Ном болон хичээлүүд
Бүлэг 43: Хоёр дахь ирэлтийн Тэмдгүүд


Бүлэг 43

Хоёр дахь ирэлтийн тэмдгүүд

Зураг
The resurrected Jesus Christ (wearing white robes with a magenta sash) standing above a large gathering of clouds. Christ has His arms partially extended. The wounds in the hands of Christ are visible. Numerous angels (each blowing a trumpet) are gathered on both sides of Christ. A desert landscape is visible below the clouds. The painting depicts the Second coming of Christ. (Acts 1:11)

Есүс Христ Дэлхийд эргэж ирэх болно

  • Хоёр дахь ирэлтийн ямар тэмдгүүд байдаг вэ?

Аврагч Иосеф Смитэд “Би тэнгэрээс сүр хүч хийгээд алдар суугаар өөрийгөө үзүүлэх болно, мөн дэлхий дээр зөв шударга ёсонд хүмүүнтэй хамт мянган жил оршин сууна, мөн ёс бусыг үйлдэгчид тэсвэрлэх нь үгүй бөлгөө” гэж хэлсэн (С ба Г 29:11; мөн энэ номны 44 ба 45-р бүлгүүдийг үз). Түүний хоёр дахь ирэлтийн цаг ойртож буйг тодорхой тэмдэг, үйл явдлуудаар анхааруулах болно гэж Есүс бидэнд хэлсэн.

Есүс Христийн дагалдагчид мянгаад жилийн туршид амар амгалан, баяр баяслыг авчрах Хоёр дахь ирэлтийг хүлээн харсаар ирсэн. Гэвч Аврагчийг ирэхээс өмнө дэлхийн хүмүүс агуу уй гашуу, зовлонг үзэх болно. Тэнгэрлэг Эцэг эдгээр гай бэрхшээлд биднийг бэлтгэлтэй байхыг хүсдэг. Тэр мөн Алдар сууд ирэх Аврагчийг ирэхэд нь сүнслэгээр бэлтгэлтэй байхыг биднээс хүсдэг. Тэр бидэнд Аврагчийн хоёр дахь ирэлт ойртсоныг мэдэгдэх тэмдгүүд, үйл явдлуудыг өгсөн. Он жилийн туршид Бурхан эдгээр тэмдгүүдийг бошиглогч нартаа үзүүлсэн. Христийн итгэлтэй бүх дагалдагчид тэмдгүүд ямар байхыг мэдэж, тэдгээрийг эрэлхийлэн харсаар байх болно хэмээн Тэр хэлсэн (С ба Г 45:39). Хэрэв бид дуулгавартай бөгөөд итгэлтэй байх аваас судруудаас судалж, тэмдгүүдийг мэдэх болно.

Есүс Христийн хоёр дахь ирэлтийн зарим тэмдгүүд аль хэдийнэ биелэсэн эсвэл одоо биелэгдэж байгааг урьдчилан хэлдэг. Бусад нь ирээдүйд биелэгдэх болно.

Ёс бус явдал, Дайн ба Үймээн самуун

Тэмдгүүдийн олонх нь аймшигтай. Бошиглогчид агуу үймээн самуун, ёс бус явдал, дайн ба зовлон уй гашуу байх болно гэдгийг сануулсан. Бошиглогч Даниел Хоёр дахь ирэлтийн өмнөх үе нь дэлхийн хувьд хэзээ ч байгаагүй хүнд цаг болно гэдгийг хэлсэн (Даниел 12:1). Их Эзэн “Мөн хүмүүний хайр хөрч, мөн алдас газар авах болно” (С ба Г 45:27). “Мөн бүх зүйл үймээнд байх болно, учир нь бүх хүмүүс дээр айдас ирэх болно” гэж хэлсэн (С ба Г 88:91). Бид газар хөдлөлт, өвчин эмгэг, өлсгөлөн, хүчтэй шуурганууд, аянга ба цахилгаан гарахыг үзэх болно (Maтай 24:7; С ба Г 88:90). Хүчтэй мөндрөн шуурганууд дэлхийн ургацыг устгах болно (С ба Г 29:16).

Есүс шавь нартаа дайн, дэлхийг бүрхэх болно гэдгийг хэлсэн: “Та нар дайн болоод дайны сураг чимээг удахгүй сонсох болно. Үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босох болно” гэж хэлсэн (Maтай 24:6–7). Бошиглогч Иосеф Смит хэлэхдээ: “Бид зовлонт цаг мөчүүд удахгүй ирэхийг, илд сэлэм, өлсгөлөн, тахал ойртсоныг та нарт хэлэхэд зориг бүү мох. Газрын гадарга дээр аймшигт эвдрэл үгүйрэл болно. Бүх ариун бошиглогчдын бошиглолуудаас нэг зураас нэг үсэг ч гээгдэхгүй бөгөөд үлдсэн нь удахгүй бүрэн гүйцэлдэх болно (Teachings of Presidents of the Church: Joseph Smith [2007], 252).

Эдгээр тэмдгүүдийн олон нь гүйцэлдсэн. Ёс бус явдлууд газар сайгүй байна. Үндэстнүүд тогтмол дайн дажинтай байна. Газар хөдлөлт ба бусад байгалийн гай гамшгууд тохиолдсоор л байна. Олон хүн гамшигт шуурга, ган, өлсгөлөн, өвчин эмгэгүүдэд нэрвэгдэн зовсоор байна. Их Эзэнийг ирэхээс өмнө эдгээр гай гамшгууд улам ноцтой болох магадлалтай .

Гэсэн ч Хоёр дахь ирэлтээс өмнө тохиолдох үйл явдлууд бүгдээрээ хүнд хэцүү бишээ. Ихэнх нь дэлхийд баяр баяслыг авчирдаг.

Сайн Мэдээний Сэргээлт

Их Эзэн “Харанхуйд суугч тэдний дунд гэрэл гийх болно, мөн энэ нь миний сайн мэдээний бүрэн байдал байх болно” гэсэн (С ба Г 45:28). Эртний бошиглогчид сайн мэдээний Сэргээлтийг урьдчилан хэлсэн. Төлөөлөгч Иохан тэнгэрийн элчээр дамжуулан сайн мэдээ сэргээгдэнэ гэдгийг харсан (Илчлэлт 14:6–7). Бошиглолын биелэлт нь тэнгэрийн элч Моронай болон бусад тэнгэрлэг гийчдийн Иосеф Смитэд авчирсан Есүс Христийн сайн мэдээ юм.

Мормоны Ном ирсэн нь

Их Эзэн нифайчуудад бусад тэмдгүүдийн талаар хэлсэн: Мормоны Ном тэдний үр удамд ирэх болно (3 Нифай 21). Хуучин Гэрээний бошиглогч Исаиа болон Езекиел нар Мормоны Ном ирэхийг урьдчилан хэлсэн (Исаиа 29:4–18; Eзекиел 37:16–20). Эдгээр бошиглолууд одоо биелэгдээд байна. Мормоны Номыг бүх дэлхий хүлээн авсан.

Сайн мэдээ бүх дэлхийд тархсан

Хожмын өдрүүдийн бас нэгэн тэмдэг бол “хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж, дэлхий даяар тунхаглагдана” (Maтай 24:14; мөн Иосеф Смит—Maтай 1:31). Бүх хүмүүс сайн мэдээний бүрэн байдлыг төрөлх хэл дээрээ сонсох болно (С ба Г 90:11). Сүмийн Сэргээлтээс эхлэн номлогчид сайн мэдээг номлосоор ирсэн. Өнөөдөр номлогчдын хүчин чармайлт улам өсөн нэмэгдсээр хэдэн арван мянган номлогч дэлхийн олон оронд тухайн улсын хэлээр сайн мэдээг номлож байна. Хоёр дахь ирэлтээс өмнө мөн Мянган жилийн туршид Их Эзэн бүх үндэстнийг үнэнийг мэдэх арга замуудаар хангах болно.

Елиагийн ирэлт

Аврагчийн Хоёр дахь ирэлтээс өмнө бошиглогч Елиа дэлхийд илгээгдэх болно хэмээн бошиглогч Малахи бошиглосон. Гэр бүлүүд хамтдаа холбогдож болохын тул Елиа холболтын хүчийг сэргээх болно. Тэр мөн хүмүүс өөрсдийн өвөг дээдэс болон үр удмын төлөө санаа тавихад урамшуулан дэмжих болно (Maлахи 4:5–6; С ба Г). Бошиглогч Елиа 1836 оны 4-р сард Иосеф Смит дээр ирсэн. Тэр цагаас хойш удмын бичиг болон гэр бүлийн түүхийг хөтлөх сонирхол нэмэгдсэн. Мөн бид мөн амьд болон нас барагсдын төлөө ариун сүмд холболтын ёслолыг гүйцэтгэх боломжтой.

Лихайн үр удам агуу хүмүүс болох болно

Түүний ирэлт ойртох тусам Лэмэнчүүд зөв шударга, хүндэтгэлтэй хүмүүс болох болно хэмээн Их Эзэн хэлсэн. Тэр хэлэхдээ, “Их Эзэний агуу өдөр ирэхийн өмнө лэмэнчүүд сарнай цэцэг лугаа адил дэлгэрэх болно” гэсэн (С ба Г 49:24). Лихайн үр удмаас олон нь өнөөдөр сэргээгдсэн сайн мэдээг хүлээн авсаар байна.

Шинэ Иерасулимыг байгуулах нь

Есүс Христийн ирэлт ойртох цагт итгэлтэй гэгээнтнүүд Шинэ Иерасулам хэмээн нэрлэгдэх зөв шударгын хотыг, Бурханы хотыг байгуулах болно. Есүс Христ Өөрөө удирдах болно (3 Нифай 21:23–25; Moсe 7:62–64; Итгэлийн тунхаг 1:10). Их Эзэн тус хот нь Нэгдсэн Улсын Миссури мужид байгуулагдах болно гэж хэлсэн (С ба Г 84:2–3).

Эдгээр нь Их Эзэний өгсөн тэмдгүүдийн нэгээхэн хэсэг юм. Судруудад үүнээс олныг дурьддаг.

  • Эдгээр тэмдгүүд биелэгдсэн ямар баталгааг та харж байна вэ?

Цаг үеүдийн тэмдгүүдийг мэдэх нь бидэнд тустай

  • Хэдийгээр зарим тэмдгүүд аймшигтай, айдас төрүүлэм байгаа ч бид хэрхэн амар амгалан тайван байж чадах вэ?

Их Эзэн Хоёр дахь Ирэлтийнхээ талаар “Гэвч тэрхүү цаг хийгээд өдрийг мэдэх хүмүүн үгүй, тэрчлэн элчүүд ч үгүй” гэсэн (C ба Г 49:7). Тэр үүнийг инжрийн модны сургаалт үлгэрээр заасан. Бид инжрийн модны навчис зулзагалахад бид зун ойртжээ гэдгийг мэддэг гэж Тэр хэлсэн. Үүний адил бид судрууд дээр дурьдсан тэмдгүүдийг хараад, Түүний ирэлт ойрхон байгааг мэдэж чадна (Maтай 24:32–33).

Их Эзэн бидэнд туслахын тулд эдгээр тэмдгүүдийг өгсөн. Бид өөрсдийгөө болон гэр бүлүүдээ удахгүй ирэх зүйлүүдэд бэлтгэж амьдралаа цэгцэлж чадна.

Сүйрэл гамшигуудын талаар бидэнд хэлж бэлтгэлтэй байх талаар анхааруулсан. Гэвч бид мөн Аврагчийн ирэлтийг хүсэн хүлээж, түүнд талархалтай байж чадна. Их Эзэн хэлэхдээ: “Бүү тэвдэн сандар, учир нь мөн эдгээр бүх зүйл тохиоход та нарт өгөгдсөн тэрхүү амлалтууд биелэгдэх болно гэдгийг та нар мэдэж болно” гэсэн (С ба Г 45:35). Түүнийг ирэхэд зөв шударга тэдгээр нь устгагдахгүй “харин тэр өдрийг тэсэн гарах болно. Мөн дэлхий тэдэнд өв болон өгөгдөх болно; мөн тэдний үр хүүхдүүд нүгэлгүйгээр авралд өсөн өндийх болно. Учир нь Их Эзэн тэдний дунд байх болно, мөн түүний алдар суу тэдний дээр байх болно, мөн тэрбээр тэдний хаан хийгээд тэдний хууль тогтоогч байх болно” (С ба Г 45:57–59).

Нэмэлт судрууд