2017
Гадасны итгэл төгс дээд зөвлөх
June 2017


Гадасны итгэл төгс дээд зөвлөх

Би Германы нэгэн итгэл төгс дээд зөвлөхөөс “зогсож байгаа газраасаа өргөх” тухай нэгэн үнэ цэнтэй сургамж авсан юм.

Зураг
men holding up a church

2008 оны 10-р сард Ерөнхий чуулганы санваарын хуралдааныг сонсож байх үед Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф Сүмд үйлчлэх тухай ярьж эхэлсэн. Тэр хэдэн ахтай хамт хүнд төгөлдөр хуур өргөхийг оролдсон тухай түүхээ ярилаа. Аргаа бараад байх үед нь нэгэн эрэгтэй тэднийг зүгээр л бие биенээ тулж зогсоод “зогсож байгаа газраасаа өргөхийг”1 уриалжээ.

Ерөнхийлөгч Угдорф Сүмд хаана ч үйлчлэхээр дуудагдсан бай, үйлчлэх хэрэгтэй гэж үргэлжлүүлэн ярив. Зарим хүн зөвхөн өөрсдийнх нь авьяас чадварт тохирсон ямар нэгэн зүйлийг хийхээр дуудсан байсан бол илүү сайн үйлчилж болох байсан гэж боддог. Тэрээр “ямар ч дуудлага биднийг дордуулдаггүй юм. Дуудлага бүр үйлчлэх, өсөж хөгжих боломжоор хангадаг”2 хэмээн хэлжээ.

Ерөнхийлөгч Угдорфыг ийнхүү ярих үед зогсож байгаа газраасаа өргөхөд бэлэн байдаг Сүмийн нэгэн даруу төлөв гишүүн санаанд орж билээ.

1985 онд би Германы нэгэн жижиг хотод Нэгдсэн Улсын армийн офицерээр томилогдсон юм. Тухайн үед би Германд номлолд үйлчилснээс хойш 10 гаруй жил өнгөрсөн байлаа. 1983 онд би эхнэр Дэбра болон хоёр бяцхан охинтойгоо хамт цэрэг болж ирэхдээ хүчирхэг 100 гишүүнтэй цэргийн албан хаагчдын салбарт явж эхэлсэн юм. 2 жилийн дараа бид Германы соёлыг илүү бүрэн ойлгохын тулд ойролцоогоор 12 гишүүнтэй Байд Крэузнах салбарт явж эхлэв.

Үүнээс хоёр долоо хоногийн дараа салбар дээр нэгэн шинэ хүн ирсэн байхыг би харлаа. Тэр 40 гаруй настай байсан бөгөөд түүнийг манай салбарт томилогдсон дээд зөвлөх гэдгийг бид мэдэж авсан юм. Тэр гадасны ажил хэргийг явуулах гэж биш, зүгээр л зочилж ирсэн байлаа. Сүмийн цуглааны дараа бид хэсэг ярилцсаны эцэст салах ёс гүйцэтгэхдээ түүнтэй зургаан сарын дотор ямар ч байсан дахиад уулзах юм байна гэдгээ мэдсэн.

Дараагийн долоо хоногт дээд зөвлөх дахиад ирсэн байлаа. Тэр манай жижиг хотоос нэг цаг гаруй яваад хүрэх зайнд амьдардаг болохыг би мэдэж авав. Дээд зөвлөхөөр үйлчлэх үлдсэн хугацаандаа тэр манай салбарт сард хоёр юм уу гурван удаа ирж байсан. Тэр нөхөрсөг, төлөв даруу, урам зоригтой хүн байсан. Тэр үргэлж салбарын гишүүн бүртэй яриа өрнүүлдэг байв. Тэрээр уг жижигхэн салбарт индэр дээрээс үг хэлэх урилгыг байнга хүлээж авдаг байлаа. Би түүний хичээл зүтгэлийг хараад, дотроо “итгэл төгс дээд зөвлөх” гэж түүнийг нэрлэсэн юм.

Нэгэн ням гарагт тэр өглөө эрт салбарын цуглаанд оролцохоор ирээд, дараа нь 18 цагийн үед баптисмд оролцохоор дахин ирэв. Энэ хооронд тэр бас өөр салбарт суусан байлаа. Тэр үед надад “Тэр гадасны ерөнхийлөгчийг бухимдуулах ямар зүйл хийсэн юм бол? Тэр яагаад гадасны хамгийн жижигхэн, алслагдсан салбарт томилогдсон юм бол?” гэсэн бодол орж ирснийг нуух юун. Тэр миний бодсон шиг тийм ч ухаантай, даруу төлөв, сайхан зантай хүн биш байх. Тэр өөрийнхөө тойрогт дургүй учраас энэ үүрэг даалгавраараа далимдуулан зугтаж яваа биз. Би учрыг нь олж мэдээгүй ч зүгээр л энэ бодлоо хүлээн зөвшөөрөв.

Энэ баптисмаас хойш хэдэн долоо хоногийн дараа би нэгэн ням гарагт шөнө дунд гэртээ буцаж ирсэн юм. Би Германы зүүн, баруун хилийн хооронд бэлтгэлд гарсан байсан бөгөөд гэртээ харихын тулд гурван цаг хагас явсан учраас гэрийнхээ үүдэнд ирэхдээ маш их ядарсан байлаа. Эхнэр Дэбра минь сэрүүн байв. Тэр надад “итгэл төгс дээд зөвлөх” залгасныг мөн надтай уулзахыг хүсэж байгааг нь хэллээ. Би “Сүмийн дараа юу эсвэл өмнө нь үү?” гэж асуув. Сүм 10 цагт эхэлдэг учраас сүмийн дараа байвал 8:30 хүртэл унтаж болох юм байна гэж би горьдож байв.

“Өмнө нь” гэж тэр хэлэв.

“9:30-д уу?”

“Үгүй ээ. Тэр гадасны ажил хэргээр өөр газар руу явна гэсэн. Тэр чамтай Франкфурт дахь ажлын өрөөндөө уулзахыг хүссэн. Тэр 5-р гарц руу яваарай гэсэн шүү.”

“Хэдэн цагаас?” гэж би асуулаа.

“Зургаан цагт” гэж тэр хариулав.

Аль хэдийн 12:30 болсон байсан учраас би сэтгэлээр унав. 6 цагт уулзахын тулд би 4:30-д босох хэрэгтэй. Энэ нь 4 цагаас ч бага унтана гэсэн үг. Би юу хийх хэрэгтэй байсан бэ? Уулзаж чадахгүй боллоо гэж өглөө нь залгаж хэлэх утасны дугаар ч байсангүй. Би хувцсаа орныхоо хажууд тавиад, сэрүүлэг тавилгүй унтахаар хэвтлээ. Унтахаар хэвтэх үед дараах бодлууд орж ирсэн юм.

Хэрэв би “итгэл төгс дээд зөвлөх”-тэй уулзахгүй бол яах бол? Хэрэв би түүний ажлын өрөөнд очихгүй бол харин ч тэр цагаа үр бүтээлтэй өнгөрөөх биз гэж итгэж байв. Би дараагийн удаа түүнтэй уулзахдаа яагаад уулзаж чадаагүйгээ тайлбарлахад тэр “Тэгэлгүй яахав, та зөв шийдвэр гаргасан байна. Хэрвээ таныг гэртээ тийм орой ирсэн гэдгийг мэдсэнсэн бол би танаас ирэхийг хүсэхгүй байх байсан. Бид одоо ярилцаж болох юм байна” гэж хэлнэ. Үүнээс гадна яг үнэндээ би тэр салбарын гишүүн биш. Мэдээж хэрэг бидний бүртгэл тэнд харьяалалтай мөн бид долоо хоног бүр очдог ч германаар сайн ярьж чаддаггүй, тав эсвэл зургаан сарын дараа нүүх гадаад хүмүүс.

Ингэж бодоод миний санаа нэгмөсөн амрах гэж байлаа. Хэдэн минутын дараа би унтах гэж байв. Тэгтэл би түүнд өгсөн хочоо мөн “итгэл төгс дээд зөвлөх” биднийг энэ салбарт явж эхэлснээс хойш салбарт маань ирсэн бүх цаг үеийг эргэн саналаа. Тэр ням гаргийн орой баптисмд ирсэн. Мөн тэрээр долоо хоногийн дундуур салбарын үйл ажиллагаанд ирдэг. Тэр үргэлж гишүүн бүртэй яриа өрнүүлэн, тэднийг урамшуулж, сүнслэгээр нөлөөлдөг. Тэр хэзээ ч бусдыг шүүж эсвэл хайнга ханддаггүй. Тэр салбарын ерөнхийлөгчийг болон түүний хичээл зүтгэлийг үнэлдэг. Хэрэв тэр энэ жижигхэн салбарт томилогдсондоо сэтгэл дундуур байсан бол хэзээ ч ирэхгүй байх байсан.

Би босоод, шүүгээнийхээ дэргэд байгаа сэрүүлэгтэй цаг руу явав. Би сэрүүлгээ 4:30-д тавилаа. Би “итгэл төгс дээд зөвлөхтэй” уулзахаар шийдэхдээ, хэрвээ намайг очихгүй бол юу гэж хэлэх бол эсвэл юу гэж бодох бол гэдэгт санаа зовохгүй байв. Би нүүснийхээ дараа дахиад хэзээ ч түүнийг харж эсвэл сонсохгүй байх байсан. Би түүнийг “итгэл төгс дээд зөвлөх” байсных нь төлөө чин сэтгэлээсээ хүндэтгэдэг байсан учраас дөрвөн цагаас бага унтаад, түүний ажлын өрөө рүү 80 км газар явахаар жолоогоо заллаа. Би түүнийг дагахгүй байж яаж чадах юм бэ?

Зураг
hand reaching for alarm clock

Би тэр ням гарагт 6:00 цагийн үед 5-р гарцны дэргэд машинаа тавьсан ба пулемёттай нэг хамгаалалтын ажилтан намайг мэндлэн угтсан юм. Тэр миний машиныг Америкийн зэвсэгт хүчний дугаартай болохыг хараад, намайг төөрсөн гэж бодсон байж магадгүй. “Итгэл төгс дээд зөвлөх” ирэхгүй байхаар шийдсэн юм болов уу? Хоёр минутын дотор түүний машин машины минь хажууд ирж, зогслоо. Тэр “Өглөөний мэнд, Дон. Миний өрөө рүү явцгаая” гэж хэлэв. Хамгаалалтын ажилтан хаалгаа нээгээд, биднийг оруулав.

Тэр товч яриа өрнүүлэн, ажлын газрынхаа барилгыг танилцуулсны дараа уулзалтынхаа гол сэдэв рүү орлоо. Тэр намайг салбарын ерөнхийлөгчийн зөвлөхөөр дуудах гэж байгаагаа хэлэв. Нэгдүгээр эсвэл хоёрдугаар зөвлөх биш, цорын ганц зөвлөхөөр. Намайг ирэхээс өмнө тэр салбарт зөвхөн хоёр л санваартан байдаг байсан ба тэд хэдэн жил салбарын ерөнхийлөгч, ахлагчдын чуулгын ерөнхийлөгчөөр ээлжлэн үйлчилдэг байв.

Би дуудлагыг хүлээн авч, Нэгдсэн Улсад хоёр сарын бэлтгэлд гарахаасаа өмнө гурван сарын хугацаанд үйлчиллээ.

Намайг эзгүй үед эхнэр, бага хүү хоёр маань өвдөв. Хүүгийн маань биеийн байдал сайнгүй байсан учраас тэр гэрээсээ 97 км хол эмнэлэгт хэвтэх болсон юм. Эхнэр Дэбра маань цэрэг хүний эхнэр гэсэндээ огт гомдоллоогүй төдийгүй надаас Герман руу буцаж ирэхийг ч хүсээгүй юм. Үнэндээ би гэртээ ирэх хүртлээ эхнэрийнхээ өвдсөн тухай тодорхой зүйл мэдээгүй байсан. Орон нутгийн эмнэлэгт очсоны дараа эмч түүнийг машинаа барьж чадахгүй гэж бодсон учраас гэрт нь хүргэж өгчээ. Салбарын ерөнхийлөгч, Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч хоёр туслахыг хүссэн ч тэр эелдгээр татгалзсан байна. Тэр хэл, соёлын ялгааны бэрхшээлийн хажуугаар хэнд ч тээр болохыг хүсдэггүй байв.

Нэг өдөр “итгэл төгс дээд зөвлөх” түүн рүү ярилаа. Тэр гадасны ерөнхийлөгчөөр дуудагдаад удаагүй байжээ. Тэр эвтэйхэн шиг түүний биеийг асуусан бөгөөд “Би зүгээр ээ” гэсэн хариултад итгэхийг хүсээгүй юм. Дэбрагийн хэлсэн үг бүрийг гэр бүлийнх нь бодит нөхцөл байдлын тухай эелдэг мөртлөө оновчтой асуултаар шалгасны эцэст тэр “Дэбра, чи салбарт туслах боломж олгох хэрэгтэй. Тэд үнэхээр чамд туслахыг хүсэж байгаа. Чамд туслахын тулд салбар маань илүү нэгдмэл болно” гэж тайлбарлажээ. Тэр тэдний тусламжийг баяртай хүлээн авсан байна.

Намайг Нэгдсэн Улсаас буцаж ирсний дараа гэр бүл маань илүү том хот руу нүүх хүртэл бид салбартаа дахиад 2 сар явсан юм.

Суудлаасаа ялимгүй өндийж чанга яригчаар сонсогдож буй ерөнхийлөгч Угдорфын дуу хоолойнд анхаарлаа хандуулж эхлэхэд амьдралын минь энэ үеийн тухай дурсамж бүдгэрэн замхарч билээ. Түүний захиасаас ирж буй зөвлөгөө надад гүн сэтгэгдэл төрүүлсэн. Үг хэлэгчийн үг, үйлдэл хоёрын уялдаа холбоонд (бизнесийн салбарт, цэргийн ангид, тийм ээ, бүр сүм дээр сонссон зарим үгэнд) эргэлзэж байсан цаг үе байсан ч би ерөнхийлөгч Угдорфын захиаст эргэлзээгүй юм. Ерөнхийлөгч Угдорфын аялга зөвхөн Германыг болон “итгэл төгс дээд зөвлөхийн” талаарх туршлагыг маань сануулсан юм биш. Ерөнхийлөгч Угдорф тэрхүү “итгэл төгс дээд зөвлөх” байсанд гол учир байлаа. Тэр ням гаргийн өглөө бидний уулзсан аж үйлдвэрийн цогцолбор бол Франкфуртын нисэх онгоцны буудал байсан бөгөөд тэрээр тэнд Германы Люфтханза хэмээх агаарын тээврийн компанийн ахлах нисгэгч байсан.

Өөрийнхөө номлодог зүйлийг үйлдлээрээ харуулахдаа тийм даруу, итгэлтэй байдаг өөр хүнийг би харж байгаагүй гэдгээ шударгаар хэлж чадна. Би “зогсож байгаа газраасаа өргөх” гэдэг нь юу гэсэн үг болох тухай үнэ цэнтэй сургамж авсандаа талархаж байсан юм.

Эшлэлүүд

  1. Дийтр Ф.Угдорф, “Зогсож байгаа газраасаа өргө,” 2008 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 65.

  2. Дийтр Ф.Угдорф, “Зогсож байгаа газраасаа өргө,” 65.