Ном болон хичээлүүд
Бүлэг 3: Есүс Христ бидний Сонгогдсон Удирдагч буюу Аврагч


Бүлэг 3

Есүс Христ бидний сонгогдсон удирдагч буюу Аврагч

Зураг
Cropped portion of Carl Bloch's painting depicting Christ sitting at a table with the two men with whom He walked on the road to Emmaus.

Аврагч буюу удирдагч зайлшгүй хэрэгтэй байсан

  • Яагаад бид Тэнгэрлэг Эцэгийн дэргэдээс холдох хэрэгтэй болсон бэ? Яагаад бидэнд Аврагч хэрэгтэй вэ?

Бидний төлөөх авралын төлөвлөгөөг мөнх бус байдлын өмнөх сүнсний дэлхий дээр танилцуулах үед бид баярлалдан дуулж, уухайлан маш их баяртай байсан (Иов 38:7).

Бид тэнгэрлэг гэрээ хэсэг хугацаанд орхих хэрэгтэй гэдгээ ойлгож байв. Тэнгэрлэг Эцэгийн оршихуйд бид хамт амьдрахгүй болно. Түүнээс хол байх хугацаанд хүн бүр нүгэл үйлдэж, зарим нь бүр замаа алдах болно. Тэнгэрлэг Эцэг маань үүнийг мэдэж байсан ба хүн нэг бүрийг хайрладаг. Бидэнд тусламж хэрэгтэй гэдгийг Тэр мэдэж байлаа. Тиймээс Тэр бидэнд туслах замыг төлөвлөсөн.

Бидний нүглийн төлөөсийг төлж, Тэнгэрлэг Эцэг уруугаа хэрхэн буцаж очихыг заах Аврагч бидэнд хэрэгтэй байлаа. Бидний Эцэг “Би, хэнийг илгээх вэ ?” гэв (Aбрахам 3:27). Иехова хэмээн нэрлэгдэх Есүс Христ “Би энд байна, намайг илгээгтүн” гэж хэлэв (Aбрахам 3:27; мөн Moсе 4:1–4).

Есүс дэлхийд ирж бидний нүглийг өөр дээрээ авч бидний төлөө амиа өгөхийг хүсч байлаа. Тэр яг Өөрийн Эцэгийн адил биднийг Тэнгэрлэг Эцэгийн зарлигуудад дуулгавартай байхыг сонгоосой хэмээн хүссэн. Өргөмжлөлийг олохооор зохистой байгаагаа батлахын тул бид чөлөөт сонголттой байх ёстой гэдгийг Тэр мэдэж байсан. Есүс “Аав аа, таны таалал хэрэгжих болно, мөн алдар суу үүрд таных байх болно” гэж хэлсэн (Moсe 4:2).

Люсифер хэмээн нэрлэгдэх Сатан мөн ирж “Болгоогтун, би энд байна, намайг илгээгтүн, би таны хүү байх болно, мөн нэг ч бодгаль хаягдахгүйгээр бибээр хүн төрөлхтнийг гэтэлгэх болно, иймийн тул өөрийн алдар хүндэтгэлийг надад өгөгтүн” гэж хэлэв (Moсe 4:1). Сатан биднийг хүчлэн, бүгдийг өөрийнхөө хүслийн дагуу байлгахыг хүссэн. Түүний төлөвлөгөөгөөр бол бидэнд сонгох эрх байхгүй болох байлаа. Эцэгийн бидэнд өгсөн сонголт хийх эрх чөлөөг тэр үгүйсгэсэн. Сатан бидний авралаар ирэх бүх хүндэтгэл, алдар хүндийг авахыг хүссэн. Түүний санал болгосон төлөвлөгөөгөөр бол бидний дэлхийд ирэх зорилго маань сэтгэл гонсойлгосон зүйл болох байлаа (Teachings of Presidents of the Church: David O. McKay [2003], 207).

Есүс Христ бидний сонгогдсон удирдагч буюу Аврагч болсон

  • Энэ хэсгийг уншиж байхдаа Аврагчийн талаар юу мэдэрч байгаагаа бод.

Тэнгэрлэг Эцэг хоёр хүүгийнхээ юу хэлэхийг сонссоны дараа “Эхнийхийг би илгээх болно” хэмээн хэлэв (Aбрахам 3:27).

Есүс Христ бидний Аврагч байхаар урьдчилан томилогдож, сонгогдсон. Олон судруудад энэ талаар бичсэн байдаг (жишээ болгон 1 Петр 1:19–20; Moсe 4:1–2 үз). Есүсийг төрөхөөс нэлээд өмнө Мормоны Номны бошиглогч Жаредын ахад үзэгддэг бөгөөд “Болгоогтун, өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр дэлхийн үүслээс бэлтгэгдсэн нь би болой. Болгоогтун, бибээр Есүс Христ. …Надаар бүх хүмүүн төрөлхтөн амьдралыг, бүр миний нэрэнд итгэх тэд мөнхийн түүнийг хүртэх болно” гэж хэлснийг судар бидэнд хэлдэг (Ифер 3:14).

Есүс дэлхий дээр амьдарч байхдаа Тэр бидэнд “Би Өөрийнхөө хүслийг хийхийн тулд бус, харин Намайг Илгээгчийн хүслийг хийхийн тулд тэнгэрээс бууж ирсэн юм. …Учир нь Хүүг харж, Түүнд итгэгч бүр мөнх амьтай байх нь Миний Эцэгийн хүсэл юм. Эцсийн өдөрт Би Өөрөө Түүнийг амилуулна” гэж айлдлаа (Иохан 6:38, 40).

Тэнгэр дэх дайн

Тэнгэрлэг Эцэг маань бидний Аврагч байхаар Есүс Христийг сонгосон тул Сатан уурлаж, бослого дэгдээсэн. Тэнгэрт дайн гарлаа. Сатан болон түүнийг дагагчид мөн Есүс Христ болон Түүний дагагчид нарын хооронд дайн болов. Аврагчийг дагагчид “түүнийг [сатаныг] Хурганы цус болон өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ” (Илчлэлт 12:11).

Энэ агуу бослогын үед Сатан болон түүнийг дагасан олон сүнснүүд Бурханы оршихуйгаас хөөгдөж, тэнгэрээс зайлуулагдав. Тэнгэрийн оршин суучдын гуравны нэг нь Сатаныг даган цээрлүүлэгдэв (С ба Г 29:36). Тэд махан биебодийг хүлээн авахаас татгалзав.

Бид Тэнгэрлэг Эцэг, Есүс Христийг дагана хэмээн сонгосон тул энэ дэлхий дээр төрж, махан биебодьтой болсон. Сатан болон түүнийг дагагчид энэ дэлхий дээр сүнсэн биеэр байгаа. Тэд бидний хэн гэдгийг мартаагүй. Тэд өдөр бүр биднийг Тэнгэрлэг Эцэгт маань тааламжтай бус байх зүйлийг хийлгэж, уруу татахаар эргэн тойронд маань байдаг. Дэлхийн өмнөх амьдралд бид Бурханы төлөвлөгөөг авч, Есүс Христийг дагана хэмээн сонгосон. Бид энэ дэлхий дээр Есүс Христийг дагахаа үргэлжлүүлэх ёстой. Зөвхөн Түүнийг дагаснаар бид тэнгэрлэг гэртээ буцаж чадна.

  • Тэнгэрийн дайн өнөө үед хэрхэн үргэлжилж байна вэ?

Дагах ёстой Аврагчийн сургаалууд бидэнд бий.

  • Аврагчийн сургаал та нарт хэрхэн нөлөөлсөн талаар бод.

Тэнгэрлэг Эцэг уруугаа буцаж очихын тулд юу хийх хэрэгтэйг заадаг сургаалыг Есүс Христ эхлэлээс эхлэн бидэнд илчилсэн. Товлосон цагт Тэр Өөрийн биеэр дэлхий дээр ирсэн. Өөрийн үгээрээ, амьдралын хэв маягаараа Тэрээр авралд мөн өргөмжлөлд хүрэх төлөвлөгөөг заасан. Тэр дэлхий дээр Өөрийн сүм, Өөрийн санваарын хүчийг бий болгосон. Тэр бидний нүглийг Өөр дээрээ авсан.

Түүний сургаалыг дагаснаар бид селестиал хаант улсыг өвлөн авч чадна. Биднийг Тэнгэрлэг Эцэгтээ буцан очиход туслах үүргээ Тэрээр биелүүлсэн. Одоо бид өргөмжлөлийг хүртэхээр зохистой байх ажлаа хийх л үлдээд байна.

Нэмэлт судрууд