2018
Карлын Христийн мэндэлсний баярын бэлэг
2018 оны 12-р сар


Карлын Христийн мэндэлсний баярын бэлэг

Зохиогч нь АНУ-ын Колорадод амьдардаг.

Карлыг малын саравчийг тойруулан харах үед түүнд гэнэт нэгэн санаа төрөв.

“Хийх ажил байвал түүнийгээ инээмсэглэн хийгтүн. Хийхийг хүссэнээс нь илүүг хийгээд хоёр дахь бээрээ яваарай” (Children’s Songbook, 167).

Зураг
carls christmas gift

Карл чичирсээр салхи сөрөн дугуйгаа жийлээ. “Би гэртээ хариад, дулаацмаар байна. Бас Христийн мэндэлсний баярын бэлгүүдээ хурдхан нээж үзэх юмсан!” гэж тэр бодов.

Тэр сонин тараахаар өглөө урьд өмнөхөөсөө ч эрт боссон юм. Тэрээр гэр рүүгээ уул өгсөн дугуйгаа жийхдээ, ээжийнхээ хийдэг Христийн мэндэлсний баярын шанцайтай хуймгийг бодов. Үнэхээр сайхан амттай байна байх. Тэр цөцгийн тостой амтлаг түрхлэгийг нь бараг амтлах шиг болов.

Цөцгийн тос! Карл дахиад л сэтгэлээр уналаа. Тэр үнээгээ сааж, хийх ёстой байсан бусад гэрийн ажлаа хийхээ мартчихаж. Христийн мэндэлсний баяраар хүртэл шүү.

Карл дугуйгаа гэрийнхээ урд тавив. Тэр ахтайгаа сонин тараах ажлаа хэн нь түрүүлж дуусгахыг үзэхээр уралджээ. Карлд ахынх нь дугуй харагдаагүй болохоор тэр ялсан байлаа!

Түрүүлэхийн цорын ганц асуудал бол бэлгээ задлахын тулд ахыгаа ирэхийг хүлээх хэрэгтэй болсон явдал байв. Дараа нь хамтдаа гадагшаа гарч, үлдсэн ажлаа хийх хэрэгтэй. Карл гэртээ үлдэж, Христийн мэндэлсний баяраа тэмдэглэдэг ч болоосой гэж хүсэж байлаа.

“Би гэрийн ажлуудаа одоо хийчих юм бол, дараа нь хүйтэнд эргэж гарах шаардлагагүй болно” гэж Карл бодлоо. Тэгээд тэр малынхаа хашаа руу яаравчиллаа.

Тэр хувин аваад, үнээгээ саахаар суухдаа эргэн тойрноо ажиглав. Өөр хийх хэрэгтэй ажил зөндөө байлаа. Тэгтэл түүнд нэгэн санаа төрөв. Хэрэв тэр гэрийн бүх ажлыг өөрөө хийчихвэл гэр бүлийнхнээ гайхуулаад зогсохгүй, Христийн мэндэлсний баярын өглөө үлдсэн цагаа тэдэнтэйгээ хамт өнгөрөөж болох байв. Энэ бол Христийн мэндэлсний баярын хамгийн сайхан бэлэг болно!

Карл үнээгээ яаравчлан саалаа. Дараа нь тэр малынхаа хашааг цэвэрлэж, тахиануудаа хооллож, өндөгнүүдээ цуглуулав. Гэрийнхэн нь ямар их гайхах бол гэж бодохоор л инээд нь хүрч байлаа.

Тэр байшиндаа эргэж оров. Тэр хүн байгаа эсэхийг харахаар хаалгаараа сэмхэн шагайв. Тэгээд тэр гал тогооны өрөө рүүгээ гэтэж оров. Түүнийг сүү болон өндгөө хөргөгчиндөө хийж дуусангуут ээж нь орж ирлээ.

“Ашгүй дээ, чи ирчихэж” гээд ээж маань намайг тэврэв. “Бид чамайг хаана байгаа юм бол гэж гайхаж байлаа шүү” гэлээ.

Ээж нь түүнд хүрмээ тайлахад нь туслав. Карлын ах, эгч дүүс түүнийг хараад, “Карл гэртээ ирчихлээ. Бэлгээ задалцгаая!” гэж хашгиралдав. Бүгд Христийн мэндэлсний баярын сүлд модыг тойрон цуглаад, аавынхаа бэлэг өгөхийг хүлээлээ. Карл хүн бүрийг эрдэнэсээ хуваалцаж байхыг харах дуртай байв.

“За!” гэсээр аав нь ”Одоо гэрийн ажлаа хийцгээе. Гэхдээ эхлээд шанцайтай хуймгаа идээд, жимсний шүүс уух хэрэгтэй гэж бодож байна” гэв.

Аав гал тогооны өрөөнд ороод, хөргөгч онгойлгов. Тэр зогсоод, удаан ширтэв.

“Үүнийг хараач ээ!” гээд, аав “Сүүний шилэн сав аль хэдийн дүүрч, бас өндөгнүүдийг цуглуулчихаж! Эдгээрийг хэн хийчих нь энэ вэ?” гэлээ.

Аав зочны өрөөнд эргэж орж ирэв. Карл инээмсэглэлээ нуух гэж чадлаараа хичээв.

“Карл, чи энэ талаар ямар нэгэн зүйл мэдэх үү?” гэсээр аав инээмсэглээд, “Гэрийн ажлыг маань хийчихсэн бололтой” гэж хэллээ.

“Христийн мэндэлсний баярын мэнд хүргэе!” хэмээн Карл чангаар хашхирав.

Аав нь Карлыг тэвэрч, “Баярлалаа, хүү минь. Үнэхээр сэтгэсэн байна шүү. Энэ бидний хамгийн гайхалтай Христийн мэндэлсний баярын бэлэг байх!” гэлээ.

Карл инээмсэглэв. Энэ бол түүний хувьд хамгийн шилдэг Христийн мэндэлсний баяр гэдгийг тэр аль хэдийн мэдэж байлаа.