Бишопын зөвлөл
Порнографын хэрэглээ


“Порнографын хэрэглээ,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Порнографын хэрэглээ,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Порнографын хэрэглээ

Порнограф бол бэлгийн харьцааны мэдрэмжийг өдөөх замаар хүний бие, бэлгийн харьцаа зэргийг дүрсэлж эсвэл тайлбарлан харуулсан аливаа материал юм. Порнограф ашиглах нь нүгэлт үйлдэл гэдгийг Сүмээс байнга зааж сургадаг.

Порнограф ашигладаг ихэнх хүн Бурхантай, өөртэйгөө мөн бусадтай харьцахдаа янз бүрийн бэрхшээлтэй тулгардаг. Тэд бас өөрсдийгөө буруутгах эсвэл ичиж зовох мэдрэмжийг мэдэрч байж магадгүй юм. Порнограф хэрэглэдэг түвшнээс үл хамааран өөрийнхөө үйлдлийг илчилсэн хувь хүмүүст хайр, талархлаа илэрхийлэх нь тэдний өөрийгөө үнэлэх үнэлэмж, бэрхшээлийг даван туулах чадвар зэргийг нэмэгдүүлэхэд туслах чухал алхам юм.

Та порнографын хэрэглээтэй тэмцэж буй хүмүүст тохинуулж байхдаа тэднийг Христ рүү хөтлөхийг эрэлхийлээрэй. Хувь хүмүүст порнограф хэрэглэхэд нөлөөлж буй хүчин зүйлийг ойлгох, уг зан байдлаа өөрчлөх төлөвлөгөө гаргахад нь урам зориг өгөөрэй.

Ойлгохыг эрэлхийл

Порнографын хэрэглээ нь донтуулах нөлөөтэй хэдий ч гишүүдэд өөрсдийгөө үйлдлээрээ тодорхойлох бус харин Бурханы хөвгүүд, охид хэмээх тэнгэрлэг мөн чанартаа анхаарал хандуулахыг зөвлө. Тухайн гишүүний порнографын хэрэглээг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь олж мэдэхийн тулд дараахтай төстэй асуулт тавих талаар залбирч бод.

  • Порнографын хэрэглээ таны амьдралд яаж нөлөөлсөн бэ?

  • Та порнографыг хэр тогтмол хэрэглэдэг вэ?

  • Энэ бэрхшээлийг давахад өнөөг хүртэл юу тусалсан бэ?

  • Энэхүү бэрхшээлийг даван туулахын тулд та сайн мэдээний зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлсэн бэ?

Хэрэв та хүүхдийн порнографыг үзэх, худалдаж авах, тараах талаар ямар нэгэн зүйл мэдэж авбал иргэний эрх бүхий байгууллагуудтай холбоо бариарай. Энэ асуудалтай тулгарах үед танай бишоп тусламжийн утас руу залган ярих боломжтой.

Хувь хүнд тусал

Порнограф хэрэглэх нь ихэвчлэн ёс суртахууны сул тал төдийгүй нөлөөлөх олон хүчин зүйлтэй байдаг. Порнографыг хэрэглэхэд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар илүү их ойлголттой болоход хувь хүнд туслах нь үүнийг даван туулах чадварыг нь бэхжүүлдэг.

Порнограф хэрэглэхээ больж, үүнийг даван туулахад тусалж чадах сургаалын талаарх хувь хүний ойлголтыг бэхжүүл. Үүнд:

  • Аврагчийн үүрэг, мөн Цагаатгалаараа дамжуулан бидэнд туслах Түүний чадварыг ойлгоход тухайн эрэгтэй эсвэл эмэгтэйд тусал.

  • Тухайн хүнд Бурханы хүүхэд гэдгээ ойлгож, давуу тал, авьяас, чадвараа таньж мэдэхэд тусал.

  • Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд сонгох эрх чөлөө, үүрэг хариуцлагаа ойлгоход нь тухайн хүнд тусал.

  • Порнограф хэрэглэсний нэг хор хөнөөлт үр дагавар бол үүний хэрэглэгчид бусдыг Бурханы хөвгүүд эсвэл охид гэхээс илүүтэй өөрсдийнх нь хүслийг хангагч гэж харж эхэлдэг гэдгийг ойлгоход тусал.

  • Гэм буруу (“Би муу зүйл үйлдсэн”), ичгүүр (“Би бол муу хүн”) хоёрын ялгааг ярилцаж, ичгүүрт байдалд орохоос зайлсхийх, зохих гэм буруугийн ач холбогдлыг ойлгоход нь тухайн хүнд тусал.

  • Бурханы тогтоосон хил хязгаарын доторх эрүүл бэлгийн амьдрал, бэлгийн зөв илэрхийлэл, бэлгийн дур хүслийн үүргийн талаарх мэдээллийг эрж хайхад гишүүнийг урамшуулан дэмж.

Порнограф хэрэглэхээ зогсоох төлөвлөгөө гаргахад тухайн хүнд тусалж дэмжээрэй.

  • Тухайн хүнийг өөртөө хэрэгжүүлж болохуйц төлөвлөгөө гаргах урам зориг эрэлхийлэхийг урь.

  • Интернэт шүүлтүүр суурилуулах, мөн бусад хүнд үзсэн түүхийг нь харахын тулд зөөврийн төхөөрөмж, компьютерт нэвтрэх мөн нууц үгийг нь мэдэж байх зөвшөөрөл өгөх зэргээр порнограф үзэх боломжийг нь хязгаарлах арга замуудыг төлөвлөхөд тухайн хүнийг уриалан дэмж.

Порнографын хэрэглээг нэмэгдүүлдэг хамгийн нийтлэг нөхцөл байдлыг болон түүнээс хэрхэн зайлсхийх талаар олж мэдэхэд тухайн хүнийг урамшуулан дэмж.

  • Тухайн нөхцөл бүрд “хаана,” “хэзээ,” “хэрхэн” гэдгийг тодорхойл (сэтгүүл, ном, телевиз, кино, дуу хөгжим, интернэт гэх мэт мэдээллийн хэрэгслийн хэрэглээ, ашиглалтыг хязгаарлах талаар бодож үз).

  • Эдгээр нөхцөл байдлын цаадах мэдрэмжийг олж мэд (уйтгартай, ганцаардсан, ууртай, стресстэй, ядарсан гэх мэт).

Хувь хүнийг уг асуудлын талаар өөрийн эхнэр/нөхөр эсвэл эцэг эхтэй ярилцахыг урь.

  • Порнографын хэрэглээнээс болж хууртаж мэхлэгдсэн мэт мэдрэмжтэй болсон хүмүүсийн итгэлийг дахин олж авах төлөвлөгөө гаргахад тухайн хүнийг дэмж.

Тухайн хүнийг итгэл хүлээлгэсэн хүнтэйгээ тогтмол уулзаж, гарч буй ахиц дэвшлийн талаар ярилцахыг урь.

Порнографыг даван туулах тухайд адил үнэт зүйлс бүхий дэмжлэг үзүүлэх бүлэг эсвэл хөтөлбөрүүдтэй тухайн хүнийг холбож өгөх талаар бодож үз.

  • Боломжтой бол уг гишүүнийг орон нутгийн донтолтоос ангижрахад дэмжлэг үзүүлэх бүлэгт хамрагдахыг урь (“ChurchofJesusChrist.org-ийн Донтолтоос ангижрах” хэсэг).

  • Хэрэв орон нутгийн дэмжлэг үзүүлэгч хөтөлбөр байхгүй бол олон нийтэд тулгуурласан эсвэл онлайн дэмжлэг үзүүлэх бүлэг эсвэл хөтөлбөр гэх мэт өөр ямар сонголтууд байж болох талаар бодож үз.

Гэр бүлийг дэмж

Порнографын хэрэглээ нь эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүнд нөлөөлдөг. Та хэрэглэгчийн эхнэр, нөхөр эсвэл гэр бүлийн бусад гишүүнийг дэмжихээр эрэлхийлэхдээ тэдний айдас, санаа зовнилыг сонсоорой. Аврагчийн адил хайрлаж, өрөвдөх сэтгэлээ илэрхийлэхээ мартуузай. Түүнчлэн зовж шаналж байгаа эхнэр, нөхөрт хангалттай дэмжлэг үзүүлэхэд анхаар. Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл Порнограф хэрэглэгчийн хань ижилд дэмжлэг үзүүлэх гэдгийг үзнэ үү.

Энэ нөхцөл байдал түүнд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж, эдгээр асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай үед тусламж эрэлхийлэхэд эхнэр, нөхөр эсвэл гэр бүлийн гишүүдийг нь уриалаарай.

Хайртай хүн нь порнограф үзэхээ больсон эсэхээс үл хамааран Аврагч хэрхэн тусалж чадах талаар ойлгоход гэр бүлийн гишүүдэд тусал (Алма 7:11; Матай 11:28–30-ийг үзнэ үү).

Хэрэв боломжтой бол гэр бүлийн гишүүдийг Сүмийн эхнэр, нөхөр ба гэр бүлд дэмжлэг үзүүлэх бүлэг эсвэл ижил төстэй дэмжлэг үзүүлэх бүлэгт хамрагдахыг урь. Дэмжлэг үзүүлэх бүлгийн цагийн хуваарийг ChurchofJesusChrist.org дээрх “Донтолтоос ангижрах” хэсгээс үзнэ үү.

ChurchofJesusChrist.org сайтын “Addressing Pornography” хэсэг дэх эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүдэд зориулсан эх сурвалжуудыг судалж үзэхэд гэр бүлийн гишүүдийг уриал.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Тойргийн удирдагч эсвэл итгэмжлэгдсэн бусад хүнээс байнга дэмжихийг хүсэх талаар бодож үз. Нөхцөл байдлыг бусадтай ярилцахаас өмнө тухайн хүнээс зөвшөөрөл ав.

Гишүүнд түшиг тулгуур болохуйц итгэмжлэгдсэн хүнийг олж тогтоож, тэднийг тогтмол уулзалдахад уриал.

  • Энэ хүн нь тухайн хүний хувьд ярилцахад тухтай, порнографыг амжилттай даван туулсан эсвэл эдгээр асуудлыг сайн ойлгодог хүн байвал зохино.

  • Энэ хүн тохинуулагч ах, эгч байж болно.

Зарим тохиолдолд порнографын хэрэглээг даван туулахын тулд гаргасан хүчин чармайлт, бусдын үзүүлсэн туслалцаа дэмжлэг зэргээс үл хамааран тухайн хүн порнографыг үргэлжлүүлэн хэрэглэж магадгүй.

  • Гишүүнийг сайн мэдээний зарчмын дагуу үйлчилгээ үзүүлдэг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн рүү чиглүүлэх талаар бодож үз.

  • Гэр бүлийн үйлчилгээний алба нь (боломжтой бол) эмчилгээний хөтөлбөр эсвэл төв, олон нийтэд түшиглэсэн хөтөлбөр эсвэл дэмжлэг үзүүлэх бүлэг, засгийн газрын агентлаг зэрэг орон нутгийн эх сурвалжтай холбогдоход туслах эсвэл лавлагаа өгөх боломжтой байж магадгүй.