2018
Бид хоёр хоёулаа адислагдсан
2018 оны 12-р сар


Бид хоёр хоёулаа адислагдсан

Анна Фингөрл

Германы Хэссэ

Зураг
Christmas gift

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Ачааны тэрэг намайг унадаг дугуйтай явж байхад мөргөж унагааснаас болж би хараагаа хэсэгчлэн алдсан юм. Дөрвөн жил орчмын дараа, 2011 оны Христийн мэндэлсний баярын үеэр би өмнөх тойргийнхоо нэгэн ахаас санваарын адислал өгөхийг хүсэх өдөөлтийг мэдрэв. Би тэр ахыг хааяа л хардаг байсан тул яагаад түүнээс асуух ёстойгоо ойлгохгүй л байлаа. Түүний оронд асууж болох өөр зохистой санваартнууд байгаа гэдгийг би мэдэж байв.

Дараагийн хэдэн долоо хоног өнгөрч, надад адислал хэрэгтэй гэсэн мэдрэмж маань улам нэмэгдэв. Би Германы Франкфурт ариун сүмийн ажилтнаар үйлчилж байсан учраас тэнд байдаг ах нарын нэгээс адислал өгөхийг хүсэхээр шийдэв.

Яг энэ шийдвэрийг гаргасны дараа, адислал өгөхийг хүсэх хэрэгтэй гэсэн мэдрэмж төрсөн ах ариун сүмд орж ирлээ. Би тэр даруй энэ бол тохиолдлын зүйл биш буюу Тэнгэрлэг Эцэг намайг яг энэ ахаас асуугаасай гэж хүсэж байгаа гэдгийг ойлгоод, түүнтэй цуглааных нь дараа уулзаж болох эсэхийг зориг гарган асуув. Тэр зөвшөөрлөө.

Дараа нь би яагаад гэдгийг нь мэдэхгүй ч өөрөөс нь адислал авах хэрэгтэй гэсэн мэдрэмж төрснөө түүнд тайлбарлан хэлэв. Тэр туслахдаа баяртай байгаагаа хэллээ. Тэрээр өрөөнд өөр нэгэн ахыг урьж оруулаад, надад адислал өгч эхлэв. Түүнийг адислалаа өгч дуусахад надад эргэлзэх сэтгэл төрөв. Адислал сайхан байсан ч ямар нэгэн онцгой зүйл байсангүй.

Тэгээд би нүдээ нээлээ.

Нүдээ нээхэд өрөө надад бүхэлдээ маш тод харагдав. Би итгэж чадахгүй байлаа! Би тэр ахаас яагаад надад адислал өгөх хэрэгтэй хүн маань байсныг мэдэх эсэхийг асуухад түүний өгсөн хариулт намайг даруусгасан юм.

Тэрээр “Энэ адислал зөвхөн танд зориулагдсан гэж би бодохгүй байна. Энэ нь надад ч бас зориулагдсан байсан. Зээ дүү минь маргааш баптисм хүртэхэд би түүнд адислал өгөх гэж байгаа. Гэрийнхэн маань Сүмд идэвхгүй бөгөөд зээ дүү минь сүүлийн 20 жилд баптисм хүртэж буй гэр бүлийн маань анхны гишүүн байгаа юм л даа. Гэрийнхнээс маань олон хүн түүний баптисмд оролцоно. Би тэрхүү адислалыг өгөх хэмжээний хүчтэй итгэлтэй эсэхдээ эргэлзэж байсан юм. Одоо би хийж чадна гэдгээ мэдлээ” гэж хариулав.

Дараагийн өдрүүдэд миний хараа сайжирч, цагаан таяг минь хэрэггүй боллоо. Би таягаа бэлгийн цаасаар ороогоод, “Энэ Мосегийн таяг биш л дээ. Гэхдээ энэ таяг танд байгаа санваарын хүчийг сануулна гэдэгт би найдаж байна” гэж бичсэн захидлын хамт тэр ахад Христийн мэндэлсний баярын бэлэг болгон өгсөн юм.

Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд биднийг адислахдаа баяртай байдаг. Христийн мэндэлсний баяраар авсан энэ адислал харааг минь сэргээхийн зэрэгцээ нэгэн даруухан санваартанд санваарын үйлчлэлдээ итгэх итгэлийг өгсөн билээ.