2018
Ганц улаан чийдэнгийн шил
2018 оны 12-р сар


Эргэцүүлэл

Ганц улаан чийдэнгийн шил

Зохиогч нь АНУ-ын Орегон мужид амьдардаг.

Христийн мэндэлсний баярын модны энгийн нэгэн чимэглэл надад Христийн мэндэлсний баярын жинхэнэ утга учрыг сануулсан билээ.

Зураг
single red bulb

Getty Images-ийн гэрэл зураг

Христийн мэндэлсний баяр Христийн мэндэлсний баяр шиг санагдахгүй байв. Хэдийгээр би Христийн мэндэлсний баярын дууг дуулан, хөгжилтэй байх гэж оролдсон ч юм хадгалдаг хайрцгуудаа гунигтайгаар гаргаж ирлээ. Цасан хүний хэлбэртэй жигнэмгийн сав надад хамтдаа хайрч жигнэх хүн байхгүй гэдгийг сануулав. Сантагийн баримал оймснуудаа өлгөх шалтгаан байхгүйг мөн гаатай чихрийн, судалтай, бэлэг боодог цаас тэр өглөө хүүхдүүдийн хөөрөлдөн хөгжилдөх дуу сонсогдохгүй гэдгийг сануулж байлаа.

Энэ жил манай хамгийн бага хүүхэд коллежид явж, гэр маань эзгүйрч, нам жим санагдах болсон юм. Би зөвхөн Сантагаас өөр төрлийн чимэглэлүүдийг сонгоод, бусдыг нь хайрцганд эргүүлэн хийв.

Нөхөр маань гадагшаа ажлаар явсан тул би модоо ганцаараа чимэглэлээ. Бэр минь ач хүүхдүүдийн маань модоо чимэглэж байгаа зургийг нийтийн сүлжээнд тавихад надад өнгөрсөн цаг үе рүүгээ буцаж очмоор санагдав. Би цаг хугацаа ямар хурдан өнгөрөн одсоныг гайхаж байлаа. Хүүхдүүд маань ямар хурдан том болцгоогоо вэ? Би бодолд автсаар, гартаа барьсан чийдэнгийн шил рүүгээ доош харлаа. Энэ нь ганц улаан чийдэнгийн шил байв.

Өнгийг нь сайтар харвал гүн улаан өнгөтэй байлаа. Улаан хүрэн өнгө. Би үлдсэн чимэглэлүүдийг тойруулан харлаа. Христийн төрөлтийг харуулсан цөөн хэдэн баримал, мөсөн мөхөөлдөсний савхаар хийсэн тэвш, алтан үсгээр НОЕЛ гэж бичсэн чимэглэл л байв. Нүдэнд маань нулимс цийлэгнээд ирэв. Чийдэнгийн шил Аврагчийн цагаатгагч цусны улаан өнгө шиг улаан байлаа.

Би чимэглэл, төрөл бүрийн хэлбэртэй жигнэмэг, Христийн мэндэлсний баярын өглөө баярлан хөөрөх хүүхдүүдийг Христийн мэндэлсний баяр гэж боддог байснаа санав. Дараа нь би хүүхдүүдээ мөн тэдний мөнхийн гэр бүлүүдийн талаар бодлоо. Би гэр бүлтэйгээ ямар их баяр баясгаланг мэдэрснээ мөн хүүхдүүд маань өөр өөрсдийн гэр бүлтэйгээ ямар их хөөр баярыг мэдэрсэн тухай бодов. Би мөн тэвшинд хэвтэх хүү үүнийг хэрхэн боломжтой болгосон талаар эргэцүүлэн бодлоо. Аврагчийн бэлэг зөвхөн надад биш, харин бүх хүн төрөлхтөнд зориулагдсаныг тунгаан бодоход зүрх сэтгэлд минь халуун дулаан сайхан мэдрэмж төрөв.

“Тэнгэр элч тэдэнд—Бүү айгтун, харагтун, би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайн мэдээг та нарт авчирлаа” гэсэн (Лук 2:10; тодотгол нэмэгдсэн).

Би модоо үргэлжлүүлэн чимж байхдаа Есүс Христийн даруухан төрөлт хийгээд амьдралын тухай тунгаан бодсон юм. Тэрээр шархадсаныг эдгээж, дарамтлагдсаныг босгож, ганцаардсаныг тайтгаруулж, төгс бус хүмүүст амар амгаланг авчирч, зовж зүдэрснийг энэрч хайрлахаар ирсэн. Бидэнд Эцэгийнхээ хаант улсад Эцэгтэйгээ дахин амьдрах боломж олгохын тулд Тэрээр төрж, бас амиа өгсөн юм. Тэрээр хүмүүнд жинхэнэ аз жаргалыг амсуулж болохын тулд ирсэн. Христ бол Христийн мэндэлсний баярын утга учир тул би Христэд баяр баясгаланг олж, сэтгэл уужирч билээ.