2018
Бланка Солис—Парагвай, Асунсион
2018 оны 12-р сар


Итгэлийн хөрөг

Бланка Солис

Парагвай, Асунсион

Нөхөр, эх хоёр нь өвдөж, өөрсдийгөө харж хандах чадваргүй болоход Бланка тэднийг бүтэн цагаар асрахын тулд ажлаасаа гарчээ. Бланка Их Эзэнд итгэж найдсанаар өөрт байхаасаа илүү их хүч чадлыг олж авсан байна.

Коди Бэлл, гэрэл зурагчин

Гэр бүлийн маань хамгийн хэцүү сорилт нөхрийг минь хүндээр өвдөхөд ирсэн юм. Нөхөр минь эрчимт эмчилгээнд дөрвөн сар болсон бөгөөд тэр цаг хугацаа бол зовлон шаналлын сарууд байлаа. Эмнэлгээс гарахдаа миний нөхөр өөрийгөө харж хандах чадваргүй байв. Яг тэр үед ээж минь альцхаймер өвчтэй болсон байсан тул хэвтэрт байх шаардлагатай байлаа.

Би мэргэжлийн сувилагчийн тогтвортой ажилтай байсан ба нөхөр болон ээжийгээ давхар асардаг боллоо. Тэр хоёр маань хоёулаа хэвтэрт орсонд би сэтгэлээр унав. Би тэдний өмнөөс бүхнийг хийх шаардлагатай байсан тул олон шөнийг нойргүй өнгөрүүлсэн байлаа. Тэд яг л хоёр жаахан хүүхэд шиг байв. Тэднийг асран халамжлахын зэрэгцээ ажлаа хийх нь яг л зогсолтгүй ажиллаж байгаа мэт надад санагддаг байсан. Би тэднийг сайн асарч халамжилж чадахгүй байсан тул ажлаасаа гарах хэрэгтэй болов.

Энэ нь миний амьдралын хамгийн хүнд хэцүү өдрүүд байсан гэж би боддог. Миний хувьд амьдралаа залгуулдаг байснаа орлогогүй болоход маш хэцүү байв. Би санхүүгийн байдалдаа санаа зовниж эхлэн, бүх зардлаа төлөхийн тулд юу хийж болохоо сайн мэдэхгүй байлаа. Би юу хийж болохоо бодож эхлэв. Би Их Эзэнээс надад дахин нэг удаа ажил хийж бас гэр бүлийнхнийгээ асран халамжлахад туслахыг гуйв.

Хүүтэйгээ ярихад тэр надад хуймаг хийж зарахыг санал болгов. Би үүнийг хэрхэн хийхээ мэдэхгүй, айж байсан ч надад нэг давуу тал байлаа. Би Сүмийн бие даасан байдлын хэд хэдэн сургалтад суусан бөгөөд “Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэх нь” гэсэн сургалт надад таалагдсан сургалтуудын нэг нь байв. Би уг сургалтад сууж байхдаа ирээдүйд юу болохыг мэдэрч байлаа. Их Эзэнээс тусламж гуйсны дараа Тэрээр надад энэ сургалтыг өгсөн. Түүнээс ажил гуйхад Тэр надад энэ боломжийг өгсөн байв.

Би бизнесээ эхлүүлэхийн тулд орой болтол ажилладаг байсан ба бүрэн ажиллуулдаг болох хүртэл нэг жил өнгөрсөн юм. Би найзууд болон хөршүүддээ хуймаг зарж эхэлсэн бөгөөд гэр бүлээ халамжлахын тулд энэ ажилдаа өөрийгөө бүрэн зориулж болох мэт надад санагдаж эхлэв. Гэр бүлийн сайхан бизнесээ нээх цаг нь болоход бид баяртай байлаа. Гэвч бидний баяр хөөр удаан үргэлжилсэнгүй.

Би өөрөө өвдөж эхэллээ. Эмчид үзүүлж, хөхний хорт хавдар туссанаа мэдэв. Хагалгаанд орж, хими эмчилгээ хийлгэж, өвчинтэйгөө тэмцэх өөр бусад бүх аргыг хэрэглэв. Эцэст нь би хүсэн хүлээсэн гэр бүлийн бизнесээ орхих хэрэгтэй болсон юм. Өөрөө эмчлүүлэх, хүний гарт орсон эх, нөхөр хоёроо асрах хоёрын завсар надад бизнес эрхлэх чадал тэнхээ хүрэлцэхгүй байв.

Яваандаа нөхрийн минь эрүүл мэнд сайжирч, ээж минь нас барав. Одоо би өөрийгөө эмчлүүлэхэд биеэ дайчилж байгаа.

Би үргэлжлүүлэн урагшлах хүч чадлыг Их Эзэнээс гуйн залбирахаас залхдаггүй. Би Түүнд цаг үргэлж залбирдаг. Гэр бүлд минь тохиолдсон зүйлс Их Эзэн надтай хамт энэ бүхнийг туулсан гэдгийг ойлгоход надад тусалсан. Тэр надад дахин өндийн босох боломжийг өгдөг. Их Эзэний надад өгдөг хүч чадал юутай агуу вэ!

Би хэзээ ч өөрөөсөө “Яагаад би гэж?” хэмээн асуудаггүй. Энэ бүхэн учир шалтгаантай гэж би үргэлж боддог. Би Их Эзэнд итгэн, Түүний над руу илгээх зүйлсийг хүлээн авдаг. Туйлын хүнд хэцүү цаг үеийг даван гарахад Тэр надад тусалж, хүчирхэгжүүлсэн.

Зураг
Blanca caring for her mother

Хэдийгээр ажлаасаа гарч, өвчтэй эх, нөхөр хоёроо асран халамжлах хэцүү байсан ч үүнийг Бланка өөрийн хүслээр хийсэн. “Би тэдний төлөө хамгийн сайн сайхныг хийхийг хүссэн. Ээж, нөхөр хоёр минь ч бас хайр халамжаас хүртэх эрхтэй байсан” гэж тэр хэлэв.

Зураг
Blanca reading the Liahona magazine

Бланка өөрийнхөө болон гэр бүлийнхээ аж амьдралыг залгуулахын тулд Сүмийн бие даасан байдлын хэд хэдэн сургалтад суусан. Тэрээр сурсан зүйлсдээ талархдаг. “Их Эзэнээс тусламж гуйсны минь дараа Тэрээр надад энэ сургалтыг өгсөн” гэж тэр хэлэв.

Зураг
Blanca and husband reading scriptures

Нөхөр Анибалынхаа хамт Сүмийн гишүүн болсноос хойш хорин гурван жилийн дараа Бланка “Би баптисм хүртсэнээсээ хойш яг зөв газартаа, үнэн Сүмд байгаа гэдгээ мэдэрсэн” хэмээн хэлсэн юм.

Зураг
Blanca and husband

Бланка нөхрийнхөө биеийг сайжирч байгааг харж байгаадаа талархдаг. Тэр бас нас барсан эхийгээ асрах боломжтой байсандаа талархдаг.

Зураг
Blanca sweeping kitchen

Бланка зовлон зүдгүүрээ ганцаараа туулж чадахгүй байх байсан гэж хэлэв. Тэрээр “Их Эзэн надтай хамт энэ бүхнийг туулсан. Их Эзэний надад өгдөг хүч чадал юутай агуу вэ!” гэж хэлсэн юм.