Ерөнхий чуулган
Хүүхэд, өсвөр үеийнхэнд бие даах чадвар заах нь
2022 оны 4-р сарын Ерөнхий чуулган


Хүүхэд, өсвөр үеийнхэнд бие даах чадвар заах нь

Насан туршдаа бие даах чадвартай болж, үүнийгээ хүүхдүүд, өсвөр үеийнхэндээ зааж өгөн, бидний Аврагч Есүс Христийг мөн Түүний сайн мэдээг дагацгаая.

Би бие даах чадварын тухай мөн үүнийг хүүхэд, өсвөр үеийнхэнд хэрхэн зааж болох тухай ярина. Бие даах чадварыг насанд хүрэгчдэд зориулсан сэдэв гэж үздэг байж мэднэ. Насанд хүрэгчид бага болон өсвөр наснаасаа гэртээ Есүс Христийн сайн мэдээг заалгаж, сургаал, зарчмуудыг хэрэгжүүлснээр бие даасан байдалд хүрэх замдаа гарч чаддаг гэдгийг би мэдэж авсан.

Хамгийн сайн үлгэр жишээ бол гайхалтай бодит амьдралын жишээ юм. Вилфрийд Ванийг зургаан настай байхад түүний долоон ах эгч дүү болон ээж нь Айвори Көэстийн Абиджаны сүмд нэгдсэн аж. Тэр найман настайдаа баптисм хүртсэн. Вилфрийдийг арван нэгэн настай байхад гэр бүлийн гол тэжээгч болох аав нь нас баржээ.

Вилфрийд гэр бүлийнхээ нөхцөл байдалд харамсаж байсан ч ээжийнхээ урам зориг, Сүмийн дэмжлэгээр сургуульдаа үргэлжлүүлэн суралцахаар шийдэв Тэрээр ахлах сургуулиа төгсөөд, Ганагийн Кэйп Көэст Номлолд бүрэн цагийн номлогчоор үйлчилж, тэнд англи хэл сурчээ. Номлолынхоо дараа тэр их сургуульд элсэн, нягтлан бодох бүртгэл, санхүүгээр диплом авсан. Хэдийгээр энэ талбарт ажилд ороход хэцүү байсан ч тэрээр аялал жуулчлал, зочлохуйн үйлчилгээний салбарт ажилд оржээ.

Тэрээр 5 одтой зочид буудалд зөөгчөөр ажиллаж эхэлсэн ч илүү сайжрах хүсэл нь түүнийг хоёр хэлтэй ресейпшн болох хүртлээ илүү ихийг суралцахад нөлөөлөв. Тэрээр нэгэн шинэ зочид буудал нээгдэх үед шөнийн аудитороор ажилд оров. Хожим нь тэрээр BYU-Pathway Worldwide хөтөлбөрт хамрагдаж, одоо Аялал жуулчлал, зочид буудлын менежментийн сертификат авах ангид суралцаж байна. Түүний мөрөөдөл бол хэзээ нэг өдөр өндөр зэрэглэлийн зочид буудлын менежер болох юм. Вилфрийд мөнхийн хань, хоёр хүүхдээ тэжээхээс гадна ээж, дүү нартаа тусалдаг. Тэрээр одоо Сүмд гадасны дээд зөвлөлийн гишүүнээр үйлчилдэг.

Бие даах чадварыг “өөрийнхөө болон гэр бүлийнхээ сүнслэг, материаллаг хэрэгцээг хангах чадвар, төгс шийдвэр, хүч чармайлт юм”1 гэж тодорхойлдог. Бие даах чадвартай байхыг хичээх нь биднийг Тэнгэрлэг Эцэг болон Түүний Хүү Есүс Христ рүү чиглүүлэх гэрээний замд урагш ахих ажлын маань нэг хэсэг юм. Энэ нь Есүс Христэд итгэх бидний итгэлийг хүчирхэгжүүлж мөн аврал, өргөмжлөлийн ёслол, гэрээнүүдээр дамжуулан биднийг баяр хөөртэйгөөр Түүнтэй холбох болно. Бие даах чадвар нь Есүс Христийн сайн мэдээний сургаал бөгөөд хөтөлбөр биш юм. Энэ нь нэг үйл явдал биш, харин насан туршид үргэлжлэх үйл явц.

Бид амьдралынхаа турш сүнслэг хүч чадлаа нэмэгдүүлж, бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндээ сайжруулж, боловсрол, ажил эрхлэлтийн мөр хөөж, материаллаг байдлын хувьд бэлтгэлтэй байснаар бие даах чадвартай болдог.2 Энэ даалгавар бидний амьдралын хэзээ нэгэн өдөр дуусдаг уу? Үгүй, энэ бол сурах, өсөж хөгжих, ажиллах насан туршийн үйл явц юм. Энэ нь хэзээ ч дуусдаггүй мөн тасалддаггүй, өдөр тутмын үйл явц юм.

Бид хүүхэд, өсвөр үеийнхэндээ бие даах чадварын сургаал, зарчмуудыг хэрхэн заах вэ? Чухал нэг арга зам бол Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн хөтөлбөр дэх зарчмуудыг тогтмол хэрэгжүүлэх явдал юм. Эцэг эх, хүүхдүүд Есүс Христийн сайн мэдээнээс суралцаж, үйлчлэл, үйл ажиллагаанд оролцож, хүүхэд бүрийн өвөрмөц онцлогт тохирсон хувийн хөгжлийн дөрвөн тал дээр хамтран ажиллаж болно. Энэ нь бүгдэд зориулсан зааварчлах хөтөлбөр байхаа больсон.

Хүүхдүүдэд зориулсан удирдамжид “Есүс чиний насан дээр байхдаа, сурч, өсөж том болсон. Чи ч бас сурч, өсөж том болж байгаа. Сударт хэлэхдээ: ‘Есүсийн мэргэн ухаан, бие хаа өссөөр байсан агаад Бурханы хийгээд хүмүүсийн таалал Түүнд байлаа (Лук 2:52)”3 гэжээ. Энэ судар нь сүнслэг талаас Бурханы таалалд, нийгэм талаас хүмүүсийн таалалд, бие махбод талаас бие бялдрын хувьд, оюун санааны талаас мэргэн ухааны хувьд өсөж хөгжих, суралцах тухай юм. Эдгээр хөгжих талууд нь бидний наснаас үл хамааран бүгдэд хамаатай. Бид хэзээ тэдэнд заах вэ? Дэд хууль 6:6–7-оос бид ийн уншдаг.

“Өнөөдөр миний чамд тушааж байгаа энэ үгсийг чи зүрхэндээ байлгаж,

хөвгүүдээ үүгээр хурцлан, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэж байхдаа ч, өндийн босохдоо ч түүний тухай ярьж бай”.

Бид эдгээр зүйлийг хүүхдүүддээ өөрсдийн сайн үлгэр жишээгээр, тэдэнтэй хамт ажиллаж, үйлчилж, судраас судалж, бошиглогчдын заасан Есүс Христийн сургаалыг дагаснаар зааж өгдөг.

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт хүүхдүүд хөгжлийн дөрвөн тал тус бүрд өөр өөр зорилго сонгодог гэж би дурдсан. Тал тус бүрд өөрсдийн гэсэн зорилгыг тавих нь чухал. Эцэг эх, удирдагчид зааж, зөвлөж, дэмжиж чадна.

Жишээ нь, манай ач охин Миранда өдөр бүр өглөөний семинарын ангид явж, сүнслэгээр өсөх их урам зориг авдаг. Тэрээр тойргийнхоо семинарын бусад суралцагчийн эерэг сэтгэгдлийг сонсоод, семинарыг сонирхож эхэлсэн байж. Ээж нь түүнийг өглөө сэрээх шаардлагагүй байв. Тэрээр өөрт нь тустай сайн зуршлыг хөгжүүлсэн учраас өглөө өөрөө босоод, 6:20-д видео хичээлдээ товлосон цагтаа холбогддог байсан. Манай аав, ээж хоёр саяхан Мирандаг өөртөө илүү их итгэдэг болсон болохоор тэдэн дээр айлчилж ирэхдээ тэдэнтэй илүү их ярьдаг болсон гэж надад хэлсэн. Эдгээр нь амьдралын сургамж бөгөөд мэдэгдэхүйц үр дүнтэй өсөлт хөгжил юм.

Эцэг эх, эмээ өвөө, удирдагчид, найз нөхөд нь хүүхдүүдийн өсөлт, хөгжилд тусалдаг. Тойргийн санваарын болон байгууллагын удирдагчид нь тохинуулалд бүрэн оролцдог ах эгч нарын хамт дэмжлэг үзүүлдэг. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-т “Тэнгэрийн загвараар эцэг нь гэр бүлээ хайр болон зөв шударга ёсоор тэргүүлэн удирдаж, хэрэгцээт зүйлсээр нь хангаж, хамгаалах үүрэгтэй. Эхийн үндсэн үүрэг бол хүүхдүүдээ хайраар өсгөн хүмүүжүүлэх явдал юм. Энэхүү нандин үүргээ биелүүлэхдээ эцэг эхчүүд харилцан бие биедээ адил тэгш туслах ёстой. … Төрөл төрөгсөд нь хэрэгтэй үед туслан дэмжвэл зохино”4 гэж дурддаг. Төрөл төрөгсөд гэдэг нь эмээ өвөө, бусад хүнийг хэлдэг.

Биднийг Баруун Африкт үйлчилж байхад, эхнэр Нуриа маань далайн чанд дахь гэр бүл, ач зээ нартайгаа холбоотой байж, тохинууллыг гайхалтай хийж байсан. Тэр үүндээ технологи ашигладаг. Тэрээр бага насны ач зээ нартаа ном уншиж өгдөг. Тэрээр том ач охиддоо манай гэр бүлийн түүх, шинжлэх ухаан, Пуэрто Рикогийн түүх, Итгэлийн тунхаг, Есүс Христийн сайн мэдээ зэрэг сэдвүүдийг заадаг. Одоо үед гэр бүлийнхээ өсөж буй үеийнхэнтэй холбогдох, хамааралтай байх, тохинуулах, заахад алсын зай хязгаарлалт байхаа больсон. Би ч бас Нуриагийнхаа хамтаар боломжтой үедээ хонгорхон ач хүүхдүүддээ зааж, тэднийг хайрлаж, эрхлүүлж, инээлгэдэг.

Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр, бие даах чадварын хөгжүүлэлт хоёрын хоорондох сүнслэг ижил төстэй зүйлсийг та анзаарах хэрэгтэй. Тус бүрийнх нь хөгжлийн дөрвөн тал маш төстэй. Бие даах чадвар дахь сүнслэг хүч чадал нь Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөр дэх сүнслэг байдалтай хамааралтай. Бие даах чадвар дахь бие махбод, сэтгэл санааны эрүүл мэнд нь Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрийн бие махбод, нийгмийн байдалтай холбоотой. Бие даах чадвар дахь боловсрол, ажил эрхлэлт болон материаллаг байдлын бэлтгэл нь Хүүхэд, өсвөр үеийнхний хөгжлийн хөтөлбөрийн оюун санааны байдалтай адил.

Төгсгөлд нь хэлэхэд, насан туршдаа бие даах чадвартай болж, үүнийгээ өөрсдийн хүүхдүүд, өсвөр үеийнхэндээ зааж өгч, бидний Аврагч Есүс Христийг болон Түүний сайн мэдээг дагацгаая. Бид дараах байдлаар үйлдсэнээр үүнийг хамгийн сайнаараа гүйцэтгэж чадна.

  1. Бусдад үйлчлэх сайн үлгэр жишээг үзүүлэх,

  2. Бие даах чадварын сургаал, зарчмуудын дагуу амьдарч, заах,

  3. Есүс Христийн сайн мэдээний нэг хэсэг болох бие даах чадвартай болгох зарлигуудыг дагах.

Сургаал ба Гэрээ 104:15–16-д ийн хэлсэн байдаг.

“Мөн өөрийн гэгээнтнүүдийг хангах нь миний зорилго болой, учир нь бүх зүйл минийх бөлгөө.

Харин энэ нь миний өөрийн замаар хийгдэх ёстой нь шаардлагатай билээ; мөн болгоогтун энэ нь Их Эзэн, бибээр өөрийн гэгээнтнүүдийг хангаж ядуус өргөмжлөгдөж, үүнд баячууд дорд болгогдохоор миний тогтоосон зам юм.”

Энэ бол Есүс Христийн Сүм. Түүний сайн мэдээ гэр бүлүүдийг энэ дэлхий дээр мөн үүрд мөнх адисалдаг. Энэ нь биднийг мөнхийн гэр бүлүүд болохоор хичээх үед бидний амьдралыг чиглүүлдэг. Би үүнийг үнэн гэдгийг мэднэ. Есүс Христийн нэрээр, амен.