2018
Шийдвэрүүд болон гайхамшгууд: Би одоо харж байна
2018 оны 12-р сар


Индэр дээр

Шийдвэрүүд болон гайхамшгууд: Би одоо харж байна

Нэгэн цагт Христийн гэрэл болон хайр миний амьдралд ирсэн. Тэр үеэс хойш амьдрал минь үүрд өөрчлөгдсөн юм.

Сургаалгүй амьдрал ямар байдгийг би мэднэ. Би тийм амьдралаар 30 жил амьдарсан. Би Орос улсад буянт сайн эцэг эхээс мэндэлсэн. … Би өсөж том болж, гэрлээд, хөөрхөн охин төрүүлсэн. Удалгүй би их сургуулиа амжилттай төгсөж, дуртай ажилдаа ч орсон. Гэхдээ л би аз жаргалаас асар хол байлаа.

… Гэрлэлт минь … яваандаа нурж унав. … Би охиноо ч, өөрийгөө ч наад захын хоол хүнсээр хангаж чадахгүй байв. Би нүгэл үйлдэж, олон буруу сонголтыг ар араас нь хийсэн. Өлсгөлөн, сэтгэлийн хямрал, буруу шийдвэрүүд амьдралыг минь зовлон болгож хувиргав. Би үйлдсэн нүглийнхээ үр нөлөөний улмаас ингэж зовж байгаагаа ойлголгүй, золгүй заянд төрсөндөө [буруугаа тохож байлаа]. Гэвч би үүнийг хэрхэн мэдэх билээ дээ? Надад зааснаар бол нүгэл гэж байдаггүй байв. …

1917 оны Коммунист хувьсгалын дараа Зөвлөлт Холбоот Улсад шашныг хориглосон. Цэцэрлэгт байх цагаас эхлэн надад Бурхан гэж байдаггүй, зөвхөн Коммунист нам, Ленин өвөө л оросуудад аз жаргалыг авчирна гэж заадаг байсан юм. Манай нийгэмд шашин шүтлэгтэй хүмүүсийг маш ихээр хавчин дарамталдаг байв. Итгэгчид ажлаа алдаж, сургуульд явахыг нь хориглож, тэднийг “галзуу” гэж нэрлэдэг байлаа. Хүн бүр их сургуульд байхдаа Бурхан байдаггүй гэдгийг нотолдог шашингүй үзлийн тухай хичээлд заавал суудаг байв. Би Бурханы талаар зүгээр л бодоогүй байлаа. Гэсэн ч би буруу сонголтынхоо өвдөлтийг зүрх сэтгэлдээ мэдэрч байсан юм. Хожим нь надад мэдрэгдсэн тэр өвдөлт зөв бурууг дотоод сэтгэлд минь мэдрүүлдэг Христийн гэрэл байсныг би ойлгосон. …

… Амьдрал яг л төгсгөлд нь үхэл намайг хүлээж буй харанхуй хонгил мэт надад санагддаг байлаа. Би аажим аажмаар үхэж байна гэдгээ мэддэг байв. … Би яаж залбирахаа мэддэггүй байсан тул зүгээр л мөрөөддөг байсан юм. … Би нэгэн өдөр амьдралынхаа бүх зовлон зүдгүүрээс зугтаж, дахин нэг удаа эхнээс нь аз жаргал, гэрэл гэгээтэйгээр эхлүүлнэ дээ гэж мөрөөддөг байв. Би охиноо надаас илүү сайхан амьдралтай байгаасай гэж их хүсдэг байсан.

Зураг
walking through a tunnel

© Getty Images-ийн гэрэл зураг

[Тэгтэл] Мормоны Ном амьдралд минь орж ирэв. Би өглөө бүр ажилдаа явахаасаа өмнө нэг бүлэг уншдаг байлаа. Энэ номыг уншсанаар би Бурхан амьд, Есүс бол Түүний Хүү бөгөөд надтай адил нүгэлтнүүдэд туслахын тулд энэ дэлхийд ирсэн гэдгийг олж мэдэв. Уг номыг уншихын хэрээр би Христийн сургаал болон өөрийн минь амьдардаг байдал хоорондоо ямар их ялгаатай болохыг улам сайн хардаг болов. Би бас яагаад миний амьдрал тийм зовлонтой байсныг ойлгосон. …

… Би эрс өөрчлөлт хийхэд бэлэн болсон байлаа. Би шөнөжин уйлж, буруу амьдарч байснаа мөн миний хийсэн буруу шийдвэрүүд хамгийн их хайрладаг хүмүүсийг минь зовлонд унагааж байсныг ухааран ойлгосон. … Энэ шөнийг би огт мартдаггүй. Энэ нь миний амьдралын хамгийн хүнд хэцүү үйл явдал байв. Би шөнөжингөө уйлж, гуйж билээ. … Шөнө дуусахын алдад би эцэж ядран, уйлах нулимс ч үгүй болсон байв. Үүр цайхад, амар амгалан, тайтгарал надад ирсэн юм. Би “Энэ миний мутар. Би чамайг хөтөлж, замыг чинь заана. Гэхдээ чи надад өөрчлөгдөнө гэдгээ амлах хэрэгтэй” гэсэн үгсийг сонссон. Би ч амласан. Би тэр удирдамж, тусламжийг юу юунаас илүү хүсэж байлаа. …

Орост өнгөрүүлсэн тэр хэцүү бөгөөд баярт шөнө Христийн амлалтууд ямар агуу болохыг би мэдээгүй юм. Тэр үед би хэдхэн сарын дараа Америк явж, сайн мэдээний талаар илүү ихийг сурч, тун удалгүй баптисм хүртэнэ гэдгээ мэдээгүй. Би бас охин минь Америкт ирж, аз жаргалтайгаар бидэнтэй нэгдэнэ гэдгийг ч мэдээгүй. …

… Христ надад маш олон гайхамшгийг өгсөн бөгөөд Түүний тэнгэрлэг мутар миний амьдралд байгаа эсэхэд өчүүхэн төдий ч эргэлзэх үе гарч байсангүй. …

Христтэй хамт алх! Түүний мутраас барь! Түүний үгэн дээр найрла. Түүний гэрлийг бүх нүх сүвээрээ, бүх бодгалиараа өөртөө шингээ. Хүнд хэцүү үед Тэр таныг харанхуй хонгилд орхихгүй. Харин таны өмнө улам бүр тодрон гэрэлтэх Түүний хайрын гэрэлд байх болно.