Ерөнхий чуулган
Бурхантай байгуулсан гэрээ биднийг хүчирхэгжүүлж, хамгаалан, мөнхийн алдар сууд бэлддэг
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Бурхантай байгуулсан гэрээ биднийг хүчирхэгжүүлж, хамгаалан, мөнхийн алдар сууд бэлддэг

Бид гэрээ байгуулж, түүнийгээ сахих юм бол энэ амьдралдаа асар их аз жаргал, ирэх амьдралдаа алдар суут мөнх амьдралаар адислагдах болно

Эгч нар аа, дэлхий даяар эгч дүүсээрээ нэгдэн цугларсанд би маш их баярлаж байна! Бурхантай гэрээ байгуулж, үүнийгээ сахидаг эмэгтэйчүүдийн хувьд бид өнөө үеийн саад бэрхшээлээ даван туулж, Есүс Христийн Хоёр дахь ирэлтэд биднийг бэлддэг сүнслэг холбоогоороо нэгдэн нийлдэг. Харин эдгээр гэрээгээ сахих нь бидэнд бусдыг Аврагч руу авчирч чаддаг нөлөө бүхий эмэгтэй байх боломжийг олгодог.

Баптисм хүртсэн хүмүүс хэзээ ч үл мартагдах тэр нэгэн өдөр Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, Түүнийг үргэлж санаж, зарлигуудыг нь сахиж, эцсээ хүртэл үйлчлэхээр гэрээлсэн. Ийн үйлдэх юм бол Тэнгэрлэг Эцэг нүглийг маань өршөөж, Ариун Сүнсний нөхөрлөлийг бидэнд өгөхөө амладаг. Эдгээр адислал бидэнд урагш алхаж, эцсээ хүртэл тэвчих юм бол Түүнтэй болон Түүний Хүүтэй селестиел хаант улсад хамт амьдрах боломжийг олгодог юм. Тэрхүү онцгой өдөр байгуулсан гэрээгээ сахих юм бол баптисм хүртсэн хүн бүрд эдгээр давуу эрхийг өгнө хэмээн амласан.

Ариун сүмд дараа дараагийн гэрээгээ байгуулах хүмүүсийн хувьд тэд хувь хүний итгэл дээр суурилсан хүчирхэг амлалтуудыг хүлээн авдаг. Бид Бурханы зарлигуудыг дагаж, Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, ёс суртахууны хувьд цэвэр байж, цаг зав, авьяас бэлгээ Их Эзэнд зориулахаа чин сэтгэлээсээ амладаг. Хариуд нь Бурхан энэ амьдралд адислалуудыг болон Түүнд эргэн очих боломжийг амладаг.1 Энэ үйл явцын үеэр, биднийг бөмбөгддөг эргэлзээ төрүүлэгч сөрөг дуу хоолойн дундаас үнэн ба худал, зөв ба бурууг ялган таних хүчийг бидэнд өгдөг буюу хишиг хүртээдэг. Ямар гайхамшигтай бэлэг вэ!

Намайг ариун сүмд анх орохоор бэлтгэх үед миний ээж Халамжийн нийгэмлэгийн туршлагатай эгч нарын хамт ёслолын гоёмсог хувцас зэрэг хэрэгтэй зүйлсээ сонгоход надад тусалж билээ. Харин хамгийн чухал бэлтгэл маань юу өмсөхөө мэдэхээс маань өмнө хийгдсэн. Зохистой эсэхийг минь тодорхойлохоор ярилцсаны дараа бишоп маань байгуулах гэж байгаа гэрээнүүдийг минь тайлбарласан юм. Түүний нягт нямбай тайлбар надад тэдгээр гэрээнд бэлтгэж, тэдгээрийн тухай бодох боломжийг олгосон.

Товлосон өдөр болоход би талархал, амар амгаланг мэдэрч байсан. Хэдийгээр би байгуулсан гэрээнүүдийнхээ ач холбогдлыг бүрэн ойлгоогүй ч тэдгээр гэрээгээр дамжуулан Бурхантай холбогдсон ба гэрээнүүдээ сахивал төсөөлж ч барамгүй адислалууд надад амлагдсан гэдгийг би баттай мэдэж байв. Тэрхүү анхны үйл явдлаас хойш Бурхантай байгуулсан гэрээгээ сахих нь бидэнд Аврагчийн хүчин дээр тулгуурлах боломжийг олгодог болохыг надад удаа дараа баталсан. Энэ нь биднийг гарцаагүй тулгарах сорилтод хүчирхэгжүүлж, дайсны нөлөөллөөс хамгаалж, мөнхийн алдар сууд бэлддэг.

Амьдралд тохиолдох үйл явдлууд инээдэмтэй, зүрх шимшрэм, хахир хатуу, гайхалтай сайхан гээд янз бүр байдаг. Үйл явдал бүр бидэнд Эцэгийнхээ цаглашгүй хайрын талаар мөн Аврагчийн ач ивээлийн бэлгээр дамжуулан өөрчлөгдөх чадавхынхаа талаар илүү сайн ойлгоход тусалдаг. Гэрээгээ сахих нь жижиг буруу шүүлт, томоохон бүтэлгүйтэл зэрэг үйл явдлуудаас суралцах явцад бидэнд Аврагчийн хүчээр цэвэршүүлэгдэх боломжийг олгодог. Хэрэв биднийг Гэтэлгэгчид хандах л юм бол Тэрээр тосож авахад бэлэн байдаг.

Зураг
Хавцлаас олсоор буух

Та өндөр хавцлын ирмэг дээр өлмийгөөрөө зогсоод, доор харагдах гүн ангал руу нуруугаа харуулан зогсож байсан уу? Та олсоор доош буухдаа, аюулгүй хүргэх бат бөх олс, тоног төхөөрөмжөөр найдвартай сайн холбогдсон байсан ч ирмэг дээр зогсох үед өөрийн эрхгүй зүрх тань дэлсэн түгшдэг. Хавцлаас хойш доош алхан, агаарт савлан уруудахад хөдөлгөөнгүй бэхлэгдсэн зангуунд найдах шаардлагатай болно. Ингэж доош буухдаа, олс чангалах хүндээ бас итгэх шаардлагатай. Хэдийгээр тоног төхөөрөмж нь зарим талаараа буултаа хянах боломжийг олгодог ч хамтрагч тань таныг унагаахгүй гэдэгт та итгэлтэй байх ёстой.

Зураг
Бэхэлгээний зангуу
Зураг
Залуу эмэгтэй хавцлаас олсоор бууж байгаа нь

Би хэсэг залуу эмэгтэйтэй хамт олсоор бууснаа маш тод санаж байна. Би бүлгийнхнээсээ хамгийн түрүүнд буусан юм. Хадан цохионоос арагшаа алхан буух үед би ямар ч хяналтгүй унаж эхлэв. Аз болоход олс татагдаж, би хурдтай унаж байснаа зогссон. Би дунд хэсэгт нь, хад чулуун дунд доош харан унжиж байхдаа, намайг хадан дээр унагахгүй тогтоож байгаа зүйл эсвэл хүний төлөө чин сэтгэлээсээ залбирч билээ.

Сүүлд нь зангуу сайн бэхлэгдээгүй байсныг мэдсэн бөгөөд хамгаалалтад байсан хүн маань намайг хавцлын ирмэгээс буунгуут хойш гэдийж олсоо татан, хаднаас хурдтай унаж байхад тогтоож авсан байлаа. Ямар нэгэн байдлаар тэр хөлөөрөө хад чулуу тулж зогсож чадсан байв. Тэр уг байрлалдаа тогтож чадсанаар, олсон дээрх гараа бага багаар тавьж, ихэд хичээн намайг буулгаж билээ. Хэдийгээр тэр надад харагдахгүй байсан ч намайг аврахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг нь би мэдэж байсан. Өөр нэг найз маань олс маань дийлэхээ боливол намайг барьж авахад бэлэн хадны доод хэсэгт зогсож байлаа. Намайг дөхөж ирэхэд, тэр хамгаалалтын бэхэлгээнээс минь барьж аван, доошлуулсаар газар буулгасан юм.

Бидний зангуу, төгс хамтрагч болох Есүс Христтэй хамт байснаар сорилт бэрхшээлтэй тулгарах үед бид Түүний хайрын хүчээр мөн эцэст нь Түүгээр дамжин чөлөөлөгдөнө гэдэгт итгэж болно. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын заасанчлан, “Бурханд болон Түүний Хүү, Их Эзэн Есүс Христэд итгэх итгэл бол … бидний амьдралд байх ёстой, нийгмийн үймээн самуун, ёс бус байдлын үед чанга зууран барих ёстой зангуу минь юм. … Бидний итгэл … Есүс Христэд мөн Түүний амьдрал, Цагаатгал, … сайн мэдээний Сэргээлтэд төвлөрсөн байх ёстой.”2

Дайсны хад асган дээр унаж эрсдэхээс биднийг хамгаалдаг сүнслэг хэрэгслүүд бол Есүс Христийн талаарх бидний гэрчлэл мөн бидний байгуулдаг гэрээнүүд билээ. Эдгээр тусламж дэмжлэг биднийг аюулгүй газар луу хөтөлж аваачна гэдэгт найдаж болно. Хэзээд туслахад бэлэн байдаг бидний хамтрагч Аврагч Өөрийнх нь мутар хүрэхгүй газарт биднийг унагахгүй. Зовлон зүдгүүр, уй гашуу тохиолдох үед ч Тэр өргөн дэмжиж, урамшуулан зоригжуулахад бэлэн байдаг. Түүний хүч ихэвчлэн бусдын сонголтоос үүдэлтэй аймшигт үр нөлөөнөөс ангижрахад бидэнд тусалдаг. Гэсэн ч бидний хүн нэг бүр хамгаалалтын бэхэлгээ зүүж, олсоо найдвартай уяж зангидсан эсэхээ шалгах ёстой. Бид Аврагч дээр зангуугаа тавьж, гэрээгээрээ Түүнтэй холбогдохыг сонгох ёстой.3

Бид зангуугаа хэрхэн бат бэх болгох вэ? Бид даруу зүрх сэтгэлээр залбиран, судруудыг судалж, тунгаан бодож; наманчлал, хүндэтгэлийн сүнсээр ариун ёслолоос хүртэж, зарлигуудыг сахихыг хичээж, бошиглогчийн зөвлөгөөг дагадаг. Мөн бид өдөр тутмын ажил үүргээ “илүү дээд түвшний, илүү ариун”4 арга замаар биелүүлснээр Аврагчтай илүү холбогдохын зэрэгцээ Түүнд ирэхэд нь бусад хүнд тусалдаг.

Тэрхүү “илүү дээд түвшний, илүү ариун” арга зам яг ямар байдаг вэ? Бид бусадтай харилцахдаа бүх талаараа сайн мэдээний дагуу амьдрахыг хичээдэг. Бид тусламж хэрэгтэй хүмүүст чин сэтгэлээсээ тохинуулж, энгийн үйлчлэлээр дамжуулан хайраа илэрхийлдэг. Бид амар амгалан, хүч чадал хэрэгтэй байгаа ч “хаанаас олохоо мэддэггүй”5 хүмүүстэй сайн мэдээний ашиг тусыг хуваалцдаг. Бид гэр бүлүүдийг хөшигний хоёр талд үүрд холбохын төлөө ажилладаг. Түүнчлэн Их Эзэний өргөөнд гэрээ байгуулсан хүмүүсийн хувьд ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны тайлбарласнаар “Насанд хүрсэн ариун сүмийн үйлчлүүлэгч бүр бидэнд … өдөр бүр гэрээний замаар илүү дээд түвшний, илүү ариун арга замаар алхахыг сануулдаг санваарын ариун нандин хувцсыг өмсөнө.” Эдгээр үйлдэл нь зүгээр л хааяа нэг хийдэг зүйл биш бөгөөд бидний өдөр тутмын аз жаргал, мөнхийн баяр баясгаланд амин чухал юм.

Бидний мөнхийн өсөлт хөгжилд Бурхантай байгуулсан гэрээгээ сахихаас өөр чухал зүйл гэж үгүй. Ариун сүмийн гэрээ маань хүчинтэй байгаа цагт хөшигний нөгөө талд байгаа хайртай хүмүүстэйгээ баяр хөөртэй нэгдэнэ гэдэгтээ итгэлтэй байж болно. Мөнх бус амьдралыг орхин одсон үр хүүхэд, эцэг эх, эхнэр нөхөр тань та нарыг хооронд нь холбодог гэрээнд үнэнч байгаасай хэмээн чин сэтгэлээсээ итгэн найдаж байгаа. Хэрэв би Бурхантай байгуулсан гэрээгээ үл тоомсорлон, үүнд хөнгөн хуумгай хандвал энэ нь тэрхүү мөнхийн холбоогоо аюулд оруулж буй хэрэг. Одоо бол наманчилж, засаж залруулан, дахин оролдоод үзэх цаг юм.

Мөнхийн баяр баясгаланг түр зуурын тав тухаар солих юм бол бүрэн дүүрэн аз жаргалтай байхгүй. Хэдэн настай байхаас үл хамааран, энэ нь туйлын үнэн юм. Үүрд үргэлжлэх аз жаргал бол Есүс Христийн сайн мэдээний дагуу амьдарч, гэрээгээ сахих явдал билээ. Бидний бошиглогч, ерөнхийлөгч Нэлсон “бидний эцсийн аюулгүй байдал, цорын ганц үргэлжлэх аз жаргал нь гэрээ, ёслолуудыг бүрэн дагаж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний төмөр бариулаас зууран барихад оршдог. Биднийг ийн үйлдэхэд Бурханы хүч бидэнтэй хамт байж, ширүүн давлагааг ажрахгүй даван гарч чаднa” хэмээн бататгасан.

Бидний олонх маань ширүүн давлагаатай тулгардаг. Дайсны давлагаанд шидэгдэж, заримдаа тэрхүү хүнд хэцүү үед урсах нулимс нүдийг маань харалган болгоход, бид амьдралынхаа завийг аль чиглэлд сэлүүрдэхээ мэддэггүй. Бүр эрэгт хүрч очиход чадал хүрэхгүй гэж бодож ч болох юм. Өөрийнхөө хэн болохыг буюу Бурханы хайртай хүүхэд гэдгээ, яагаад энэ дэлхийд байгаагаа мөн Бурхантай болон хайртай хүмүүстэйгээ амьдрах зорилгоо санах нь танд хараа оруулж, зөв чиглэлийг зааж өгөх болно. Ширүүн шуурганаар ч зам заах тод гэрэл байдаг. “Би бол харанхуйд гялалзагч гэрэл” хэмээн Есүс тунхаглажээ.8 Түүний гэрлийг харж, гэрээндээ үнэнч байснаар аюулгүй байна гэдэгт бид итгэж болно.

Янз бүрийн нөхцөл байдалд амьдарч байгаа ч гэрээгээ сахидаг бүх насны эмэгтэйтэй уулзах нь миний хувьд том аз завшаан юм. Тэд өдөр бүр нэр хүндтэй хэвлэл мэдээллийн хэрэгслээс биш харин Их Эзэнээс болон Түүний бошиглогчоос удирдамж заавар авахыг эрэлхийлдэг. Тэд мөн хувийн сорилт бэрхшээлийг туулах, гэрээгээ сахих хэрэггүй хэмээн ятгахыг оролддог дэлхийн хор хөнөөлтэй үзэл санааг үл харгалзан гэрээний зам дээр үлдэхээр шийдсэн. Тэд “Эцэгт байгаа бүхний”9 тухай амлалтад найддаг. Мөн та хэдэн настай ч байсан гэлээ Бурхантай гэрээ байгуулсан эмэгтэй хүн бүр Их Эзэний гэрлийг дээш өргөж, бусдыг Түүн рүү хөтлөх чадвартай.10 Гэрээнүүдээ сахих юм бол Тэрээр та нарыг санваарын хүчээр адисалж, уулзсан бүх хүндээ гүн гүнзгий нөлөөлөх боломжийг олгоно. Ерөнхийлөгч Нэлсоны тунхагласнаар, та нар бол зөгнөн хэлсэн олон бошиглолыг гүйцэлдүүлэх эмэгтэйчүүд билээ!11

Хайрт эгч нар аа, юуны түрүүнд Есүс Христ рүү хөтлөх гэрээний зам дээрээ байгаарай! Бид ариун сүмүүд дэлхийгээр тархсан энэ үед ирэхээр адислагдсан. Зохистой гишүүн бүр ариун сүмийн гэрээнүүдийг байгуулж, сахих боломжтой. Залуучууд аа, та нар тэдгээр ариун нандин гэрээнүүдийг байгуулахдаа гэрлэлт эсвэл номлол хүртэл хүлээх хэрэггүй. Залуу эмэгтэй та ариун сүмийн гэрээнүүдийг хүлээн авч, эрхэмлэн дээдлэхэд бэлэн гэдгээ мэдэрсэн бол 18 нас хүрснийхээ дараахан ариун сүмийн гэрээний хамгаалалт, хүчийг хүлээн авахаар бэлтгэж болно.12 Ариун сүмийн адислалуудыг аль хэдийн хүлээн авсан та нар муу муухайгаар дуудагчдад болон анхаарал сатааруулах зүйлсэд мөнхийн үнэнээс холдуулах боломжийг бүү олго. Байгуулсан гэрээнүүдийнхээ ариун нандин ач холбогдлын талаар илүү гүн гүнзгий ойлголт олж авахын тулд итгэмжлэгдсэн эх сурвалжуудыг судалж, асууж лавла. Боломжийнхоо хэрээр ариун сүмд очиж, Сүнсийг сонс. Та Их Эзэний замаар явж байна гэсэн тайтгарлыг олох болно. Та цааш үргэлжлүүлэн явж, бусдыг дагуулан авчрах зоригийг хүлээн авах болно.

Бид Тэнгэрлэг Эцэгтэй гэрээ байгуулж, түүнийгээ сахихдаа Аврагчийн хүчинд тулгуурлах юм бол энэ амьдралдаа төсөөлж ч байгаагүй асар их аз жаргал, ирэх амьдралдаа алдар суут мөнх амьдралаар адислагдах болно гэдгийг би гэрчилж байна.13 Есүс Христийн нэрээр, амен.