Ном болон хичээлүүд
Бүлэг 30: Энэрэл


Бүлэг 30

Энэрэл

Зураг
The Good Samaritan holding up a wounded man's head and giving him a drink. A donkey is in the background.

Энэрэл гэж юу вэ?

  • Та нар энэрлийг хэрхэн тодорхойлох вэ?

Аврагчийн амьдрал бүх хүмүүсийн төлөөх Түүний цэвэр хайрыг харуулдаг. Тэр бүр Өөрийн амийг бидний төлөө өгсөн. Энэрэл бол Аврагч Есүс Христэд байдаг цэвэр хайр юм. Тэр бидэнд Түүний адил бусдыг хайрлахыг зарлигласан. Судрууд бидэнд энэрэл нь цэвэр зүрхнээс ирдэг гэдгийг хэлдэг (1 Tимот 1:5). Өөрсдийн бүх ах, эгч нарын төлөө үнэн зүрх сэтгэлээсээ бодитоор санаа тавьж, өрөвдөн энэрэх аваас бидэнд цэвэр хайр байх болно.

Энэрэл бол бүх шударга журамт ёсны хамгийн агуу нь

Бошиглогч Мормон бидэнд “энэрэл хэзээ ч дуусдаггүй; иймийн тул, бүхнээс илүү агуу тэрхүү энэрлээс зууран барь, учир нь бүх зүйл дуусах ёстой, гэвч энэрэл бол Христийн цэвэр хайр, мөн энэ нь үүрд үл цөхрөх ажгуу” гэж хэлсэн (Moронай 7:46–47; мөн 1 Коринт 13; 2 Нифай 26:30; Moронай 7:44–45, 48).

Бидний дагах ёстой амьдралын жишээг Аврагч бидэнд өгсөн. Тэр Бурханы Хүү байсан. Тэр төгс хайраар хайрладаг бөгөөд хэрхэн хайрлахыг Тэр бидэнд харуулсан. Үлгэр жишээгээрээ бидний ойр дотныхон, найз нөхдийн маань сүнсний болон биеийн хэрэгцээнүүд нь биднийхтэй адил чухал ач холбогдолтой гэдгийг Тэр бидэнд үзүүлсэн. Тэр Өөрийн амийг бидний төлөө өгөхийн өмнө хэлэхдээ:

“Би та нарыг яаж хайрласан шиг та нар бие биеэ хайрлагтун. Энэ бол миний тушаал.

Нөхдийнхөө төлөө амиа зориулахаас өөр агуу хайр байхгүй” (Иохан 15:12–13).

Моронай Их Эзэнд хандан:

“Та дэлхийнхэнд хайртай, бүр өөрийн амийг дэлхийнхний төлөө өгөх хүртлээ, хүмүүний үрсэд нэгэн байрыг бэлтгэхийн тулд үүнийг эргүүлж авна хэмээн хэлснийг тань би санаж байна. …

“Мөн эдүгээ хүмүүний үрсэд зориулсан таны хайр бол энэрэл гэдгийг би мэднэ; иймийн тул, хүмүүс энэрэлтэй байхаас бусдаар, Эцэгийнхээ эзэмшлүүдэд таны бэлтгэсэн тэрхүү байрыг өвлөж чадахгүй” (Ифер 12:33–34).

Бид өөрсдийнхөө амийг Аврагчийн адил зориулах шаардлагагүй. Хэрэв бид Түүнийг амьдралынхаа төвөө болгон Түүний үлгэр жишээ, сургаалуудыг дагах юм бол бид энэрэлтэй байж чадна. Аврагчтай адил бид мөн энэ дэлхий дээрх ах эгч нарынхаа амьдралыг адислаж чадна.

  • Яагаад энэрэл хамаг шударга ёсны хамгийн агуу нь вэ?

Өвчтэй, шоовдорлогдсон, ядуу зүдүү хүмүүст өгөх нь энэрэл юм

Аврагч бидэнд түүх эсвэл сургаалт үлгэрүүдээр олон сургаалыг заасан. Сайн Самари хүний тухай сургаалт үлгэр гачигдалтай байгаа тэдэнд бидний найз байна уу үгүй юу хамаагүй тусламж өгөх ёстой гэдгийг бидэнд заадаг (Лук 10:30–37; мөн Жэймс И.Талмэйж, Jesus the Christ, 3-р хэвлэл. [1916], 430–32). Аврагч сургаалт үлгэрт хэлэхдээ, нэгэн эр өөр хот уруу явж байжээ. Замд нь түүн уруу дээрэмчид дайрсан аж. Тэд түүний хувцас, мөнгийг дээрэмдэн, түүнийг зодож, дөнгөж амьтай төдий болгон орхижээ. Нэгэн прист түүнийг хараад, хажуугаар нь өнгөрөн явав. Дараа нь нэгэн Леви хүн түүнийг харсан ч өнгөрөн одов. Харин Иудейчүүдийн үзэн яддаг нэгэн Самари хүн дэргэд нь ирээд түүнийг харангуутаа, өрөвдөн энэрэх сэтгэл түүнд төржээ. Түүний дэргэд өвдөглөн сайн Самари хүн түүний шархыг боож, илжгэн дээрээ тавин, буудлын зүг явав. Тэр буудлын эзэнд түүнийг эргэн иртэл тэр хүнийг асран халамжилж байхыг захин мөнгө төлөв.

Бид өлсгөлөнд хоол хүнс, оромжгүй нэгэнд орон гэрийг, ядууст хувцас өгөх ёстойг Есүс бидэнд заасан. Бид өвчтэй болон шоронд байгаа тэднийг эргэн тойрох аваас эдгээр зүйлсийг Түүнд хийсэнтэй адил юм. Бид эдгээрийг хийх аваас Түүний хаант улсыг өвлөн авах болно гэдгийг Тэр амласан (Maтай 25:34–46).

Хэн нэгэнд бидний тусламж аргагүй хэрэгтэй байна уу үгүй юу гэдгийг бид заавал шийдэх гэсний хэрэггүй (Moзая 4:16–24). Эхлээд гэр бүлийнхнийгээ асран халамжлаад, дараа нь тусламж хэрэгтэй байгаа нэгэнд туслах хэрэгтэй. Ийм замаар бид бороог сайн, муу аль хүмүүсийн дээр оруулагч Тэнгэрлэг Эцэгтэйгээ адил болох болно (Maтай 5:44–45).

Ерөнхийлөгч Томас С.Монсон материаллаг хэрэгцээнээс илүүтэйгээр тусламж хэрэгтэй олон хүн байгааг бидэнд сануулсан.

“Өөрсдөөсөө ‘Өнөөгийн дэлхийд миний хийсэн сайн зүйл юу вэ?’ гэж асууцгаана уу. Гачигдалд байгаа хэн нэгэнд би тусалсан бил үү? [Сүмийн дуулал, 223-р дуу]. Аз жаргалын томьёо нь юу вэ! Энэ нь ямар сайхан жор гээч хүмүүний дотоод сэтгэлийг амар амгалан болгож, өөр нэгэнд сэтгэл хангалуун байдлыг өгдөг.

“Өөрсдийгөө өгөх бидний боломжууд нь хязгааргүй ч хурдан мууддаг. Баярлуулах зүрх олон байна. Хэлэх эелдэг зөөлөн үгс зөндөө байна. Өгөх бэлгүүд дүүрэн байна. Хийх ёстой үйл хэрэг ч их байна. Аврах бодгалиуд дүүрэн байна (2001 оны 10-р сарын Ерөнхий Чуулган, 72; эсвэл Ensign, 2001 оны 11-р сар, 60).

  • Сайн Самари хүний тухай сургаалт үлгэрт гарсан гэмтсэн хүнийг хажуугаар өнгөрөн явдаг тэдгээрийг та нар хэрхэн тайлбарлах вэ? Самари хүнийг та нар хэрхэн дүрслэх вэ? Энэ сургаалт үлгэрт заах захиасыг амьдралдаа ямар арга замаар хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Энэрэл зүрх сэтгэлээс ирдэг

  • Өөрсдийн нүгэл, алдаануудаа үл хайхрах хүмүүсийг бид хэрхэн хайрлах вэ?

Гачигдалтай тэдэнд бид өгсөн ч тэднийг хайрлах сэтгэл гаргахгүй юм бол бидэнд энэрэл гэж байхгүйтэй адил (1 Иохан 3:16–17). Бидэнд энэрэл байхад бүх хүмүүсийн төлөө сайхан мэдрэмжтэй байдаг хэмээн Төлөөлөгч Паул бидэнд заасан. Бид тэвчээртэй, нинжин сэтгэлтэй. Бид сагсуу, бардам, амиа хичээсэн бүдүүлэг нэгэн биш. Бидэнд энэрэлтэй бусдын хийсэн хилэнцийг санадаггүй мөн түүнд нь баясдаггүй. Харин ч бид сайн зүйлсийг хийдэг. Учир нь энэ нь зөвхөн бидний давуу чанар юм. Харин бид үнэнээр амьдардаг хүмүүний баяр баясгаланг хуваалцдаг. Бид энэрэлтэй байснаар үнэнч шударга, бусдын сайн сайханд итгэж, элэгсэг ханддаг. Судрууд “энэрэл хэзээ ч мөхөхгүй” хэмээн заадаг (1 Коринт 13:4–8).

Аврагч бидэнд бусдын төлөө үйлчлэх үлгэр жишээг үзүүлсэн. Тэр ёс бус явдлыг үзэн яддаг ч нүгэлтнүүдийг Тэр хайрладаг. Тэр хүүхэд, хөгшид, ядуус болон гачигдагсдад нигүүслийг үзүүлсэн. Түүнд үнэхээр агуу хайр байсан учраас Түүний гар болон хөл рүү хадаас хадаж байсан цэргүүдийг уучлахыг Тэнгэрлэг Эцэгээсээ Тэр гуйсан (Лук 23:34). Тэр бидэнд хэрэв бид бусдыг уучлахгүй аваас Тэнгэрлэг Эцэг биднийг мөн уучлахгүй гэдгийг бидэнд заасан (Maтай 18:33–35). Тэр хэлэхдээ: “Харин Би та нарт хэлье. Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир. … Хэрэв та нар өөрсдийг чинь хайрладаг хүмүүсийг хайрлавал, та нарт ямар шагнал байх вэ? Татвар хураагчид ч хүртэл үүнтэй адилыг хийдэг бус уу?” (Maтай 5:44, 46). Бид Есүстэй адил бусдын төлөө байхыг суралцах ёстой.

Энэрлийн ариун журмыг хөгжүүлэх нь

  • Хэрхэн бид илүү энэрэнгүй болох вэ?

Бид энэрэнгүй болох замын нэг бол Есүс Христийн амьдралыг судалж, Түүний зарлигуудыг сахих явдал мөн. Тодорхой нөхцөл байдлуудад Есүс юу хийснийг судалж болно. Түүнтэй ижил зүйлийг бид хийж чадна.

Хоёрдугаарт, бид энэрэнгүй бус байхдаа агуу энэрлийг хүсэн залбирч болно. Мормон “та нар түүний Хүү, Есүс Христийн үнэн дагалдагчид бүгдийн дээр цутгасан хайраар [энэрлээр] дүүргэгдэж болохын төлөө зүрхнийхээ бүхий л эрч хүчээр Эцэгт хандан залбирагтун” хэмээн бидэнд уриалдаг (Moронай 7:48).

Гуравдугаарт, бид өөрсдийгөө хайрлахыг суралцаж чадна. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд болох өөрсдийн үнэн үнэ цэнийг ойлгоно гэсэн үг. Өөрсдийгөө хайрладаг шиг бусдыг хайрла хэмээн Аврагч бидэнд заасан (Maтай 22:39). Өөрсдийгөө хайрлахын тулд бид өөрийгөө хүндэтгэж, өөртөө итгэх хэрэгтэй. Энэ нь бид сайн мэдээний зарчмуудад дуулгавартай байна гэсэн үг мөн. Бид буруу үйлдлийнхээ төлөө наманчлах хэрэгтэй. Бид наманчилсан үедээ өөрсдийгөө уучлах хэрэгтэй. Бидэнд Аврагч үнэнээсээ хайртай гэдгийг гүнзгийгээр мэдэрч, тайтгарлыг олсон үед бид өөрсдийгөө хайрлах болно.

Дөрөвдүгээрт, өөрийгөө бусдаас дээгүүрт тавихаас зайлсхийж чадна. Бид бусдын алдаанд тэвчээртэй байж чадна. Иосеф Смит хэлэхдээ, “Бид Тэнгэрлэг Эцэгтэйгээ ойртох тусам бодгалийг шийтгэлийн нүдээр бус энэрэнгүйгээр харж эхэлдэг. Бид тэдний нүглүүдийг өөрсдийн мөрөн дээр авч, түүнийг нь мартахыг хүсдэг” (Teachings of Presidents of the Church: Иосеф Смит [2007], 428–29).

Мормоны Номонд нүглүүд нь уучлагдсан гэдгийг мэдэхийг хүссэн залуу эр Иносын тухай бид уншдаг. Тэр бидэнд:

“Мөн бодгаль минь өлссөн байв; мөн намайг Бий Болгогчийн өмнө сөхөрсөн би, мөн хүчит залбирлаар мөн бодгалийнхаа төлөө гйултаар түүнээс гуйв; мөн бүхэл өдрийн турш би түүнээс гуйв; тийм ээ, мөн шөнө ирэхэд би дуугаа өндөрсгөн үргэлжлүүлсээр байсан учир энэ нь тэнгэрт хүрсэн бөлгөө.

“Мөн тэгтэл нэгэн дуу хоолой надад ирж, өгүүлсэн нь: Инос нүглүүд чинь өршөөгдсөн, мөн чи адислагдах болно хэмээв” гэж хэлсэн (Инос 1:4–5).

Их Эзэн Иност түүний Христэд итгэх итгэлийн учир түүний нүглүүд уучлагдсан гэдгийг тайлбарласан. Инос эдгээр үгсийг сонсоод өөртөө санаа зовохоо больсон. Тэр Их Эзэн түүнд хайртай бөгөөд түүнийг адисална гэдгийг мэдсэн. Тэр өөрийн найз нөхөд, хамаатан садан, Нифайчуудад халамжийг үзүүлэх талаар санаа тавьж эхэлсэн. Тэдний төлөө Бурханд хандан өөрийн бүх хүчээр залбирсан. Тэд өөрсдийн итгэлийн дагуу тэдэнд өгсөн зарлигуудыг сахиснаар адислагдах болно гэдгийг Их Эзэн түүнд хэлсэн. Эдгээр үгсийн дараа удалгүй Иносын хайр улам ихсэж, тэр Нифайчуудын дайсан болох Лэмэнчүүдийн төлөө маш ихээр санаа зовон залбирсан. Их Эзэн түүний хүслийг хүлээн зөвшөөрсөн ба тэр өөрийн үлдсэн амьдралыг Нифайчууд болон Лэмэнчүүдийн бодгалийг аврахын төлөө хичээн зүтгэсээр байсан (Инос 1:6–26).

Инос Их Эзэний хайр ба өршөөлд маш их талархалтай байсан тул бусад хүмүүс түүнтэй адил бэлгийг хүлээн авахад туслахын төлөө сайн дараар өөрийн үлдсэн амьдралыг зориулсан. Инос үнэхээр энэрэнгүй болсон байв. Бид ч түүнтэй адил зүйлийг хийж чадна. Эцэгийн хаант улсад бидэнд зориулан бэлтгэсэн байрыг өвлөн авахын тулд бид үүнийг хийх хэрэгтэй.

Нэмэлт судрууд