2020
Илчлэлтийн хадан дээр зогс
2020 оны 10-р сар


Илчлэлтийн хадан дээр зогс

2019 оны 1-р сарын 22-нд Бригам Янгийн Их Сургууль дээр хэлсэн “Stand Forever” үгээс авав.

Илчлэлтийн хадан дээр суурилснаар бид хамгийн чухал асуултуудынхаа хариултыг олж авч чадна.

Зураг
man standing on mountain surrounded by people yelling

Зураг чимэглэлийг Майкл Жиэкан

Хэдэн жилийн өмнө би ерөнхий эрх мэдэлтний үүрэгт ажлынхаа хүрээнд Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм, бошиглогч Иосеф Смит болон Сэргээлтийн үйл явдлын эсрэг маш олон материалыг уншиж танилцсан юм. Тэр үүрэгт ажил өөрчлөгдсөнөөр би эргэж тэр бохир шавар шалбаагтай зууралдаагүй.

Тэдгээр материалыг унших нь үргэлж намайг сэтгэл санаагаар унагадаг байсан ба уг харанхуй мэдрэмж тэр бүх эсрэг нотолгоонд хэсэгчлэн хариулахад өдөөсөн юм. Тэр өдөр бичиж тэмдэглэсэн зарим бодлоо хуваалцъя гэж би бодлоо. Хэдийгээр би эдгээрийг өөртөө зориулан бичсэн ч та нарт ч бас тус болно байх гэж найдаж байна.

Бид мөнхөд зогсох уу?

Бошиглогч Даниел сүүлчийн өдрүүдэд тэнгэрийн Бурхан “хэзээ ч усташгүй нэг хаанчлалыг байгуулах бөгөөд тэр хаанчлал бусад ард түмний гарт орохгүй. Тэр нь өнөө бүх хаанчлалыг бутлан сөнөөх боловч өөрөө мөнхөд байх юм” (Даниел 2:44) хэмээн хэлсэн.

Бурханы хаант улс бол Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм юм. Энэ нь “мөнхөд байна.” Та бид “бас явахыг хүсэж байна уу?” (Иохан 6:67) гэдэгт асуудал оршиж байгаа юм. Хэрэв бид явах юм бол хаашаа явах вэ?

Зураг
wolf in sheeps clothing

Хууран мэхлэлт бол бидний цаг үеийн тэмдэг юм

Их Эзэн Өөрийн ирэлтийн тэмдгүүдийг тайлбарлахдаа, дайнууд мөн дайны цуурхлууд, үндэстэн үндэстнийхээ эсрэг босох, энд тэндгүй өлсгөлөн хийгээд газар хөдлөлт мөн “Тэр үед [эдүгээ] хуурамч Христүүд ба хуурамч эш үзүүлэгчид гарч ирж, боломжтой бол гэрээний агуу сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэхийн тулд агуу тэмдгүүд, гайхамшгуудыг үйлдэнэ” гэх мэт өөр олон тэмдгийг дурдсан (Иосеф Смит—Матай 1:22; мөн Матай 24:24-ийг үзнэ үү).

“Боломжтой бол сонгогдогсдыг хүртэл төөрөлдүүлэх” гэснээр яг юуг илэрхийлэх гэснийг би сайн мэдэхгүй ч ямар ч байсан энэ нь бидний цаг үед хүн бүр соригдоно гэсэн утгатай болов уу.

Хууран мэхэлдэг хүмүүс олон бөгөөд хууран мэхлэх хүрээ өргөн. Нэг талаас Сэргээлт, бошиглогч Иосеф Смит болон Мормоны Ном руу дайрдаг хүмүүстэй бид тааралддаг. Нөгөөтээгүүр бид Сэргээлтэд итгэдэг ч Сүм учир дутагдалтай бөгөөд замаасаа гарсан гэж нотлох хүмүүсийг хардаг. Бусад нь Сэргээлтэд итгэдэг гэж нотлох ч өнөө үеийн өөрчлөгдөж буй хандлагатай зөрчилдөж буй сургаалд сэтгэл дундуур байдаг. Зарим нь ямар ч эрх мэдэлгүй атлаа хөлгийг удирдах, илүү өндөр замд чиглүүлэх буюу дэлхийн төгсгөлд Сүмийг бэлдэх үзэгдэл, зүүдийг харж, тэнгэр элч айлчлан ирсэн хэмээн нотолдог. Харин зарим нь худал хуурмаг сүнсэнд хууртсан байдаг.

Хүрээний нөгөө өнцөгт бид анхаарлыг сарниулдаг бүхэл бүтэн ертөнцтэй тулгардаг. Урьд өмнө нь хэзээ ч бидний цаг зав, анхаарал халамжийг хамгийн чухал гэсэн зүйлээс холдуулах ийм их зөв буруу, худал мэдээлэл, ийм их эд бараа, хэрэгсэл, тоглоом, сонголт, очих газар мөн харж, хийх зүйл байгаагүй. Энэ бүхэн болон өөр бусад олон зүйл цахим мэдээллийн хэрэгслээр дэлхийд маш хурдацтай цацагддаг. Энэ бол хууран мэхлэлтийн цаг үе юм.

Мэдлэг маш чухал

Үнэн нь бидэнд аливаа зүйлийг тов тодорхой харах боломж олгодог ба энэ нь “байгаа юмсын, байсан зүйлүүдийн, мөн ирэх зүйлүүдийн тухай мэдлэг” (Сургаал ба Гэрээ 93:24) юм. Мэдлэг бол хууран мэхлэгдэхээс зайлсхийх, үнэн, худал хоёрыг хооронд нь ялган таних, тодорхой харах, өнөөгийн аюулыг даван туулахад нэн чухал.

Бошиглогч Иосеф Смит “Мэдлэг бол амьдрал болон бурханлаг чанарт амин чухал. … Мэдлэг бол илчлэлт юм. Мэдлэг бол авралын төлөөх Бурханы хүч гэсэн энэхүү агуу түлхүүрүүдийг … сонсогтун”1 хэмээн хэлсэн.

Хүмүүс “Чи өөрийн итгэл үнэмшилд үнэнч байх ёстой” гэж хэлдэг. Хэдийгээр энэ нь үнэн ч хүн өөрийн мэддэг чаддагаас илүү гарах боломжгүй. Бидний ихэнх нь өөрсдийн итгэл үнэмшилд, ялангуяа өөрсдийн ашиг сонирхолд нийцсэн гэдэгт итгэдэгтээ үндэслэн үйлддэг. Гэвч заримдаа асуудал нь бидний буруу байдагт оршиж байгаа юм.

Зарим нь Бурханд болон порнограф муу гэдэгт итгэсэн ч арай илүү аз жаргалтай болно эсвэл энэ сайт руу орохоос өөрөөр байж чадахгүй юм уу бусдад муу юм хийсэн биш гэж ташуу бодож итгэсэндээ порнографын сайт руу ордог. Тэд буруу бодож байна.

Зарим хүн худал ярих нь буруу гэдэгт итгэдэг ба үнэнийг мэдэхгүй байх нь дээр гэж буруу бодож итгэсэндээ хааяа хааяа худлаа ярьдаг. Тэд буруу бодож байна.

Зарим хүн Есүс бол Христ гэдэгт итгэдэг, бүр мэддэг байж болох ч цугларсан олонд таалагдах нь дээр гэж үзэн, Түүнийг нэг биш, бүр гурван удаа үгүйсгэж болох юм. Петр муу хүн байгаагүй. Түүнийг сул дорой байсан гэж ч би бодохгүй байна. Тэр зүгээр л буруу бодож байсан. (Maтай 26:34, 69–75-ыг үзнэ үү.)

Бид муу үйлдэл хийхдээ өөрсдийгөө муу гэж боддог ч үнэн хэрэгтээ бид буруу бодож байсан хэрэг. Асуудал нь өөрсдийн үйлдэл, итгэл үнэмшил хоёрын хоорондын зайг арилгахад биш, харин итгэл үнэмшил, үнэн хоёрын хоорондын зайг арилгахад оршиж байгаа юм.

Бид энэ зайг хэрхэн арилгадаг вэ? Бид хууран мэхлэлтээс хэрхэн зайлсхийж чадах вэ?

Зураг
man walking up steps

Анхдагч ба хоёрдогч асуултууд

Анхдагч, хоёрдогч асуултууд гэж байдаг. Эхлээд анхдагч асуултуудад хариулж эхэл. Анхдагч асуултууд нь хамгийн чухал асуултууд юм. Хэдхэн анхдагч асуулт байдаг. Би дөрвийг нь дурдъя.

  1. Бидний Эцэг Бурхан гэж байдаг уу?

  2. Есүс Христ Бурханы Хүү, дэлхийн Аврагч мөн үү?

  3. Иосеф Смит бошилогч байсан уу?

  4. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс мөн үү?

Үүнтэй харьцуулахад хоёрдогч асуултууд дуусдаггүй. Тэдгээрт Сүмийн түүх, олон эхнэртэй байх ёс, африк гаралтай хүмүүс ба санваар, эмэгтэйчүүд ба санваар, Мормоны Номын орчуулга, Агуу Үнэт Сувд, ДНК болон Мормоны Ном, ижил хүйстэй хүмүүсийн гэрлэлт, Анхны үзэгдлийн тухай өөр өөр түүх гэх мэт.

Хэрэв та анхдагч асуултуудад хариулчих л юм бол хоёрдогч асуултууд хариулагдах ба анхдагч асуултуудын дэргэд ач холбогдол багатай юм. Анхдагч асуултуудын хариултыг авах юм бол та ойлгодог, ойлгогдохгүй мөн санал нийлж, санал нийлэхгүй байгаа зүйлээ нааш цааш үсчилгүйгээр шийдвэрлэж чадна.

Суралцах бурханлаг арга

Шинжлэх ухааны, аналитик, эрдэм шинжилгээний, бурханлаг гээд суралцах өөр өөр арга байдаг. Дөрвөн арга дөрвүүлээ үнэнийг олж мэдэхэд шаардлагатай. Тэдгээр нь бүгд нэг арга замаар буюу асуултаар эхэлдэг. Асуултууд, ялангуяа анхдагч асуултууд нь чухал юм.

Суралцах бурханлаг арга замд өөр бусад аргачлалын бүрэлдэхүүн хэсэг орсон байдаг ч тэнгэрийн хүчийг авдаг тул эцсийн эцэст бусдаас илүү байдаг. Эцэст нь Бурханы бүтээсэн зүйлсийг ихэвчлэн Бурханы Сүнсээр буюу намуухан, зөөлөн дуу хоолойгоор мэдэх боломжтой. Их Эзэн “Бурхан Ариун Сүнсээрээ тийм ээ, өгүүлшгүй Ариун Сүнсний бэлгээр дэлхий байхаас эдүгээг хүртэл илчлэгдээгүй байсан мэдлэгийг та нарт өгөх болно” (Сургаал ба Гэрээ 121:26) хэмээн хэлсэн.

Төлөөлөгч Паул бид Бурханы Сүнсээр биш бол Бурханы зүйлүүдийг мэдэж чадахгүй хэмээн заасан (1 Коринт 2:9–11; мөн Иосеф Смитийн Орчуулга, 1 Коринт 2:11-ийг үзнэ үү). Тэр “Харин төрөлх хүн Бурханы Сүнсний зүйлсийг хүлээж авдаггүй. Ийм хүнд эдгээр нь мунхаглал” хэмээсэн. Үүнийг бид өдөр бүр хардаг. Паул цааш нь “сүнслэгээр цэгнэгдэх учиртай эл зүйлсийг тэр мэдэж чаддаггүй. Яагаад гэвэл эдгээр нь сүнслэгээр үзэгддэг” (1 Коринт 2:14-ийг үзнэ үү) хэмээн хэлжээ.

Амьдралд тулгарах бүх асуудлын дунд нэг нь бусдаасаа илүү давамгайлдаг бөгөөд хамгийн бага ойлгогдсон байдаг. Хэдийгээр ядуурал, өвчин, ганцаардал, хүчирхийлэл эсвэл дайн дажин аймшигтай ч хүмүүний орж болох хамгийн муу нөхцөл биш юм. Хүмүүний хамгийн муу нөхцөл бол хамгийн элбэг тохиодог зүйл буюу сүнслэг байдлын хувьд үхмэл байх явдал билээ. Энэ нь энэ амьдралд Бурханы оршихуйгаас тусгаарлагдах явдал бөгөөд Түүний оршихуй бол Түүний Сүнс буюу хүч юм.

Эсрэгээрээ, хүмүүний хамгийн сайн нөхцөл бол эд баялаг, алдар нэр, нэр хүнд, эрүүл мэнд, хүмүүний хүндлэл, аюулгүй байдал биш ээ. Хүмүүний хамгийн сайн нөхцөл бол бурханлаг хүчээс хүртэх явдал юм. Энэ нь дахин төрөх, бүхий л мэдлэг, илчлэлт, хүч, тодорхой байдал, хайр, баяр баясгалан, амар амгалан, найдвар, өөртөө итгэлтэй байдал, итгэл болон бараг бүх бусад сайн сайхан зүйлсийн эх сурвалж болох Ариун Сүнсний бэлэг ба Түүнтэй нөхөрлөх явдал билээ.

Есүс “Туслагч буюу … Ариун Сүнс та нарт бүгдийг заа[на]” (Иохан 14:26) хэмээн хэлсэн. Энэ нь “бүх зүйлийн үнэнийг мэдэж бол[ох]” (Moронай 10:5) хүч юм. “Энэ нь [бидний] хийвэл зохих тэр бүх зүйлийг [бидэнд] үзүүлэх болно” (2 Нифай 32:5-ыг үзнэ үү). Энэ нь мөнх амьдрал руу оргилдог “амийн усны” эх булаг юм (Иохан 7:38; мөн 37-р шүлгийг үзнэ үү).

Ариун Сүнсний сүнс, хүчийг амьдралдаа хүлээн авч, хадгалан авч үлдэхийн тулд хэд ч байсан үнийг нь төлж, хүнд ч байсан ачааг нь үүрч, ямар ч золиослол шаардагдах байсан хийх хэрэгтэй. Сайн сайхан гэсэн бүхэн Ариун Сүнсний хүчийг амьдралдаа хүлээн авч, авч үлдэхээс шалтгаална.

Зураг
man surrounded by question marks

“Сэнхэрдэггүй тэр нь”

Тиймээс хэдэн жилийн өмнө сөрөг мэдээлэл уншиж байх үеэр надад мэдрэгдсэн харанхуй бүрхэг мэдрэмж юу байсан бэ? Зарим нь тэрхүү харанхуй бүрхэг мэдрэмж нь зөвхөн өөрсдийн таамаг, итгэл үнэмшилтэй нийцсэн зүйлсийг л сонгох гэсэн хүслийн өрөөсгөл хандлагын бүтээгдэхүүн хэмээн хэлж магад. Итгэж, заалгасан бүхэн нь буруу байсан, ялангуяа үүнийг нь орлох илүү сайн зүйл байхгүй гэсэн бодол яахын аргагүй харанхуй бүрхэг санагдуулж, сэтгэлийг зовоодог.

Гэхдээ бошиглогч Иосеф Смитийн болон Есүс Христийн Сүмийн Сэргээлтийн эсрэг хар бараан дуу хоолойг сонсоход надад мэдрэгдсэн тэр харанхуй бүрхэг мэдрэмж харин өөр байсан. Тэр харанхуй бүрхэг мэдрэмж нь итгэл үнэмшлийн гадуурхагдал, буруу байх вий гэсэн айдас байгаагүй. Энэ нь Бурханы Сүнс байхгүй байсанд оршиж байсан юм. Энэ нь хүн “ганцаараа үлддэг” (Сургаал ба Гэрээ 121:38) тэр нөхцөл юм. Энэ нь харанхуй бүрхэг хийгээд “дүйнгэ бодол санаа” юм (Сургаал ба Гэрээ 9:9; мөн 8-р шүлгийг үзнэ үү).

Их Эзэн ийн хэлсэн.

“Мөн сэнхэрдэггүй тэр нь Бурханаас бус бөгөөд харанхуй болой.

Бурханаас буй тэр нь гэрэл болой; мөн гэрлийг хүлээн авдаг мөн Бурханд үлддэг тэр нь илүү их гэрэл хүлээн авдаг; мөн тэрхүү гэрэл төгс өдрийг хүртэл улам улам хурц болон өсдөг” (Сургаал ба Гэрээ 50:23–24).

Бурханы Сүнснээс ирдэг илчлэлт нь зөвхөн нотолгоон дээр үндэслэгддэггүй тул итгэл үнэмшлийн өрөөсгөл хандлагыг үгүйсгэдэг. Би Их Эзэний үгийг сонсож, Түүний Сүнсийг ялган таньж, дагахын тул бүхий л насаа зориулсан. Бошиглогч Иосеф Смит, Мормоны Ном, Сэргээлтийг дайран довтлох хар бараан дуу хоолойтой холбоотой сүнс нь гэрэл, оюун ухаан, үнэний сүнс биш юм. Би бүхнийг мэдэхгүй ч Их Эзэний дуу хоолойг мэдэх бөгөөд Түүний дуу хоолой хар бараан өнгө аясгүй.

Эргэлзээнд автахад харанхуй бүрхэг, дүйнгэ бодол санаа мэдрэгддэгээс эрс ялгаатай нь Сэргээлттэй холбоотой үйл явдал, гайхалтай сургаалыг, тэр дундаа бошиглогч Иосеф Смитийн дэлхийд илчилсэн судруудыг гэрэл, оюун ухаан, амар амгалан, үнэн дагалддаг. Зүгээр л тэдгээрийг уншаад, тэдгээр нь худал, хуурмаг, эндүү ташаа үгс үү эсвэл үнэн үү гэдгийг өөрөөсөө болон Бурханаас асуу.

Та үнэнийг үгүйсгэх замаар суралцах боломжгүй

Зарим нь Сүм худал байж магадгүй гэж айсандаа өөрсдийн цаг зав, анхаарлыг хоёрдогч асуултуудын намаг дундуур хөлөө чирэхэд зарцуулдаг. Тэд үнэнийг үгүйсгэх үйл явцаар эргэлзээ бүрийг үгүйсгэх замаар суралцах гэж оролдон, алдаа гаргадаг. Энэ нь үргэлж буруу санаа байсаар ирсэн. Үүгээр хэзээ ч амжилт олохгүй.

Үнэнтэй зөрчилдсөн тоймгүй олон нотолгоо, үзэл бодол бий. Эсэргүүцсэн нэг нотолгооны хариултыг олох гэж оролдож, хайхад оронд нь өөр нэг нь гарч ирдэг. Би та нарыг санаатайгаар үл тоомсорло эсвэл хүлээн зөвшөөрөхгүй бай гэж байгаа юм биш ээ. Харин Сүмийг эсэргүүцсэн үзэл бодол бүрийн хариултыг олоход бүхий л насаа зориулснаар хамгийн чухал гэсэн үнэний мэдлэгийг олж авч чадахгүй гэж байгаа юм.

Анхдагч асуултуудын хариултыг хоёрдогч асуултуудын хариултыг авснаар олж авахгүй. Хоёрдогч асуултуудын хариулт байгаа ч сөрөг бүхнийг үгүйсгэснээр эерэг зүйлийг нотлох боломжгүй. Та эсрэг нотолгоо бүрийг үгүйсгэснээр Сүм үнэн гэдгийг нотолж чадахгүй. Энэ бол тун алдаатай арга барил юм. Эцсийн эцэст хөдөлшгүй нотолгоо байх ёстой бөгөөд Бурханы зүйлсийн хувьд хөдөлшгүй нотолгоо нь Ариун Сүнсний сүнс, хүчээр дамжин илчлэлтээр ирдэг.

Есүс Өөрийн шавь нараас ийн асуусан.

“Харин та нар Намайг хэн гэж хэлэх вэ? гэхэд

Симон Петр—Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн гэв.

Есүс түүнд хариуд нь—Ионагийн хүү Симон оо, чи ерөөлтэй еэ! Учир нь үүнийг чамд мах цус нь биш, харин тэнгэр дэх Эцэг минь илчилсэн юм.

… Чи Петр. Энэ хадан дээр Би чуулганаа босгох бөгөөд түүнийг Үхэгсдийн орны хаалга дийлэхгүй хэмээн хэлсэн” (Матай 16:15–18-ыг мөн 13–14-р шүлгийг үзнэ үү).

Есүс Христийн Сүм нь илчлэлтийн хадан дээр суурилсан бөгөөд тамын үүд үүнийг дийлэх нь үгүй. Та бид бол Сүм юм. Бид илчлэлтийн хадан дээр суурилсан байх ёстой бөгөөд хэдийгээр бид асуулт бүрийн хариултыг мэдэхгүй байж болох ч анхдагч асуултуудын хариултыг мэддэг байх хэрэгтэй. Хэрэв бид мэдэх юм бол там биднийг дийлэхгүй бөгөөд бид мөнхөд зогсох болно.

Зураг
man holding up candle

Илчлэлтийн хадан дээр зогс

Бидний мөнхийн Эцэг Бурхан тэнгэрт байдаг. Есүс Христ бол Бурханы Хүү, дэлхийн Гэтэлгэгч юм. Иосеф Смит Бурханы бошиглогч байсан ба тэр Бурханы хаант улсын Сэргээлтийн суурийг тавьсан. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм бол дэлхий дээрх Бурханы хаант улс. Би үүнийг өөрийн туршлагаар мэднэ, бүр бүхнийг мэднэ. Би үүнийг нотлох баримтаар мэдсэн бөгөөд энэ талаар асар их нотолгоо бий. Би үүнийг судалж суралцсан тул мэднэ. Хамгийн гол нь би үүнийг Ариун Сүнсний сүнс, хүчээр мэднэ.

Харин үүнтэй байснаар би үүрд зогсохын тул мэдэх ёстой бүхнийг мэднэ. Бид ялангуяа анхдагч асуултын хувьд илчлэлтийн хадан дээр зогсох болтугай. Хэрэв бид ийн зогсож чадвал үүрд зогсож, хэзээ ч холдохгүй.

Эх сурвалж

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит (2007), 325.