2018
Аврагчийн адил тохинуулах нь
2018 оны 12-р сар


Аврагчийн адил тохинуулах нь

Таныг бусдад туслахын тулд чадах бүхнээ хийх үед Аврагч хайр, энэрлээр харахад тань тусалж, таны нүдийг нээх болно.

Зураг
ministering with elderly woman

Найзад нь хүнд өдөр тохиосон эсвэл хэн нэгнийг ганцаардаж, сургууль дээрээ шоглуулж байхыг бид бүгд харж байсан. Тойрог, салбарын тань хүнд хэцүү асуудал тулгарсныг та сонссон байж магадгүй. Ийм үед та юу хийж болох вэ?

Заримдаа хэрхэн туслахаа олж мэдэхэд амаргүй байдаг. Өөр хүнийг ямар нэг юм хийхийг хүлээн суух нь илүү амар хялбар мэт санагдаж болох ч танд ердөө эргэн тойрныхондоо санаа тавьдгаа мэдүүлэх гэх мэт хийж болох олон зүйл бий. Боломжууд бидний эргэн тойронд байдаг бөгөөд бусдад хайр, санаа тавьж, анхаарч байгаагаа үзүүлэх бүрдээ та тохинуулдаг.

Хувийн тохинуулал

Тохинуулах нь. Та энэ үгийг сүүлийн үед Сүм дээр олон сонссон байх. Урьд нь бид ихэвчлэн Аврагчийн эсвэл бошиглогч, төлөөлөгчдийн тохинууллын талаар ярьдаг байсан ч та хувийн тохинууллын талаар бодож байсан уу?

Тохинуулах гэдэг нь бусдыг хайрлан халамжилж, Аврагч өнөөдөр бидний дунд амьдарч байсан бол хийх байсан зүйлсийг хийхийг хэлнэ. Тохинуулал нь бусдад Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусалж, тэдний сүнслэг болоод материаллаг хэрэгцээг хангах арга зам юм.

Есүс “үйлчлүүлэхийн тулд бус, харин үйлчлэхийн тулд ирсэн” (Матай 20:28). Тэр “сайныг үйлдэж [явахдаа]” тохинуулсан (Үйлс 10:38). Христийн шавь нарын хувьд биднээс Түүний үлгэр жишээг дагахыг хүссэн. Бидэнд хувийн тохинуулал бий!

Гэхдээ та тохинуулахын тулд үйлчлэлийн том төсөл зохион байгуулах шаардлагагүй. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч, ерөнхийлөгч М.Рассэлл Баллард “Гэр бүлдээ болон Сүмийн дуудлагат ажлыг хийх, түүнчлэн олон нийтийн байгууллагын ажилд оролцох гэх мэт зарим үйлчлэх боломж албан ёсных байдаг. …

[Гэхдээ] үйлчлэх олон боломж албан ёсны бус буюу ямар нэг томилгоогүй байдаг бөгөөд амьдралынхаа аяллын явцад уулзаж, тусламжийн гараа сунгах үед гарч ирдэг”1 гэж хэлсэн.

Ихэнхдээ Христийнхтэй адил тохинууллыг та өдөр тутмын жижигхэн, чин сэтгэлийн үйлдлүүдээрээ хийдэг.

Нэг нэгээр нь

Аврагч нифайчууд дээр айлчлан ирэхдээ хүн бүрийг ирж, Түүний хавирган талын мөн Түүний мутар болон хөлөн дэх сорвиудад хүр гэж хэлсэн. “Мөн тэд үүнийг үйлдэж, бүгд очих хүртлээ нэг нэгээрээ очих хүртлээ [явсан]” (3 Нифай 11:15; тодотгол нэмэгдсэн).

Тэгээд Тэр тэднийг өвдсөн, гэмтсэн, “ямар нэгэн байдалд зовж зүдэрсэн [хүн бүрийг авчрахад урьж] … мөн тэрбээр тэднийг түүнд авчрагдахад нэг бүрчлэн эдгээ[сэн]” (3 Нифай 17:7, 9; тодотгол нэмэгдсэн). Үүний дараа Тэрээр “тэдний бяцхан хүүхдүүдийг нэг нэгээр нь авч, мөн тэднийг адислав, мөн тэдний төлөө Эцэгт хандан залбирав” (3 Нифай 17:21; тодотгол нэмэгдсэн).

Зураг
Christ blesses the Nephites

Минэрва Тэйчэрт, Христ нифайчууд дээр айлчилсан нь

Энэ нь жижигхэн бүлэг хүн байсангүй. Тэнд 2500 орчим хүн байсан гэж сударт цэдэглэсэн байдаг (3 Нифай 17:25). Гэсэн хэдий ч Аврагч цаг гарган хүн тус бүрийг эдгээж, тайтгаруулж, урамшуулж, тэдэнд хайраа үзүүлсэн.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Роналд А.Расбанд “Хувь хүнд зориулсан үнэхээр гүн гүнзгий бөгөөд сайхан сэтгэлийн захиас энд агуулагддаг. Есүс Христ бид бүгдэд нэг нэгээр нь тохинуулж, хайрладаг” гэж заасан байдаг.2 Хувь хүнд Есүсийн үзүүлдэг хайр бол тохинууллын зорилго юм.

Харах нүд

Аврагч эргэн тойрныхоо хүмүүст тусалдаг байсан. Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Жийн Б.Бингам “Аврагч инээмсэглэж, ярьж, хамт алхаж мөн сонсож, цаг гаргаж, урамшуулан дэмжиж бас зааж, хооллож, уучилж байсан. Тэр гэр бүл, найз нөхөд, хөршүүд болон танихгүй хүмүүст ч мөн адил үйлчилж, танилуудаа болон хайртай хүмүүсээ Өөрийн сайн мэдээний гайхамшигт адислалуудын баяр хөөрийг хүлээн авахад урьсан”3 гэж хэлсэн.

Есүс Христ эргэн тойрныхоо хүн нэг бүрийн хэрэгцээг харах нүдтэй байсан бөгөөд тэдгээр хүнд бүгдэд нь хүрч тусалдаг байсан юм. Бид ч бас Түүний жишээг дагаж, тусламж хэрэгтэй хүмүүст хүрч тусалж чадна.

Гэхдээ Аврагч төгс билээ. Бид хэрхэн Түүний адил бусдын хэрэгцээг харж, тохинуулж чадах вэ? Ерөнхийлөгч Баллард “Өглөө бүр залбирахдаа, Тэнгэрлэг Эцэгээс Түүний хайртай хүүхдүүдийн нэгэнд үйлчлэх боломжийг таньж мэдэхэд удирдахыг залбиран гуй. Тэгээд өдрийн турш хайр, итгэлээр дүүрэн зүрх сэтгэлтэйгээр тусламж хэрэгтэй хэн нэгнийг олохоор яв. … Хэрэв та нар үүнийг хийх юм бол сүнслэг мэдрэмжүүд тань өсөж, урьд нь хэзээ ч боломжгүй мэт байсан үйлчлэх боломжуудыг олж нээх болно”4 гэж хэлсэн билээ.

Сүнслэг өдөөлтийн дагуу үйлд

Дараах үйл явдлыг ургуулан бод. Чи найзаа сургууль дээр харсан бөгөөд тэр жоохон гунигтай байгаа мэт харагдав. Чамд түүнд зориулан ямар нэгэн зүйл хийх хэрэгтэй гэж бодогдсон ч түүнийг зовоож эсвэл түүнийг болон өөрийгөө эвгүй байдалд оруулж магадгүй гэж санаа зовлоо. Харин дараа нь энэ нь сүнслэг өдөөлт байсан уу эсвэл зөвхөн өөрийн тань бодол байв уу гэдэгт санаа зовох болов.

Заримдаа та тохинуулах сүнслэг өдөөлт авч байна уу эсвэл зөвхөн өөрөө бодож байна уу гэдгээ мэдэхэд хэцүү. Гэвч Мормон сүнслэг өдөөлтийг хэрхэн таних талаар: “Бурханых болох тэр нь үргэлж сайныг үйлдэхэд урьж мөн татдаг; иймийн тул, сайныг үйлдэхэд мөн Бурханыг хайрлахад, мөн түүнд үйлчлэхэд урьж мөн татдаг тэрхүү юм бүр, Бурханаар нөлөөлөгддөг” (Моронай 7:13) гэж заасан.

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) “Хэрэв бид сонор соргог, ажигламтгай байж, өөртөө ирдэг сүнсний өдөөлтүүдийн дагуу үйлдэх юм бол сайн сайхан үйлс олныг бүтээж чадна”5 хэмээн хэлсэн байдаг.

Тохинуулал хүн бүрд зориулагдсан

2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы үеэр ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн бидний нэг нэгнээ халамжилдаг арга замд чухал өөрчлөлтүүдийг хийлээ. Ахимаг насны болон залуу ах, эгч нар нэг нэгэндээ шинэ бөгөөд илүү ариун нандин арга замаар үйлчлэх болно”6 гэж зарласан. Үүнд тохинууллын хамтрагчаар үйлчлэх боломж ордог ч тохинуулал нь бид зөвхөн ням гарагт эсвэл Мючелийн үйл ажиллагааны үеэр хийдэг зүйл биш юм. Энэ нь тодорхой дуудлагын хамт ирдэг үүрэг хариуцлагын нэг биш ээ. Тохинуулал хүн бүрд зориулагдсан. Үүнийг цаг үргэлж хийх ёстой.

Зураг
shaking hands

Бид баптисм хүртэхдээ, “нэг нэгнийхээ ачааг хөнгөн байж болохын тулд үүрэлцэхэд; мөн гашуудах тэдний хамт гашуудахад; тийм ээ, тайтгарал хэрэгтэй тэднийг тайтгаруулахад бэлэн [байхаа]” амладаг (Мозая 18:8–9). Бусдад тохинуулах гэдэг нь бидний хийхээр амласан зүйлийн нэг хэсэг юм.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч байсан Бонни Л.Оскарсон “Их Эзэн танаас үеийнхэн дундаасаа тусалж болох хүнийг олж харж, дараа нь Өөрийнх нь адил үйлчлээсэй хэмээн хүсдэг”7 гэж хэлжээ. Та үүнийг хийх юм бол Тэрээр хайр болон энэрлээр бусдад хэрхэн үйлчилж болохыг олж харахад тань тусалж, таны нүдийг нээх болно. Тэрээр таныг юу хийхээ өөрөө тааж мэд хэмээн орхихгүй. Тэр тэдэнд хэрхэн хамгийн сайнаараа тохинуулж болохыг тань удирдан чиглүүлэх болно.

Тохинуулал адислалуудыг авчирдаг

Ерөнхийлөгч Нэлсон “Бид [Их Эзэний] үйлчлэгчдийн хувиар Түүний хийсэнчлэн тэрхүү нэгэнд тохинуулах болно”8 гэж хэлсэн. Энэ нь бусдыг адислаад зогсохгүй, биднийг ч мөн адил адисалдаг.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Бид Христийнхтэй адил хайраар бусдад гар, зүрх сэтгэлээрээ тусалсан үед бидэнд гайхамшиг тохиодог. Бидний сүнс илааршиж, илүү цэвэр, бат бөх болно. Бид улам аз жаргалтай, амар амгалан болж, Ариун Сүнсний шивнээг хүлээн авах илүү чадвартай болно”9 гэж хэлсэн.

Есүс Христ илүү баялаг, утга учиртай амьдралд хүргэх арга замыг харуулсан билээ. Түүний нэгэн адил тохинуулах нь таны амьдралд жинхэнэ аз жаргал, амар амгалан, баяр баясгаланг авчирна.

Эшлэлүүд

  1. М.Рассэлл Баллард, “Бурханы үнэ цэнтэй бэлгүүд,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 7.

  2. Ronald A. Rasband, “One by One,” Liahona, Nov. 2000, 29.

  3. Жийн Б.Бингам, “Аврагчийн адил тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 130.

  4. М.Рассэл Баллард, “Санаа сэтгэлээ бүрэн зориулсан байх нь,” 2012 оны 11-р сарын Ерөнхий чуулган, 37.

  5. Thomas S. Monson, “Three Goals to Guide You,” Liahona, Nov. 2007, 121.

  6. Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон, “Үргэлжлүүлцгээе хамтдаа,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 147.

  7. Бонни Л.Оскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 10.

  8. Рассэлл М.Нэлсон, “Бурханы хүч, эрх мэдлээр тохинуулах нь,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 88.

  9. Дийтр Ф.Угдорф, “Та нар миний гар,” 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 83.