2017
Христийнх шиг зан чанартай ээж
June 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Христийнх шиг зан чанартай ээж

Зураг
sweeping

Зураг чимэглэлийг Кэролин Виббэрт

Би жигнэмэг, эрдэнэ шиш, чипсний үртсийг шүүрдэж овоолов.

Тэдгээрийг хогийн хутгуур руу шүүрдэх зуураа би “Үгүй үгүй. Би алийг нь ч идээгүй” гэж хэллээ.

Ширээний ард сууж байсан нөхөр минь “Ээжүүдийн гаргадаг золиослол юм даа” гэж аяархан хэлэв.

Би цэх зогсоод, “Юу?” гэж асуулаа.

Тэр өглөөний хоолоо идэх зуураа ‘Энэ бол ээжүүдийн хийдэг зүйл. Тэд яг л Аврагчтай адил өөрсдийн бохирдуулаагүй зүйлсийг цэвэрлэж, янзлахад хамаг амьдралаа зориулдаг” гэж чанга, тод гэгч хэлэв.

Түүний энэ ажигласан зүйл надад гүн гүнзгий утга учиртай санагдаж билээ. Би үйрмэг үртсийг шүүрдэх нь миний бодож байснаас ч илүү Христийнхтэй адил зан чанар юм байна гэж баярлах ёстой байтал харин ч гэмших сэтгэл төрлөө. Ингэж харьцуулах нь надад сайхан санагдсангүй. Би хүүхдүүдийнхээ төлөө хийсэн бүх зүйлд магтуулахыг хүсэж байгаагаа нөхөртөө болон өөртөө хэчнээн олон удаа ярьсан бол? Хүүхдүүдээсээ илүү их талархалтай байхыг хүсэх нь буруу зүйл шиг санагдаагүй. Гэхдээ тэр үед би миний энэ хүсэл тэдэнд талархалтай байдлыг сургахаас илүү өөрөө магтаал сайшаал хүртэхийг хүсэн хүлээсэн буюу өөрийгөө бодсон хүсэл байсныг ойлгосон. Аврагч хэзээ ч магтаал шаардаагүй. Тэр хэзээ ч үүнийг хүсэж эсвэл хүлээж байгаагүй.

Өсвөр насны хүүхдүүд маань ажлаас чөлөөлөгдөхийн тулд надад хийсэн бүх зүйлээ тоочиж, ярьж байсныг би саналаа.

Би ихэнхдээ “Сайн байна. Хэрвээ хоёулаа үйлчлэл хийсэн жагсаалтаа харьцуулах юм бол чи ялагдана. Тиймээс ажиллаад л байж дээ” гэж хариулдаг байсан.

Тэгэхэд би далд хүсэл маань нөхрийн минь хэлсэн харьцуулалтад тохирох хангалттай цэвэр ариун биш байсныг ухаарсан юм. Аврагч хэзээ ч Өөрийнхөө хийсэн зүйлийг минийхтэй харьцуулахын тулд жагсаалт гаргадаггүй. Хэрэв тэгвэл би үргэлж ялагдах болно.

Би гартаа шүүр барьсан чигтээ, Христийнх шиг зан чанартай эх хүний талаар шинэ ойлголттой болсон юм. Магтаал, сайшаал, тэврэлт, бүр баярлалаа гэдэг үгийн төлөө ч биш. Тэрээр ч бас үүнийг хийх байсан учраас би үлдсэн үртсийг баяртайгаар шүүрдэв.

Тэрээр бүх зүйлийг Эцэгтээ дуулгавартай байх үүднээс хийсэн. Тэр юуг ч өөрийнхөө төлөө хийгээгүй. Их Эзэн эвдэрч сүйрсэн зүйлсийг Эцэгийнхээ төлөө мөн бидний төлөө төгс хайраар засаж мөн бохирдуулсан зүйлсийг маань цэвэрлэж байдаг. Би яг одооноос эхлэн хамгийн цэвэр ариун хайраар хүүхдүүддээ зааж, үйлчлэх болно. Үүнийг хийж байж л би Христийнх шиг зан чанартай ээж болж байгаагаа мэдрэх болно.