Ерөнхий чуулган
Итгэлийн шат
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Итгэлийн шат

Итгэлгүй байдал нь бидний гайхамшгийг харах чадварыг хаадаг бол Аврагчид итгэх итгэлээс үүссэн хандлага нь тэнгэрийн хүчийг нээж өгдөг.

Амьдралын сорилт бэрхшээл Есүс Христэд итгэх бидний итгэлд хэрхэн нөлөөлөх вэ? Мөн бидний итгэл энэ амьдралдаа мэдрэх баяр баясгалан, амар амгаланд ямар нөлөө үзүүлэх вэ?

Тэр жил 1977 он байв. Утас дуугарч, хэлсэн мэдээ зүрхийг маань тастаад хаячих шиг болов. Каролин, Даг Тэббс хоёр бакалаврын дараах зэргээ хамгаалаад, шинэ гэр лүүгээ нүүж байлаа. Ахлагчийн чуулгынхан нүүлгэлтийн бүхээгтэй машинд ачаа ачилцахаар ирсэн байсан юм. Даг машинаа ухраахаасаа өмнө зам чөлөөтэй эсэхийг шалган, дахин сайн нягтлан харав. Түүний бяцхан охин Жэнни буруу цаг мөчид машины ард гэнэт гарч ирсэн нь түүнд харагдсангүй. Хоромхон зуурт тэдний хайртай охин Жэнни энэ амьдралаас явсан юм.

Дараа нь юу болсон бол? Тэдний гүн гүнзгий шаналал, гэнэтийн хагацлаас үүдсэн уй гашуу нь Каролин, Даг хоёрын хооронд эвлэршгүй ангал үүсгэсэн үү эсвэл энэ нь тэдний зүрх сэтгэлийг холбож, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлийг нь батжуулсан уу?

Зовлон бэрхшээлийн зам нь урт, зүдгүүртэй байсан ч итгэлээ алдахгүйгээр “зам дээрээ зогсох”1 сүнслэг нөөц хаанаас ч юм иржээ. Юутай ч энэ гайхалтай хос Христтэй улам бүр адил болсон. Илүү үнэнч. Илүү өршөөнгүй. Бурхан Өөрийн цаг хугацаанд, тэдний тусын тулд зовлон зүдгүүрийг нь ариулан адисална гэдэгт тэд итгэсэн.2

Хэдий шаналал, гарз хохирол бүрэн арилж, холдон одоогүй ч Каролин, Даг хоёр гэрээний зам дээрээ тууштай зогссоноор хайрт Жэннигээ үүрд мөнхөд тэднийх байх болно гэсэн баталгааг авч тайтгарчээ.3

Тэдний үлгэр жишээ Их Эзэний төлөвлөгөөнд итгэх итгэлийг минь хүчирхэгжүүлсэн. Бид бүх зүйлийг хардаггүй. Харин Тэр хардаг. Иосеф Смитийг Либерти шоронд байхад Их Эзэн “Эдгээр бүх зүйлс чамд туршлага суулгах болно мөн чиний сайн сайхны төлөө байх болно. Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?”4 хэмээн хэлжээ.

Биднийг Их Эзэний хүсэл тааллыг хүлээн авах үед Тэр хэрхэн Өөртэй нь хамт алхахыг бидэнд заадаг.5 Тахитид залуу номлогчоор үйлчилж байхад минь нэгэн өвчтэй нярайд адислал өгөхийг надаас хүссэн юм. Бид түүний толгой дээр гараа тавин, түүнд биеийг нь сайжруулах адислал өгөв. Түүний бие сайжирч эхэлсэн боловч дахиад өвдсөн. Бид түүнд хоёр дахь удаагаа адислал өгсөн ч үр дүн нь адил байлаа. Гурав дахь удаа адислал өгөх хүсэлт ирэв. Бид Их Эзэнээс Өөрийнхөө тааллаар үйлдэхийг гуйлаа. Тун удалгүй тэрхүү бяцхан сүнс тэнгэр дэх гэртээ буцсан юм.

Бид тайван амгалан байлаа. Бид тэр нялх хүүг амьдраасай гэж хүссэн ч Их Эзэнд өөр төлөвлөгөө байсан. Өөрсдийнхөө хүслийн оронд Түүний хүслийг хүлээн зөвшөөрөх нь бидний нөхцөл байдлаас үл хамааран баяр баясгаланг олох түлхүүр болдог.

Биднийг Есүс Христийн талаар мэдэж эхлэх үед бий болдог Түүнд итгэх бидний энгийн итгэл амьдралын сорилт бэрхшээлтэй нүүр тулах үед зүрх сэтгэлд маань үлдэж чадна. Түүнд итгэх бидний итгэл амьдралын ээдрээтэй үед биднийг удирдан чиглүүлж чадна. Бид амьдралын нарийн төвөгтэй байдлын нөгөө талд энгийн байдал байдгийг “найдварын төгс гэрэлтэйгээр Христэд тууштайгаар итгэх”6 үедээ олж мэдэх болно.7

Амьдралын зорилгын нэг хэсэг нь миний нэрлэж буй “итгэлийн шат”-аар авирах үедээ эдгээр тулгарч болзошгүй бүдрэх чулуунд гишгүүр болох боломжийг олгох явдал юм. Шат гэж нэрлэсний учир нь итгэл бол хөдөлшгүй зүйл биш. Энэ нь бидний сонгосон сонголтуудын дагуу дээшилж мөн доошилж болно.

Бид Аврагчид итгэх итгэлтэй болох гэж хичээх үедээ, биднийг гэх Бурханы хайрыг бүрэн ойлгохгүй байж магадгүй ч хуулиудыг нь үүрэг даалгавар мэтээр дагадаг байж магад. Хайраас илүү гэмшил бидний гол хөдөлгөгч хүч болж болзошгүй юм. Түүнтэй холбогдох жинхэнэ холбоосыг бид мэдрээгүй байж болно.

Бид итгэлээ өсгөхийг эрэлхийлэх үедээ, Иаковын заасан зүйлээс болж будилдаг байж ч магад. Тэр “үйлсгүй итгэл ч бас үхмэл”8 гэдгийг сануулсан. Бүх зүйл биднээс шалтгаална гэж бодвол бид бүдэрч болох юм. Өөрөөсөө хэт хамааралтай байх нь тэнгэрийн хүчийг олж авахад бидэнд саад болдог.

Гэвч Есүс Христэд итгэх жинхэнэ итгэлтэй болох тусам бидний хандлага өөрчлөгдөж эхэлдэг. Аврагчид дуулгавартай байж мөн итгэх нь Түүний Сүнсийг үргэлж өөрсөдтэйгөө хамт байлгах нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг бид хүлээн зөвшөөрдөг.9 Дуулгавартай байх нь төвөгтэй санагдахаа больж, эрэлхийлэх зүйл болон хувирдаг.10 Бурханы зарлигуудад дуулгавартай байснаар Тэр бидэнд итгэж найдах боломжтой болдог гэдгийг бид мэддэг. Түүний итгэл найдвараар улам их гэрэл ирдэг. Энэхүү гэрэл аяллыг маань чиглүүлж, явах ёстой замаа илүү тодорхой харах боломжийг бидэнд олгодог.

Гэвч өөр зүйл бас бий. Аврагчид итгэх итгэл маань нэмэгдэх тусам бид Бурхантай харилцах харилцааны маань талаар тэнгэрлэг ойлголтыг агуулсан нарийн өөрчлөлтийг ажигладаг. Энэ нь “Би юу хүсэж байна вэ?” гэсэн асуултаас “Бурхан юу хүсэж байна вэ?” гэдэг рүү шилжих жигд тогтвортой хөдөлгөөн юм. Яг Аврагчийн адилаар бид “Гэвч Миний хүслээр биш, харин Таныхаар болог”11 хэмээн үйлдэхийг хүсдэг. Бид Бурханы ажлыг гүйцэтгэж, Түүний мутарт зэмсэг болохыг хүсдэг.12

Бидний өсөлт хөгжил мөнхийнх юм. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Тэнгэрлэг Эцэгийн биднээс мэдээсэй гэж хүсдэг өөр олон зүйл байдаг гэдгийг заасан.13 Бид ахиж дэвших тусам Их Эзэний Иосеф Смитэд “Учир нь хэрэв та нар миний зарлигуудыг сахих аваас, та нар түүний бүрэн байдлыг хүлээн авч, … надаар алдарших болно; тиймийн тул, би та нарт хэлдэг, та нар ач ивээл дээр ач ивээлийг хүлээж авах болно”14 хэмээн заасныг илүү сайн ойлгодог.

Итгэлийн шатаар хэр өндөрт гарахаа бид шийддэг. Ахлагч Нийл Л.Андэрсэн “Та нарын итгэл тохиолдлоор бус, сонголтоор өсөх болно”15 гэж заасан. Бид Аврагчид итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай сонголтыг хийж болно.

Нифайг итгэлийн шатаар илүү өндөрт өгсөж байх хооронд Лемен, Лемүел хоёрын уруудах үедээ сонгосон сонголтын нөлөөг авч үзье. “Би явж мөн биелүүлэх болно”16 гэсэн Нифайн хариултыг болон тэнгэр элчийг харсан Лемен, Лемүел хоёрын “Их Эзэн бидний гарт оруулна гэдэг яахан боломжтой байх билээ?”17 гэсэн хариулт хоёрын хоорондох ялгаанаас илүү тодорхой дүрслэл бий гэж үү?

Итгэлгүй байдал нь бидний гайхамшгийг харах чадварыг хаадаг бол Аврагчид итгэх итгэлээс үүссэн хандлага нь тэнгэрийн хүчийг нээж өгдөг.

Бидний итгэл сул байсан ч Их Эзэн мутраа үргэлж сунгаж байдаг.18 Олон жилийн өмнө би Нигери дэх гадсыг дахин зохион байгуулах даалгавар хүлээн авсан юм. Цаг тулсан үед болох өдөр нь өөрчлөгдсөн. Гадасны нэг эр чуулганы эхний өдөр хотоос гарч явахаар шийджээ. Тэр гадасны ерөнхийлөгчөөр дуудагдахыг хүсээгүй байлаа.

Тэрээр хотоос гарч явах үедээ аймшигтай осолд орсон боловч гэмтээгүй байв. Энэ нь түүнийг яагаад амийг нь аварсан талаар бодоход хүргэжээ. Тэрээр гаргасан шийдвэрээ эргэн харсан юм. Тэрээр наманчилж, шинээр товлогдсон өдөр чуулганд даруухнаар оролцов. Тийм ээ, тэр шинэ гадасны ерөнхийлөгчөөр дуудагдсан.

Ахлагч Нийл А.Максвэлл “Бид өөрсдийн хүслийг Бурханы хүсэлд нийцүүлж байж л бүрэн аз жаргалыг олж авна. Үүнээс өөр бусад зүйл аз жаргалын өчүүхэн хэсгийг бүрдүүлнэ”19 гэж заасан.

“Өөрсдийн хүчинд байгаа бүх зүйлийг” хийсний дараа ”бат зогсож Бурханы авралыг хар[ах]”20 цаг ирэх болно. Би үүнийг Маккормикийн гэр бүлд тохинуулагчаар үйлчилж байхдаа харсан. Мариа Кэй нөхөртэйгөө хорин нэгэн жил ханилахдаа бүх дуудлагадаа итгэлтэйгээр үйлчилжээ. Кэн Сүмийн гишүүн биш, Сүмийн гишүүн болох сонирхолгүй байсан ч эхнэртээ хайртай байсан тул түүнтэй хамт Сүмд явахыг сонгосон юм.

Нэгэн ням гарагт надад Кэнтэй гэрчлэлээ хуваалцах мэдрэмж төрсөн тул би түүнээс гэрчлэлээ хуваалцаж болох эсэхийг асуув. Тэр “Үгүй ээ, баярлалаа” гэж энгийн бөгөөд тодорхой хариуллаа.

Би будилж орхив. Би өөрт ирсэн сүнслэг өдөөлтийг л дагахыг хичээсэн. Тиймээс би хийх ёстой зүйлээ хийчихлээ гэсэн бодолдоо уруу татагдаж байв. Залбирч, тунгаан бодсоны эцэст би хүсэл зорилго минь зөв байсан ч өөртөө хэт найдаж, Их Эзэнд бага найдвар тавьсан гэдгээ ойлгосон юм.

Үүний дараа би өөр хандлагатай болсон байв. Би Сүнсийг дагахаас өөрийг хүсэхгүйгээр Их Эзэний мутар дахь зэмсэг болж явж байв. Би итгэлтэй хамтрагч Жэралд Кардоны хамтаар Маккормикийн гэрт орлоо.

Удалгүй би Жэралдыг “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ”21 гэдэг дууг дуулахад урих сүнслэг өдөөлт хүлээн авлаа. Тэр над руу гайхсан харцаар харсан ч миний итгэлд итгэн, дууг дуулав. Гайхамшигтай уур амьсгал өрөөг дүүргэлээ. Мэри Кэй болон тэдний охин Кристин хоёрыг гэрчлэлээ хуваалцахад урь гэсэн сүнслэг өдөөлт ирэв. Тэднийг гэрчлэлээ хуваалцах үед Сүнс улам хүчтэй болсон юм. Үнэндээ, Кристинийг гэрчлэлээ хуваалцсаны дараа Кэнийн нулимс хацрыг нь даган урсаж байлаа.22

Бурхан хяналтыг гартаа авсан байв. Кэнийн зүрх сэтгэл хөдлөөд зогсохгүй үүрд өөрчлөгдөж, хорин нэгэн жилийн итгэлгүй байдал нь Ариун Сүнсний хүчээр угаагдан арилсан юм. Долоо хоногийн дараа Кэн баптисм хүртэв. Жилийн дараа Кэн, Мариа хоёр Их Эзэний өргөөнд энэ болон ирэх амьдралд мөнхөд лацдан холбогдсон билээ.

Бид өөрсдийн хүслийг Их Эзэний хүслээр солих гэдэг юу болохыг хамтдаа мэдэрч, Түүнд итгэх итгэл маань өссөн.

Та итгэлийн шатаар өгсөхөөр хичээх явцдаа Бурханы бошиглогчдын тавьсан цөөн хэдэн асуултыг эргэцүүлэн бодоорой.

Би бардамналаасаа ангижирсан уу?23

Би зүрх сэтгэлдээ Бурханы үгэнд зай гаргаж өгч байна уу?24

Би зовлон бэрхшээлдээ сайн сайхан байдлын минь төлөө ариулан адислагдах боломжийг олгодог уу?25

Миний таалал Эцэгийн таалалд багтахад би бэлэн байна уу?26

Хэрэв би гэтэлгэх хайрын дууг дуулмаар санагдсан бол одоо тийн мэдэрч чадаж байна уу?”27

Би Бурханыг амьдралдаа ялуулдаг уу?28

Хэрэв та одоогийн замаа Аврагчид итгэх итгэлтэй тань зөрчилдөж байгааг олж мэдвэл Түүн рүү буцах замаа олоорой. Таны өргөмжлөл болон хойч үе үүнээс хамааралтай юм.

Бид итгэлийн үрийг зүрх сэтгэлийнхээ гүнд суулгах болтугай. Бид Аврагчтай байгуулсан гэрээнүүдээ хүндэтгэн, Түүнтэй холбогдохдоо эдгээр үрийг тэжээх болтугай. Есүс Христийн нэрээр, амен.