаж ирэхэд би Их Британид үйлчлэхээр дуудагдсан тухай мэдээгээр гайхшируулж билээ. Номлолд үйлчлэх шийдвэрийг минь баяр хөөртэйгөөр дэмжсэн эцэг, эх, уг шийдвэрийг гаргахад тусалсан сайн найзууддаа би талархаж явдаг.

Номлолын үйлчлэл намайг илүү сайн нөхөр, сайн аав болж, бизнесийн амжилтад хүрэхэд бэлтгэсэн төдийгүй Их Эзэний Сүмд насан туршдаа үйлчлэхэд минь бэлтгэсэн юм.

Би 1985 оны 4-р сарын Ерөнхий чуулганы санваарын хуралдаанд үг хэлэхээр томилогдоод байлаа. Би үгээ залуу эрэгтэйчүүдэд хандаж хэлэв. Би номлогчоор үйлчлэхэд бэлтгэх талаар ярьсан. Би “Сүмд хүлээн авсан сургалтууд дундаас арван есөн настай ахлагчийн хувиар бүрэн цагийн номлолд үйлчилж байхдаа хүлээн авсан сургалт хамгийн чухал нь байсан”1 гэж хэлж билээ.

Их Эзэн таныг мэддэг. Та номлолдоо үйлчилж байхдаа Түүнийг илүү сайн таньж мэдэхэд туслах туршлагыг хуримтлуулах болно. Та Түүнд үйлчилснээр сүнслэг байдлын хувьд өсөх болно. Та Түүний нэрээр, бусдад үйлчлэх даалгавар авч илгээгдэх болно. Тэр танд Ариун Сүнсээр өдөөгдөх туршлагуудыг өгөх болно. Их Эзэн танд Түүний нэрээр заах эрх мэдлийг өгнө. Түүнийг танд итгэж, найдаж болно гэдгийг та харуулж чадна.

Таван сар гаруй хугацааны өмнө, Британийн арлуудад бас номлолд үйлчилсэн ахлагч Жэффри Р.Холланд, ахлагч Квинтин Л.Күк хоёр надтай хамт тэр сайхан орны гишүүд, номлогчид дээр зочилсон юм. Тэнд байхдаа би залуухан номлогч байхад минь тохиолдсон туршлагуудыг эргэн дурссан. Миний номлол бол Тэнгэрлэг Эцэг, Аврагч Есүс Христ хоёр намайг мэддэг, хайрладаг гэдгийг мэдүүлсэн газар гэдгийг би гэрчилж байна.

Би Сэлвой Ж.Боиэр, Стэйнэр Ричардс гэсэн хоёр гайхамшигтай номлолын ерөнхийлөгчөөр мөн тэдний үнэнч хань болох Гладис Боиэр, Жэйн Ричардс эгч нараар адислагдсан. Эргээд бодоход, тэд надад итгэж, намайг хайрладаг байсан нь бүр ч тодорхой харагдаж байна. Тэд надад сайн мэдээг зааж, намайг илүү ихийг хийж чадна гэдэгт итгэдэг байсан. Тэд надад өсөж хөгжих, үйлчлэлийн амьдралд бэлтгэхэд туслах олон бэрх даалгавар, удирдах боломжийг өгсөн.

Мөн би хайртай эхнэр Барбара болон хүүхдүүдийнхээ хамт Канадын Торонто номлолыг тэргүүлэхээр ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллаар дуудагдаж байснаа эргэн дурслаа. Ерөнхийлөгч Кимбалл “Дэлхий хөрвөгдөх үед”2 гэсэн сүнслэг нөлөө бүхий номлолын захиасыг хуваалцсаныхаа дараахан, 1974 оны 4-р сард биднийг энэ үйлчлэлд дуудсан юм. Ерөнхийлөгч Кимбалл тэрхүү захиасандаа сайн мэдээ хэрхэн дэлхий дахинд хүрэх тухай өөрийн алсын харааг тайлбарласан байсан. Тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс олон номлогчийг дуудсан билээ. Ерөнхийлөгч Кимбалл бидэнд “хүн болгон … дэлхийн оршин суугчдад сэрэмжлүүлэх дуу хоолойгоо өргөх ёстой”3 хэмээн Их Эзэн хүлээдэг тухай сануулсан. Залуу эрэгтэйчүүдийг номлолд үйлчлэхийг нь хүлээдэг тухай хэлсэн түүний үг дэлхийн өнцөг булан бүр дэх айл өрхүүдийн ярианы сэдэв болж байлаа. Тэрхүү хүлээлт одоо ч өөрчлөгдөөгүй. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг энэ өглөө Их Эзэний энэ хүлээлтийг дахин нотолж баталсанд би талархаж байна.

Ерөнхийлөгч Томас С.Монсонг залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийн номлолын насыг бууруулснаа зарласнаас хойш бараг 10 жил өнгөрчээ.4 Энэ өөрчлөлтийн гол шалтгаан нь өсвөр үеийнхэнд тэдний амьдралыг өөрчлөх номлолын боломжийг олгох явдал байсан гэж би хувьдаа боддог.

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд би залуу эрэгтэйчүүдийг болон номлолд үйлчлэх хүсэлтэй залуу эмэгтэйчүүдийг яг одооноос номлолд үйлчлэх тухай эцэг, эхтэйгээ ярилцаж эхлэхэд уриалж байна. Мөн та нарыг найз нөхөдтэйгөө номлолд үйлчлэх талаар ярилцахыг, хэрэв тэдний зарим нь үйлчлэх эсэхдээ итгэлгүй байвал бишоптойгоо ярилцахад урамшуулахыг урьж байна.

Та нар номлолд үйлчилнэ гэдгээ мөн энэ цагаас хойш зүрх сэтгэл, гар, оюунаа цэвэр, зохистой байлгахыг хичээх болно гэдгээ өөрсдөдөө төдийгүй Тэнгэрлэг Эцэгтээ амла. Би та бүхнийг Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар баттай гэрчлэлтэй болоход урьж байна.

Эдгээр гайхалтай өсвөр үеийнхний эцэг, эхчүүд ээ, та нар уг бэлтгэл ажилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өнөөдөр хүүхдүүдтэйгээ номлолд үйлчлэх талаар ярилцаж эхлээрэй. Залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүдийг номлолд бэлтгэхэд нь гэр бүл хамгийн чухал нөлөө үзүүлдэг гэдгийг бид мэднэ.

Хэрэв та номлолын үйлчлэлийн насанд хүрсэн ч цар тахал болон бусад шалтгааны улмаас үйлчилж амжаагүй байгаа бол би таныг яг одоо үйлчлэхэд урьж байна. Бишоптойгоо ярилцаж, Их Эзэнд үйлчлэхээр бэлтгэ.

Бишопууд аа, би та бүхнийг номлолын насны бүх залуу эрэгтэй, залуу эмэгтэйчүүдэд үйлчлэхээр бэлтгэхэд нь туслахыг мөн номлолын насанд аль хэдийн хүрсэн боловч үйлчилж амжаагүй байгаа хүмүүсийг олж тогтооход уриалж байна. Залуу эрэгтэй бүрийг, түүнчлэн үйлчлэх хүсэлтэй залуу эмэгтэй бүрийг номлогч болоход урь.

Одоо үйлчилж байгаа номлогчид оо, бид та нарт талархаж байна. Та нар дэлхий даяар тархсан цар тахлын үед номлолд үйлчиллээ. Ингэснээр та нарын номлолын туршлага миний эсвэл 2020 оноос өмнө үйлчилж байсан номлогчдын туршлагаас огт өөр байлаа. Энэ нь амаргүй байсныг би мэднэ. Гэвч эдгээр хүнд хэцүү үед ч Их Эзэнд та нараар хийлгэх ажил байсан бөгөөд та нар үүнийг гайхалтай сайн гүйцэтгэлээ. Жишээлбэл: Та нар Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн талаар суралцахад бэлэн хүмүүсийг олохын тулд технологийн шинэ арга замуудыг ашигласан. Чадлынхаа хэрээр хичээнгүйлэн үйлчилсэн учраас Их Эзэн та нарын хичээл зүтгэлд тааламжтай байгааг би мэднэ. Та нарын үйлчлэл амьдралыг тань адислах болно гэдгийг би мэднэ.

Номлолоосоо чөлөөлөгдөх үедээ та Сүмдээ идэвхтэй байх үүргээс чөлөөлөгдөөгүй гэдгээ санаарай. Номлолдоо сурч мэдсэн сайн дадал хэвшлүүд дээрээ тулгуурлан, гэрчлэлээ үргэлжлүүлэн хүчирхэгжүүлж, шаргуу хөдөлмөрлөж, залбирч, Их Эзэнд дуулгавартай байгаарай. Байгуулсан гэрээнүүдээ хүндэтгэн дээдэл. Бусдыг үргэлжлүүлэн адисалж, тэдэнд үйлчил.

Би залуу эрэгтэйчүүд, залуу эмэгтэйчүүд та бүхнийг мөн та нарын эцэг, эхчүүдийг хэрхэн номлолын үйлчлэл амьдралыг тань үүрд адислахыг харж, мэдээсэй хэмээн залбирч байна. Та нар Мозаягийн агуу номлогч хөвгүүдэд Их Эзэний өгсөн урилгын хүчийг оюундаа мэдэж авч, зүрх сэтгэлдээ мэдрэх болтугай. Тэрээр “… явж, мөн миний үгийг тогтоо; хэдий тийм ч та нар зовлонгууд мөн зүдрэлүүддээ тэвчээртэй байх болно, та нар надаар дамжуулж сайн үлгэр жишээг … үзүүлж болохын тул болой, мөн олон бодгалийн авралын төлөө би та нарыг өөрийн мутар дахь зэмсэг болгох болно”5 гэж айлдсан билээ.

Бурхан Сүмийн өсвөр үеийнхнийг Их Эзэнд үйлчлэх, бэлтгэх хүсэлтэй байхаар адислах болтугай хэмээн би даруухнаар залбирч байна. Би үүнийг Их Эзэн Есүс Христийн ариун нэрээр хэлж байна.

Эх сурвалж

  1. М.Рассэлл Баллард, “Prepare to Serve,” Ensign,,1985 оны 5-р сар, 41.

  2. Спэнсэр В.Кимбалл, “When the World Will Be Converted,” Ensign, 1974 оны 10-р сар, 2–14. Энэ үгийг 1974 оны 4-р сарын 4-нд бүсийн төлөөлөгчдийн семинар дээр хэлсэн ажээ.

  3. Сургаал ба Гэрээ 63:37

  4. Томас С.Монсоны “Чуулганд тавтай морилно уу” хэлсэн үгийг 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 3–4-өөс үзнэ үү.

  5. Алма 17:11