Ерөнхий чуулган
Есүс Христийг дагах: Амар тайвныг тогтоогч байх нь
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Есүс Христийг дагах: Амар тайвныг тогтоогч байх нь

Амар тайвныг тогтоогчид бол үлбэгэр хүмүүс биш, Аврагчийн арга замаар бусдыг ятгагчид.

Хайрт ах, эгч нар аа, үймээн самуун, зөрчилдөөнтэй энэ үед мөн олон хүнд гүн зовлон шаналал тохиож буй энэ өдрүүдэд бидний зүрх сэтгэл Аврагчдаа болон Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний мөнхийн адислалуудад талархах талархлаар дүүрэн байна. Бид Түүнийг хайрлаж, Түүнд найддаг бөгөөд Түүнийг үүрд дагана хэмээн залбирдаг.

Сошиал медиатай холбоотой сорилт

Интернэтийн хүчтэй нөлөө бол адислал, сорилтын аль алиныг авчирдаг бидний цаг үе дэх өвөрмөц зүйл билээ.

Сошиал медиа, мэдээ мэдээллийн өргөн урсгал бүхий энэ дэлхийд нэг хүний дуу хоолой хязгааргүй үржигдэн түгэх боломжтой. Тэр дуу хоолой үнэн эсвэл худал, шулуун шударга эсвэл хор хөнөөлтэй, эелдэг эсвэл балмад байсан ч гэсэн дэлхий даяар хоромхон зуурт тархдаг.

Сайхан сэтгэлийн болон сайн сайхан нийтлэлүүд сошиал медиад үл анзаарагдан өнгөрч байхад улс төр, хүмүүс, цар тахлын талаарх уур уцаар бүхий үгс бидний чихэн дээр ойр ойрхон нүргэлж байна. Ямар ч хүн, ямар ч сэдэв, тэр дундаа Аврагч Өөрөө мөн Түүний сэргээгдсэн сайн мэдээ сошиалын туйлширсан дуу хоолойноос гадуур өнгөрч чадахгүй

Амар тайвныг тогтоогч болох

Уулан дээрх номлол бүх хүнд зориулагдсан хэдий ч Түүнийг дагахыг сонгосон Аврагчийн шавь нарт онцгойлон зориулагдсан юм.

Тэр цаг үед ч мөн одоо ч сөргөлдөөн бүхий дэлхийд хэрхэн амьдрахыг Их Эзэн заасан. “Амар тайвныг тогтоогсод ерөөлтэй еэ! Тэд Бурханы хөвгүүд гэж нэрлэгдэх болно”1 хэмээн Тэр тунхагласан.

Есүс Христэд итгэх итгэлийн бамбайгаар бид дайсны бүх галт сумны галыг унтраах буюу намжааж, амар тайвныг тогтоогчид болдог.2

Бид өөрсдийн үүргийг биелүүлбэл, “Бурханы хүүхдүүд” гэж нэрлэгдэх болно хэмээн Тэр амласан. Дэлхий дээрх хүн бүр Бурханы “үр удам”3 боловч “Бурханы хүүхдүүд” гэж дуудагдах нь үүнээс хавьгүй илүү ойлголт юм. Бид Есүс Христэд ирж, Түүнтэй гэрээ байгуулснаар “түүний үр удам” ба “хаант улсыг өвлөгчид,”4 “Христийн хүүхдүүд, түүний хөвгүүд, мөн түүний охид”5 болдог.

Амар тайвныг тогтоогч галт сумны галыг хэрхэн намжааж унтраадаг вэ? Ямар ч л байсан биднийг дорд үзэх нэгний өмнө айн мэгдэж л лав биш. Харин бид итгэлдээ бат зогсож, итгэдэг зүйлсээ үнэмшилтэйгээр хуваалцахдаа ямагт уур уцаар, хорсолгүй байх юм.6

Саяхан Сүмийг хүчтэй шүүмжилсэн нийтлэл тавигдсаны дараа үндэсний хүний эрхийн удирдагч, Сан Франциско хотын Гуравдугаар Баптист Сүмийн пастор, санваартан Амос С.Браун үүнд ийн хариулжээ.

“Би энэ үгсийг бичсэн хүний туршлага, харах өнцгийг хүндэтгэж байна. Түүний харж байгаа зүйлийг би олж харж чадахгүй нь ойлгомжтой.

Би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон тэргүүтэй эдгээр [Сүмийн] удирдагчтай танилцсанаа амьдралынхаа хамгийн баярт мөчүүдэд тооцдог. Миний бодлоор, тэд бол энэ улсад байгаа хамгийн шилдэг удирдагчдын төлөөлөл юм.”

Зураг
Ерөнхийлөгч Нэлсон санваартан Брауны хамт

Тэрээр цааш нь “Бид юмс ямар байсан талаар гомдоллож болно. Бид одоо болж байгаа сайн зүйлсийг хүлээн зөвшөөрөхгүй байж болно. … Гэвч ийм байдал манай улсын хуваагдмал байдлыг эвлэрүүлэхгүй. … Есүсийн зааснаар бид хилэнцийг хилэнцээр устгадаггүй. Бид дайсан гэж боддог хүмүүсээ хүртэл өгөөмрөөр хайрлаж, нигүүлсэнгүй амьдардаг”7 гэж нэмж хэлсэн байдаг.

Санваартан Браун бол амар тайвныг тогтоогч. Тэрээр галт сумны галыг тайван байдлаар, хүндэтгэл үзүүлэн бөхөөсөн. Амар тайвныг тогтоогчид бол үлбэгэр хүмүүс биш, тэд Аврагчийн арга замаар бусдыг ятгагчид.8

Бидний хайрладаг үнэн рүү чиглэсэн галт сумны галыг бөхөөж, тайвшруулж, унтраах дотоод хүч чадлыг юу бидэнд өгдөг вэ? Энэ хүч Есүс Христэд болон Түүний үгэнд итгэх итгэлээр ирдэг.

“Надаас болж та нарыг хүмүүс доромжилж, …, та нарын эсрэг зүсэн бүрийн ёрын юм худлаар ярихад, та нар ерөөлтэй еэ!

Тэнгэр дэх шагнал чинь агуу …. Учир нь та нараас өмнө байсан эш үзүүлэгчдийг тэд ийнхүү хавчсан юм.”9

Сонгох эрхийн ач холбогдол

Амар тайвныг тогтоогч байх хүслийг маань хоёр чухал зарчим хөтөлдөг.

Нэгдүгээрт, бидний Тэнгэрлэг Эцэг бүх хүнд ёс суртахууны сонгох эрхийг өгч, өөрсдийн замыг сонгох чадварыг олгосон.10 Энэхүү сонгох эрх бол Бурханы хамгийн агуу бэлгүүдийн нэг.

Хоёрдугаарт, энэхүү эрхтэй хамт бидний Тэнгэрлэг Эцэг “бүх зүйлд сөрөг тал байх”11-ыг боломжтой болгосон. “Сайн сайхны үнэ цэнийг мэдэж болохын тулд [бид] гашууныг амс[даг].”12 Сөрөг тал байхад бид гайхах хэрэггүй байх. Бид сайныг хилэнцээс ялгаж сурдаг.

Бидний итгэдэг зүйлсэд итгэхгүй олон хүн байх болно гэдгийг ойлгож, сонгох эрхийн адислалд бид баясдаг. Үнэндээ, хожмын өдрүүдэд цөөхөн хүн бүхий л бодол, үйлсийнхээ төвд Есүс Христэд итгэх итгэлээ тавина.13

Сошиал медиа сувгуудаас болж итгэлгүй нэг дуу хоолой олон сөрөг дуу хоолой болж харагдаж болох ч14 ийм олон дуу хоолойтой зэрэгцэн бид амар тайвныг тогтоогч байх замыг сонгодог.

Их Эзэний удирдагчид

Зарим хүн Тэргүүн зөвлөл, Арван хоёр төлөөлөгчийн чуулгыг улс төр, бизнес, соёлын удирдагчид шиг дэлхийн зүйлсэд ашиг сонирхолтой гэж хардаг.

Гэвч бид үүрэг хариуцлагадаа огт өөрөөр ханддаг. Биднийг хүсэлт гаргагчид дундаас сонгоогүй. Ямар нэг мэргэжлийн тусгай бэлтгэлгүйгээр бид дэлхий даяар Есүс Христийн нэрийг сүүлчийн амьсгалаа хураатал гэрчлэхээр дуудагдаж томилогдсон. Бид өвдсөн, ганцаардсан, шантарсныг мөн ядуу хүмүүсийг адисалж, Бурханы хаант улсыг хүчирхэгжүүлэхийн төлөө хөдөлмөрлөдөг. Бид Их Эзэний хүслийг мэдэж авч, хүмүүст, тэр тусмаа мөнх амьдралыг эрэлхийлж буй хүмүүст тунхаглахыг эрэлхийлдэг.15

Аврагчийн заасан зүйлсийг бүх хүн хүндэтгээсэй хэмээн бид даруухнаар хүсдэг ч Их Эзэний бошиглогчдоороо дамжуулан хэлсэн үгс ихэвчлэн дэлхийн үзэл санаа, бодлоос зөрдөг. Үргэлж ийм байсаар ирсэн.16

Аврагч төлөөлөгчдөдөө хандан:

“Хэрэв ертөнц та нарыг үзэн ядвал та нараас өмнө Намайг үзэн ядсаныг нь мэдэгтүн. …

… энэ бүгдийг үйлдэх болно. Учир нь тэд Намайг илгээсэн Нэгэнийг мэдэхгүй юм17 хэмээжээ.

Бүгдийг халамжлах

Бидэнтэй адил итгэдэг эсэхээс үл хамааран бид бүх хөршөө сэтгэлээсээ хайрлаж, санаа тавьдаг. Есүс сайхан сэтгэлт самари хүний сургаалт үлгэрээр, ялгаатай итгэл үнэмшилтэй хүмүүс хэрэгцээтэй хүмүүст гараа сунгаж, амар тайвныг тогтоогч байж, сайн сайшаалтай үйлсийг үйлдэх хэрэгтэй гэж заасан.

2-р сард Arizona Republic хэмээх сонины нэг гарчигт “Хожмын үеийн гэгээнтнүүдийн дэмжсэн, нэгдмэл байр суурьтай хуулийн төсөл нь Аризонагийн ижил хүйстнүүдийг болон хүйсээ солиулсан хүмүүсийг хамгаалах төсөл боллоо”18 гэсэн байв.

Хожмын үеийн гэгээнтнүүдийн хувьд бид “шашин, бизнес, ЛГБТК хүмүүс, орон нутгийн удирдагчдын бие биедээ итгэх итгэл, хүндлэл дээр суурилсан холбооны нэг хэсэг болж байгаадаа баяртай байна.”19

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон нэг удаа “Хилийн зурвас галын шугам бололгүйгээр оршин тогтнох боломжгүй гэж үү?”20 хэмээн бодлогошронгуй асуусан байдаг.

Бид “Христийн амгалан дөлгөөн дагалдагчид”21 болохыг хичээдэг.

Чимээгүй байх үе

Аврагч руу чиглэсэн зарим дайралт маш хорон ёжтой байсан тул Тэр юу ч хэлээгүй. “Ахлах тахилч нар, хуулийн багш нар Түүнийг хатуу ширүүнээр буруутгаж … дооглон тохуурха[в].” Гэвч Есүс “[тэдэнд] юу ч хариулсангүй.”22 Амар тайвныг тогтоогчийн хувьд хариу барихаа тэвчиж, хүндэтгэлтэйгээр чимээгүй байх үе байдаг.23

Нэгэн цагт бидэнтэй хамт зогсож, ариун ёслолоос хамт хүртэн, Есүс Христийн тэнгэрлэг зорилгын талаар гэрчилж байсан хүмүүс Аврагч, Түүний дагалдагчдыг болон Сүмийг муулж, гадуурхан ярьж, бичихийг харах нь бид бүхний зүрх сэтгэлийг шархлуулдаг.24

Энэ нь Аврагчийн тохинууллын үед ч бас тохиож байсан.

Есүсийг хамгийн агуу гайхамшгуудаа үйлдэх үед дэргэд нь байсан зарим дагалдагч “цаашид Түүнтэй хамт явсангүй.”25 Бүгд Аврагчийг хайрлан тушаалуудыг нь дагахдаа хөдөлшгүй бат зогсдоггүй нь сэтгэл өвтгөмөөр.26

Есүс уур уцаар, сөргөлдөөний тойргоос гарахыг бидэнд заасан. Нэг жишээ хэлбэл, фарисайчууд Есүсийн эсрэг турхиран, Түүнийг хэрхэн хөнөөх талаар хэлэлцэж байхад Есүс тэднээс холдов.27 “Түүнийг үй олноороо дагаж байлаа. Тэр тэднийг бүгдийг нь эдгээ[в]”28 гэж сударт бичсэн байдаг.

Бусдын амьдралыг адислах

Бид ч бас өөрсдийгөө нэг буландаа тусгаарлалгүйгээр сөргөлдөөнөөс холдож, бусдын амьдралыг адисалж29 чадна.

Ардчилсан Бүгд Найрамдах Конго улсын Мбужи-Маеид эхэндээ зарим хүн бидний итгэлийг ойлгодоггүй, гишүүдийг мэддэггүйн улмаас Сүмийг шүүмжилж байв.

Кати бид хоёр нэг удаа Мбужи-Маеид Сүмийн маш онцгой нэг цугларалтад оролцсон юм. Хүүхдүүд маш цэвэрхэн хувцасласан, нүд нь гэрэлтэж, нүүр нь инээмсэглэлээр дүүрсэн байлаа. Би тэдэнд боловсролын талаар ярьж өгье гэж бодож байсан ч тэдний олонх нь сургуульд явдаггүйг мэдсэн юм. Манай удирдагчид хүмүүнлэгийн тусламжийн маш бага мөнгөөр тэдэнд туслах арга замыг олсон юм.30 Одоо Сүмийн гишүүд болон өөр итгэлтэй хүмүүсээс бүрдсэн 400 гаруй охид, хөвгүүдийг Есүс Христийн Сүмийн гишүүн 16 багш хүлээн авч, тэдэнд зааж байна.

Зураг
Каланга Муяа

14 настай Каланга Муяа “Мөнгө байхгүй учраас би сургуульд суралгүй 4 жил болсон. Сүмийн хийсэн зүйлд би маш их талархаж байна. … Би одоо францаар уншиж, бичиж, ярьж чаддаг болсон”31 гэлээ. Энэхүү төслийн талаар Мбужи-Маеи хотын захирагч “Би Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмээр бахархаж байна. Учир нь бусад сүмийнхэн өөр өөрийнхөө буланд зааглагдан шигдэж байхад та нар бусадтай хамтарч ажиллаж байсан”32 гэж хэлж байсан.

Бие биеэ хайрла

Би Иоханы 13-р бүлгийг унших бүрдээ Аврагчийн амар тайвныг тогтоох төгс жишээг санадаг. Есүс төлөөлөгчдөө хайрлаж хөлийг нь угаасан. Түүний хайрласан нэгэн Өөрөөс нь урвахаар бэлдэж байгаа тухай бодоод, “сүнсэндээ шаналж”33 байсан гэж бид уншдаг. Иудасыг явсны дараа Аврагчид ямар бодол, мэдрэмж төрж байсныг би төсөөлөх гэж оролдлоо. Хачирхалтай нь, Есүс шаналж байсан энэ үедээ “шаналж” байсан мэдрэмжийнхээ тухай эсвэл урвалтын талаар дахиж яриагүй. Харин Тэр төлөөлөгчдөдөө хайрын талаар ярьсан нь хэдэн зуун дамжин иржээ.

“Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаалыг … өгч байна.

Бие биендээ хайртай байваас та нарыг Миний шавь гэдгийг үүгээр чинь бүгд мэдэх болно.”34

Бид Түүнийг мөн бие биеэ хайрлах болтугай. Бид амар тайвныг тогтоогчид байж, “Бурханы хүүхдүүд” гэж дуудагдах болтугай хэмээн би Есүс Христийн нэрээр залбирч байна, амен.

Эх сурвалж

  1. Maтай 5:9

  2. Ефес 6:16; Сургаал ба Гэрээ 3:8-ыг үзнэ үү.

  3. Үйлс 17:28

  4. Мозая 15:11

  5. Мозая 5:7

  6. Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс “Христийн дагалдагчид зөв боловсон байдлын үлгэр жишээг үзүүлдэг байх ёстой. Бид бүх хүнийг хайрлан, сайн сонсогч байж, чин сэтгэлээсээ шүтэж байгаа сүсэг бишрэлийг нь үнэн сэтгэлээсээ сонирхож байгаагаа харуулах ёстой. Бид санал нийлэхгүй байж болох ч адайр зөрүүд байж болохгүй юм. Аливаа зөрчилдөөнтэй сэдвүүдийн талаарх бидний байр суурь, үг хэл хэрүүл маргаан үүсгэхээр байж болохгүй” гэж хэлжээ (“Бусдыг хайрлаж, өөр үзэл бодол бүхий хүмүүстэй зэрэгцэн амьдрах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 27).

  7. “Amos C. Brown: Follow the LDS Church’s Example to Heal Divisions and Move Forward,” Salt Lake Tribune, Jan. 20, 2022, sltrib.com.

  8. Ахлагч Дэйл Г.Рэнланд “Христийн хайр бидний амьдралыг дүүргэх үед бид зөрчилдөөнд номхон даруу байдал, тэсвэр тэвчээр, сайхан сэтгэлээр ханддаг” хэмээн хэлсэн (“Христийн амар тайван дайсагналыг хөнөөдөг,” 2021 оны 11-р сар, Лиахона, 83).

  9. Матай 5:11–12

  10. 2 Нифай 10:23-ыг үзнэ үү.

  11. 2 Нифай 2:11

  12. Moсе 6:55

  13. 1 Нифай 14:12-ыг үзнэ үү.

  14. Саяхан гарсан мэдээллээр, 5 хүний 3 нь доторх мэдээг нь уншилгүйгээр гарчгийг нь шууд хуваалцдаг ажээ (Caitlin Dewey, “6 in 10 of You Will Share This Link without Reading It, a New, Depressing Study Says,” Washington Post, June 16, 2015, washingtonpost.com; Maksym Gabielkov and others, “Social Clicks: What and Who Gets Read on Twitter?” [paper presented at the 2016 ACM Sigmetrics International Conference on Measurement and Modeling of Computer Science, June 14, 2016], dl.acm.org-ийг үзнэ үү).

  15. Заримдаа та нарын үзэл бодол Их Эзэний бошиглогчийн сургаалтай эхэндээ бүрэн дүүрэн нийцэхгүй байвал битгий гайх. Энэ нь суралцах, даруусах, өвдөг сөхрөн залбирах мөч юм. Цаг хугацаа өнгөрөхөд бид Тэнгэрлэг Эцэгээсээ сүнслэг байдлын тодорхой байдлыг илүү их хүлээн авах болно гэдгээ мэдэж, Бурханд итгэж, итгэлээр урагш алхдаг.

  16. Сургаал ба Гэрээ 1:14–16-г үзнэ үү.

  17. Иохан 15:18, 21; тодотгол нэмсэн.

  18. “Bipartisan Bill Supported by Latter-day Saints Would Protect Gay and Transgender Arizonans,” Arizona Republic, Feb. 7, 2022, azcentral.com

  19. Why the Church of Jesus Christ Supports a New Bipartisan Religious Freedom and Non-discrimination Bill in Arizona,” Feb. 7, 2022, newsroom.ChurchofJesusChrist.org.

  20. Рассэлл М.Нэлсон, “Teach Us Tolerance and Love,” Ensign, May 1994, 69.

  21. Moронай 7:3 Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли “Бид хүлцэнгүй байгаад зогсохгүй, бидэнтэй үзэл санаа нийлдэггүй хүмүүст талархлаа илэрхийлж сурах хэрэгтэй. Бид өөрсдийн шашны сургаал, итгэл үнэмшил, Тэнгэр дэх Бурханы бидэнд илэрхийлсэн мөнхийн үнэний мэдлэгээсээ ер ухрах шаардлагагүй. Бид үнэний гэрчлэлээ бусдыг эгдүүцүүлж дайралгүйгээр, чин сэтгэлээсээ намуухнаар, үнэн шударгаар илэрхийлж чадна. … Бидний адил өөрсдийн итгэл үнэмшилд үнэнч байгаа хүмүүсийг бид хүндэлж, тэдэнд талархаж сурах хэрэгтэй” гэж хэлсэн (“Out of Your Experience Here” [Brigham Young University devotional, Oct. 16, 1990], 6, speeches.byu.edu).

  22. Лук 23:9–11-ийг үзнэ үү.

  23. Ахлагч Дийтр Ф.Угдорф “Есүс Христийн дагалдагчдын хувьд бид Түүний жишээг дагадаг. Бид бусдыг шившиг болгодоггүй, мөн дайрч давшилдаггүй. Бид Бурханыг хайрлаж, хөршүүддээ үйлчлэхийг хичээдэг. Бид Бурханы зарлигуудыг баяртайгаар дагаж, сайн мэдээний зарчмуудаар амьдрахыг хичээдэг” гэж хэлсэн (“Five Messages That All of God’s Children Need to Hear” [Brigham Young University Education Week devotional, Aug. 17, 2021], 5, speeches.byu.edu).

  24. Ахлагч Нийл А.Максвэлл “Сүмийн гишүүд буудай, зэрлэг холилдсон нөхцөл байдалд Мянган жил хүртэл амьдарна. Зарим нэг зэрлэг өөрсдийгөө буудай мэт харагдуулж, өөрсдөө итгэхээ байсан Сүмийн сургаалыг бидэнд номлодог. Тэд өөрсдөө хандивладаггүй атлаа Сүмийн эд хөрөнгийг буруу зарцуулж байна гэж шүүмжилдэг. Тэд ах нарыг дэмждэггүй хэрнээ тэдэнд дээрээс нь зөвлөх гэж оролддог. Тэд өөрсдөө хэл ам хийж Сүмийг орхидог боловч Сүмийг зүгээр орхиж чаддаггүй” гэж хэлсэн (“Becometh As a Child,” Ensign, May 1996, 68).

  25. Иохан 6:66

  26. “Нүглийн зугаа цаг зуурын юм” (Еврей 11:24–26).

  27. Матай 12:1–15-ыг үзнэ үү.

  28. Матай 12:15

  29. 3 Нифай 11:29–30-ийг үзнэ үү.

  30. Дон Боско Сангийн тусламжтайгаар энэхүү сургуулийн хөтөлбөр нь шаардлагатай багш нар, заах материалаар хангагдсан.

  31. “Энэ хөтөлбөр миний охинд унших, бичих, сайхан ирээдүйг мөрөөдөх боломж олгосон болохоор би үүнд их баярладаг. Би зах дээр эрдэнэ шишийн гурил зарж, зөвхөн идэх хоолоо л олох боломжтой байдаг болохоор түүнийг сургуульд явуулах боломжгүй байсан. Сүмийн хийж байгаа ажилд би маш их талархдаг” гэж эцэг эхчүүдийн нэг Мулека хэлсэн. Багш нарын нэг Моник “Энэ хөтөлбөр хүүхдүүдийг маш их адисалдаг. Миний ангийн ихэнх хүүхэд өнчин. Тэд хичээлдээ тогтмол явдаг, даалгавраа хийхдээ ч их дуртай байдаг” гэжээ (хэлсэн үгс болон гэрэл зургийг ахлагч Иосэф В.Ситатигаас авав, 2022 оны 2-р сарын 24).

  32. Mayor Louis d’Or Ntumba Tshiapota, remarks in a public meeting concerning the Mbuji-Mayi literacy project initiated by The Church of Jesus Christ of Latter-day Saints, Oct. 10, 2021.

  33. Иохан 13:21

  34. Иохан 13:34–35