2017
Санваарын түлхүүрүүдийн сэргээлт
June 2017


Санваарын түлхүүрүүдийн сэргээлт

2004 оны аравдугаар сарын Ерөнхий чуулган дээр хэлсэн үгээс авав.

Аврагч Өөрийн Сүмийг дэлхий дээрх санваарын бүх түлхүүрийг энэ цаг үед атгадаг бошиглогч, төлөөлөгчдийн суурин дээр барьсан.

Зураг
ruins

Ефесчүүдийн зураг мөн ард талын дэвсгэр зураг, Getty images

Би олон жилийн өмнө Ефес дэх нэгэн эртний театрт үг хэлсэн юм. Нарны гэрэл төлөөлөгч Паулын номлож байсан яг тэр газарт хурцаар тусаж байв. Үг хэлэх сэдэв маань Бурханаар дуудагдсан төлөөлөгч Паул байсан юм.

Зуу зуун хожмын үеийн гэгээнтэн цуглараад байв. Мянга гаруй жилийн өмнө ефесчүүдийн сууж байсан урт чулуун вандан сандал дээр тэд сууцгааж байлаа. Тэдний дунд амьд төлөөлөгчид болох ахлагч Марк Э.Пэтэрсэн, ахлагч Жэймс Э.Фауст нар байв.

Би хэлэх үгээ маш анхааралтай бэлдсэн гэдгийг та нар төсөөлж байгаа байх. Би төлөөлөгчдийн Үйлс номыг мөн Паулын болон түүний хамтрагч төлөөлөгчдийн захидлыг уншсан. Мөн Паулын ефесчүүдэд хандан бичсэн захидлыг ч уншиж, тунгаан бодсон.

Би Паулд болон түүний албан тушаалд хүндэтгэл үзүүлэхийг чадах чинээгээрээ хичээсэн билээ. Үгээ хэлж дууссаны дараа хэд хэдэн хүн магтаал хэлж, хоёр амьд төлөөлөгч хоёулаа магтаалын үгсийг харамгүй хайрласан юм. Гэвч дараа нь ахлагч Фауст намайг авч яваад, инээмсэглэн, нам дуугаар “Сайхан үг хэллээ. Гэхдээ чи хэлж болох байсан хамгийн чухал зүйлийг орхичихлоо” гэв.

Намайг юуг хэлэлгүй орхисноо асуухад хэдэн долоо хоногийн дараа тэр надад хэлж өгсөн юм. Түүний хариулт одоо хүртэл надад үнэтэй сургамж өгсөөр байдаг.

Хэрэв Паулыг сонсож байсан гэгээнтнүүд түүний атгаж байсан түлхүүрүүдийн үнэ цэн, хүч чадлын тухай гэрчлэлтэй байсан бол төлөөлөгчид дэлхийгээс авагдах шаардлагагүй байсан гэдгийг хүмүүст хэлж болох байсан гэж тэр хэлсэн юм.

Энэ нь намайг ефесчүүдэд бичсэн Паулын захидлыг эргэн харахад хүргэсэн билээ. Паул төлөөлөгчдөөр нь дамжуулан Сүмийн гишүүдэд Их Эзэнээс ирж буй санваарын түлхүүрүүдийн гинжин хэлхээний үнэ цэнийг хүмүүс мэдрээсэй гэж хүсэж байсныг би мэдсэн. Паул тэдгээр түлхүүрийн тухай гэрчлэлтэй болгохыг эрмэлзэж байжээ.

Христ Өөрийнхөө Сүмийн тэргүүнд нь байгаа гэдгийг Паул ефесчүүдэд гэрчилсэн бөгөөд дэлхий дээр энэ цаг үед санваарын бүх түлхүүрийг атгадаг төлөөлөгч, бошиглогчдын суурин дээр Аврагч Сүмээ барьсан гэдгийг заасан (Ефес 2:19–20-ийг үзнэ үү).

Санваар сэргээгдэв

Зураг
the Apostle Paul

Зураг чимэглэлийг Брайн Кол

Паул тодорхой хүч ба эрх мэдэлтэйгээр заан, үлгэр жишээ үзүүлж байсан ч урвалт ирнэ гэдгийг мэдэж байв (Үйлс 20:29–30; 2 Тесалоник 2:2–3-ыг үзнэ үү). Төлөөлөгч, бошиглогчид дэлхийгээс авагдах болно гэдгийг тэр мэдэж байсан. Мөн бошиглогч, төлөөлөгчид ирээдүйн нэгэн гайхамшигт өдөр эргэн сэргээгдэнэ гэдгийг ч мэдэж байсан. Тэрээр энэ цаг үеийн тухай ефесчүүдэд хандан бичсэн ба Их Эзэний юу хийхийг хэлсэн. “Энэ нь цагийн дүүрнийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ” (Ефес 1:10).

Паул тэнгэр дахин нээгдэх үеийг буюу бошиглогч Иосеф Смитийн тохинууллыг урьдчилан харсан бөгөөд энэ нь ч ёсоор болсон. Иохан Баптист ирж, мөнх бус хүмүүнд Аароны санваарыг мөн тэнгэр элчүүдийн тохинууллын болон нүглийн ангижралын төлөө усанд умбуулан хийх баптисмын түлхүүрүүдийг хүртээсэн билээ (С ба Г 13-ыг үзнэ үү).

Эртний төлөөлөгч, бошиглогчид эргэж ирэн, мөнх бус амьдралдаа атгаж байсан түлхүүрүүдийг Иосефт хүртээжээ (С ба Г 110-ыг үзнэ үү). Ийнхүү мөнх бус хүмүүн 1835 оны 2-р сард ариун төлөөлөгчийн ариун дуудлагад томилогджээ. 1844 оны 3-р сарын сүүлээр арванхоёр төлөөлөгчид санваарын түлхүүрүүдийг хүртээсэн байна.

Бригам Янгаас эхлээд ерөнхийлөгч Монсон хүртэлх Иосефын залгамж халаа болсон бүх бошиглогч тэдгээр түлхүүрийг атгаж, ашиглан, ариун төлөөлөгчийн дуудлагад дуудагдсан билээ.

Итгэл ба санваарын түлхүүрүүд

Паулын цаг үетэй адил тэдгээр санваарын түлхүүрийн хүч биднээс итгэл шаарддаг. Биднийг удирдан, бидэнд үйлчилдэг тэдгээр хүн санваарын түлхүүрүүдийг атгадаг гэдгийг бид илчлэлтээр мэддэг байх хэрэгтэй. Энэ мэдлэг нь Сүнсний гэрчийг шаардана.

Мөн энэ нь Есүс бол Христ, Тэр амьд бөгөөд Сүмийг удирддаг гэдэг бидний гэрчлэлээс хамаардаг. Их Эзэн бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн Сүмийг болон санваарын түлхүүрүүдийг сэргээсэн гэдгийг бид өөрсдөө олж мэдэх ёстой. Тэдгээр түлхүүр нь амьд бошиглогчдод тасралтгүй уламжлагдсаар ирсэн бөгөөд гадас, дүүргийн ерөнхийлөгчөөс бишоп, салбарын ерөнхийлөгчид мөн бишоп, салбарын ерөнхийлөгчөөс бидэнд хүрдэг санваарын түлхүүрүүдийн шугамаар дамжуулан бид хаана ч байсан мөн бошиглогч, төлөөлөгчдөөс хэр хол байгаагаас үл хамааран Их Эзэн Өөрийн хүмүүсийг адисалж, удирддаг гэдэг ахин дахин сэргээж байх хэрэгтэй уг баталгааг Ариун Сүнсээр дамжуулан авах ёстой.

Их Эзэний сонгосон үйлчлэгчдэд итгэж найд

Зураг
restoration of the Melchizedek Priesthood

Restoration of the Melchizedek Priesthood,, Волтэр Рэйн

Бид Их Эзэний Сүмд өөрсдийгөө итгэлтэй хэвээр байлгахын тулд Түүний дуудсан хүмүүсийн үйлчлэл дэх хүч чадлыг таних мэлмийтэй байх ёстой бөгөөд ийм мэлмийтэй байж чадна. Бид Ариун Сүнсний нөхөрлөлийг хүртэхүйц зохистой байх ёстой. Мөн биднийг удирддаг тэдгээр хүн уг хүчийг эзэмшдэг гэдгийг мэдэхэд тусалдаг Ариун Сүнсний төлөө бид залбирах хэрэгтэй. Миний хувьд, иймэрхүү залбирлын хариулт ихэнхдээ Их Эзэний үйлчлэлд өөрийн биеэр бүрэн оролцох үед ирдэг.

Бид эдгээр түлхүүр нь Бурханаар нэг хүнээс нөгөөд уламжлагддаг гэдгийг мэдэх боломж олгодог илчлэлтийг авахаар үйлдэж чадна. Бид энэ туршлагыг ахин дахин олж авахыг эрэлхийлж болно. Бурханы бидэнд бэлдсэн мөн биднийг бусдад өгөөсэй гэж хүсдэг адислалуудыг хүлээн авахын тулд бид үүнийг хийх ёстой.

Зарим гишүүн Бригам Янгийг ярьж байх үед егүүтгэгдсэн бошиглогч Иосеф Смитийн дүрийг түүнээс олж харсантай адил ер бусын арга замаар залбирлын хариултаа хүлээж авах албагүй.1 Гэхдээ хариулт нь үүнтэй адил тодорхой ирнэ. Сүнсний баталгаагаар дамжуулан амар амгалан, хүч чадал ирдэг. Энэ бол Их Эзэний үнэн бөгөөд амьд Сүм бөгөөд Тэрээр Өөрийн томилсон үйлчлэгчдээр дамжуулан удирддаг мөн бидэнд санаа тавьдаг гэдгийг та нар дахин мэдэж авч чадна.

Хэрэв биднээс хангалттай олон нь энэ итгэлийг хөгжүүлж, тэдгээр нотолгоог хүлээн авбал Бурхан биднийг удирддаг хүмүүсийг өргөн дэмжиж, бидний амьдрал, гэр бүл адислагдах болно. Бид Паулын үйлчилж байсан хүмүүсээсээ хүсэж байсан зүйлийг хийж чадна. “Элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогд, Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ” (Ефес 2:20).

Эшлэл

  1. Doctrine and Covenants and Church History Seminary Student Study Guide (2001), 158-ыг үзнэ үү.