Лиахона
Хичээнгүйлэн эрэлхийл, тэгвэл та нар олно
2024 оны 1-р сар


“Хичээнгүйлэн эрэлхийл, тэгвэл та нар олно,” Лиахона, 2024 оны 1-р сар.

Хичээнгүйлэн эрэлхийл, тэгвэл та нар олно

Бид амьдралдаа үнэн болон зүг чигийг хэрхэн эрэлхийлж болохыг Их Эзэн илчилсэн.

Зураг
Томруулдаг шил

Би эхнэр Рэжинатайгаа Ангола Луанда номлолд 2016-2019 онуудад үйлчлээд, гэртээ харихдаа нэгэн чухал шийдвэрийг гаргасан юм. Бид номлолд гарахаасаа өмнө байшингаа худалдчихсан байсан. Гэртээ ирээд, нэг жил болоход байшин худалдаж авах уу, хөлслөх үү гэдгийг сонгох хэрэгтэй болов. Бидний хувьд яах нь зөв бэ гэдгийг бид хэрхэн сонгодог вэ?

Олон даалгавар, үйл ажиллагаа, бид бүхэнд ирдэг өдөр бүрийн амьдралын санаа зовоох зүйлсийн дунд ийм төрлийн шийдвэр гаргах болдог. Заримдаа тэдгээр нь зөвхөн Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний санал болгодог гайхамшигт адислал, онцгой боломжоос биднийг холдуулж чаддаг. Олон олон амлалт, үүрэг хариуцлагын өмнө аль нь зөв болох мөн аль замаар явахаа мэдэхэд хүнд хэцүү байж болно. Энэ нь хэт их шаардлагаас болж гэнэт туйлдаж ядарсан мэдрэмж авахад хүргэж чадна.

Талархууштай нь, биднийг хайрладаг Тэнгэрлэг Эцэг маань юу үнэнийг мөн юу хийх ёстойгоо мэдэж авахад маань биднийг орхидоггүй.

Бүх үнэний эх сурвалж

Бидний Аврагч Есүс Христ энэ дэлхийгээс явахаасаа өмнө шавь нартаа Эцэг тэднийг адислах Тайтгаруулагчийг буюу Ариун Сүнсийг илгээх болно гэж амласан. Тайтгаруулагч “та нарт бүгдийг заах бөгөөд хэлсэн бүгдийг минь сануулах болно” (Иохан 14:26) гэж Есүс хэлсэн юм.

Ариун Сүнсний нэг чухал үүрэг бол үнэнийг илчлэгч байх явдал (Иохан 16:13-ыг үзнэ үү). Бидний Тэнгэрлэг Эцэг бол бошиглогч, үзмэрч, илчлэгчдээр дамжиж байна уу эсвэл Ариун Сүнсээр дамжуулан хүн болгонд ирж байна уу эсэхээс үл хамааран бүх илчлэгдсэн үнэний эх үүсвэр юм. Биднийг Ариун Сүнстэй нөхөрлөдөг байхыг хичээх үед Тэнгэрлэг Эцэг маань хамгийн хүнд хэцүү үеийн туршид биднийг удирдан хөтлөх болно.

Гуй, эрэлхийл, тогш

Бидний Тэнгэрлэг Эцэг биднийг урамшуулж, бидэнд зааж, зааварлаж, хүчирхэгжүүлэхийг хүсдэг учир биднийг “гуй, тэгвэл та нарт өгөгдөнө, Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ” (Матай 7:7; мөн Лук 11:9; 3 Нифай 14:7-г үзнэ үү) хэмээн урьсан.

Нифай эцэг Лихайн амьдралын модны үзэгдлийн тухай ярьсныг сонсоод, “Ариун Сүнсний хүчээр эдгээр зүйлийг би, Нифай түүнчлэн өөрөө харж бас сонсож, түүнчлэн мэдэхийг хүсч байлаа” (1 Нифай 10:17) гэж хэлжээ.

Үнэнийг эрэлхийлэх нь хичээнгүй байхыг шаарддаг. Бид хичээнгүй байх үедээ үнэнийг болон амьдралынхаа төлөө Их Эзэний хүслийг мэдэхийн тулд чин сэтгэлээсээ тогтмол эрч хүчтэй хичээн зүтгэдэг. Их Эзэнээс ирдэг үнэнийг эрэлхийлэхдээ хичээнгүй байх нь биднийг амьдралын бүхий л үед Түүн рүү улам ойртуулдаг.

Бошиглогч Иосеф Смит залуу насандаа үнэнийг олох хамгийн үр дүнтэй аргуудын нэг бол асуултуудын хариултыг итгэлтэй эрэлхийлэх явдал гэдгийг олж мэджээ (Иосеф Смит—Түүх 1:10, 18-ыг үзнэ үү). Үнэнийг эрэлхийлж байхдаа бид дараах асуултуудыг тавьж магадгүй. Хариултууд нь бидэнд үнэнийг мэдэхийн тулд дагах загварыг өгдөг.

Зураг
Судар бариад залбирч буй эмэгтэй

Үнэний төлөө бид хэнд ханддаг вэ?

Мормоны Номын төгсгөлд бошиглогч Моронай хүн болгоныг “эдгээр зүйлүүд үнэн эсэхийг” Христэд итгэлтэй байж, чин сэтгэлтэйгээр, үнэн хүсэлтэйгээр Бурханаас асуу хэмээн урьдаг. Бурхан “[Мормоны Ном]-ын үнэнийг Ариун Сүнсний хүчээр та нарт мэдүүлэх болно. Мөн Ариун Сүнсний хүчээр та нар бүх зүйлийн үнэнийг мэдэж болно” (Moронай 10:4–5) хэмээн Моронай гэрчилсэн.

Бурхан Мөнхийн Эцэг Өөрөөс нь асууж (Иаков 1:5-ыг үзнэ үү), Түүн рүү өдөр бүр цаг болгонд—бүр бүхий л цагт Өөр лүү нь ойртож болох хүн бүрд бодитой боломжит замыг тогтоож өгсөн. Энгийн бөгөөд хүчирхэг арга бол залбирах юм.

Алма хүү Хиламандаа “өөрт хэрэгтэй бүх дэмжлэгийн тулд Бурханаас гуй. Бүхий л үйлүүд тань … чи хаана ч явсан … , бүх бодол санаа чинь Их Эзэнд чиглэсэн байг; тийм ээ, зүрх сэтгэлийн тань хайр Их Эзэн дээр үүрд байрлаг” (Алма 37:36) хэмээн сургасан нь бидэнд бүрэн хэрэгждэг. Алма мөн “Бүх үйлүүдээ Их Эзэнтэй зөвлөгтүн, мөн тэрээр чамайг сайны төлөө чиглүүлэх болно” (Алма 37:37) гэж заасан. Бид залбирахдаа ямар нэг тусгай газарт тусгайлан цаг гаргах хэрэггүй. Бид үргэлж чанга залбирч чадахгүй байж магадгүй ч үргэлж зүрх сэтгэлдээ залбирах боломжтой (Алма 34:27-г үзнэ үү).

Залбирлаар хүлээн авдаг хариултууд нь бидний хүсэн хүлээж байсан хариултууд биш байж болно. Заримдаа энэ нь бүр бидний хүслээс ангид байж ч магад. Залбирлын маань хариулт ирэхэд бидний хүсэж байснаас илүү удаан хугацаа шаардаж болно. Заримдаа залбирлыг хэсэг нам жим байдал угтаж ч магад. Гэхдээ Тэнгэрлэг Эцэг бидэнд юу хэрэгтэйг мэддэг. Түүний хариулт үргэлж бидний сайн сайхны төлөө байх болно. Бид зөвхөн Есүс Христэд итгэх итгэлээр урагшлах хэрэгтэй. (Лук 11:9–13-ыг үзнэ үү.)1

Бидний Аврагч, Гэтэлгэгч биднийг Өөрөөр нь дамжихгүйгээр Тэнгэрлэг Эцэгт хэзээ ч хүрэхгүй гэж тунхагласан. Есүс “Зам, үнэн, амь бол Би байгаа юм. Хэн ч надаар дамжилгүйгээр Эцэгт хүрэхгүй” (Иохан 14:6) хэмээн хэлжээ. Энэ нь Бурхантай харилцах бидний харилцаанд өөр ямар ч хувилбарыг эсвэл бүр ямар ч саадыг үгүйсгэдэг. Ийм учраас бид бүх залбирал, хэлсэн үг, гэрчлэл, хичээл мөн бидний сүм дээр, гэр бүлийнхэнтэйгээ гэртээ эсвэл өөрөө бие даан хийдэг бусад олон зүйлийг Есүс Христийн нэрээр хийдэг.

Бидний хандлага ямар байх хэрэгтэй вэ?

Үнэнийг олохын тулд бид чин сэтгэлээсээ мөн үнэн хүсэлтэй байх хэрэгтэй. Бид Тэнгэрлэг Эцэгийг даруухнаар дуудах үедээ, хүлээн авдаг хариултынхаа дагуу үйлдэх, ийн үйлдэх өөрсдийн чадавхыг нэмэгдүүлэх боломжтой болдог.

Чин сэтгэл, үнэн хүсэл биднийг хийхийг хүссэн зүйлээ биш, харин Тэнгэрлэг Эцэгийн биднээр хийлгүүлэхийг хүссэн зүйлийг хийхэд хөтөлдөг. Бид “хүлцэнгүй, номхон, даруухан, тэвчээртэй, хайраар дүүрэн, … Их Эзэн [бидэн] дээр ноогдуулах бүх зүйлийг хүлцэхэд бэлэн” (Мозая 3:19) үедээ Тэнгэрлэг Эцэгт найддагаа Түүнд тодорхой харуулдаг. Эдгээр зан чанараар дамжуулан бид Тэнгэрлэг Эцэгийг бидний төлөө хамгийн сайн гэснийг хийх болно гэдгийг ойлгож, найддаг.

Зураг
Уул руу харан сууж буй хүн

Гэрэл зургийг Лий Майкл Рагсдэйл

Залбирлын хариулт хэрхэн ирэх вэ?

Байшин худалдаж авах уу эсвэл хөлслөх үү гэдгээ шийдэхийн тулд эхнэр бид хоёр залбирч, тунгаан бодож, энэ талаар нэлээн ярилцсан юм. Байшин худалдаж авах хэрэггүй гэсэн мэдрэмж аажмаар бидний оюун, зүрх сэтгэлд орж ирэв. Амьдралд маань юу тохиолдох гэж байсныг мэдээгүй байсан бид хоёр хүлээн авсан хариултынхаа дагуу итгэлээр дагасан.

Бараг 18 сарын дараа буюу 2022 оны 4-р сард би Далын ерөнхий эрх мэдэлтнээр дуудагдав. 2022 оны 4-р сарын Ерөнхий чуулганы дараа, биднийг анхны даалгавраа гүйцэтгэхээр Бразил явах хүртэл ердөө гурван долоо хоногийн хугацаа байлаа. Тэр үед хөлсний байранд амьдарч байсан маань нүүх явцыг хавьгүй хялбар болгосон юм. Өнөөдөр Рэжина бид хоёр Их Эзэн биднийг шийдвэр гаргахад удирдаж байсан гэдгийг тодорхой харж байна.

Нифай мөн өөрийн хүслийн дагуу хүлээн авсан. Нифай үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлж, Тэнгэрлэг Эцэгийг өөрт нь үнэнийг илчлэх болно гэдэгт итгэн найдаж байсан учраас эцгийнхээ харсан зүйлийг харах боломжоор адислагдсан билээ. Тэрээр Бурханы хайрыг буюу “хамгийн ихээр хүслийг татагч,” “бодгальд хамгийн их баясгалант” (1 Нифай 11: 22, 23) хайрыг төлөөлүүлдэг амьдралын модыг харсан.

Бидний Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн бүх хүүхдэд хүртээлтэй үнэнийг илчилдэг. Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Их Эзэн Ариун Сүнс бидний оюунд мөн зүрх сэтгэлд (Сургаал ба Гэрээ 8:2-ыг үзнэ үү), “бодол санааг [маань] … эзэмдэн” (Сургаал ба Гэрээ 128:1), цээжин биеийг маань “[бидний] дотор шатахаар” (Сургаал ба Гэрээ 9:8) болгож, оюуныг маань гэгээрүүлж, сүнсийг баяраар дүүргэж, бидний зүрх сэтгэлд амар амгаланг ярих болно (Сургаал ба Гэрээ 11:13; 6:14–15, 22–23-ыг үзнэ үү) гэдгийг илчилсэн.

Бурханы үнэн эргэлзээ, айдсыг үгүйсгэж, бидний гэрчлэлийг хүчирхэгжүүлдэг гэдгийг би гэрчилж байна. Нифайн “Хичээнгүйлэн хайгч тэр олох болно” (1 Нифай 10:19) хэмээн тунхагласныг би мөн тунхаглаж байна. Бурхан “Өөрийг нь хайгчдад Тэр Шагнагч нь болдог” (Еврей 11:6) учраас хэрэв бид үнэнийг хичээнгүйлэн эрэлхийлэх аваас Тэрээр үүнийг илчлэх болно. Мөн Түүний мутар бидний амьдралыг удирдан чиглүүлэх болно гэдгийг Тэрээр ямар ч эргэлзээ үлдээхгүйгээр тодорхой гүйцэтгэх болно.

Эх сурвалж

  1. Richard G. Scott, “Using the Supernal Gift of Prayer,” Liahona, May 2007, 8-11.