Бүлэг 7
(1830 оны арван хоёрдугаар сар)
Енох зааж, хүмүүсийг удирдан, мөн уулсыг хөдөлгөв—Сион хот үндэслэгдэн байгуулагдав—Енох Хүний Хүүгийн ирэлт, Түүний цагаатгагч золиос, мөн гэгээнтнүүдийн амилуулалтыг угтан харав—Тэрбээр Сэргээлт, Цугларалт, Хоёр дахь Ирэлт, мөн Сионы эргэн ирэлтийг угтан харав.
1 Мөнхүү улиран тохиох дор Енох яриагаа үргэлжлүүлэн, хэлэв: Болгоогтун, бидний эцэг Адам эдгээр зүйлийг заасан болой, мөн олон нь итгэж мөн Бурханы хүүхдүүд болов, мөн олон нь итгэсэнгүй, мөн нүглүүддээ мөхөж, мөн өөрсөд дээр нь юүлэгдэх Бурханы хилэнгийн галт зэвүүцлийг бодон, тарчлалд, айж эмээн хүлээж байна.
2 Мөн тэр цагаас хойш Енох бошиглож эхлэн, хүмүүст ийн хэлсэн буюу: Би аялж яваад, мөн Махужа нутагт зогсож мөн Их Эзэнд залбиран гуйж байхад минь, тэнгэрээс нэгэн дуу хоолой гарч хэлэв—Эргэгтүн чи, мөн Симеон уулан дээр гарагтун чи.
3 Мөнхүү улиран тохиох дор би эргэж мөн тэрхүү уулан дээр гарав; мөн би уулан дээр зогсож байхдаа тэнгэр нээгдэхийг болгоов, мөн би сүр жавхлангаар хувцаслагдсан болой;
4 Мөн би Их Эзэнийг харав; мөн тэрбээр миний нүүрний өмнө зогсож байв, мөн тэрбээр бүр нэг хүн нөгөөтэйгөө ярьдгийн адилаар, надтай нүүр тулан ярьж байлаа; мөн тэрбээр надад хэлэв: Харагтун, мөн олон үеийн цаг хугацааг хамруулан дэлхийг би чамд үзүүлэх болно.
5 Мөнхүү улиран тохиох дор Шамын хөндийд, Шамын хүмүүс болох майханд амьдардаг асан агуу хүмүүсийг би болгоож мөн харав.
6 Мөн дахин Их Эзэн надад хэлэв: Харагтун, мөн би умард зүг тийш харав, мөн би майханд амьдардаг асан Канааны хүмүүсийг харав.
7 Мөн Их Эзэн надад: Бошиглогтун хэмээв; мөн би бошиглож, хэлэв: Болгоогтун, Канааны үй олон хүн Шамын хүмүүсийн эсрэг тулалдахаар зэхэн урагш одож, тэднийг алах болно, тэгснээр тэд нь бүрмөсөн устгагдах болно; мөн Канааны хүмүүс уг нутагт өөрсдийгөө хуваах болно, мөн уг нутаг үржил шимгүй мөн үр жимсгүй байх болно, мөн Канааны хүмүүсээс өөр ямар ч хүмүүс тэнд оршин суух нь үгүй;
8 Учир нь болгоогтун, Их Эзэн уг нутгийг их халуунаар зүхэх болно, мөн үүний үржил шимгүй нь үүрдийнх байх болно; мөн Канааны бүх хүүхэд хар арьстай болгогдсон буюу, тэгснээр тэд хүмүүсийн дунд бүгдэд ад үзэгдэж байв.
9 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн надад: Харагтун хэмээв, мөн би харж, тэгээд Шароны нутаг, бас Енохын нутаг, мөн Омнерын нутаг, бас Хинайн нутаг, мөн Шемийн нутаг бас Ханерын нутаг, мөн Хананнайхагийн нутаг, бас эдгээрийн бүх оршин суугчийг болгоов;
10 Мөн Их Эзэн надад хэлэв: Энэ хүмүүс рүү очиж, мөн тэдэнд—Наманчлагтун, эс бөгөөс би гарч ирэн мөн тэднийг зүхлээр арчиж, мөн тэд үхэх болно хэмээн хэлэгтүн.
11 Мөн би баптисм хүртээх ёстой хэмээх зарлигийг тэрээр надад өгөв, Эцэгийн, мөн ач ивээл болон үнэнээр дүүрэн Хүүгийн нэрээр, мөн Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилдэг Ариун Сүнсний нэрээр бөлгөө.
12 Мөнхүү улиран тохиох дор Енох, Канааны хүмүүсээс бусад бүх хүнийг наманчлахад дуудахаа үргэлжлүүлэв;
13 Мөн Енохын итгэл машид агуу байснаас тэрээр Бурханы хүмүүсийг удирдав, мөн дайснууд нь тэдний эсрэг тулалдахаар ирэв; мөн тэрээр Их Эзэний үгийг ярьж, мөн түүний зарлигийн дагуу газар чичрэн, мөн уулс зугтав; мөн гол мөрнүүдийн ус голдрилоосоо эргэв; мөн аглаг буйдаас арслангуудын хүрхрэх нь сонсогдож байв; мөн бүх үндэстэн агуу ихээр эмээв, Енохын үг ийм хүчтэй байв, мөн Бурханы түүнд өгсөн хэлний хүч ийм агуу байлаа.
14 Түүнчлэн тэнгисийн гүнээс нэг газар гарч ирсэн ажээ, мөн Бурханы хүмүүсийн дайснуудын айдас ихэд агуу байснаас, тэд зугтаж мөн алс хол зогсон мөн тэнгисийн гүнээс гарч ирсэн газар луу явав.
15 Мөн уг нутгийн аварга хүмүүс, тэрчлэн алсад зогсож байв; мөн Бурханы эсрэг тэмцсэн бүх хүн дээр зүхэл ирэв;
16 Мөн тэр цагаас хойш дайнууд болон цус урсгалт тэдний дунд байв; гэвч Их Эзэн ирж мөн өөрийн хүмүүстэй хамт оршин сууж байв, мөн тэд зөв шударга ёсонд оршин сууж байлаа.
17 Их Эзэнээс эмээх айдас бүх үндэстэн дээр байв, өөрийнх нь хүмүүс дээр байсан Их Эзэний сүр жавхлан тийм агуу байлаа. Мөн Их Эзэн уг нутгийг адислав, мөн тэд уулсын дээр, мөн өндөр газрууд дээр адислагдан, мөн цэцэглэн хөгжив.
18 Мөн Их Эзэн өөрийн хүмүүсийг Сион хэмээн нэрлэв, учир нь тэд нэг зүрх сэтгэлтэй мөн нэг оюунтай байв, мөн зөв шударга ёсоор оршин сууж байлаа; мөн тэдний дунд ядуус байсангүй.
19 Мөн Енох өөрийн номлолыг Бурханы хүмүүст зөв шударга ёсонд үргэлжлүүлэв. Мөнхүү улиран тохиох дор өөрийн өдрүүдэд тэрээр Ариун Хот, бүр Сион хэмээн нэрлэгдсэн хот байгуулав.
20 Мөнхүү улиран тохиох дор Енох Их Эзэнтэй ярилцав; мөн тэрбээр Их Эзэнд: Сион аюулгүй байдалд үүрд оршин тогтнох нь лавтай хэмээв. Гэвч Их Эзэн Енохт хэлэв: Сионыг би адисалсан, харин хүмүүсийн үлдсэнийг нь би зүхсэн бөлгөө.
21 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн дэлхийн бүх оршин суугчийг Енохт үзүүлэв; мөн тэрбээр, цаг хугацааны явцад Сион тэнгэрт дээш аваачигдахыг болгоож, мөн харав. Мөн Их Эзэн Енохт хэлэв: Миний үүрдийн өргөөг болгоогтун.
22 Мөн Енох Адамын хөвгүүд болох хүмүүсийн үлдсэнийг тэрчлэн болгоов; мөн тэд нь Каины үр удмаас бусад Адамын бүх үр удмын холимог байлаа; учир нь Каины үр удам хар байв, мөн тэдний дунд байргүй байлаа.
23 Мөн Сион тэнгэрт дээш аваачигдсаны дараа Енох болгоож, мөн өөрийнх нь өмнө дэлхийн бүх үндэстэн байгааг харав;
24 Мөн нэг үеэс нөгөө үеийнхэн дараа дараалан харагдав; мөн Енох өндөрт байж мөн бүр Эцэгийн мөн Хүний Хүүгийн дэргэд өргөгдсөн буюу; мөн болгоогтун, Сатаны хүч дэлхийн бүх гадаргуу дээр байв.
25 Мөн тэрээр тэнгэрээс буун ирж буй тэнгэр элч нарыг харав; мөн тэрээр: Халаг, дэлхийн оршин суугчид дээр халаг байг хэмээн хэлэх чанга дуу хоолойг сонсов.
26 Мөн тэрээр Сатаныг болгоов; мөн түүний гарт агуу гинж байлаа, мөн энэ нь дэлхийн бүхэл гадаргууг харанхуйгаар бүрхсэн байв; мөн тэрээр дээш харж мөн инээд алдан, мөн түүний элч нар баясан байлаа.
27 Мөн Енох, тэнгэрээс буун ирж Эцэг, Хүү хоёрын тухай гэрчилж буй тэнгэр элч нарыг болгоов; мөн Ариун Сүнс олны дээр байж, мөн тэд тэнгэрийн хүчээр Сионд дээш аваачигдав.
28 Мөнхүү улиран тохиох дор тэнгэрийн Бурхан хүмүүсийн үлдсэнийг нь харж, мөн тэрээр уйлав, мөн Енох үүний тухай гэрчлэн, ийн хэлэв: Тэнгэр хэрхэн уйлж, мөн уулын дээрх бороо адил нулимс нь асгарна вэ?
29 Мөн Енох Их Эзэнд хэлэв: Та ариун, мөн үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдаг атал та хэрхэн уйлж чадна вэ?
30 Хүмүүн дэлхийн маш жижиг хэсгүүдийг, тийм ээ, үүний адил сая сая дэлхийг тоолж чадах нь боломжтой байсансан бол, энэ нь таны бүтээлтүүдийн тооны эхлэл байхгүй байхсан; мөн таны хөшгүүд өдий хүртэл сунгагдсан байгаа бөлгөө; мөн гэсэн ч та тэнд байсаар буй бөлгөө, мөн таны цээж тэнд буй; мөн тэрчлэн та шударга билээ; та үүрд нигүүлсэнгүй мөн нинжин сэтгэлтэй билээ;
31 Мөн та өөрийн бүх бүтээлээс Сионыг, бүх үүрд мөнхөөс үүрд мөнхөд өөрийн дэргэд ойр аваачсан билээ; мөн өөр юу ч биш, харин амар амгалан, шударга ёс ба үнэн нь таны хаан сэнтийн мөн чанар бөлгөө; мөн нигүүлсэл таны нүүрний өмнө явах бөгөөд төгсгөл гэж үгүй болой; та хэрхэн уйлж чадна вэ?
32 Их Эзэн Енохт хэлэв: Өөрийн эдгээр ах дүүсийг болгоогтун; тэд бол миний мутрын бүтээл билээ, мөн би тэднийг бүтээсэн тэр өдөр тэдний мэдлэгийг би тэдэнд өгсөн бөлгөө; мөн би Едений Цэцэрлэгт хүнд сонгох эрхийг нь өгсөн билээ;
33 Мөн тэд бие биеэ хайрлах ёстой, мөн өөрсдийн Эцэг намайг сонгох ёстойг би чиний ах дүүст хэлж, мөн тэрчлэн зарлиг өгсөн билээ; гэвч болгоогтун, тэдэнд хайрлах сэтгэл алга, мөн тэд өөрсдийнхөө цусан төрлийнхнийг үзэн яддаг;
34 Мөн миний хилэнгийн гал тэдний эсрэг дүрэлзэж байна; мөн би хурц дургүйцэлдээ тэдэн дээр үерүүдийг илгээх болно, учир нь миний догшин хилэн тэдний эсрэг дүрэлзэж байна.
35 Болгоогтун, Бибээр Бурхан; Ариун Хүн нь миний нэр, Зөвлөгөөний Хүн нь миний нэр; мөн Төгсгөлгүй бөгөөд Мөнх нь тэрчлэн миний нэр бөлгөө.
36 Иймийн тул, бибээр мутраа урагш сунган мөн өөрийн бий болгосон бүх бүтээлийг гартаа барьж чадна; мөн миний мэлмий тэрчлэн тэдгээрийг цоо ширтэж чадна, мөн миний гарын бүх бүтээл дотор, чиний ах дүүсийн дундах шиг агуу ёс бус явдал байсан нь үгүй.
37 Гэвч болгоогтун, тэдний нүглүүд өвөг дээдсийнх нь толгой дээр байх болно; Сатан тэдний эцэг байх болно, мөн зовлон тэдний муу заяа байх болно; мөн бүхэл тэнгэр, бүр миний гарын бүх бүтээл тэдний төлөө уйлах болно; иймийн тул эдгээрийн зовохыг харсаар байж, тэнгэр уйлах ёсгүй гэж үү?
38 Гэвч болгоогтун, чиний нүдээр харж байгаа тэд нь үерүүдэд мөхөх болно; мөн болгоогтун, би тэднийг хорих болно; тэдэнд зориулж би шорон бэлтгэсэн билээ.
39 Мөн миний сонгосон тэр нь миний нүүрний өмнө гуйв. Иймийн тул, тэрээр тэдний нүглүүдийн төлөө зовох ажгуу; миний Сонгосон нь надад эргэж ирэх тэр өдөр тэд наманчлахын хэрээр, мөн тэр өдөр хүртэл тэд тарчлалд байх болно;
40 Иймийн тул, үүний учир тэнгэр, тийм ээ, мөн миний мутрын бүх бүтээл уйлах болно.
41 Мөнхүү улиран тохиох дор Их Эзэн Енохт ярьж, мөн хүмүүсийн үрсийн бүх үйлийн тухай Енохт хүүрнэв; иймийн тул тэдний ёс бус явдал, мөн тэдний зовлонг Енох мэдэж мөн харж, мөн уйлан, мөн гараа урагш сунгасан бөлгөө, мөн түүний зүрх сэтгэл орчлон ертөнц адил тэлэв; мөн түүний дотор өрөвч сэтгэлээр дүүрэв; мөн бүх орчлон ертөнц доргив.
42 Мөн Енох тэрчлэн Ноа, мөн түүний гэр бүлийг харав; Ноагийн хөвгүүдийн бүгдийн үр удам зуурдын авралаар аврагдах болно гэдгийг харав;
43 Иймийн тул Ноа хөвөгч авдар барьсныг Енох харав; мөн Их Эзэн үүнийг хараад инээмсэглэж мөн үүнийг мутартаа барихыг харав; гэвч ёс бусыг үйлдэгчдийн үлдсэн дээр нь үер бууж мөн тэднийг залгисан бөлгөө.
44 Мөн Енох үүнийг хараад, түүний сэтгэл шаналан өвдөв, мөн ах дүүсийнхээ төлөө уйлж, мөн тэнгэрт хандан хэлэв: Би тайвшруулагдахаас татгалзана; гэвч Их Эзэн Енохт хэлэв: Зүрх сэтгэлээ өргө, мөн баяртай бай мөн хар.
45 Мөнхүү улиран тохиох дор Енох харав; мөн Ноагаас эхлэн тэрээр дэлхийн бүх гэр бүлийг болгоов; мөн тэрээр Их Эзэнд гуйн залбирч хэлэв: Их Эзэний ирэх тэр өдөр хэзээ болох вэ? Гашуудах тэд бүгд ариусгагдаж мөн мөнх амьдралыг авахын тулд Зөв Шударгын цус хэзээ урсах вэ?
46 Мөн Их Эзэн хэлэв: Энэ нь цагийн голчид, ёс бус явдал ба өшөө авалтын өдрүүдэд байх болно.
47 Мөн болгоогтун, Енох Хүний Хүүгийн, бүр маханбодод ирэх ирэлтийн өдрийг харав; мөн түүний бодгаль баясан хэлэв: Зөв шударга тэр нь өргөгдсөн бөлгөө, мөн Хурга нь дэлхийн үүслээс алагдсан буюу; итгэлээр дамжуулан би Эцэгт ойр дотно байна, мөн болгоогтун, Сион надтай хамт буй.
48 Мөнхүү улиран тохиох дор Енох дэлхийг харав, мөн үүний дотроос гарах дуу хоолой ийн хэлэхийг нь сонсов: Халаг, хүмүүсийн эх надад халаг; Хүүхдүүдийнхээ ёс бусын улмаас би шаналж, зүдэрч байна. Би хэзээ амарч мөн надаас урагш гарах бузар булай явдлаас цэвэршигдэх вэ? Би амарч болохын тулд, миний гадаргуу дээр зөв шударга ёс хэсэг хугацаанд байхын тулд Бүтээгч минь намайг хэзээ ариусгах вэ?
49 Мөн дэлхий эмгэнэн гашуудахыг Енох сонсоод, тэрээр уйлж, мөн Их Эзэнд гуйн залбирч, хэлэв: Ай Их Эзэн минь, та дэлхийг өрөвдөхгүй гэж үү? Та Ноагийн хүүхдүүдийг адислахгүй гэж үү?
50 Мөнхүү улиран тохиох дор Енох Их Эзэнд гуйн залбирахаа үргэлжлүүлж, хэлэв: Ай Их Эзэн минь, Ноа болон түүний үр удамд та нигүүлсэлтэй байхын тулд, дэлхий дахиад хэзээ ч үерээр бүрхэгдэхгүй байж болохын тулд Таны Төрсөн Ганцын, бүр Есүс Христийн нэрээр би танаас гуйж байна.
51 Мөн Их Эзэн татгалзаж чадсангүй; тэрбээр Енохтой гэрээнд орж, тэрээр үерийг илгээхгүй, мөн тэрээр Ноагийн хүүхдүүдийг дуудах болно хэмээн түүнд андгайлан тангараг өгөв;
52 Мөн дэлхий оршин тогтнож байх үед түүний үр удмын үлдэгдэл бүх үндэстний дунд ямагт байх болно хэмээх хувиршгүй тогтоолыг тэрээр урагш илгээв;
53 Мөн Их Эзэн хэлэв: Үр удмаар нь дамжин Мессиа ирэх тэрээр адислагдсан болой; учир нь тэрээр хэлдэг—Би бол Мессиа, Сионы Хаан, орчлон ертөнц адил өргөн Тэнгэрийн Хад билээ; хаалгаар орж мөн надаар дээш авирах хэн боловч хэзээ ч унах нь үгүй; иймийн тул, миний ярьсан тэд адислагдсан болой, учир нь тэд үүрдийн баяслын дуунуудтайгаар урагш гарч ирэх болно.
54 Мөнхүү улиран тохиох дор Енох Их Эзэнд гуйн залбирч хэлэв: Хүний Хүү маханбодод ирэх үед дэлхий амрах уу? Эдгээр зүйлийг надад үзүүлээч, би танаас гуйя.
55 Мөн Их Эзэн Енохт хэлэв: Хар, мөн тэрээр харж мөн хүмүүсийн маягаар загалмайд өргөгдсөн Хүний Хүүг болгоов;
56 Мөн тэрээр чанга дуу хоолой сонсов; мөн тэнгэр бүрхэгдсэн байлаа; мөн Бурханы бүх бүтээл эмгэнэн гашуудав; мөн дэлхий ёолов; мөн хаднууд цуурав; мөн гэгээнтнүүд босож ирэн мөн сүр жавхлангийн титэмтэйгээр, Хүний Хүүгийн баруун гар талд титэмлэгдэв;
57 Мөн шоронд байсан сүнс болгон урагш гарч ирэн, Бурханы баруун гар талд зогсож байв; мөн үлдсэн нь агуу их өдрийн шүүлтийг хүртэл харанхуйн гинжинд хадгалагдаж байлаа.
58 Мөн Енох дахин уйлж, мөн Их Эзэнд хандан гуйн залбирч, хэлэв: Дэлхий хэзээ амрах вэ?
59 Мөн Хүний Хүү Эцэг өөд дээш ирэхийг Енох болгоов; мөн тэрээр Их Эзэнийг дуудан, хэллээ: Та дэлхий дээр дахин ирэхгүй гэж үү? Та бол Бурхан мөн би таныг мэднэ, мөн та надад тангараглаж, мөн би таны Төрсөн Ганцын нэрээр асуух ёстой хэмээн надад зарлигласан тул; та намайг бий болгосон, мөн таны хаан сэнтийд эрхийг надад өөрөөс минь бус, харин та өөрийн нигүүлслээр дамжуулан надад өгсөн тул; иймийн тул, та дэлхий дээр дахин ирэхгүй гэж үү? хэмээн би танаас асууж байна.
60 Мөн Их Эзэн Енохт хэлэв: Би амьдардгийн адил Ноагийн хүүхдүүдийн талаар чамд өгсөн тангаргаа гүйцэлдүүлэхээр эцсийн өдрүүдэд, ёс бусын болон өшөө авалтын өдрүүдэд би ирэх болно;
61 Мөн дэлхий амрах тэр өдөр ирэх болно, гэвч тэр өдрийн өмнө тэнгэр харанхуйлж, мөн харанхуйн хөшиг дэлхийг бүрхэх болно; мөн тэнгэр болон газар сэгсрэгдэх болно; мөн хүмүүсийн үрсийн дунд агуу зовлон зүдгүүр байх болно, гэвч өөрийн хүмүүсийг би хамгаалан хадгалах болно;
62 Мөн зөв шударга ёсыг тэнгэрээс доош би илгээх болно; мөн өөрийн Төрсөн Ганцын тухай гэрчлүүлэхээр дэлхийгээс үнэнийг би илгээх болно; нас барагсдаас тэр амилуулагдах тухай; тийм ээ, мөн тэрчлэн бүх хүний амилуулалтын тухай буюу; мөн зөв шударга ёс болон үнэн нь дэлхийг үер мэт арчих болгоно би, өөрийн сонгомол хүмүүсийг өөрийн бэлтгэх тэр газарт, Ариун Хотод дэлхийн дөрвөн зүгээс цуглуулахаар буюу, миний хүмүүс хормойгоо шууж, мөн миний ирэлтийн цагийг харуулдан хүлээж болохын тулд бөлгөө; учир нь тэнд миний асар байх болно, мөн энэ нь Сион, Шинэ Иерусалим хэмээн нэрлэгдэх болно.
63 Мөн Их Эзэн Енохт хэлэв: Тэгээд чи болон чиний бүх хот тэдэнтэй тэнд уулзах болно, мөн бид тэднийг дэргэдээ ойр хүлээн авах болно, мөн тэд биднийг харах болно; мөн бид тэднийг тэвэрч, мөн тэд биднийг тэврэх болно, мөн бид нэг нь нөгөөгөө үнсэх болно;
64 Мөн тэнд миний гэр байх болно, мөн энэ нь миний бий болгосон бүх бүтээлээс урагш гарч ирэх Сион байх болно; мөн мянган жилийн хугацаанд дэлхий амрах болно.
65 Мөнхүү улиран тохиох дор, эцсийн өдрүүдэд, мянган жилийн туршид дэлхий дээр зөв шударга ёсонд оршин суухаар Хүний Хүү ирэх тэр өдрийг Енох харав;
66 Гэвч тэр өдрийн өмнө тэрээр ёс бусыг үйлдэгчдийн дундах агуу гай зовлонг тэрээр харав; мөн догширч байгаа тэнгисийг, мөн хүмүүний зүрх сэтгэл өөрсдийг нь мохоохыг тэрээр тэрчлэн харав, ёс бусыг үйлдэгчдийн дээр ирэх Бүхнийг Чадагч Бурханы шүүлтүүдийн учир айж эмээн харуулдан хүлээхийг буюу.
67 Мөн Их Эзэн бүх зүйлийг, бүр дэлхийн төгсгөл хүртэл Енохт үзүүлэв; мөн тэрээр зөв шударгыг үйлдэгчдийн өдрийг, тэдний гэтэлгэлийн цагийг харж, мөн бүрэн баяр баяслыг хүлээн авсан болой;
68 Мөн Енохын өдрүүд дэх Сионы өдрүүд бүгд гурван зуун жаран таван жил байв.
69 Мөн Енох бас түүний хүмүүс бүгдээрээ Бурхантай хамт алхалж байв, мөн тэрээр Сионы дунд оршин сууж байсан болой; мөнхүү улиран тохиох дор Сион байхаа болив, учир нь Бурхан үүнийг өөрийн дэргэд дээш нь ойр хүлээн авав; мөн тэр цагаас хойш Сион Зугтчихсан хэмээх яриа тархсан ажгуу.