Лиахона
Бидний хамгийн сайн өргөл
2024 оны 1-р сар


“Бидний хамгийн сайн өргөл,” Лиахона, 2024 оны 1-р сар

Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Бидний хамгийн сайн өргөл

Бид ариун сүмийг онцгойлон адислахдаа, Их Эзэнд “Энэ бидний өргөл. Бидний хийж чадах хамгийн сайн нь” гэж хэлдэг.

Зураг
Ариун сүмийн газар

2022 оны 8-р сард Вашингтон Ди Си ариун сүмийг дахин онцгойлон адислахаас бараг хоёр долоо хоногийн өмнө манай дарга бид хоёр ариун сүм рүү хөтөлдөг европ эвэр моддын нэг нь өвчилсөн байхыг анзаарав. Модны дунд хэсэг сийрэгжсэн, зарим мөчир нь сэгсийж сарвайсан байв.

Ариун сүмийн цэцэрлэгчийн хувьд би ариун сүмийн үзэсгэлэнт газрын тэр нэг жижиг цэг бэлэн болоогүй байгаад санаа зовж байлаа. Тэр мод ариун сүмийн орох хаалганы ойролцоох усан оргилуурын дэргэд байсан.

Бидэнд ойр хавьд нь ургадаг нөөцийн эрүүл мод байсан тул бид өвчтэй модны оронд эрүүл мод суулгах талаар ярилцсан юм. Гэхдээ эхлээд бид ойр орчмын явган хүний зам, өвсийг аваад, дараа нь ус цацагчийг бас тэр хэсгээр татсан цахилгааны шугамыг нүүлгэх хэрэгтэй байв. Өвчтэй модыг сугалж, оронд нь мод шилжүүлэн суулгах, модны эргэн тойрны бүх зүйлийг сайхан харагдуулах цаг ариун сүмийг дахин онцгойлон адислахаас өмнө гарахгүй байх вий гэж би хамгийн их айж байлаа.

Би эхнэр Каролиндоо бид модыг нүүлгэх хэрэгтэй болох байх гэж хэлэхэд тэр: “Зүгээр л сэгсгэр мөчрүүдийг нь тайраад авчих. Тэгээд би улс даяар байдаг судрын эгч нараа үүний төлөө залбираарай гэе. Ариун сүмийн газар Их Эзэнийх. Тэрээр модыг адислах болно” гэв.

Каролин нэг тойрогт явдаг байсан Сүмийн гишүүдийг судрын эгч нар гэж нэрлэсэн бөгөөд хэд хэдэн найзтай. Тэд шилжин нүүтлээ Ирээд, Намайг дага-аас хамтдаа суралцаж байсан ч хоорондоо холбоотой байдаг ажээ. Залбирах хэрэг болоход тэд нэг нэгнээсээ тусламж хүсдэг.

Каролиныг тэдэнд өвчтэй модны тухай ярихад тэд хүүхдүүд, гэр бүлийнхэндээ бас хэлжээ. Тэрээр хэчнээн хүн модны төлөө залбирсныг огт мэдэхгүй байсан ч Тэнгэрлэг Эцэг тэдний залбирлыг сонсоно гэдэгт итгэдэг байв.

Хэдхэн өдрийн дотор мод шинэ навч дэлбээлүүлж, сийрэгжсэн хэсгийг дүүргэж билээ. “Мэдээж, илүү дээр харагдаж байна” гэж Каролин хэлэв. Тэрээр модны зургийг авч судрын эгч нар луугаа илгээсэн төдийгүй “Их Эзэний бидэнд яаж хариулсныг хар даа!” гэж хэлж байв.

Би хүмүүсийг уг модны төлөө залбирч байсныг мэдэж байсан учраас нэг их гайхсангүй. Түүнчлэн би ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоныг удахгүй адислалын залбирал хэлэх үеэрээ ариун сүмийг болон ариун сүмийн газрыг адислах болно гэдгийг мэдэж байлаа. Мод зүв зүгээр байх болно.

Бид Их Эзэн бидний өргөл, итгэлийг хүндэтгэсэнд талархаж байлаа.