2018
Кэйти, Квинси хоёр
2018 оны 12-р сар


Кэйти, Квинси хоёр

Зохиогчид нь АНУ-ын Юта мужид амьдардаг.

Квинси ихэнхдээ Кэйтид тусалдаг байлаа. Гэвч энэ орой Кэйти Квинсид туслахыг хүсэж байв.

“Анд найзууд ямар ч үед бие биеэ хайрладаг” (Сургаалт үгс 17:17).

Зураг
Katie and Quincy

Кэйти дуулах, бас бүжиглэх дуртай байлаа. Гэвч тэр ням гаргуудад юу юунаас ч илүү дуртай байв. Тэр энэ л үед найз Квинситэйгээ уулздаг байлаа.

Кэйти Дауны синдромтой. Заримдаа сүм дээр байхдаа тэр эргэлзэж, юу хийхээ мэдэхээ больдог. Гэхдээ Квинси өөрт нь туслахаар тэнд байгаа гэдгийг тэр мэддэг байв.

Квинси Кэйтигийн гараас хөтлөн, түүнийг Хүүхдийн хэсэгт аваачдаг байлаа. Кэйти заримдаа хуваалцах цагаар сандрахад нь Квинси түүнийг тэвэрдэг. Энэ нь Кэйтийг тайвшрахад нь дандаа тус болдог. Хуваалцах цагийн дараа Квинси Кэйтийг ангиа олоход нь тусалдаг байлаа. Кэйти Квинсид хайртай байв.

Нэгэн өдөр Кэйти Квинсигийн гэр бүлд гунигтай зүйл тохиолдсоныг олж мэджээ. Квинсигийн ах Кори нас барсан байлаа! Кэйти найзыгаа маш их гунигтай байгааг мэдэж байв. Тэр Квинсиг том ахдаа маш их хайртай байсныг мэднэ.

Ээж нь Кэйтид хүмүүс өнөө орой Квинсигийн гэр бүлд хайраа үзүүлэхээр сүмийн байранд цугларна гэж хэлсэн байлаа. Харин маргааш нь Коригийн оршуулга болох байв.

“Чи өнөө орой аав бид хоёртойгоо сүм рүү явахыг хүсэж байна уу?” гэж ээж нь Кэйтигээс асуулаа.

Кэйти толгой дохив. Тэр Квинсид хайртай гэдгээ хэлэхийг хүсэж байлаа.

Ээж нь Кэйтид сайхан хувцас өмсөхөд нь туслав. Дараа нь тэд сүм рүү машинаараа явлаа.

Тэднийг тэнд очиход Кэйти олон хүн ирснийг харав. Тэдний зарим нь сүмийнх гэдгийг тэр мэдэж байв. Тэр бишопоо, Хүүхдийн хэсгийн ерөнхийлөгчөө харав. Гэвч тэр найзыгаа олж харсангүй.

“Ээж ээ, Квинси хаана байна вэ?” гэж Кэйти асуулаа.

Ээж нь мэдэхгүй байв.

“Бид яагаад өөр хэн нэгнээс асууж болохгүй гэж?” хэмээн ээж нь хэлэв.

Кэйти ер нь олон хүнтэй ярих дургүй байлаа. Гэхдээ өнөө орой тэр Квинсийг олох хэрэгтэй. Кэйтид зориг орох шиг болов. Тэр бишоп руугаа алхан очоод,

“Квинси сэтгэлээр унасан байгаа. Би Квинсиг олох хэрэгтэй!” гэж хэллээ.

Бишоп инээмсэглээд, түүний гараас хөтөлж, “Тэгвэл Квинсиг хайхаар явцгаая” гэв.

Кэйти бишоп, ээж хоёртойгоо хамт сүмийн байрыг тойрон явлаа. Эцэст нь тэд түүнийг олов. Квинси буланд сууж байлаа. Тэр үнэхээр гунигтай харагдаж байв.

Кэйти найз дээрээ алхаж очин, гараа алдлан тэвэрлээ. Квинси ахыгаа хэчнээн их санаж байгаа бол гэж тэр бодов.

“Зүгээр дээ, Квинси. Есүс Корид санаа тавих болно” гэж Кэйти хэлээд, Квинсигийн үсийг болгоомжтой, маш зөөлөн иллээ.

Квинси ч уйлж эхлэв. Кэйти түүнийг улам чанга тэврэв.

“Зүгээр дээ. Есүс Корид санаа тавих болно” гэж Кэйти хэлэв.

Квинси уйлсаар л байлаа. Кэйти ч найзаа тэвэрсээр л. Хэсэг хугацааны дараа Квинси арай тайвшрав. Тэр шуухитнаж байсан ч айхавтар сүрхий уйлахаа больсон байлаа. Тэр Кэйти рүү харж,

“Баярлалаа, Кэйти. Чиний зөв. Есүс ахад минь санаа тавих болно” гэж хэлэв.

Кэйти найзаа тайвшруулж чадсандаа баяртай байлаа. Тэр Квинсид хайртай байв!

Хөгжлийн бэрхшээлтэй найзууд

Зарим хөгжлийн бэрхшээл биеийн ажиллагаанд саад болдог. Зарим хөгжлийн бэрхшээл тархины ажиллагаанд нөлөөлдөг. Харин зарим хүний хөгжлийн бэрхшээл тархи болон биеийнх нь аль алинд нөлөөлдөг. Ямартай ч, хүүхэд бүр Бурханы чухал бөгөөд хайртай хүүхэд нь билээ!

Хэрэв та хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй тааралдвал:

Хийж болохгүй зүйлс …

  • Гөлрөх, гар хуруугаараа заах, тэдний талаар шивнэлдэх

  • Тэднийг тоохгүй орхих

  • Тэднээр тохуурхах

  • Гоочилсон нэрээр тэднийг дуудах

Хийж болох зүйлс …

  • Мэндэлж, найрсаг хандах

  • Боловсон байдлаар асуух

  • Бусад хүн гоочилбол тэднийг өмөөрөх

  • Тэд бол яг тантай адил Бурханы хүүхэд гэдгийг санах!