2020
Порнографыг ялан дийлэхэд туслах долоон зөвлөмж
2020 оны 10-р сар


Залуучуудад зориулав

Порнографыг ялан дийлэхэд туслах долоон зөвлөмж

Зохиогч нь АНУ-ын Ютад амьдардаг.

Порнограф үзэх муу зуршлаа ялан дийлэхийг хичээж буй ганц бие залуучуудтай ажиллаж байхдаа би танд тус болж болох зарим зөвлөмжийг мэдэж авсан юм.

Зураг
flow chart

Модон дүрсийн зургийг Getty Images-ээс авав.

Ганц бие залуучуудын тойргийн шинэ бишопоор томилогдоход оффисын маань үүдэнд надтай уулзахаар залуучууд дугаарласан байлаа. Эхнийхээ ярилцлагаар юу авч хэлэлцсэнийг таа даа?

Порнограф.

Харин дараагийн гурван жилийн туршид муу зуршлаа ялан дийлэхэд нь залуучуудад туслахыг хичээх нь дуудлагын маань томоохон хэсгийг эзэлж байсан тул би энэ талаар боломжийнхоо хэрээр судлах хэрэгтэй юм байна гэдгээ мэдсэн юм. Би мацаг барьж, залбирч, ариун сүмд очиж, бусад удирдагчтай зөвлөлдөж, бүх боломжтой эх сурвалжийг судалж, донтолтоос ангижрах ангиудад сууж, ангижрахаар ажиллаж байгаа хүмүүсээс суралцаж байлаа. Би өөрийн сурч мэдсэн зарим итгэл найдвар өгөх бодол санаанаасаа хуваалцъя.

1. Та бол таныг хайрладаг Тэнгэрлэг Эцэг Эхийн хүүхэд гэдгийг мэд

Хэрэв та муу зуршлаа ялан дийлэхээр ажиллаж байгаа бол асуудлаа шийдэхээс нааш хайраас хүртэх эсвэл тусламж авах зохисгүй гэж боддогоосоо болж Тэнгэрлэг Эцэгээс хол байсан нь дээр гэж үзэж байж болох юм. Сатан чухам үүнийг ашиглан, порнографаас өөрийн хүчээр салж, зөвхөн салсан тохиолдолд л хайраас нь хүртэх зохистой болно хэмээх үзэл санааг ашиглан, хайрладаг бүх хүнээс тань таныг холдуулахыг хүсдэг.

Бурханлаг мөн чанартай тул та порнографыг ялан дийлэхийн тулд Тэнгэрлэг Эцэгээс итгэл найдвар, сүнслэг өдөөлт, хувийн илчлэлт хүлээн авах, Есүс Христийн эдгээгч хүчээс ямар ч үед хүртэх зохистой.1 Тэднээс эсвэл таныг хайрладаг хүмүүсээс бүү холд.

2. Ичгүүрээс сал

Ичгүүрээс салах нь порнографыг ялан дийлэхэд амин чухал. Ичгүүр гэж өөрийгөө согогтой, эвдэрсэн, муу хүн гэж бодохыг хэлнэ. Өөрийн талаарх эдгээр муу бодолд итгэх нь үнэндээ таныг донтолтын урхинаас гаргалгүй барьдаг. Хийсэн зүйлдээ харамсах нь наманчлах үйл явцын нэгэн хэсэг бөгөөд зан байдлаа өөрчлөхөд тань тусална. Харин ичгүүр таныг өөрийгөө бүхэлдээ муу бөгөөд Аврагчаас тусламж авах эрхгүй гэж бодоход хүргэдэг.2

Тэнгэрлэг Эцэг таныг Есүс Христэд болон Түүний Цагаатгалын адислалуудад бүрэн итгэж найдаасай хэмээн хүсдэг. Ичгүүр таныг худал үг, өөрийгөө үзэн ядах бодлын эргүүлгээс гаргалгүй арагш чангаадаг. Ичгүүрийн замаас хол яв.

3. “Донтолт” гэдэг үгийг юуны түрүүнд бүү хэрэглэ

Олон хүн өөрийгөө порнографт “донтсон” гэдэг. Өөртөө ийн буруу нэр хоч өгөхөөс зайлсхийхийг би танд анхааруулж байна. Порнографын асуудалтай ихэнх залуу үнэн хэрэгтээ донтоогүй байдаг.3 Харин энэ нэршлийг буруугаар ашиглахад ичгүүр, итгэл найдвараа алдах, өөрийгөө үзэн ядах явдал дагалдан гарч ирдэг тул порнограф үзэхээ болих явцыг хүндрүүлж магад.

4. Урьдчилан сэргийлэх хувийн төлөвлөгөө гарган бич

Урьдчилан сэргийлэх хувийн төлөвлөгөө бол порнографыг ялан дийлэхэд тань туслах гурван хэсэг бүхий баримт юм.

1-р хэсэг: Сэдэл төрүүлдэг зүйлсээ жагсаан бич. Сэдэл төрөх нь порнограф үзэхэд түлхдэг эргүүлгийн эхний алхам юм.

Хэд хэдэн төрлийн сэдэл байдаг. Үүнд:

  • Орчин: Өмнө нь төрдөг байсан бодол эсвэл зан байдлын (ижил өрөөнд эсвэл өдрийн тодорхой цагт байх гэх мэт) улмаас сэдэл төрүүлдэг орчин

  • Стресс, сэтгэлийн түгшүүр, ганцаардал, эмгэнэлт үйл явдал: Эдгээр мэдрэмжээс салж, дарахын тулд порнограф үзэх сэдэл төрүүлдэг хүнд мэдрэмж эсвэл нөхцөл байдал

  • Үзэж харах зүйлс: Порнограф биш ч, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, кино, гэрэл зураг гэх мэтээр дамжуулан сэдэл төрүүлдэг энгийн зүйлс

2-р хэсэг: Сэдэл төрүүлдэг зүйлсийг багасгах төлөвлөгөө гарга.

Жишээлбэл: хэрэв танд шөнийн цагаар сэдэл төрүүлдэг орчин бүрддэг бол унтахаасаа 30 минутын өмнө утсаа унтрааж эсвэл өрөөндөө утасгүй унтах нь тустай. Хэрэв порнограф нь хүнд хэцүү мэдрэмжээс салахад тусалдаг бол эдгээр сэтгэлийн хөдөлгөөнтэй илүү сайн тэмцэх арга зам ол. Дасгал хийх, эм уух нь стресс, сэтгэлийн түгшүүрээ бууруулахад туслах уу? Найз нөхөдтэйгөө гадуур гарах эсвэл институтийн ангид бүртгүүлэх нь ганцаардлаас салахад туслах уу? Ямар асуудалтай байгаагаа мөн ямар сонголт тус нэмэр болох талаар бодож үз.

Түүнчлэн сүнслэг арга хэрэгслийг дутуу үнэлж болохгүй. Залбирах, судраас суралцах, үйлчлэх, сүмд болон ариун сүмд орох зэрэг нь сэдлүүдийг багасгах, хүчтэй байхад танд туслах амин чухал хүчирхэг хэрэгслүүд юм.

3-р хэсэг: Сэдэл төрөх үед юу хийхээ төлөвлө. Сэдэл төрүүлдэг зүйл бүрд зориулан олон шатлалтай төлөвлөгөө гаргаж бич.

Жишээлбэл, сэдэл төрөх үед та утсаа шууд унтраах, хэн нэгэн рүү мессеж бичих эсвэл ярих, гарч алхах юм уу дасгал хөдөлгөөн хийх, Мормоны Номоос унших эсвэл бодлоо өөр зүйлд хандуулахад туслах ямар нэгэн зүйл хийж болно.

Өөрт тохирох алхмуудаа бичиж тэмдэглэ! Заримдаа сэдэл төрүүлдэг зүйлс нь урьдчилан сэргийлэх алхмуудыг хийгээгүй байхад өөрөө тэгсхийгээд өнгөрдөг. Гэхдээ таны хийх алхмууд яг хэрэгтэй цаг мөчид таныг татаж гаргана. Сэдэл төрүүлдэг зүйлээс холдож чадсан бол урьдчилан сэргийлэх төлөвлөгөөн дээрээ юу танд тусалсан мөн дараа дараагийн удаа үр дүнтэй байлгахын тулд юуг өөрчлөхөө бичиж шинэчил. Өдөр бүр харж болох газарт байрлуул.

Зураг
flow chart part 2

5. Бүдрэх, хуучин байдалдаа эргэж орох гэсэн хоёр ойлголтыг ойлго

Бүдрэх гэдэг нь бүдэрч унасан ч хурдан хэвэндээ орж, энэ туршлагаа урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгөө сайжруулахад ашиглахыг хэлнэ. Хуучин байдалдаа эргэж орох нь бууж өгөх, хэт цамаархах, тоохоо болихыг хэлнэ.

Бүдрэх нь урьдчилан сэргийлэх төлөвлөгөөгөө сайжруулахын нэг хэсэг гэдгийг мэд. Эхлүүлсэн ажил тань үр дүнд хүрсэнгүй эсвэл хийсэн зүйл тань тус нэмэр болсонгүй гэж бодох хэрэггүй. Учир нь тэдгээр нь тус нэмэр болсон. Ирээдүйгээ эергээр харж, донтолтоос салахад нэг алхам урагшилсан гэдгээ бүү март.

Бүдэрсэн бол өөрөө өөртөө дараах асуултуудыг тавь.

  • Юу тохиолдсон бэ?

  • Яагаад энэ сэдэл бусдаасаа өөр байсан бэ?

  • Сүүлийн үед та стресст орсон уу? Та сэтгэл санааны хувьд ямар байна вэ?

  • Хэсэг хугацаанд судраас суралцаагүй тань таныг сул дорой болгосон уу?

  • Сүүлийн үед та хэтэрхий их дасгал сургуулилт хийсэн үү?

  • Урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний тань зарим хэсэг тус нэмэр болохгүй байна уу?

  • Дараа нь та юуг өөрөөр хийх вэ?

Та сурч байгаа зүйлсээ бичиж тэмдэглэн, цааш үргэлжлүүлэн хичээ!

6. Аврагчийн эдгээгч хүчинд итгэ

Наманчлалын өсөж хөгжих үйл явцад Есүс Христ танд тусалж чадах бөгөөд порнографыг ялан дийлэхээр чадлынхаа хэрээр хичээх үед туслах хүч Түүнд бий. Танд ямар байгааг Тэр мэдэх бөгөөд ачааг тань хөнгөлөхөөр хүлээж байгаа. Түүнд хандах нь Түүний ачааг нэмэгдүүлж байна гэж бодох хэрэггүй. Есүс Христ таны төлөөсийг аль хэдийн төлсөн. Үүний оронд чадлынхаа хэрээр хичээж, Аврагчтай илүү ойртож, эдгэрч, хүслээ өөрчлөхөд тань тусалж, урагш явах хүч чадал өгөхийг Түүнээс хүс.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Үлиссэс Соарэс “Тулгарах бэрхшээлийг даван гарахыг үргэлж хичээх юм бол Бурхан эдгэрэх итгэлийн бэлгээр мөн гайхамшгуудыг үйлдэх бэлгээр адислах болно. Тэрээр өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй зүйлүүдийг маань бидний төлөө хийх болно”4 гэж заасан.

7. Та үүнийг ганцаараа хийх шаардлагагүй

Харилцаа холбоо, найз нөхөд тань танд бас хүч чадал өгч, амжилтад хүрэхэд тань тусална. Өөрөө өөртөө хариуцлага тооцоход тусалж, сайн ч муу ч үед тантай хамт байх хүн танд байх ёстой. Тэд таныг шүүлгүйгээр тусламж дэмжлэг үзүүлэх ёстой. Та ч гэсэн эргүүлээд тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэх ёстой. Сүмийн удирдагчдаасаа эсвэл гэр бүлийн гишүүдээсээ зөвлөгөө ав. Хэрэгтэй бол эмч юм уу сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөх таны порнографын асуудлын цаад шалтгааныг олж мэдэхэд тусалж болох юм.

Та ирээдүйд эцэг эх, удирдагч болно гэдгээ бүү март

Та нарын үеийнхэн долоо хоногийн 24 цаг порнографтай нүүр тулж байгаа анхны хүмүүс юм. Хэзээ нэгэн цагт та нарыг эцэг эх, удирдагч болох үед та нарт бусдыг энэ урхинаас холуур байлгах эсвэл татаж гарган, чиглүүлэхэд туслах илүү сайн хэрэгсэл, мэргэн ухаан байх тул энэ цаг үед энэхүү асуудал оргилдоо хүрч байна гэдэгт би итгэдэг. “Тэнгэрлэг Эцэг биднийг дэлхий рүү унаж бүтэлгүйтүүлэхээр биш, харин гайхамшигтай амжилтад хүргэхээр илгээсэн.”5

Хэдийгээр эдгээр зөвлөмж порнографыг ялан дийлэхэд тань тусалж болох ч өөр бусад эх сурвалжийг ашиглахаас бүү эмээ. Хүн бүрийн донтолтоос салах аян адилгүй. Өөрт тус болох арга замаа олоорой. Бүү бууж өг. Өдөр бүр, бага багаар хий. Та нар үүнийг хийж чадна. Та чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй (Филиппой 4:13-ыг үзнэ үү). Харин та ийн хийж чадах юм бол байх ёстой газраа очсон байх болно.

Эх сурвалж

  1. Жой Д.Жонс эгч үнэ цэн, зохистой байдал хоёрын ялгааг “Хэмжээлшгүй үнэ цэн,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 141-д тайлбарлажээ.

  2. Wendy Ulrich, “It Isn’t a Sin to Be Weak,” Liahona, Apr. 2015, 23; “Shame versus Guilt: Help for Discerning God’s Voice from Satan’s Lies” (digital-only article), Ensign, Jan. 2020-ийг үзнэ үү.

  3. Даллин Х.Өүкс, “Порнографын урхинаас мултрах нь,” Лиахона, 2015 оны 10-р сар, 52-ыг үзнэ үү. Ерөнхийлөгч Өүкс порнографт автах явдлын (1) санамсаргүй үзэх, (2) хааяа үзэх, (3) тогтмол үзэх, (4) өөрийн эрхгүй үзэх (донтолт) гэсэн өөр өөр түвшний хоорондын ялгааг тайлбарласан. Порнограф үздэг хүн бүр “донтогч” биш юм байна гэдгийг олж харах нь зүйтэй. Порнографыг ямар түвшинд үздэг байхаас үл хамааран үүнийг ялан дийлж чадна гэсэн найдвар бий.

  4. Үлиссэс Соарэс, “Загалмайгаа үүрэгтүн,” 2019 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 128-ыг үзнэ үү.

  5. Richard G. Scott, “Learning to Recognize Answers to Prayer,” Ensign, Nov. 1989, 30.