2017
Сайн мэдээгээр амьдрах нь гэр бүлийн ариун нандин харилцааг тэтгэн дэмждэг
June 2017


Бид юунд итгэдэг вэ?

Сайн мэдээгээр амьдрах нь гэр бүлийн ариун нандин харилцааг тэтгэн дэмждэг

Зураг
living the gospel nourishes sacred family relations

Зураг чимэглэлийг Ж.Бэт Жэпсон

Бид биднийг Өөрсөд рүүгээ хэрхэн буцаж очиход суралцуулахаар дэлхий рүү илгээсэн хайраар дүүрэн Тэнгэрлэг эцэг эхийн хүүхдүүд билээ. Гэр бүл бол авралын төлөвлөгөөний төвд байдаг. Тэнгэрлэг Эцэг биднийг бие махбодтой болж, зөв зарчмуудаас суралцан, мөнх амьдралд бэлтгээсэй хэмээн гэр бүлийг өгсөн.

Тэнгэрлэг Эцэг хүүхэд нэг бүрээ хайраар дүүрэн орчинд өсөж хүмүүжээсэй гэж хүсдэг. Ийм сайн сайхан орчинг бүрдүүлэх хамгийн шилдэг арга нь сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарч, амьдралдаа хэрэгжүүлэх явдал юм. “Их Эзэн Есүс Христийн сургаал дээр үндэслэсэн гэр бүл аз жаргалд хүрнэ гэдэгт итгэж болно.”1 Сайн мэдээний зарчмууд дээр үндэслэсэн гэр орон нь Их Эзэний Сүнс гэр бүлийн гишүүн бүрийг удирдаж, нөлөөлөн, өргөж дэмжих амар амгалан газар болдог.

Гэр бүл Бурханаар томилогддог бөгөөд “тэнгэрийн жаяг … , селестиел загварын адилтгал, Бурханы мөнхийн гэр бүлийн хуулбар мөн.”2 Энэхүү гэр бүлийн харилцаа, холбогдох үүрэг хариуцлагууд нь ариун нандин байдаг. Эцэг эхчүүд хүүхдүүдээ үнэн, гэрэл, хайранд өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг бид судруудаас сурдаг (Ефес 6:4; С ба Г 68:25-ыг үзнэ үү). Эхнэр, нөхрүүд бие биеэ хайрлаж, хүндэтгэдэг (Ефес 5:25-ыг үзнэ үү), хүүхдүүд эцэг эхдээ хүндлэл үзүүлдэг байх хэрэгтэй (Египетээс гарсан нь 20:12-ыг үзнэ үү).

“Аз жаргалтай гэрлэлт, гэр бүлүүд нь итгэл, залбирал, наманчлал, өршөөл, хүндэтгэл, хайр, өрөвч сэтгэл, ажил хөдөлмөр ба гэр бүлээрээ үр бүтээлтэй үйл ажиллагаа зохиох зэрэг зарчмуудыг баримтлан амьдарна.”3 Сайн мэдээний зарчмуудын дагуу амьдарснаар гэр бүлийн харилцаа холбоо хүчирхэгжиж, гэр бүлийн гишүүдийн хувь хүний төдийгүй хамтын сүнслэг хүч чадал өсдөг. Эдгээр зарчим мөн бидэнд Христэд ойртоход тусалдаг.

Гэр бүл бүрд өөр өөрийн гэсэн сорилт бэрхшээл бий. Эдгээр сүнслэг байдлын үймээн самуунтай өдрүүдэд зарим гэр бүлийн нөхцөл байдал өв тэгш бус байдаг. Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны хэлснээр “ Сая сая гишүүнтэй болж, Сүмийн хүүхдүүд ч өөр хоорондоо адилгүй өсөж байгаа өнөө үед бид илүү хянуур, мэдрэмжтэй байх хэрэгтэй.”4 Зарим хүнийг сайн мэдээний дагуу амьдрахад гэр бүлийнхэн нь тусалж дэмждэггүй. Гэр бүл салалт, хүчирхийлэл, донтолт зэрэг зарим асуудал бэрхшээл илүү ярвигтай байж болно.

Бурхан гэр бүл бүрийн нөхцөл байдлыг болон хувь хүн бүрийн гэр бүлээ хайраар дүүрэн байлгах гэсэн хүслийг мэддэг. Бидний гэр бүлийн харилцаа өв тэгш бус ч сайн мэдээний дагуу амьдарснаар амьдрал, гэр орон маань адислагдах болно. Энэ нь хань ижил, эцэг эх, үр хүүхэд, ах дүү нартайгаа мөн Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцааг маань хүчирхэгжүүлж чадна. Эдгээр адислалын зарим нь одоо ирэх бөгөөд бусад нь мөнх амьдралд очтол ирэхгүй ч Бурхан зөв шударга байдлын төлөө тэмцэж байгаа хүмүүсийн адислалыг хойш тавихгүй.

Эшлэлүүд

  1. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” Liahona, 2010 оны 11-р сар, 129.

  2. Дийтр Ф.Угдорф, “Авран хадгалдаг тэднийг магтъя,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 60.

  3. “Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг,” 129.

  4. Нийл Л.Андэрсэн, “Хэн энэ хүүхдийг хүлээн авна, тэр нь Намайг хүлээн авдаг,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 35.