Ном болон хичээлүүд
Бүлэг 5: Бүтээлт


Бүлэг 5

Бүтээлт

Зураг
The Earth as seen from space.

Бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө

  • Яагаад бид дэлхийд ирэх хэрэгтэй болсон бэ?

Тэнгэрлэг эцэг биднийг сүнсэн хүүхдүүд байхад минь Өөртэйгөө адил болох төлөвлөгөөг хэлсэн. Бид Түүний төлөвлөгөөг сонсоод баярлан уухайлдсан (Иов 38:7 хар). Бид шинэ туршлага олж авахыг үнэхээр хүсч тэмүүлж байсан. Эдгээр зүйл тохиохын учир бид Эцэгийн оршихуйг орхиж, махан биебодийг хүлээн авах хэрэгтэй байлаа. Түүнтэй адил болоход бэлтгэх чадах өөр нэгэн амьдрах газар бидэнд хэрэгтэй байв. Бидний амьдрах шинэ газрыг дэлхий хэмээн нэрлэдэг.

  • Авралын төлөвлөгөөний талаар сонсмогцоо бид яагаад баярлалдан уухайлдсан бэ?

Есүс дэлхийг бүтээсэн

Есүс Христ дэлхий болон түүн дээрх бүгдийг бүтээсэн. Тэр мөн бусад олон дэлхийг бүтээсэн. Тэрээр үүнийг Тэнгэрлэг Эцэгийн удирдлаган дор санваарын хүчээр хийсэн. Бурхан Эцэг “Мөн тоо томшгүй олон дэлхийг бүтээсэн, … мөн миний Төрсөн Ганц болох Хүүгээр би тэдгээрийг бүтээлгэсэн юм” (Moсе 1:33). Бид энэ үнэний тухай олон гэрчлэлтэй. Иосеф Смит, Сидней Ригдон нар Есүс Христийг үзэгдэлд харсан. Тэд “ийнхүү түүгээр, мөн түүгээр дамжин, мөн түүнээс, дэлхийнүүд бүтээгдсэн мөн бүтээгддэг ажгуу, мөн тэдгээрийн оршин суугшид нь Бурханы төрсөн хөвгүүд хийгээд охид нь бөлгөө” хэмээн гэрчилсэн (С ба Г 76:24).

Бүтээлийг хийсэн нь

  • Бүтээлтийн зорилго нь юу вэ?

Дэлхий болон түүн дээрх бүх зүйл биетээр бүтээгдэхээсээ өмнө сүнслэг хэлбэрээр бүтээгдсэн байсан (Moсe 3:5). Одоо энэ байгаа дэлхийг бүтээхээс өмнө Түүнтэй байсан тэдэнд Христ ийн хэлжээ: “Бид доош явцгаах болно, учир нь тэнд орон зай буй, мөн бид эдгээр материалуудаас авч, мөн дээр нь тэд [Тэнгэрлэг Эцэгийн сүнсэн хүүхдүүд] оршин сууж болох дэлхийг бид хийх болно” (Aбрахам 3:24).

Эцэгийн удирдлага дор Христ дэлхийг хэлбэрт оруулж, зохион байгуулсан. Тэр өдөр ба шөнө байж болохын тул гэрэл ба харанхуйг салгасан. Тэр нар, сар, оддыг бүтээсэн. Тэр далай, гол нуурыг хийхийн тулд хуурай газар ба усыг салгасан. Тэр үзэсгэлэнтэй бөгөөд өгөөжтэй дэлхийг хийсэн. Тэр өвс ногоо, модод болон бусад бүх төрлийн өвс ургамлыг бүтээсэн. Эдгээр өвс ургамал нь шинэ ургамлыг тариалах үртэйгээр хийгдсэн. Дараа нь Тэр загас, араатан амьтад, шавьж хорхой болон шувууд зэрэг олон төрлийн амьтдыг бүтээсэн. Эдгээр амьтад нь өөрийн үр удамдаа үлдээж өсөн хөгжих чадвартай.

Ийнхүү дэлхий бүх хүн төрөлхтний хамгийн агуу бүтээлд бэлэн болсон. Бидний сүнсэн биеүдэд яс махан биебодийг өгч дэлхий дээр амьдрах боломжтой болгосон. “Бурхан эхлэлээс надтай хамт байгаа, өөрийн Төрсөн Ганцад хэлэв: Өөрсдийн дүр төрхөөр, өөрсдийн адил төсөөр хүмүүнийг хийцгээе; мөн энэ нь үүнчлэн болов” (Moсе 2:26). Ингээд анхны эрэгтэй хүн Адам, анхны эмэгтэй хүн Ева нарыг тэнгэрлэг эцэг эхийн дүр төрхөөр хийж, яс махан биебодийг өгөв. “Бурхан өөрийн дүр төрхөөр эрэгтэй эмэгтэй хүмүүнийг бүтээв” (Эхлэл 1:27). Их Эзэн Өөрийн ажлыг сайн болсныг мэдэж байсан тул сэтгэл хангалуун байлаа. Тэгээд Тэрээр бүтээлтийг дуусгаад, хэсэг хугацаанд амрав.

Бурханы бүтээлүүд Түүний хайрыг илтгэдэг

  • Бурханы бүтээл хэрхэн Түүний бидэнд хайртайг харуулдаг вэ?

Бид одоо энэ үзэсгэлэнтэй дэлхийд амьдарч байна. Бидэнд гэрэл, дулааныг өгдөг нарны тухай бод. Дэлхийг цэвэр, цэмцгэр болгодог элдэв цэцэгс ургамлыг тэжээгч борооны талаар бод. Шувууд жиргэхийг эсвэл найз нөхөд инээлдэн баясалдахыг сонсох нь ямар сайхан байдаг талаар бод. Ажиллаж, амарч, тоглож чадах бидний гайхалтай бие махбодийнхоо талаар бод. Бид эдгээр бүх бүтээлийн талаар эргэцүүлэн бодоход бидний Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ ямар энэрэнгүй нинжин сэтгэлтэй, хүчирхэг, мэргэн ухаантай болохыг ойлгох болно. Тэд бидний бүх хэрэгцээг хангах зүйлсийг бий болгож, бидэнд агуу хайраа үзүүлсэн.

Ургамал, амьтад мөн бидэнд баяр баяслыг авчрахаар бүтээгдсэн. Их Эзэн “Тийм ээ, дэлхийгээс, өөр өөрсдийн цагт ирдэг бүх зүйл, хүмүүний тусын тулд мөн ашиглалтын тулд, нүд баясгах хийгээд сэтгэл баярлуулах аль алиных нь тулд хийгдсэн болой” гэжээ (С ба Г 59:18–19). Бурханы бүтээлүүд хэдийгээр маш олон ч Тэрээр бүгдийг нь мэддэг мөн хайрладаг билээ. Тэр “Бүх зүйл надад тоологддог буюу, учир нь тэдгээр нь минийх бөгөөд мөн би тэдгээрийг мэддэг” гэж хэлсэн (Moсе 1:35).

  • Талархалтай байдаг ямар ямар Бурханы бүтээл байдаг вэ?

Нэмэлт судрууд