Ерөнхий чуулган
Оршил захиас
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Оршил захиас

Бид энэхүү онцгой хуралдаанд эмэгтэйчүүдийн болон тэдний байгууллагуудын санаа зовж буй зүйлс дээр анхаарлаа хандуулснаар Бурханы охидыг хүндэлж байна.

Хүндэт эгч нар аа, би Ерөнхий чуулганы эмэгтэйчүүдийн онцгой хуралдааныг эхлүүлэхээр Тэргүүн зөвлөлийн оршил захиасыг хүргэж байгаадаа баяртай байна.

Бид бямба гаргийн хуралдаануудыг өөр зорилго, үзэгчидтэйгээр зохион байгуулсаар ирсэн. Энэ орой бид ойрын хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шинэ зорилго, аргачлалыг эхлүүлснээр дахин нэг түүхэн хуудсыг нэмж байна. Есүс Христийн сайн мэдээ өөрчлөгддөггүй. Сайн мэдээний сургаал өөрчлөгддөггүй. Бидний хувийн гэрээнүүд өөрчлөгддөггүй. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд захиасаа хүргэх хурал цуглаанууд өөрчлөгдөж ирсэн ба ирэх он жилүүдэд ч мөн адил өөрчлөгдөх болно.

Яг одоо болж буй Ерөнхий чуулганы бямба гаргийн оройн хуралдаан нь ямар нэгэн байгууллагын хуралдаан биш юм. Ерөнхий чуулганы бусад хуралдааны адил төлөвлөгөө, үг хэлэх хүмүүс болон дуу хөгжмийг Тэргүүн зөвлөл томилсон болно.

Бид Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингамыг энэхүү хуралдааныг хөтлөн явуулахыг хүссэн юм. Цаашид зохион байгуулах бямба гаргийн хуралдааныг Халамжийн нийгэмлэг, Залуу эмэгтэйчүүд, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчийн зөвлөл гэх мэт Тэргүүн зөвлөлөөс томилсон Сүмийн бусад ерөнхий албан тушаалтан хөтлөн явуулж болно.

Энэ орой Ерөнхий чуулганы бямба гаргийн оройн хуралдаан хожмын үеийн гэгээнтэн эмэгтэйчүүдийн санаа зовниж буй зүйлс дээр төвлөрөх болно. Үүнд, Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн сургаал, ялангуяа эмэгтэйчүүдтэй холбоотой Сүмийн бодлого, мөн Сүмийн эмэгтэйчүүд, охидыг багтаасан байгууллагуудын ерөнхий үүрэг хариуцлага ба ажил хамаарна. Хэдийгээр Ерөнхий чуулганы бүх хуралдааны адил энэхүү хуралдаан нь дэлхий даяарх үзэгчдэд зориулагдан цацагдаж байгаа ч Чуулганы төвд уригдсан үзэгчид нь эмэгтэйчүүд ба 12-оос дээш насны охид байх юм. Бид оролцож буй байгууллагуудыг удирддаг санваарын зарим удирдагчийг урьсан.

Шинээр эхлүүлж буй хуралдаан нь дэлхий даяарх Их Эзэний Сүмийн удирдлага, гишүүнчлэлийн үйл ажиллагааг дамжуулахад ашигладаг бидний одоогийн харилцаа холбооны эх сурвалжийг мөн адил ашиглах болно. Есүс Христийн сайн мэдээний сургаал нь хүн бүрд зориулагдсан учраас энэ нь бидний гол эрмэлзэл, зорилго юм. Бид энэхүү онцгой хуралдаанд эмэгтэйчүүдийн болон тэдний байгууллагуудын санаа зовж буй зүйлс дээр анхаарлаа хандуулснаар Бурханы охидыг хүндэлж байна.

Шууд нэвтрүүлгийн технологи нь Сүмийн удирдагчдад тухайн салбарын тодорхой үзэгчдэд хандсан нарийвчилсан сургалт явуулах боломж бололцоог олгож байгаад бид талархаж байна. Бид түүнчлэн аялан айлчлах боломжууд нэмэгдэж байгааг сайшааж байна. Энэ нь тогтмол биечлэн зохион байгуулдаг удирдлагын сургалтыг удирдан явуулахаар Сүмийн удирдагчдыг илгээх боломжийг бидэнд олгодог.

Энэ бол Их Эзэн Есүс Христийн ажил юм. Бид Түүний Сүнсээр удирдуулдаг үйлчлэгчид нь билээ. Бид эдгээр байгууллагын удирдагчид, мөн байгууллагадаа болон амьдралынхаа төлөө үйлчилдэг итгэлтэй охид, эмэгтэйчүүдийн дээр Их Эзэний адислалыг дуудаж байна. Есүс Христийн нэрээр, амен.

Хэвлэх