2018
“Та нар Надад хийсэн хэрэг”
2018 оны 12-р сар


“Та нар Надад хийсэн хэрэг”

Шаннон Найт

АНУ-ын Калифорни

Зураг
shaking hands

Зураг чимэглэлийг Аллен Гарнс

Манай гэр бүл Христийн мэндэлсний баяраар ууттай хоол хүнс, бээлий, малгай болон бусад хэрэгцээт зүйлийг тусламж хэрэгтэй хүмүүст өгдөг уламжлалтай. 2016 оны Христийн мэндэлсний баярын өмнөх орой бидний амьдардаг бүс нутаг болох АНУ-ын Калифорни мужид онцгой хүйтэн байв. Бид дулаан хувцсаа давхарлан өмссөн ч дагжин чичирч байлаа!

Бид гэрийнхээ ойролцоох орон гэргүй олон хүн байдаг цэцэрлэгт хүрээлэн рүү машинаараа явж байгаад, автобусны буудлын тарчиг саравчинд хуучин хөнжил нөмрөн атиралдан хэвтэх нэгэн эрийг харав. Миний нөхөр Дэннис машинаа зогсоон, хүү Жонатанаа дагуулан тэр эрэгтэйд ууттай бэлэг өгөхөөр явав. Би охин Аббитайгаа хамт машиндаа үлдээд, тэднийг харж байлаа.

Дэннис тэр эрэгтэйд ууттай зүйлээ өгөхөд тэрээр толгойгоо өндийлгөн, нүүр дүүрэн инээмсэглэв. Тэд гар барилцаад, ярилцаж эхлэв. Ер нь иймэрхүү үед хүмүүс хоорондоо яриа өрнүүлээд байдаггүй учраас энэ нь их хачирхалтай байлаа.

Хэдэн минутын дараа Дэннис машин руу эргэж ирээд, тээшний хэсгийг нээв.

“Бүх юм зүгээр үү?” гэж би асуулаа.

Тэр “Тийм ээ. Би түүнд малгайтай хүрмээ өгье гэж бодлоо. Энэ хүрэм надаас илүү түүнд хэрэгтэй” гэв.

Би юу хэлэхээ мэдэхгүй байв. Уг хүрэм үнэхээр сайхан хүрэм байсан бөгөөд Дэннис хэдхэн удаа өмссөн байсан гээч! Дэннис тэр эрэгтэй рүү буцаж очоод, түүнд дулаан хүрэм өмсөхөд нь тусаллаа. Тэр эрэгтэйн царай гэрэлтэж байв. Дэннис тэр эрэгтэйтэй үргэлжлүүлэн ярилцсаар байв.

Түүнтэй уулзах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн тул би машиныхаа хаалгыг онгойлгон буув. Абби ч гэсэн намайг дагалаа. Биднийг дөхөж очиход Дэннис инээмсэглээд, тэр эрд биднийг танилцуулав. Би гараа сунгаж, түүний нэрийг асуухад тэр

миний гарыг атгаад, дотно инээмсэглэн, “Есүс” гэж хариулав.

Гэр бүлийнхэн маань яриагаа цааш үргэлжлүүлсэн ч би юу ярьсныг нь бараг сонссонгүй. Би тэр нөхөрсөг эрийн Есүс хэмээх нэрийг буюу Аврагчийнхаа нэрийн ач холбогдлын талаар бодсоор байв. Яг тэр мөчид Аврагчийн заасан “Та нар эдгээр ах дүүсийн маань нэгэнд нь, тэр байтугай хамгийн дордод нь тийнхүү хандсан бол Надад хийсэн хэрэг” (Матай 25: 40) гэх үгс санаанд минь орж ирж билээ. Энэ үйл явдал намайг үүрд өөрчилсөн юм.