2018
Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдрэх 7 арга зам
2018 оны 12-р сар


Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдрэх долоон арга зам

Бялхсан зоог болон найр наадам зугаатай ч баяр хөөртэй тохинуулах нь Христийн мэндэлсний баярын сүнстэй байх түлхүүр юм.

Зураг
seven ways to catch the Christmas spirit

Зураг чимэглэлийг Майкл Муллан

“Христийн мэндэлсний баяр шиг санагдахгүй байна.”

Танд ийм бодол төрж байсан уу? Танд яг одоо ийм мэдрэмж төрж байж болно. Та Христийн мэндэлсний баярын дууг хэчнээн чанга тоглож, хэчнээн олон Христийн мэндэлсний баярын жигнэмэг идээд ч Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдрэхгүй байж магадгүй.

Хэрэв энэ нь танд танил сонсогдож байвал, эсвэл та энэ жил Христийн мэндэлсний баярын гялбааг арай илүү мэдрэхийг хүсэж байвал цааш нь уншаарай!

Ерөнхийлөгч Дэвид О.Маккэй (1873–1970) үүнийг “Христийн мэндэлсний Баярын сүнс бол Христийн сүнс юм. Эл сүнс ах дүүгийн ёсны хайр, нөхөрлөлөөр бидний зүрх сэтгэлийг дүүргэж, үйлчлэлийн нигүүлсэнгүй үйлсэд биднийг өдөөдөг билээ”1 хэмээн маш энгийн болгож хэлсэн. Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Бонни Л.Оскарсон “Өөрийн эргэн тойрон дахь хүмүүст өгөөмрөөр гараа сунгаж, өөрсдийнхөөсөө өгөх нь Христийн мэндэлсний баярын сүнсийг өргөх арга юм”2 гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Сүлд мод чимэглэж, бэлэг өгөх нь Христийн мэндэлсний баярыг тэмдэглэх арга ч Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдрэх түлхүүр бол бусдад тохинуулах явдал юм. (Тохинууллын талаар илүү ихийг сурахын тулд өмнөх “Аврагчийн адил тохинуулах нь” өгүүллийг үзнэ үү.)

Бас сайн мэдээ! Христийн мэндэлсний баярын үеэр бусдад тохинуулах олон арга зам бий. Эдгээрийн заримаас нь хийж үзэх юм бол та Сүнсний дулаан уур амьсгалыг мэдэрч, Христийн мэндэлсний баярын жинхэнэ сүнс болох Аврагчид илүү ойртсоноо мэдрэх болно.

Зураг
1

1. Ганцаардсан хүнийг эргэж оч.

Баярын өдрүүдийг хамт өнгөрүүлэх гэр бүл, найз нөхөдгүй таньдаг хүмүүсийнхээ тухай бод. Ахмад настай юм уу айл хөрш болон дөнгөж нүүж ирсэн хэн нэгэн дээр зочлон очих талаар бодож үз. Ганцаардсан ганц хүнд тусламжийн гараа сунгаснаар хүчтэй нөлөө үзүүлж болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын цохон тэмдэглэснээр “хүмүүст нэг нэгээр нь тусалснаар ‘нэгүүдэд’ тохинуул.”3 Бид бас ингэж чадна.

Зураг
2

2. Христийн мэндэлсний баярын магтууг дуул.

Бошиглогч маань Христийн мэндэлсний баярын магтуунд дуртай гэдгийг та нар мэдэх үү? “Сантагийн тухай этгээд явган дууг” хоолойгоо шахан дуулж байна уу, эсвэл Аврагчийн тухай дуртай дууллаа хүндэтгэлтэйгээр дуулж байна уу гэдгээс үл хамааран бусадтай дуу хөгжим хуваалцах нь Христийн мэндэлсний баярын жинхэнэ сүнсийг бодитоор нь мэдрэх4 гайхалтай сайхан арга зам гэдэгт ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон итгэдэг.

Зураг
3

3. Утсаа харахаасаа өмнө эргэн тойрноо хар.

Та утсаа бүхэл өдрийн турш халаасандаа байлгах албагүй ч байх газраа байж, эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуулах нь Христийн мэндэлсний баярын сүнстэй эргэн холбогдох гайхалтай арга зам юм.

“Найзууд тань юу хийж байгааг харахын тулд утсаа авахын оронд хэсэг азнаж, эргэн тойрноо хараад, ‘Өнөөдөр би хэнд хэрэгтэй вэ?’ гэж өөрөө өөрөөсөө асуугаарай. “Та нар үеийнхээ хэн нэгэнд тусламжийн гараа сунган, амьдралд нь нөлөөлөх эсвэл дотроо зовж шаналж яваа найздаа урмын үг хэлэх түлхүүр нь байж магадгүй.”5

Зураг
4

4. Нэмэлт гэрийн ажил хий.

Гэр цэвэрлэх, хүүхэд харах эсвэл гэрийн бусад ажлыг нэмж хийх нь танд Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдрэхэд үнэхээр туслах болов уу? Хэрэв та үүнийг зөв хандлагаар хийвэл туслах нь гарцаагүй! Зүлгэж юм уу цэвэрлэж байхдаа үйлчилж байгаа хүнийхээ тухай бодоорой. Гэр бүл, найз нөхөд тань таны хичээнгүйлэн хөдөлмөрлөж хийсэн бэлэгт ямар их баярлахыг бодоод үз.

Зураг
5

5. Христийн мэндэлсний баярын амттанг тарааж өг.

Христийн мэндэлсний баярын жигнэмгийг идэх тухай өмнө нь дурдсанчлан, яагаад Христийн мэндэлсний баярын амттанаа бөөн бөөнөөр нь хийж болохгүй гэж? Та өөрөө хэдийг (эсвэл олныг) амсаж болох ч Христийн мэндэлсний баярын сүнсийг мэдрэх гол түлхүүр маань бусдад өгөх явдал юм.

Зураг
6

6. Христийн мэндэлсний баярын видео бичлэгийг хуваалц.

Христийн мэндэлсний баярын захиасыг олон нийтийн сүлжээн дээр тавь. Христийн мэндэлсний баярт зориулсан Мормон захиасыг үзэж, санаа ав. Та бас Mormon.org дээрх Сүмийн Христийн мэндэлсний баярын видео бичлэгийг хуваалцсанаар хэн нэгний өдрийг гэрэлтүүлж чадна. Та үүнийг найздаа илгээх юм уу өөрийн хуудсан дээр тавьж хуваалцаж болно.

Зураг
7

7. Үүнийгээ нууцаар хий.

Та баригдалгүйгээр хэр олон нууц үйлчлэл хийж чадах бол? Та хүнсний зүйлс, бэлэг зэргийг хэн нэгний үүдэнд үлдээн, хүрэмнийх нь халаасанд сайхан үгтэй зурвас хийж, цас арилгаж, навчийг нь цэвэрлэж болно. Гэхдээ өөрийгөө хэнд ч бүү мэдүүл! Өглөг чинь нууц байг (Матай 6:4-ийг үзнэ үү) гэснийг сана.

Христийн мэндэлсний баяраар тохинуулах нь

Гялалзсан чимэглэл, найрын ширээ нь баярыг гайхалтай сайхан, хөөр баяслаар дүүргэж болох ч Христийн мэндэлсний баярын сүнстэй байх түлхүүр бол тохинуулал юм.

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф “Бид Түүний дэлхийд ирсэн явдлыг үнэхээр хүндлэхийн тулд Түүний хийснийг хийж, найз нөхдөдөө энэрэл хайр, нинжин сэтгэлээр туслах ёстой. Бид үүнийг өдөр бүр, үг хэл, үйлдлээрээ хийж болно. Бүгдээрээ Христийн мэндэлсний баярыг хаана байгаагаасаа үл хамааран арай илүү эелдэг, илүү өршөөнгүй мөн шүүлгүйгээр, талархалтай байж, элбэг дэлбэг байгаа зүйлээсээ хэрэгтэй хүмүүст нь өгөөмрөөр өгөхийг уламжлал болгоцгооё”6 гэж хэлсэн.

Эшлэлүүд

  1. David O. McKay, Gospel Ideals (1953), 551.

  2. Bonnie L. Oscarson, “Christmas Is Christlike Love” (First Presidency Christmas Devotional, Dec. 7, 2014), broadcasts.lds.org.

  3. David A. Bednar’s Facebook page, video posted on Jan. 22, 2017, facebook.com/lds.david.a.bednar/videos.

  4. Russell M. Nelson, in “Christmas Memories from Prophets and Apostles,” New Era, Dec. 2015, 10.

  5. Бонни Л.Оскарсон, “Тусламж хэрэгтэй хүмүүс бидний өмнө байна,” 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 8.

  6. Дийтр Ф.Угдорф, “Үйрмэгээ цац” (Тэргүүн Зөвлөлийн Христийн мэндэлсний баярын онцгой цугларалт, 2017 оны 12-р сарын 3), broadcasts.lds.org.