2020
Би бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан ч хэрхэн эдгэрсэн тухай
2020 оны 10-р сар


Би бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан ч хэрхэн эдгэрсэн тухай

Би хар дарсан зүүд мэт амьдралыг туулсан. Хамгийн харанхуй цаг үед ч гэсэн Аврагчид найдаж болно гэдгийг би сүүлд олж мэдсэн.

Зураг
silhouette of girl

Гэрэл зургийг Getty Images-ээс авав. Үүнийг үзүүлэнгийн зорилгоор, загвар үзүүлэгчдийн оролцоотой авсан болно.

Намайг долоохон настай байхад ээж минь дахин гэрлэснээр миний хар дарсан зүүд эхэлсэн юм. Хойд эцэг маань бидэнд маш их таалагддаг байлаа. Тэр ааш зан сайтай, гэр бүлийнхэнтэй маань хэл амаа сайн олдог байв. Түүний дэргэд надад аюулгүй мэт санагддаг байлаа. Бусад бүх хүн завгүй байсан нэгэн өдөр тэр намайг бэлгийн замаар хүчирхийлэх хүртэл бүх зүйл сайхан байв.

Тэр надад яг ямар зүйл хийснийг би ухааран ойлгоогүй. Би айж, эргэлзэж, ихэд ичиж байсан. Гэвч би хэн нэгэнд хэлэхээс маш их эмээж байлаа. Үүнийг хэлэх юм бол манай гэр бүлд дахин ирсэн аз жаргалыг үгүй хийхээс гадна хэн ч надад итгэхгүй гэж би бодсон юм. Тиймээс би дуугүй өнгөрөхөөр шийдэв.

Тэр намайг тэр үед ганцхан удаа өвтгөсөн ч хүчирхийллийн талаарх дурсамж надтай үүрд үлдсэн юм. Яваандаа хэн нэг нь миний зовлонг нэвт шувт олж харж, нууцыг минь мэдчих вий гэсэн айдас маань лавширч, би бүр хойд аавтайгаа сайн найз болох замаар үнэнийг нуухыг хичээж билээ. Тэр надад бусдаас илүү эелдэг ханддаг байсан ба би ч удалгүй түүнд сайхан ханддаг болов.

Харин удалгүй асуудал бүр хүндэрсэн юм. Ээжийг шөнийн цагаар ажиллах үеэр хойд эцэг маань намайг байнга хүчирхийлдэг болов. Би арга мөхөстөж байлаа. Би хэлэх гэсэн ч хойд эцэг маань олон хүнд таалагддаг тул хүн бүр түүний талд орно гэж бодож байж билээ. Тиймээс шөнийн цагаар ганцаар үлдэхдээ би Бурханаас миний нууцыг хадгалж өгөөч гэж гуйдаг байв.

Амаа нээсэн нь

Нэг л өдөр хүчирхийлэл зогсов. Яагаад гэдгийг би мэдсэнгүй. Хэдийгээр тэр намайг зовоохоо больсон ч надад үргэлж бохир заваан мэдрэмж төрж, ичгүүртэй байдаг байлаа. Би өөрийгөө үзэн яддаг байв. Бүр заримдаа надад ингэж амьдарч байснаас үхвэл дээр гэж ч бодогддог байлаа. Хэдийгээр би хэлье гэж бодсон ч үнэнийг хэлснээр юу болохоос айдаг байв.

Харин 14 настай байхад маань нэгэн ням гарагт шийдвэр гаргах тухай нэгэн хичээлийг би сонссон юм. Багш маань биднийг мацаг барьж, залбирахад урамшуулаад, зөвийг хийх юм бол Бурхан хүчирхэгжүүлнэ хэмээн амлав. Сүмийн дараа түүний хэлсэн үг санаанаас гарахгүй байлаа. Хэрэв би Бурханаас гуйвал Тэр үнэхээр надад амаа нээхэд туслах болов уу гэж бодов.

Маргааш нь би хүчирхийллийн талаар ээждээ хэлэх зүрх зориг хайрлаач хэмээн мацаг барьсан юм. Ээж хэрхэн хандах бол гэсэн бодол толгойноос салахгүй байсан тул би хичээл дээрээ анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байлаа. Гэртээ ирэх үед миний дотор муухайрав. Би дахин хүч чадал өгөөч хэмээн залбирсан ч түүнд хэлэхэд бэлэн биш байна гэж бодсон юм.

Тэр орой би ээжийг хоол хийж байхад дөхөн очлоо. Би юу гэж хэлэхээ мэдэхгүй байсан ч түүний нүд рүү харах үед цаанаасаа ярих зориг орж ирэв. Ярьж эхлэнгүүт олон жилийн туршид нууж байсан бүхэн маань урсан гарлаа.

Ээж бид хоёр буйдан дээр суугаад, хамт уйлав. Дараа нь салбарынхаа ерөнхийлөгчтэй холбогдож, цагдаагийн газар луу утасдсан юм. Хойд эцэг маань үйлдсэн хэргийнхээ үр дагаврыг амсаж, харин би дахин хэзээ ч түүнийг харахгүйгээр, өөрт хэрэгтэй байсан хамгаалалтаа авсан юм.

Зураг
actor portraying Jesus

Эдгэрэлтэд хүрэх зам

Тухайн үед өөрт тохиолдсон явдлыг хууль сахиулах албаныханд ярих мөн найзууд маань хойд эцэгийг маань хаашаа явсныг асуух хүнд байсан ч гэр бүлийнхээ тусламж дэмжлэгийн ачаар би ганцаардахгүй болсон байлаа. Бид хамтдаа “Надад хүч өгөгч Түүгээр би бүгдийг хийж чадна” (Филиппой 4:13) хэмээх гэр бүлийн шинэ урианы дагуу нягтран ойртсон юм. Хамаатан садан маань мөн хайраа харуулан, тусалж дэмжсэн ба цаг хугацаа өнгөрөх тусам бид хамтдаа эдгэрч эхэлсэн.

Ээж бид хоёр хоёулаа мэргэжлийн хүний зөвлөгөөг авсан бөгөөд энэ нь үнэхээр их тусалсан! Миний зөвлөх яг надад хэрэгтэй хүн байв. Тэр надад мэдрэгдэж байгаа бүх сэтгэл хөдлөлийг ойлгоход тусалсан бөгөөд муу дурсамжаа даван туулахад тусалсан. Би хэчнээн их зовж шаналж байснаа ухаардаггүй байснаа мэдэж, өөрийгөө дахин эрүүл саруул болж байгааг мэдрэх болсон юм.

Хэдийгээр амаа нээснээр зовлон маань алга болно гэдэгт би итгэхгүй байсан ч эдгэрэхэд ийм их цаг хугацаа (тэсвэр тэвчээр) шаардагдана гэдгийг ч бас мэдэхгүй байлаа. Би өөрийгөө урт удаан хугацааны туршид үнэ цэнгүй гэж бодож явав. Би өөрийгөө дахин хайрлаж сурсан.

Аврагч, Тэнгэрлэг Эцэг хоёрт хандсанаар би хамгийн их хэрэгтэй байсан амар амгаланг олж авсан юм. Сэтгэл дотор минь ямар байгааг Тэд тодорхой гэгч мэдэж байсныг ухааран ойлгосон явдал надад хүч чадал, итгэл найдвар өгсөн. Хамгийн харанхуй цаг мөчдөө би Тэдэнд тулгуурлаж байсан. Цаг хугацаа өнгөрснөөр муу дурсамж бүдгэрэн алга болж, Аврагчийн хайраар дамжуулан би жинхэнэ амар амгаланг мэдэрсэн юм.

Эдгэрэх үйл явцын хамгийн урамтай хэсэг бол надад ирээдүй байгаа юм байна гэдгийг ухааран ойлгосон явдал байв. Хүчирхийлэлд өртөж байхдаа би өөрийгөө энгийн амьдралаар амьдарна гэж төсөөлж ч байгаагүй. Би өөрийгөө эргэлт буцалтгүй эвдэрсэн гэж бодож байсан. Гэхдээ тусламж, эдгэрэх явцаар дамжуулан ирээдүйд хүсэн хүлээх зүйл надад байгаа гэдгийг би олж мэдсэн билээ. Би зовж шаналж яваа өөр охидод өөрийн түүхийг ярьж эхэлсэн ба бүр номлолд үйлчлэхээр шийдсэн. Гэрчлэлээ бусадтай хуваалцах нь намайг хүчирхэгжүүлсэн.

Хойд эцгийн маань надад хийсэн муу зүйл миний хэн болохыг тодорхойлохгүй. Тэр миний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн ч би өөрийн туршлагыг бусдад туслахын тулд ашиглах болсон юм. Зарим өдөр хэцүү байдаг ч энэ бүх явцад Их Эзэн намайг хүчирхэгжүүлсэн бөгөөд цаашид ч надад тусална гэдгийг би мэднэ. Би хохирогчоос ялагч болон гарч ирсэн.