2020
Гүн шархалсан зүрх сэтгэл: Гэр бүл дэх хүчирхийллийг ойлгох нь
2020 оны 10-р сар


Гүн шархалсан зүрх сэтгэл: Гэр бүл дэх хүчирхийллийг ойлгох нь

Эрүүл бус хэв маяг ямар ч харилцаанд үүсэж болно. Тэдгээрийг таних нь хүчирхийллийг илрүүлэх, эхлэхээс нь өмнө зогсооход туслах боломжтой.

Зураг
upset woman and husband

Гэрэл зургийг зөвхөн үзүүлэн таниулах зорилгоор, загвар үзүүлэгчдийн оролцоотой авсан болно.

Саяхан надтай сэтгэл нь эмтэрсэн нэгэн эцэг утсаар ярьсан юм. Түүний охин Жэнна (нэрсийг өөрчлөв) коллежид явсан ба шинэ харилцаанд орж, харилцаа нь хурдан өрнөж байлаа. Түүний найз залуу Жэйк гэрлэхийг шаардахаас гадна Жэннаг эцэг эхтэйгээ ярихыг нь хязгаарлаж байв. Жэнна тэднээс уучлал гуйж, үүнийг Жэйкийн асар их хайр, хосын хувьд цагийг өнгөрүүлэх гэсэн хүсэл нь гэж тайлбарлаж байлаа.

Жэйк өмнө нь эхнэр, хүүхэдтэй байснаа Жэннад хэлээгүйг мэдээд Жэннагийн гэр бүл санаа зовов. Тэднийг өмнөх эхнэртэй нь утсаар ярихад, тэр Жэйкийг маш их ууртай, хартай нэгэн байсан гэж хэлжээ. Жэйк үүнийг мэдээд уурлав. Тэр Жэннагийн эцэг эхийг “өөрсдийг нь хянаж цагдаж байна” гээд, Жэннаг толгой муутай гэж тоглоом шоглоом болгон дуудсанд дургүй байсныг нь дурджээ. Жэннаг эцэг эхээ амьдралаасаа холдуулах шийдвэрийг өөрөө гаргах хэрэгтэй гэж Жэйк хатуу шаардах болов. Жэннагийн эцэг эх дуудлага, мессежид нь хариулахгүй байгаад цөхрөнгөө баржээ.

Хүн бүр аз жаргалтай гэр бүлийг хүсдэг ч сайн мэдээний дагуу амьдрахыг хичээх нь харилцаа холбоог хүндрүүлэх үе бий. Зарим бэрхшээл нь гэр бүлд түгээмэл тохиолддог үл ойлголцол, маргааны улмаас үүсдэг. Гэхдээ эрүүл харилцаатай гэр оронд хүмүүс муухай зан авир гаргасан бол уучлал гуйж, хөндийрсөн харилцаагаа засаж залруулдаг бол эрүүл бус нөхцөлд хүчирхийлэл, зүй бус харьцаа хэвшил болдог байна.

Гэр бүлийн хүчирхийлэл ба сайн мэдээ

“Та нар цэвэр эмзэг эхнэрүүдийнхээ зүрхийг эмтэлж, хүүхдүүдийнхээ итгэлийг алдсан” (Иаков 2:35).

Хүчирхийлэл нь зовоох эсвэл хянах зорилготой үйлдлүүдээс бүрддэг. Энэ нь үл тоомсорлох, зальхай аргаар удирдах, хэл амаар шүүмжлэх, бие махбодын болон бэлгийн хүчирхийлэл зэрэг төрөл бүрийн зан үйлээс бүрддэг.1 Харамсалтай нь хүчирхийлэл үйлдэх нь хэвийн үзэгдэл болсон бөгөөд зарим эрдэмтэн дэлхий дээрх хүүхдүүдийн дөрөвний нэгтэй нь бие махбодын болон бэлгийн мөн сэтгэл санааны хувьд зүй бус харьцдаг хэмээн тооцоолжээ.2 Түүнчлэн насанд хүрэгчдийн дунд хохирогчдын хувь хэмжээ өндөр байгаа ба ойролцоогоор 4 эмэгтэй тутмын 1 нь, 10 эрэгтэй тутмын 1 нь эхнэр, нөхрийнхөө бие махбодын хүчирхийлэлд өртдөг байна.

Хүчирхийлэл ямар ч харилцаан дээр гарч болох бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь хүчирхийлэгч байж болно. Гэхдээ эрчүүд эрхшээлдээ байлгах, бие махбодын болон бэлгийн ноцтой хүчирхийлэл учруулах магадлал өндөр байхад, эмэгтэйчүүд нөхрөө айлган сүрдүүлж, дарангуйлж эсвэл маш олиггүй муухайгаар доромжлон гутаах магадлал өндөр байдаг.3

Хүчирхийлэл нь гэмтэн, хохирогчийн аль алиных нь бодгальд хор хөнөөлтэй бөгөөд Аврагчийн сургаалтай харшилдаг. Орчин үеийн бошиглогчид “хань ижил, үр хүүхэдтэйгээ зүй бусаар харьцсан … хүн хожмын нэг өдөр Бурханы өмнө өчиг мэдүүлэх болохыг”4 мэдэгдсэн. Хүчирхийлэгчид ихэвчлэн сайн мэдээний зарчмуудыг үл тоомсорлодог эсвэл өөртөө ашигладаг. Жишээлбэл, би нөхөр нь сэтгэлийн хөөрөлд автан хадгаламжийнхаа мөнгийг мөрийтэй тоглоомд алдсан нэг хосод зөвлөгөө өгч байсан. Гэхдээ тэр уучлал гуйхын оронд эхнэрээ өөрийг нь өршөөхийг мөн өршөөж уучлахгүй байснаар “илүү том нүгэл” үйлдэж байна гэж дарамталсан юм. Тэр эхнэрийнхээ зовлонг үл тоон, өөрийгөө Бурханы өмнө зөвт байсан бөгөөд тийм биш байсан аваас ариун сүмийн ажилтан байхгүй байх байсан гэж хэлжээ. Эхнэр нь Сүмийн удирдагчидтай ярилцахад, нөхөр нь итгэлийг нь алдсан үйлдлээ юмны чинээ бодоогүйгээр барахгүй, эхнэрээ асуудлыг дөвийлгөсөн мөн сэтгэл гутралд орсон гэж хэлсэн байв. Нөхөр нь “… хүндэтгэл, хайр, энэрлийн зарчмыг” 5 үгүйсгэж, эхнэртэйгээ зүй бусаар харьцаж байлаа. Эхнэрийнх нь сайн мэдээний зарчмуудын дагуу амьдрахын тулд гаргаж буй хүчин чармайлт нөхрийнх нь үүсгэж байсан асуудлыг шийдвэрлэж чадахгүй байв. Бидний хэн нь ч эрүүл бус зан харьцаанд бууж өгч болно. Бүх төрлийн хүчирхийллийн хувьд нийтлэг шинж чанарууд байдаг бөгөөд эдгээр нь хэр хүнд, хэр олон давтамжтай байна, төдий чинээ харилцаа нь эрүүл бус байх болно. Өөртөө болон бусдад байгаа эрүүл бус зан байдлыг танихад туслах хүчирхийллийн нийтлэг таван шинжийг дурдав.

Зураг
sad little girl

1. Харгис байдал

“Тэдний хоолой нь онгорхой булш юм. Тэд хэлээрээ зусарддаг: …Тэдний аманд хараал болон гашуун үг дүүрэн аж” (Ром 3:13–14).

“Тусламж хэрэгтэй болсон юм байх даа” гэж шоолж байсан эхнэрийнхээ хүслийг үл тоон, нэгэн эр эмчилгээ хийлгэхээр надтай ирж уулзсан юм. Сүм дээр эхнэр нь найзархаг, шүтлэг бишрэлтэй нэгэн байсан боловч гэртээ хүйтэн хөндий, дээрэнгүй болдог байв. Тэрээр түүний орлогыг шүүмжилж, багшийн мэргэжлийг нь “охидын ажил” гэж нэрлэдэг байж. Бас тэр хүүдээ “Аав шигээ ноомой амьтан болохгүй байх гэж найдаж байна” гэж хэлэн, бас өдөр бүр ээжтэйгээ утсаар ярьж, тэд нөхрүүдээ элдвээр муулдаг байжээ. Шүүмжилдэг хүмүүс өвтгөн зовоож байгаагаа зөвтгөж, “бусдыг зовоход дурладаг” (Сургаал ба Гэрээ 121:13). Гэр бүлийн ийм гишүүд дорд үзэж, жигшиж байгаагаа харуулан, элдэв нэрээр дуудсанаар “бүү шүү,” “бүү ялла” (Лук 6:37) гэсэн Есүсийн зарлигуудыг зөрчдөг.

2. Хууран мэхлэх

“Та худалч сүнсэнд эзэмдүүлэгдэж, … Бурханы Сүнсийг та холдуулжээ” (Алма 30:42).

Гэмт этгээдүүд үйлдлийнхээ үр дагаврыг багасгаж, бусдыг буруутган, үгийг мушгидаг тул хүчирхийлэлд хууран мэхлэх явдал түгээмэл байдаг. Энэ нь хохирогчдыг гайхшируулдаг бөгөөд миний судалгаанд оролцсон нэг хүний хэлсэнчлэн “[Нөхөр маань] уурлаж, уучлалт гуйсан дүр үзүүлчхээд дараа нь ‘Энэ чинь чиний л буруу’ … гэж ахин дахин хэлэхэд нь би итгэж эхэлсэн”6 гэж тайлбарлаж билээ. Бусдын бодит байдлыг үгүйсгэхийг газлайтинг буюу хүнд хэлбэрийн сэтгэл санааны хүчирхийлэл гэж нэрлэдэг бөгөөд энэ нь хохирогчдыг өөрсдийн дурсамж, үзэл бодолд эргэлзэж, итгэлгүй болоход хүргэдэг. Бусад хууран мэхлэх арга хэлбэрийн нэгэн адил газлайтинг нь хэлсэн ярьсныг гуйвуулж, худал хуурмаг зүйлээр халхлахад ашигладаг.

Бусдыг хүчирхийлдэг хүмүүс бусдыг зовоож байгаагаа хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, ихэнхдээ өөрсдийгөө хохирогч мэтээр ярьдаг. Жэнна эцэг эхийг нь шүүмжлэхэд дургүй байгаагаа Жэйкэд илэрхийлэхэд тэр уурлаж, өөрийг нь “доромжилж байна” гэж улайм цайм гүтгэжээ. Жэйк “өөрсдөө дуулгаваргүйн хүүхдүүд учраас зөрчлийг хашгирдаг” (Сургаал ба Гэрээ 121:17) тэдний нэг байв. Тэрээр худал түүхээ бусдад ярихаас гадна үнэнд өсөрхөж байлаа.7

Зураг
man with head in hands

3. Шалтаг

“Өөрийн алдаанууд хийгээд өөрийн үйлдсэн бурууг хүлээхийг буюу” (Алма 39:13).

Даруу хүн бусдыг гомдоосондоо харамсаж, наманчлан, өмнө нь байснаасаа сайжирдаг. Хүчирхийлдэг хүн бол ухамсрын дуудлагыг шалтаг тоочин, үл тоомсорлож, эсэргүүцдэг. Судалгааны маань нэг оролцогч “Бие махбодын хувьд хүчирхийлэх нь аймшигтай санагддаг байсан ч тэр амаа тагласан бол ийм зүйл болохгүй байх байсан гэж би дараа нь боддог байв” хэмээн дурдсан юм. Түүний “харуусал Бурханы сайн сайхны улмаас наманчлалд хүргэсэнгүй]” (Мормон 2:13). Харин ч оронд нь тэр уурлан хилэгнэж, буруушаах замаар үл ойшоож байлаа.

Эмчилгээний үеэр би нэг удаа эхнэрт нь олон жилийн туршид нөхрөө шүүмжилсэндээ бурханлагаар гашуудаж байгааг нь огтхон ч харж байгаагүйгээ хэлсэн юм. Үүний хариуд тэр харамсахын оронд уурлан, “Сайн байна, миний хийх хэрэггүй өөр нэг зүйл гарч ирлээ!” гэж билээ. Хүчирхийлэгчид хариуцлагаас татгалзаж, хэт эмзэг, өөрийгөө хамгаалдаг болдог. Тэд өчүүхэн жижиг зүйлд амархан гомддог.

4. Бардам зан

“Даруугаар бие биенээ өөрөөсөө дээр гэж үз” (Филипой 2:3).

Бардамналд эрх ямба, амин хувиа хичээх үзэл ордог. Нэг эр эхнэр, хүүхдүүдээ “өөрийг нь үл тоомсорлож байна” гэж бодох бүрдээ тэднийг аашлан загнадаг байв. Хэрэв тэдний санаа бодол өөрийнхтэй нь нийцэхгүй бол тэднийг өөрийг нь “дорд үзэж” эсвэл өөрт нь “дуулгаваргүй байна” гэж үздэг байжээ. Бардамнал бол түрэмгийлэл бөгөөд эрх мэдэлд болон ялан дийлэхэд төвлөрдөг. Эсрэгээрээ, эрүүл харилцаатай гэр бүл бол хамтран нэгдэж чаддаг, зөв шударга байдалд тэнцвэртэй байдаг, бүх гишүүн нь хамтран ажилладаг бөгөөд гишүүд нь “нэг нэгэнтэйгээ шударгаар харьц[даг]” (4 Нифай 1:2). Эхнэр, нөхөр хоёр эн тэнцүү хамтрагчид байж,8 аль аль нь үг хэлэх эрхтэй, бүх л санал бодол үнэлэгддэг байх ёстой.

5. Хяналт

“Харин бид … хүмүүний үрсийг хянах, эзэгнэх, эсвээс албадахад, … тэнгэр өөрийгөө татан авдаг буюу” (Сургаал ба Гэрээ 121:37).

Хэдийгээр бид сонгох эрхийг үнэлдэг ч гэр бүлийн гишүүд бие биедээ бодол, мэдрэмж, үйлдлээ тэр болгон хэлээд байдаггүй нь гайхмаар. Зарим нь бүр айлган сүрдүүлэх, ичээх, хайрлахаа болино гэх, заналхийлэх зэрэг арга замаар хянаж барих гэдэг. Нэг нөхөр эхнэрээ өдөр бүр тодорхой цагт өглөөний цай бэлдэж өгөх, бэлгийн тодорхой хүслүүдийг нь хангах мөн түүнийг хэрхэн сайжруулах талаарх “санааг” нь сонсохыг хатуу шаарддаг байжээ. Тэр эхнэрээ мөнгөө яаж зарцуулахыг нь хянадаг байсан ба мессежид нь хурдан хариулахгүй бол уурладаг байв.

Өсвөр насны охиноо гуниглахад эсвэл ээжийнхээ тавьсан жишигт хүрэхгүй байгаад нь байнга сэтгэл дундуур явдгаа өөр нэгэн ээж илэрхийлсэн юм. Хэрэв хүлээж байсан үр дүнд нь хүрэхгүй байх юм уу нөхөр нь санаа зовж байгаагаа илэрхийлэхэд тэр дуугаа хурааж, бүх хүнтэй хүйтэн хөндий харьцдаг байв.

Зураг
holding hands

Найдвар ба эдгэрэлт

“Би чиний залбирлыг сонсож, нулимсыг чинь харлаа. Үзэгтүн, Би чамайг эдгээнэ” (2 Хаад 20:5).

Хүчирхийлэл нь эмгэнэлтэй зүйл ч өөрчлөгдөх боломж үргэлж байдаг. Хохирогчид сүнслэг болон мэргэжлийн эх сурвалжид хандаж, шархаа эдгээхийн тулд Аврагчийн Цагаатгалын хүчийг эрэлхийлж болно. Тусламж авахын тулд abuse.ChurchofJesusChrist.org руу орно уу.

Хүчирхийлэлд өртсөн хүмүүс наманчилж, тусламж хүсэх ёстой. Энэ нь “даруу байдлын гүн уруу ирэх” (3 Нифай 12:2), өөрсдийн гаргасан зан байдалд бүрэн хариуцлага хүлээхийг шаарддаг. Өөрчлөлт нь богино хугацааны амлалт, өнгөцхөн хүчин чармайлт гаргахаас илүү их зүйлийг шаарддаг. Гүн гүнзгий наманчлалын сэтгэлийн зовиур хүнд бөгөөд зарим нь үүнийг хийхэд бэлэн байдаггүй тул хохирогчдыг өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай хэцүү шийдвэр гаргахад хүргэдэг.9

Тэнгэрлэг Эцэг маань охиныхоо тухай надтай утсаар ярьсан нэгэн зовж шаналсан аав шиг бидэнд санаа зовдог. Бурханы хайр бол “үүрд мөнхөд мэт үлэмж” (Мосе 7:41) бөгөөд хүүхдүүд нь нэг нэгнээ зовоож байгаад маш их гашууддаг. Енохтой хийсэн намуухан зөөлөн яриандаа Тэр уйлдаг. “Өөрийн эдгээр ахан дүүсийг болгоогтун; тэд бол миний гарын бүтээл билээ, … Мөн тэд бие биенээ хайрлах … ёстойг … зарлиг өгсөн билээ, гэвч болгоогтун, тэдэнд хайрлах сэтгэл алга, мөн тэд өөрсдийнхөө цусан төрлийнхнийг үзэн яддаг” (Мосе 7:32–33). Бие болон сүнс шархлахад тэнгэр ба газар уйлдаг билээ. Гэсэн хэдий ч даруу байдал, Бурханы хүч, шаардлагатай бол мэргэжлийн хүний тусламжтайгаар хор хөнөөлтэй зан авирыг дарж, сайн сайхан, аюулгүй, хайрын орчинг гэр орондоо бий болгох боломжтой.

Эх сурвалж

  1. Бие махбодын хүчирхийллийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг abuse.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү. Бэлгийн хүчирхийлэл, дайрч доромжлох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Benjamin M. Ogles, “Agency, Accountability, and the Atonementof Jesus Christ: Application to Sexual Assault” (Brigham Young University devotional, Jan. 30, 2018), speeches.byu.edu; and Chieko N. Okazaki, “Healing from Sexual Abuse”(Brigham Young University conference, Oct. 23, 2002)-ээс авна уу.

  2. Maryam Ajilian Abbasi, Masumeh Saeidi, Gholamreza Khademi, Bibi Leila Hoseini, Zahra Emami Moghadam, “Child Maltreatment in the World: A Review Article,” International Journal of Pediatrics, vol. 3, no. 1 (2014), 353–365-ыг үзнэ үү.

  3. Hamby, S., “Current controversies: Are women really as violent as men? The ‘gender symmetry’ controversy,” in Claire M. Renzetti, Jeffrey L. Edleson, and Raquel Kennedy Bergen, Sourcebook on Violence Against Women, 3rd ed. (2018), 78–82-ыг үзнэ үү.

  4. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, May 2017, 145; мөн abuse.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

  5. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”

  6. Jason B. Whiting, Megan Oka, and Stephen T. Fife, “Appraisal distortions and intimate partner violence: Gender, power, and interaction,” Journal of Marital and Family Therapy (2012), suppl: 1:113–49.

  7. Үнэнийг эсэргүүцэх талаар өгүүлсэн судруудын бусад жишээг Иохан 3:19–21; Үйлс 7:54; 2 Нифай 1:25–26; мөн 2 Нифай 4:13-аас үзнэ үү.

  8. Эрх тэгш байдлын тухай сургаал, гэрээний харилцаатай холбоотой авч үзвэл зохих асуултуудын талаарх нэмэлт мэдээллийг авах бол “The Family: A Proclamation to the World”; see also H. Burke Peterson, “Unrighteous Dominion,” Ensign, July 1989, 6–11-ийг үзнэ үү.

  9. Хүчирхийлэлд байгаа хүмүүст өөрсдийгөө болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хамгаалах мөн хил хязгаар тавьж, дээрэнгүй хүмүүстэй харилцах харилцаагаа хязгаарлах талаар сонголт хийх шаардлага ихэвчлэн тулгардаг. Ерөнхийлөгч Жэймс И.Фауст (1920–2007) “хүмүүний хувьд хувь хүний үнэ цэнийг гишгэлдэг сунжирсан, аврах боломжгүй харьцааны” (“Enriching Your Marriage,” Liahona, Apr. 2007, 3) хавханд орсон хүний ийм хүнд хэцүү нөхцөл байдлын талаар ярилцжээ; мөн нэмэлт мэдээлэл, санаа авах бол Сүмийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх вэбсайт дээрх “Help for Victims” хэсгийг үзнэ үү.