2017
Бие даасан байдал ба сайн мэдээг судлах нь
June 2017


Бие даасан байдал ба сайн мэдээг судлах нь

Бид сайн мэдээний бие даасан суралцагч болсон үедээ өөрсдийгөө хэрхэн сүнслэгээр тэжээж, Бурхантай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхээ мэддэг.

Зураг
image from Bible video

Цэцэрлэгийн нэгэн багш ангийнхаа хүүхдүүдийг хэрхэн зурж байгааг ажиглаж суужээ. Тэр хүүхэд бүрийн бүтээлийг харан алхахдаа нэгэн бяцхан охиноос “Чи юу зурж байгаа юм бэ?” гэж асуусан байна. Охин “Бурханыг зурж байна” гэж хариулжээ. Бага зэрэг гайхсан багш “Бурхан ямар харагддаг болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ” гэж хэлэв. Охин өөртөө итгэлтэйгээр “Тэд удахгүй харах болно” гэж хариулсан гэдэг.

Өөртөө ийм итгэлтэй байх нь сайхан биш гэж үү? Тэнгэрлэг Эцэг биднээс Өөрийнх нь тухай мэддэг зүйлдээ итгэлтэй байгаасай гэж хүсдэг. Их Эзэн Иеремиад биднийг өөрсдийнхөө мэргэн ухаан, хүч чадал, баялгаар сайрхаж болохгүй гэж хэлжээ. Харин “намайг мэддэгээр, намайг ухаардгаараа сайрхаг” (Иеремиа 9:23–24) гэж Тэр хэлсэн юм.

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) “Бурхан Иосефт илчлээгүй юуг ч Арванхоёрт мэдүүлэхгүй. Иймээс бүр хамгийн өчүүхэн гэгээнтэн бүх зүйлийг хэдийчинээ хурдан мэдсэнээр тэдгээрийг гэрчлэх боломжтой байх болно. Учир нь хүн хөршдөө Эзэнийг мэд гэж хэлэх нь хэрэггүй болох тэр өдөр ирэх ёстой. Учир нь Түүнийг … багаас том нь хүртэл бүгд мэдэх болно”1 гэж заажээ.

Хувийн хичээл зүтгэлгүйгээр Бурханы тухай мэдлэгтээ итгэлтэй байж чадахгүй. Эцэг эх, багш нар тусалж чадах ч бид сайн мэдээний бие даасан суралцагчид болох ёстой. Бид бие махбодоо тэжээхийн тулд хэрхэн хооллохоо сурдагтай адил сүнсээ тэтгэн тэжээхийн тулд хэрхэн хооллохоо ч бас сурах хэрэгтэй.

Хэдэн жилийн өмнө АНУ-ын Флорида мужийн Сэйнт Огастинд цахлай шувууд өлсөж үхэж байсан юм. Цахлайнууд торонд үлдсэн сам хорхойны үлдэгдлээр өөрсдийг нь тэжээдэг байсан сам хорхойн хөлөг онгоцнуудаас хамааралтай амьдардаг байжээ. Сам хорхой барьдаг онгоц тэр бүсээс явахад цахлайнууд өөрсдийгөө хэрхэн хооллохыг мэдэхгүй мөн залуу цахлайнууддаа ч хэрхэн загасчлахыг заагаагүй байжээ. Үүний улмаас том, үзэсгэлэнт шувууд загас ихтэй усаар хүрээлэгдсэн байсан ч үхэж эхэлсэн байна.2

Бид эдгээр цахлайтай адил байж болохгүй. Мөн Их Эзэний тухай хүүхдүүдийн маань мэдлэг биднээс эсвэл өөр бусдаас хамааралтай байхыг зөвшөөрөх ёсгүй. Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Марион Ж.Ромни (1897–1988) “Бидний хичээл зүтгэл эрүүл чадавхтай хэнийг ч болов бие даасан болгоход чиглэх ёстой” гэж хэлжээ.3 Бид сайн мэдээний бие даасан суралцагч болсон үедээ өөрсдийгөө хэрхэн сүнслэгээр тэжээх мөн хэрхэн Бурхантай харилцах харилцаагаа хүчирхэгжүүлэхээ мэддэг.

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) “Сүнслэг байдлын хувьд бие даасан байх нь Сүм дэх хөдөлгөгч хүч юм. Хэрэв бид та нараас үүнийг авчихвал та нар Бурханы бошиглогч байдаг гэдэг илчлэлтийг яаж хүлээж авах юм бэ? Хэрхэн залбиралдаа хариулт авч чадах билээ? Та нар хэрхэн мэдэж чадах болж байна? Хэрэв бид та нарын асуултад тэр даруй хариулж, бүх асуудлаа шийдэх олон олон арга замаар хангаж өгөөд байх юм бол та нарыг хүчирхэгжүүлэхийн оронд сул дорой болгох болно”4 гэж заасан.

Бид Сүм дээр суралцаж, сүнслэг өдөөлт хүлээн авах дуртай ч сүнслэг хоол тэжээлээ зөвхөн үүнд даатгаж болохгүй. Ерөнхийлөгч Жорж Албэрт Смит (1870–1951) “Бид Сүмийн гишүүдийн хувьд туслах бүлгүүд болон гэр бүлээсээ гадуурх хүмүүсийн зөвлөгөөнд хэт их найдах вий гэдгээс би айдаг” Өнөөдрийг хүртэл хадгалагдсаар ирсэн ариун цэдгүүд дээрх Их Эзэний бидэнд өгсөн олон олон адислалын талаар бид аль хэдийнээ сонссон. Энэ нь бүхнийг мэдэгч Эцэгийн зөвлөгөөг агуулдаг. Өнөөдөр маш олон хүн … эдгээр ариун нандин цэдгийн агуулгатай тийм ч танил биш байдаг нь хачирхалтай санагддаг”5 гэж тайлбарлажээ.

Би сүм дээр сайн мэдээнээс суралцах дуртай ч хувиараа судраас судлан, сүнслэг өдөөлт бүхий бодол мэдрэмж хүлээн авах үедээ сайн мэдээнд илүү их баясдаг. Ойлголтыг минь гэгээрүүлж, Их Эзэний Сүнсээр дүүргэх үнэний бяцхан эрдэнэсийг судраас олохоос илүү сэтгэл догдлом зүйл байдаггүй.

Хэрхэн судлахад суралцах нь

Зураг
young adult man studing scriptures

Би номлолоосоо эргэж ирээд, сүнслэг байдлаа тэтгэхийн тулд долоо хоног бүр галын дэргэдэх цугларалт, онцгой цугларалт зэрэгт оролцох хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Үг хэлж буй хүмүүс намайг сайн мэдээний ойлголтуудаар тэжээж байсан бөгөөд эдгээр ойлголтын надад нөлөөлж буй арга замуудад би талархаж байсан. Би хоёр жилийн турш сайн мэдээг судалж, заасан ч сүнслэг байдлын хувьд өөрийгөө өдөр тутам тэжээх чадваргүй байгаагаа мэдэрсэн юм Би зүгээр л нэг судруудыг уншиж байсан бөгөөд үнэндээ хичээнгүйлэн судлаагүй байлаа.

Сайн мэдээг судлах нь зураг зурж сурахтай нэлээд төстэй. Хүн бүр зураг зурах төрөлхийн авьяастай төрдөггүй. Бид хэн нэгэнд будаг холих хавтан өгөөд, тэр даруй зураач болохыг хүсэн хүлээж болохгүй. Бие даасан сайн мэдээний суралцагч болох нь үүнтэй адил. Бид сайн мэдээг судлах зарим үндсэн чадварыг эзэмшээгүй л бол агуу ойлголтууд олж авна гэж хүсэн хүлээж болохгүй. Ерөнхийлөгч Пакэр судрууд нь “үүрдийн сайн мэдээний бүрэн байдлыг буюу мөнхийн мэдлэгийг агуулдаг. Гэхдээ хүн тэдгээрийг ашиглаж сурах ёстой ба эс бөгөөс эрэл хайгуул талаар өнгөрөх болно”6 гэж тайлбарлажээ.

Ийм зүйл надад тохиолдсон юм. Судраас судалж байхдаа утга учрыг нь олж мэдэн, удирдамж эрэлхийлэхээр хийсэн эхний оролдлого маань талаар өнгөрсөн. Тиймээс би үг хэлж буй хүмүүс хэрхэн ойлголт олж авдаг юм бол гэдэг дээр дүн шинжилгээ хийсэн юм. Хэсэг хугацаа өнгөрсөн ч эцэст нь тэд хэрхэн судруудаас тодорхой хэллэгүүдийг гаргаж ирдэг, хэрхэн шүлгүүдээс Аврагчийн тухай үнэ цэнтэй сургаалыг олж тодорхойлдог, хэрхэн судрын мөрүүдээс амьдралыг удирдах зарчмуудыг гаргаж боловсруулдаг мөн бэлгэ тэмдгийг хэрхэн тайлбарлаж, бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг хэрхэн судрын тодорхой шүлэгтэй холбож уялдуулдаг болохыг би олж мэдэв.

Би судруудыг болон бошиглогч, төлөөлөгчдийн сургаалыг үргэлжлүүлэн судлахдаа өөрөө өөртөө асуулт тавьж байгаагаа анзаарсан.

  • Эдгээр шүлэгт ямар сургаал заасан байна вэ? Би энэ сургаалын талаар юу сурч болох вэ?

  • Би энэ сайн мэдээний зарчим хаана, хэзээ үр дүнтэй хэрэгжиж байгааг харсан бэ?

  • Би Тэнгэрлэг Эцэгийн талаар мөн Түүний бидний аз жаргалын төлөөх төлөвлөгөөний талаар юу сурч авсан бэ?

  • Би Есүс Христ болон Түүний Цагаатгалын талаар юу мэдэж авсан бэ?

  • Их Эзэн намайг энэ хэсгээс юу сураасай гэж хүсэж байгаа бол?

  • Би уншиж байхдаа ямар сүнслэг нөлөө бүхий бодол, мэдрэмжийг хүлээж авсан бэ?

  • Миний амьдралд тулгараад байгаа сорилт бэрхшээлд тус болох ямар нэгэн зүйл энд байна уу?

  • Би өдөр бүр амьдралд маань туслах юуг сурсан бэ?

Хүчирхэг, итгэл үнэмшилтэй заадаг багш

Судар судлах арга барил маань өөрчлөгдсөнөөр заах арга барил маань ч өөрчлөгдсөн. Судар миний хувьд ямар утга учиртайг хүмүүст хэлэхийн оронд өөрсдийг нь удирдах сайн мэдээний үнэнүүдийг олж нээхэд тэдэнд туслах нь миний хувьд илүү сонирхолтой болсон юм.7 Хүмүүс ямар нэгэн шинэ зүйл олж мэдээд, баяр баясгаланг мэдэрч байгааг харах нь намайг аз жаргалтай болгодог. Энэ нь заах үедээ олж авсан туршлагын маань хамгийн талархууштай хэсэг нь байсан мөн байсаар ч байгаа.

Мөн заасан хүмүүстээ дээр дурдсан чадвар, асуултуудыг тогтмол ашиглахад нь тусалснаар тэдний сайн мэдээний бие даасан суралцагч болох чадвар өсөж байгааг би олж мэдсэн юм. Тэд миний туулсан урт удаан үйл явцаар дамжих шаардлагагүй.

Заахаасаа өмнө суралцах хэрэгтэй. Сайн суралцагчид сүнслэг өдөөлт өгч чаддаг багш нар болдог. “Миний үгийг тунхаглахыг бүү эрэлхийл, харин эхлээд миний үгийг олж авахыг эрэлхийл, мөн тэгвэл хэл чинь чөлөөтэй байх болно; тэгээд, хэрэв чи хүсэх аваас, миний Сүнс мөн миний үг, тийм ээ, хүмүүнийг итгүүлэх Бурханы хүч чамд байх болно” (С ба Г 11:21) хэмээн Их Эзэн хэлжээ. Хэн энэ сайхан бэлгийг хүсэхгүй байх билээ!

Арванхоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид А.Бэднар бие даасан сайн мэдээний суралцагч байх шаардлага ихсэж буйг онцолсон.

“Бид суралцагч хэрхэн итгэлээр сурах вэ гэдгээс илүү багш нар хэрхэн Сүнсээр заах вэ гэдэг талаар хэт их онцолж, илүү сайн мэддэг юм шиг санагддаг. Тодорхой хэлэхэд, заах болон суралцах зарчим, үйл явц нь хоёулаа сүнслэг байдлын хувьд нэн чухал юм. Бид ирээдүй өөд хараад, өөрсдийнхөө амьдарч байгаа дэлхийг илүү эргэлзээтэй, үймээн самуунтай болж байгааг харж байгаагийн хувьд итгэлээр суралцах чадавхаа тэлэх нь чухал гэдэгт би итгэдэг. …

Эцсийн эцэст итгэлээр суралцаж, сүнслэг үнэнийг хэрэгжүүлэх үүрэг бол бидний л үүрэг юм. Энэ нь одоогийн бидний амьдарч байгаа мөн ирээдүйд амьдрах энэ дэлхийд нэн чухал. Бидний юуг, хэрхэн, хэзээ суралцах нь багштай мөн заах арга барил, тодорхой хичээл, сэдэвтэй холбоотой боловч эдгээрээс бүрэн хамаардаггүй.”8

Бие даасан суралцагч байснаар ирэх адислал

Зураг
young adult woman studying scriptures

Бид эцэг эх, Сүмийн удирдагчдын сүнслэг нөлөө бүхий сургаалаар адислагдсан ч үүнээс илүү чухал адислал нь өөрөө өөрсдийгөө сүнсээр өдөөж сурах явдал юм. Бид сайн мэдээний бие даасан суралцагч болсон үедээ хувийн илчлэлтийг урих илүү их чадвартай болдог. Дараагийн удаа судлахдаа уйдахаас илүүтэй сэнхрэх болно гэдгээ мэддэг учраас тогтмол судалдаг суралцагч байхын тулд бие даасан сайн мэдээний суралцагчид ямар нэгэн хөдөлгөгч хүч заавал байх шаардлагагүй байдаг. Бие даасан сайн мэдээний суралцагчид 21-р зуунд хүчээ авч буй софистик үзлийн дайралтад тэсэж үлдэх илүү сайн зэмсгээр хангагдсан байдаг.

Их Эзэний амлалтын дор хаяж нэг нь сайн мэдээний бие даасан суралцагчдын хувьд нэлээд гүнзгий утга учиртай мэт санагддаг. Тухайлбал: “Миний үгийг нөөцлөх хэн боловч хууртагдах нь үгүй” (Иосеф Смит—Матай 1:37).

Ерөнхийлөгч Томас С.Монсон “Хэрэв та нар судруудаас хичээнгүйлэн суралцах аваас уруу таталтыг эсэргүүцэж, Ариун Сүнсний удирдамжийг хүлээн авах хүч тань нэмэгдэх болно”9 хэмээн амлажээ.

Бие даасан сайн мэдээний суралцагчид Аврагчийн дараах амлалтыг хүлээн авдаг.

“Хэрэв цангасан хүн байвал, Над уруу ирж, уугтун.

Надад итгэдэг хүн ‘Түүний дотроос амийн усны гол урсах болно’ гэж сударт хэлсэнчлэн байх болно” (Иохан 7:37–38).

Надад ойлгож мэдэх зүйл өчнөөн олон байгаа ч сайн мэдээний бие даасан суралцагч болсон маань миний хийж байсан хамгийн гайхамшигтай зүйлсийн нэг юм. Энэ нь миний амьдралыг бүхэлд нь адисалсан.

Эшлэлүүд

  1. Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит(2007), 303

  2. “Fable of the Gullible Gull,” Reader’s Digest, 1950 оны 10-р сар, 32-ыг үзнэ үү.

  3. Марион Ж.Ромни, “The Celestial Nature of Self-reliance,” Ensign, 1982 оны 11-р сар, 91.

  4. Боид К.Пакэр, “Self-Reliance,” Ensign, 1975 оны 8-р сар, 87.

  5. Жорж Албэрт Смит, in Conference Report, 1929 оны 4-р сар, 30; мөн The Teachings of George Albert Smith, eds-ийг үзнэ үү. Робэрт, Сюзан МакИнтош хоёр (1996), 53.

  6. Боид К.Пакэр, “Agency and Control,” Ensign, 1983 оны 5-р сар, 67.

  7. Ерөнхийлөгч Хибэр Ж.Грант (1856-1945) “Сүмийн зорилго бол хүмүүст өөрсдөдөө туслахад нь туслах явдал” (in Conference Report, 1936 оны 10-р сар, 3) гэж заажээ.

  8. Дэвид А.Бэднар, “Seek Learning by Faith,” Liahona, 2007 оны 9-р сар, 17, 21.

  9. Toмас С.Moнсон, “Чадахынхаа хэрээр сайн бай,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 79.