2018
Ахыгаа нас барсны дараа би “Яагаад?” гэж асуухаа больсон шалтгаан
2018 оны 12-р сар


Зөвхөн цахим хувилбараар

Ахыгаа нас барсны дараа би “Яагаад?” гэж асуухаа больсон шалтгаан

Зохиогч нь Аргентины Салтад амьдардаг.

Тэр хэдийгээр надтай хамт байхгүй байгаа ч би ахыгаа миний дэргэд байгаа гэдгийг одоо хүртэл мэдэрдэг.

Би Сержио ахыгаа нас барсан тухай мэдээг авах үедээ өрөөндөө хичээлээ хийж байсан ба ээж маань түүний нэг өдрийн өмнө бичсэн э-мэйлүүдийг уншиж байсан юм. Тэр Перугийн Чиклаяа номлолд үйлчилж, Есүс Христийн төлөөлөгч байгаадаа аз жаргалтай байгаа тухайгаа бидэнд бичсэн байв. Тэр өөрийн хайрыг маш их сэтгэл хөөрсөн байдалтайгаар бидэнд хэлсэн учраас бид өөрийн эрхгүй инээмсэглэж байсан юм.

Бидэнд итгэмээргүй мэдээг хэлсэн түүний номлолын ерөнхийлөгчийг утасдахаас хэдхэн хормын өмнө ээж бид хоёр ахын маань сонсох дуртай дууг сонсож байлаа. Гэнэт амар амгалангийн хүчит мэдрэмж өрөөг маань бүхэлд нь эзэмдсэн. Сүнс маш хүчтэйгээр мэдрэгдэж байлаа. Биднийг эзэмдсэн тэр дулаахан байдал мөн мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй үнэхээр бодит байсан тул бид бүр уйлж байлаа. Гэтэл ердөө аравхан минутын дараа утас дуугарав.

Ээж, бид хоёр аавын өөрөөс нь асуусан бүх асуултад хариулж байхыг сонссон юм. Хэрэв номлолын ерөнхийлөгч утасдаж байгаа бол ямар нэгэн сүрхий юм болсон гэдгийг бид мэдэж байв. “Энд ямар нэг эндүүрэл гарсан байхаа. Ийм юм байж болохгүй” гэж аавын хариулахыг бид сонссон юм.

Би түүнээс юу болсон бэ гэж асуув. Тэгэхэд аав минь бидэнд нүд дүүрэн нулимстай, сөөнгө хоолойгоор “Бяцхан Сержио маань нас баржээ” хэмээн хариулж билээ.

Би гашуудалтайгаар “Тэнгэрлэг Эцэг минь яагаад вэ? Бид яагаад ийм юм үзэх ёстой юм бэ? Номлол чинь дэлхий дээрх хамгийн аюулгүй газар байх ёстой биш билүү?” гэж ахин дахин асуун, уйлж байв.

Хэдийгээр бидний амьдралд сайн мэдээ байгаа, бид аз жаргалын төлөвлөгөөний талаар мэддэг байсан ч бидний гашуудлыг тайлж, тайтгаруулах ямар ч зүйл байхгүй юм шиг санагдаж байлаа. Бидний нөхцөл байдалд зөвхөн Тэнгэрлэг Эцэг маань л тусалж чадна гэдгийг би мэдэж байсан.

Тэр орой, бүх зүйл ойлгомжтой болсон тэр үед, нас барахаасаа хэдэн долоо хоногийн өмнө ахын маань бидэнтэй хуваалцаж байсан Алмагийн номон дээрх эшлэл санаанд минь орж ирсэн тул би судруудаа олохоор гүйж билээ. “Ай би тэнгэр элч болж, зүрхний минь хүсэл гүйцэлдэх болоосой, тиймээс би явж мөн … ярьж … наманчлалыг мөн гэтэлгэлийн төлөвлөгөөг … бодгаль болгонд аянгын дуун мэт зарлах сан би. Гэвч болгоогтун, би бол хүн, мөн энэ хүсэлдээ нүглийг үйлдлээ; … Шударга Бурханы чанд тогтоолыг би өөрийн хүслээр гуйвуулах ёсгүй, учир нь тэрээр тэдний хүслийн дагуу, тэр нь үхэлд эсвэл амьдралд хүргэх байлаа ч … өөрчлөгдөшгүй тэр тогтоолуудыг тэдэнд тохоодог” гэж тэнд бичсэн байлаа (Алма 29:1–4).

Тэгэхэд би ах минь амьд, бидэнтэй сүнсээр хамт байгаа, гэвч сүнсний дэлхийд номлох дуудлага авсан учраас энэ амьдралыг орхисон гэдгийг ойлгосон юм. Түүний бидэнтэй хамт байхгүй байгаа нь номлолын үйлчлэлийн хугацаагаа сунган, өөр нэг солилцоо хийсэнтэй адилхан гэдгийг биднийг мэдээсэй гэж тэр хүссэн. Яагаад гэвэл тэр номлогч байх дуртай байсан бөгөөд Их Эзэний “тэнгэр элч” болох түүний зүрх сэтгэлийн чин хүсэл биелэгдсэн. Тэрээр аз жаргалын төлөвлөгөө, “наманчлалын мөн гэтэлгэлийн төлөвлөгөөг” бодгаль болгонд тунхаглахын тулд Их Эзэний ажилд өөрийгөө бүрэн дүүрнээр зориулж чадах байсан.

Тэр хэдийгээр надтай хамт байхгүй байгаа ч би ахыгаа миний дэргэд байгаа гэдгийг одоо хүртэл мэдэрдэг. Би “Тэнгэрлэг Эцэг минь яагаад вэ?” гэж асуухаа больсон, яагаад гэвэл хариулт нь “Хүний Хүү тэд бүгдэд доош бууж ирсэн юм. Чи түүнээс илүү агуу гэж үү?” хэмээсэн тод бөгөөд гүн гүнзгий хариулт байв(Сургаал ба Гэрээ 122:8).

Гэр бүлийн хувьд бид зүрх сэтгэлээ Бурханд юүлж, сайн мэдээний ачаар тайтгарлыг олж авсан юм. Энэ амьдрал бол сорилт бөгөөд бидний сүнснүүд мөнхийнх гэдгийг бид мэднэ.

Бидний Аврагч Есүс Христ бөгөөд Тэнгэрлэг Эцэгийн хязгааргүй хайрын найдвараар дамжуулан бүх зүйл боломжтой гэдгийг бид мэднэ. Тиймээс, хэдийгээр бидний ойлголт бүрэн дүүрэн биш ч гэсэн мөн энэ амьдралдаа бид асар ихээр хайрладаг тэр хүмүүсээ хараахан харж чаддаггүй ч гэсэн Түүний амьдралын ачаар энэ нь түр зуурынх төдийгүй агшин зуурын нөхцөл байдал болохыг мэддэг.

Сержио маань нас барснаас хойш дөнгөж дөрвөн жил өнгөрчээ. Одоо ч гэсэн үе үе гунигтай өдрүүд өнгөрч, нулимс минь урсан гарч ирсээр байдаг гэдгийг би хүлээн зөвшөөрч байна. Учир нь би хайртай ахыгаа үргэлж санадаг. Гэвч энэ нь түр зуурын нөхцөл байдал юм гэж бодохоор миний зүрх сэтгэл талархлаар дүүрдэг. Миний найдлага бол эцсийн эцэст хэзээ нэг өдөр бид дахин уулзаж, мөнхийн, аз жаргалтай гэр бүлээрээ үүрд мөнх хамт амьдрахаар дахин нэгдэх явдал юм. Энэ нь одоо миний мэдэрч байгаа зовлонгоос хамаагүй илүү агуу зүйл билээ.