2017
Үл таних хүнд өгсөн адислал
June 2017


Хожмын үеийн гэгээнтнүүдийн дуу хоолой

Үл таних хүнд өгсөн адислал

Зураг
missionaries looking over fence

Зураг чимэглэлийг Аллэн Гарнс

Би гэр бүлийн хамт Сүмд нэгдсэнээс хойш хэдэн жилийн дараа Нигерийн Порт-Харкорт номлолд үйлчлэх дуудлага хүлээн авсан юм. Эхний бүсдээ ирсний дараахан нэгэн нарлаг өглөө би хамтрагчтайгаа хамт номлож, сайн мэдээг заах хүмүүс олохоор гарлаа.

Бид хөл хөдөлгөөнтэй гудамжаар явахдаа намхан хашаатай байшингуудын дундаас нэгэн хүн сулхан дуугаар биднийг дуудахыг сонсов. Бид хашаан дээгүүр хартал хаалганы хажууд нэгэн хижээл насны эрэгтэй түрүүлгээ харан хэвтэж байв.

Тэрээр биднийг орж ирэхийг гуйсан ч байшин руу орох гарц байсангүй. Хаалга хаалттай байсан бөгөөд бид хашаан дээгүүр давж гарах нь ёс журамгүй зүйл гэж бодлоо. Гэтэл надад хаалганы зүүдэг цоожийг дахин шалгах хэрэгтэй юм байна гэсэн бодол орж ирэв. Хэдэн минутын дараа бид цоожийг гаднаас нь онгойлгон, хаалгыг нээж чадлаа. Тэр хүн өвдсөн нь мөн туслах хүн байхгүй байгаа нь илэрхий байв. Тэр өвчтэй гэдгээ мөн босож чадахааргүй хүчтэй өвдөлт мэдэрснээ тайлбарлав.

Бид түүнтэй ярилцсаны дараа түүнийг гэр рүүгээ мөлхөн ороход араас нь дагалаа. Тэр биднээс өөрийнх нь төлөө залбирахыг хүсэж, харин бид түүнд адислал өгөхийг санал болгов. Биднийг түүний толгой дээр гараа тавих үед хоолойд маань юм тээглэж, нэг ч үг хэлж чадсангүй. Би айдаст автаж, салгалан, хөлөрч эхэлсэн бөгөөд нулимс хацрыг минь даган урсаж байлаа. Чанга залбирахад хэцүү байсан болохоор би зүрх сэтгэлдээ Тэнгэрлэг Эцэгээс хүслийнхээ дагуу хэлийг минь чөлөөлж өгөхийг гуйн залбирч эхэлсэн юм.

Гэнэт л хэл маань ярьж эхэллээ. Би ярьж байгаагаа мэдэж байсан ч хэлж буй үгсээ хянах боломжгүй байв. Тэнгэрлэг Эцэгээс уг зовж буй эрэгтэйг эдгээж өгөхийг гуйж байгаагаа л сонсож байлаа. Амен гэж хэлэхээс өмнө тэр унтчихсан байв. Бид түүнийг орхиод, бусад уулзалтаа хийхээр явсан ч гэр рүүгээ харих замдаа түүнийг шалгахаар тохирлоо.

Биднийг эргэж очиход тэр “Үр дүнгээ өгсөн шүү! Болж байна!” гэж хашгиран бидэн рүү гүйхэд нь ихэд цочиж билээ. Бид маш их баяртай байсан бөгөөд би нулимсаа барьж дийлээгүй.

Тухайн долоо хоногийн ням гаргийн ариун ёслолын цуглаан дээр бишоп индэр дээр үг хэлж байхдаа гэнэт чимээгүй болж, ариун ёслолын танхимын хаалга руу харав. Биднийг эргээд хартал, бидний адисалсан эрэгтэй байлаа. Бишоп түүнийг мэддэг байсан учраас сүмд ирсэнд нь гайхжээ. Тэр үеэс эхлэн тэрээр ариун ёслолын цуглаан болон бусад ангид тогтмол явдаг болсон юм. Би удалгүй тэр бүсээс шилжсэн.

Бурхан тэр өдөр хэрхэн гайхамшгийг бүтээсэн нь үнэхээр сайхан зүйл байсан бөгөөд Тэнгэрлэг Эцэг намайг зохистойд тооцсонд би дарууссан юм. Бид Бурханы мутар дахь зэмсэг гэдгийг би мэдэж байсан. Эдгэрлийн адислал тэр эрэгтэйнх байсан ч гэрчлэл, баяр баясгалангийн адислал минийх байсан юм.