Ном болон хичээлүүд
Бүлэг 11: Христийн амьдрал


Бүлэг 11

Христийн амьдрал

Зураг
Jesus Christ at the home of Jairus. Christ is standing beside the bed of the twelve-year-old daughter of Jairus. The girl's father and mother are standing on the other side of the bed. Christ is holding the hand of the girl as He helps her rise from her bed. The girl, who had been declared dead, is looking up at Christ. Light from a window is shining on the girl's face, and on the back of Christ.

Христийн амьдрал Түүнийг төрөхөөс хамаагүй өмнө тааварлагдсан байсан

Дэлхийд ирдэг хүн бүр Есүс Христэд хамааралтай, Түүний тэнгэрт бидний Аврагч байхаар хийсэн амлалтыг гүйцэлдүүлэхээс хамааралтай. Түүнгүйгээр авралын төлөвлөгөө нурах байсан. Түүний ажил гарцаагүй шаардлагатай байсан учраас Адамаас Христийг хүртэлх бүх бошиглогчид Түүний ирэхийг гэрчилж байсан (Үйлс 10:43). Христээс эхлэн бүх бошиглогчид Түүний ирснийг гэрчилдэг. Бид бүгд амьдралынхаа турш Түүнийг итгэлтэйгээр дагаж, Аврагчийн амьдралыг судлах хэрэгтэй.

Аврагчийн нэр Есүс Христ гэдгийг Адам мэдэж байсан (Moсе 6:51–52). Енох загалмай дээр цовдлогдон нас бараад дахин амилах Есүсийг харсан (Moсе 7:55–56). Ноа ба Мосе нар мөн Түүнийг гэрчилсэн (Moсе 1:11; 8:23–24). Дэлхийд Аврагчийг төрөхөөс 800-гаад жилийн өмнө Исаиа Түүний амьдралыг урьдчилан харсан. Бидний нүглүүдийн төлбөрийг төлөхийн төлөө зовох Аврагчийн уй гашуу, зовлонг Исаиа хараад уулга алдан:

“Тэр үзэн ядагдаж, хүмүүсээр орхигдов, Тэр уй гашууны хүн бөгөөд зовлонг мэдсэн. …

“… Үнэхээр Тэр бидний өвчнийг Өөртөө тээж, бидний уй гашууг даав. …

“Тэр бидний нүглийн төлөө хатгагдан бидний гэмийн төлөө бяцарчээ. …

“Тэр тамлагдсан, зовсон боловч амаа нээсэнгүй, алагдахаар хөтлөгдөх хурга шиг, хяргагчийн өмнө дуугарахгүй хонь шиг Тэр амаа нээсэнгүй” (Исаиа 53:3–5, 7).

Нифай мөн Аврагчийн ирээдүйд төрөхийг болон номлолыг үзэгдлээр харсан. Тэр үзэсгэлэнтэй онгон бүсгүйг харсан ба тэнгэрийн элч түүнд “Болгоогтун, таны харж буй тэр онгон бүсгүй бол Бурханы Хүүгийн махан бодийн биеийг төрүүлэгч эх нь бөлгөө” хэмээн тайлбарласан (1 Нифай 11:18). Тэгээд Нифай онгон бүсгүй гартаа бяцхан хүүхэд тэвэрсэн байхыг харсан. Тэнгэрийн элч “Бурханы Хургыг, тийм ээ, бүр Мөнхийн Эцэгийн Хүүг болгоогтун!” хэмээн тунхаглав (1 Нифай 11:21).

Есүсийг төрөхөөс ойролцоогоор124 жилийн өмнө Нифайчуудын бошиглогч Хаан Бенжамин мөн Аврагчийн амьдралыг урьдчилан харсан:

“Учир нь болгоогтун, тэр цаг ирнэ, мөн энэ нь хол зайтай бус, засаглах тэр, байсан, мөн үүрд мөнхөөс үүрд мөнхөд байдаг тэр, Төгс Хүчит Их Эзэн хүмүүний үрсийн дунд тэнгэрээс хүчтэйгээр бууж ирэх болно, мөн махбодийн асарт орших болно, мөн өвчтөнийг эдгээж, үхсэнийг босго, хазгарыг алхуулж, сохрыг хараатай болгож, мөн дүлийг сонсгож, мөн зүйл бүрийн эмгэгийг анагаах зэрэг хүчит гайхамшгуудыг үйлдэн, хүмүүний дунд урагшлан явах болно.

“Мөн тэрээр хүмүүний үрсийн зүрх сэтгэлд орших ёс бусын сүнснүүд, өөрөөр хэлбэл чөтгөрүүд зайлуулах болно.

“Мөн үз, тэрээр уруу таталтыг, мөн биеийн өвчин, өлсгөлөн, цангаа, мөн зүдрэлийг, энэ нь үхэлд хүргэхээс бусдаар бол, бүр хүмүүний тэвчиж чадахаас илүүг тэвчих болно; учир нь болгоогтун, арьсных нь сүв бүрээс цус шүүрэх болно, өөрийнхөө хүмүүсийн ёс бус мөн жигшүүрт хэргүүдийн төлөөх түүний тарчлал ийм агуу байх болно.

“Мөн тэрээр Есүс Христ, Бурханы Хүү, тэнгэр ба газрын Эцэг, эхлэлээс бүх зүйлийг Бүтээгч хэмээн нэрлэгдэх болно; мөн түүний эх Мариа гэгдэх болно” (Moзая 3:5–8).

  • Эртний бошиглогчид Есүс Христийн тухай юу бошиглосон бэ?

Тэр Эцэгийн Цорын ганц Хүү байсан.

  • Есүс Христ Өөрийн Эцэгээс юу өвөлж авсан бэ? Тэр Өөрийн эхээс юу өвөлж авсан бэ?

Аврагчийн төрөлт ба амьдралын тухай түүхийг Шинэ Гэрээний Матай, Марк, Лук ба Иоханы номноос олж болно. Тэдний бичээсээс бид Есүс онгон бүсгүй Мариагаас төрснийг мэдэж болно. Их Эзэний тэнгэр элч Мариад үзэгдэх үед тэр Иосефтэй гэрлэхээр сүй тавьсан байсан. Тэнгэр элч түүнд Бурханы Хүүгийн эх байхыг хэлсэн. Тэр тэнгэр элчээс энэ нь яаж бүтэхийг асуусан (Лук 1:34). Тэнгэр элч түүнд “Ариун Сүнс чам дээр ирж, Хамгийн Дээдийн хүч чамайг бүрхэнэ. Тиймээс төрөх ариун нэгэн нь Бурханы Хүү гэж дуудагдах болно” (Лук 1:35). Тиймээс Бурхан Эцэг Есүс Христийн жинхэнэ Эцэг болсон.

Есүс бол дэлхий дээр мөнх бус эх ба мөнхийн Эцэг хоёроос төрсөн цорын ганц хүн. Ийм учраас Түүнийг Цорын ганц Хүү гэдэг. Тэр Өөрийн Эцэгээс бурханлаг хүчийг өвлөн авсан. Өөрийн эхээс Тэр өлсөх, цангах, ядрах, өвдөх ба үхэх мөнх бусын шинжүүдийг өвлөн авсан. Аврагчийн амийг Түүнээс Тэр Өөрөө биш аваас хэн ч авч чадахгүй. Түүнд үүнийг доош хэвтүүлэх хүч мөн нас барсны дараа Өөрийн биеийг дахин дээш авах хүч байсан (Иохан 10:17–18).

Тэр төгс амьдралаар амьдарсан

  • Аврагчийн амьдрал бидэнд ямар утгатай вэ?

Бага наснаасаа Есүс Тэнгэрлэг Эцэгийн Түүнээс шаардсан бүхэнд дуулгавартай байсан. Есүс Мариа ба Иосефын заавраар бусад хүүхдүүдийн адил өссөн. Тэр үнэнийг хайрлаж, дуулгавартай байсан. Лук “Хүүхэд өсөж, хүчирхэг болон мэргэн ухаанд боловсорсоор байлаа; Бурханы нигүүсэл Түүн дээр байсан юм” хэмээн бидэнд хэлсэн (Лук 2:40; С ба Г 93:12–14).

Есүс өсөж, Тэр 12 настай байхдаа Эцэгийнхээ хүслийг гүйцэлдүүлэхээр ирснээ Тэр бүрэн ойлгосон. Өөрийн эцэг, эхтэйгээ Тэр Иерусалим орохоор явсан. Түүний эцэг эх гэр лүүгээ буцах үед Түүнийг өөрсөдтэй нь хамт байхгүй байгааг тэд олж мэдэв. Тэд Иерусалим руу буцаж, Түүнийг хайв. “Гурван өдрийн дараа тэд түүнийг ариун сүмд багш нарын дунд сууж байхыг нь олж харав; мөн тэд түүнийг сонсож, мөн түүнээс асуултууд асууж байв” (Иосеф Смитийн орчуулга, Лук 2:46). “Түүний ухаан болон хариултууд нь Түүнийг сонссон бүхний гайхлыг төрүүлж байв” (Лук 2:47).

Иосеф ба Мариа нар Түүнийг олсондоо тайвширсан ч “тэд Түүнийг хараад гайхаж, эх нь Түүнд: Хүү миньь Чи юунд бидэнд хандав? эцэг бид хоёр чинь санаа зовон Чамайг эрж хайлаа.” Есүс хариуд нь түүнд, “та нар юунд намайг хайсан юм бэ? Эцэгийнхээ гэрт байх ёстойг минь та нар мэдсэнгүй гэж үү?” (Лук 2:48–49).

Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхийн тул Есүс Өөрийн Тэнгэр дэх Эцэгийн хүслээр хийх ёстой байв. “Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй,” хэмээн Тэр тунхаглаад, “харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг. … Би үргэлж Түүнд тааламжтай зүйлсийг үйлддэг” (Иохан 8:28–29).

Есүс 30 настай байхдаа Тэр Иордан гол дээр Иохан Баптисм дээр ирж, усаар батлуулсан. Есүс түүнээс илүү агуу гэдгийг Иохан мэдэж байсан учраас Түүнийг усаар батлахаас эмээж байлаа. “Хамаг зөв шударгыг гүйцэлдүүлэхийн” тул Түүнийг усаар батлахыг Есүс Иоханаас хүсэв. Иохан Түүнийг усанд бүрэн булхаж, Аврагчийг усаар батлав. Есүсийг баптисм хийлгэсний дараа Түүний Эцэг тэнгэрээс “Энэ бол Миний хайрт Хүү. Түүнд Миний таалал оршдог” гэх дуу гарлаа. Ариун Сүнс цагаан тагтаа болон нисч ирэв (Maтай 3:13–17).

Есүс баптисм хүрсэнийхээ дараа удалгүй, Бурхантай байхын тул Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барив. Үүний дараа Сатан Түүнийг уруу татахаар ирсэн. Есүс тууштайгаар Сатаны уруу таталтыг эсэргүүцсэн, дараа нь Сатаныг зайлахыг тушаасан (Maтай 4:1–11; Иосеф Смитийн орчуулга, Матай 4:1, 56, 89, 11). Есүс Христ дэлхий дээр нүгэлгүйгээр үлдсэн цорын ганц төгс хүн (Еврей 4:15; 1 Петр 2:21–22).

  • Аврагчийн амьдралын аль нь та нарт илүү онцгой чухал ач холбогдолтой вэ?

Тэр хэрхэн бие биеэ хайрлах, үйлчлэхийг бидэнд заасан.

  • Хэрхэн Аврагч бидэнд бие биеэ хайрлах, үйлчлэхийг заасан бэ?

Тэр мацаг барьж, Сатаныг даван ялсныхаа дараа, Есүс Өөрийн олон түмэнд номлох ажлаа эхэлсэн. Тэр дэлхийд зөвхөн бидний төлөө амиа өгөхөөр ирээгүй мөн хэрхэн амьдрахыг бидэнд заахаар ирсэн. Тэр хоёр агуу зарлиг гэдгийг заасан: нэгдүгээрт, Бурханаа өөрийн бүх зүрх сэтгэл, оюун ухаан, хүч чадлаар хайрлах; хоёрдугаарт, өөрсдийгөө хайрладаг шиг бусдаг хайрла (Maтай 22:36–39). Түүний амьдрал бол энэ хоёр зарлигийг хэрхэн сахих үлгэр жишээ юм. Хэрэв бид Бурханд хайртай бол бид Есүсийн адил Түүнд итгэлтэй, дуулгавартай байх болно. Хэрэв бид бусдыг хайрладаг бол бид тэдэнд биеийн болон сүнсний хэрэгцээг олоход нь туслах болно.

Есүс Өөрийн амьдралыг бусдад үйлчлэхэд зориулсан. Тэр тэднийг өвчнөөс анагаасан. Тэр сохрыг хараатай болгож, дүлийг сонсдог болгож, доголонг явуулсан. Тэр өвчтөнийг анагааж байх үед орой болж, хүмүүс өлсөж цангасан. Тэднийг явуулахын оронд Тэр таван хэрчим талх, хоёр загасыг адислаж, 5000 хүнийг хооллох чадвартай байсан (Maтай 14:14–21). Хаа ч байсан хэн нэгнийг өлсөж, даарч, нүцгэн, эсвэл ганцаардсан байхыг мэдвэл бид өөрсдийн чадах бүхнээрээ тэдэнд туслах ёстойг Тэр заасан. Бид бусдад тусалснаар Их Эзэндээ үйлчилдэг (Maтай 25:35–46).

Есүс бүх зүрх сэтгэлээрээ бусдыг хайрладаг. Түүний зүрх сэтгэл энэрэл нигүүлслээр дүүрч, Тэр уйлж байсан. Тэр бяцхан хүүхдүүд, өндөр настан, номхон дөлгөөн Түүнд итгэдэг жирийн хүмүүсийг хайрладаг. Нүгэл үйлдсэн тэдгээрийг Тэр хайрладаг бөгөөд агуу энэрэнгүй нигүүлслээр Тэр тэдэнд наманчлалд ирж, баптисм хүртэхийг заадаг. Тэр “Би бол зам, үнэн, амь мөн” (Иохан 14:6) гэж заасан.

Есүс бүр Түүнийг эсэргүүцэх нүглийг хийгч, наманчилдаггүй тэднийг хайрладаг. Загалмай дээр цовдлогдсон байсан амьдралынхаа төгсгөлд Тэр Түүнийг цовдолж буй цэргүүдийн төлөө Эцэгт хандан “Аав аа, тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна” хэмээн залбирсан (Лук 23:34). Тэр “Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол Миний тушаал” хэмээн заасан (Иохан 15:12).

  • Их Эзэнд ямар замаар бид Түүнд хайртайгаа харуулж чадах вэ?

Тэр цорын ганц үнэн сүмийг байгуулсан

  • Яагаад Аврагч Өөрийн Сүмийг байгуулж, төлөөлөгчдийг томилсон бэ?

Өөрийн сайн мэдээг дэлхий даяар бүх хүнд заахыг Есүс хүссэн тул Тэр Түүнийг гэрчлэх арванхоёр төлөөлөгчийг сонгосон. Тэд Түүний Сүмийн анхны удирдагчид байв. Тэд Түүний нэрээр үйлдэх эрх мэдлийг хүлээн авч, өөрсдийн харсан Түүний хийж байсан ажлыг хийсэн. Тэднээс эрх мэдлийг хүлээн авсан тэдгээр нь мөн заах, баптисм хүртээх болон бусад ёслолуудыг Түүний нэрээр үйлдэх чадвартай байсан. Түүнийг нас барсны дараа хүмүүс Түүний төлөөлөгчдийг хүртэл алах агуу нүгэлд унах хүртэл тэд Түүний ажлыг үргэлжлүүлэн хийсээр байсан.

Тэр биднийг нүглүүдээс гэтэлгэсэн мөн биднийг үхлээс аварсан

  • Энэ хэсгийг судлах үедээ Цагаатгалын үйл явдлын талаар тунгаан бод.

Өөрийн мөнх бус амьдралын үйлчлэлийн төгсгөл ойртох тэр үед Есүс хүн төрөлхтөний хамаг нүглүүдийн төлөө хамгийн эцсийн золиослолыг хийхээр бэлтгэсэн. Тэр Бурханы Хүү гэдгээ хүмүүст гэрчилсэн учраас Тэр гарцаагүй үхэх ёстой байлаа.

Өөрийн цовдлолын өмнөх орой Есүс Гетсеманийн цэцэрлэгт очсон. Удалгүй Тэр гүн уй гашууд дарагдсан байв. Тэр залбирав. Хожмын үеийн төлөөлөгч Орсон Ф.Витней Аврагчийн зовлон зүдүүрийг үзэгдэлд харах боломжтой байв. Аврагчийн уйлахыг хараад тэр: “Би харсан зүйлдээ сэтгэл минь догдолж, цэвэр хайр энэрлээр би мөн уйллаа. Миний хамаг зүрх сэтгэл Түүнийг хайрлан энэрч; Би чин сэтгэлээсээ Түүнийг хайрласан, юу юунаас илүүтэйгээр Түүнтэй хамт байхыг би хүссэн” (“The Divinity of Jesus Christ,” Improvement Era, Jan. 1926, 224–25; see also Ensign, Dec. 2003, 10). Есүс “тэднээс жаахан цаашаа яваад, нүүрээрээ унаж, Эцэг минь, хэрэв боломжтой бол Надаас энэ аягыг өнгөрүүлээч. Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог” (Maтай 26:39).

Орчин үеийн илчлэлтэд Аврагч Өөрийн зовлон зүдгүүр ямар агуу байсныг “сүв бүрээс цус шүүрэх, мөн бие хийгээд сүнс аль алиныг нь зовоход хүргэсэн” хэмээн дүрсэлсэн байдаг (С ба Г 19:18). Тэр “бие махбодийн дагуу” бидний өвдөлт, өвчин, хөгшрөлт, нүглүүд бүгдийн өөр дээрээ авч зовсон (Aлмa 7:10–13). Мөнх бус хүн үүнийг ямар агуу ачаа байсныг ойлгож чадах нь үгүй. Мөнх бус хүн биеийн болон сүнсний шаналгааг даван гарч чадахгүй байсан. “Тэр бүхэнд мөн бүх зүйлээр, үнэний гэрэл байж болохын тулд … доор бууж ирсэн” (С ба Г 88:6).

Гэвч Түүний зовлон зүдгүүр хараахан дуусаагүй байлаа. Дараагийн өдөр нь Есүс зодуулсан, доромжлогдсон, нулимуулсан. Тэр Өөрийн загалмайг үүрэн явсан; дараа нь Тэр загалмай дээр хадагдсан, түүн дээрээ өргөгдсөн. Тэр хүн төрөлхтөний бодож олсон хамгийн харгис тамлалын нэг аргаар тамлагдан зовсон. Загалмай дээр зовон, шаналалд байхдаа Тэр чангаар “Миний Бурхан, Миний Бурхан юунд Та Намайг орхив?” хэмээн хашгирав (Maрк 15:34). Есүсийн хамгийн гашуун зовлонгийн цагт, зөвхөн Есүс бүрэн гүйцэтгэж чадах, хүн төрөлхтөний нүглийн төлөөсийг бүрэн төлж дуусгаад нүгэл, үхлийн дээр ялалтыг мандуулж болохын тул Эцэг Түүнээс дөлөн холдсон байв (James E. Talmage, Jesus the Christ, 3 дахь хэвлэл. [1916], 660–61).

Аврагч Түүний золиослол Эцэгээр хүлээн зөвшөөрөгдсөнийг мэдэх үед Тэр “Энэ нь төгслөө” (Иохан 19:30). “Аав аа, Таны гарт Би сүнсээ даатгая” (Лук 23:46) хэмээн чанга дуугаар хашгирав. Тэр Өөрийн толгойг бөхийлгөж, сайн дураар Өөрийн сүнсийг өгөв. Аврагч нас барав. Дэлхийд хүчтэй газар хөдлөлт боллоо.

Нөхөд нь Аврагчийн биеийг, гурав дахь өдрийг хүртэл тэнд байх, булшанд аваачив. Энэ үед Түүний сайн мэдээг хүлээн авах хэрэгтэй бусад сүнснүүдэд номлолын ажлыг хийхээр Түүний сүнс явсан байв (1 Петр 3:18–20; С ба Г 138). Гурав дахь өдөр нь, Ням гарагт, Тэр Өөрийн биед эргэн ирж, дахин дээш авагдсан. Тэр үхлийг даван ялсан анхны хүн байсан. “Учир нь Тэр үхэгсдээс амилах ёстой” гэсэн бошиглол бүрэн биеллээ олсон (Иохан 20:9).

Удалгүй Өөрийн Амилалтын дараа, Аврагч Нифайчууд дээр хүрэлцэн ирж, Америк тивд Өөрийн Сүмийг байгуулсан. Тэр хүмүүст зааж, тэднийг адисалсан. Энэ сэтгэл догдлом хүчтэй түүхийг 3 Нифай 11 -ээс 28 дээрээс уншиж болно.

Түүний золиослол нь Өөрийн Эцэг мөн биднийг гэсэн Түүний хайрыг үзүүлдэг.

Есүс “Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй. Хэрэв та нар Миний тушаасныг хийвэл, та нар Миний нөхөд мөн” (Иохан 15:13–14). Бид авралын төлөвлөөний бүх адислалуудыг хүлээн авч болохын тул Тэр Гетсаманид сайн дураараа, номхон даруухнаар уй гашууг туулж, загалмай дээр зовсон. Эдгээр адислалуудыг хүлээн авахын тулд бид Түүн уруу ирж, өөрсдийн нүглийг наманчлан, Түүнийг хамаг зүрх сэтгэлээрээ хайрлах ёстой. Тэр хэлэхдээ:

“Мөн энэ бол та нарт Миний өгсөн тэр сайн мэдээ – Эцэг миний намайг илгээсний учир би Эцэгийнхээ тааллыг гүйцэлдүүлэхээр дэлхийд ирсэн билээ.

“Мөн би загалмай дээр өргөгдөж болохын тулд, би загалмай дээр өргөгдсөний дараа, би хүмүүнийг өөртөө татаж болохын тулд, би хүмүүнээр өргөгдсөний адилаар хүмүүн миний өмнө зогсож, өөрсдийн үйлүүдээр тэд сайн эсвэл хилэнцэт байх эсэхээрээ шүүгдэхээр …

“Учир нь миний хийснийг та нар харсан, бүр түүнийг та нар хий болно. …

“Тиймийн тул, та нар ямархуу маягийн хүмүүс байвал зохих билээ? Үнэнээр би та нарт хэлье, бүр миний адил буюу” (3 Нифай 27:13–15, 21, 27).

  • Таны төлөө хийсэн Аврагчийн золиослолын талаар тунгаан бодоход ямар мэдрэмж төрж байна вэ?

Нэмэлт судрууд ба бусад эх сурвалжууд