Бишопын зөвлөл
Асран хамгаалагчид


“Асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2018).

“Асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Асран хамгаалагчдад дэмжлэг үзүүлэх

Асран хамгаалагч гэдэг нь өөрийн хэрэгцээний зарим эсвэл бүх зүйлийг хангаж чадахгүй байгаа хүнийг тогтмол халамжилдаг хүнийг хэлдэг. Халамжлуулж байгаа хүн нь ихэвчлэн бие махбодын хөгжлийн бэрхшээл эсвэл сэтгэцийн эмгэгтэй, архаг өвчтэй эсвэл хөгшин настай гэр бүлийн гишүүн байдаг. Ийм хүмүүсийг асрахад долоо хоногт хэдэн цаг асрахаас эхлээд хоногт 24 цаг асрах хүртэлх цаг хугацааг шаардаж байж болно.

Асран хамгаалагчид ихэвчлэн ажил, сүм болон гэр бүлийн бусад үүрэг хариуцлагаа тэнцвэртэй байлгахын зэрэгцээ хайртай хүндээ тусад нь халамж тавихыг хичээдэг. Халамж тавих нь ихэнхдээ маш их үр өгөөжтэй, баялаг туршлага болдог боловч тогтмол халамж тавих шаардлага нь санаа зовох, эцэж цуцах, санхүүгийн дарамт, айдас, ядаргаа үүсгэдэг.

Асран хамгаалагчдад бусдад харагдахгүй хэрэгцээ байж болох бөгөөд тэд тусламж хүсэхээс цааргалдаг. Асран хамгаалагчид стресстэй холбоотой сэтгэлийн хямрал, сэтгэл түгшүүр, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэх, биеийн эрүүл мэндийн асуудалд орох зэрэг эрсдэл өндөр байдаг. Тэд бас найдвар, хүсэл эрмэлзлээ алдсанаас болж уй гашуу, дургүйцэл эсвэл уур хилэнг мэдэрч магадгүй юм. Тэдний өдөр тутмын амьдралын хэв маяг, хүссэн зүйлээ хийх эрх чөлөө, ирээдүйн зорилго нь бүгд өмнө нь бодож байснаас нь өөр болсон байж болно.

Ойлгохыг эрэлхийл

Та асран хамгаалагчидтай ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, өрөвдөх сэтгэлээ илэрхийлээрэй. Яагаад гэвэл, нөхцөл байдал бүр өөр бөгөөд хүн бүрийн амьдрал харилцан адилгүй тул асран хамгаалагчийн нөхцөл байдлыг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь олж мэдэхийн тулд доорхтой адил асуултуудыг эелдэг, хайраар дүүрэн байдлаар асуух талаар залбирч байгаад бодож үз.

  • Одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ, та ямар үүрэг хүлээдэг вэ?

  • Таны туулж байгаа зүйлийн хамгийн хэцүү талууд юу вэ?

  • Асран хамгаалагч байх нь танай гэр бүлд хэрхэн нөлөөлсөн бэ (эрүүл мэнд, санхүүгийн асуудал, үүрэг, хариуцлага гэх мэт)?

  • Халамжлуулагчтайгаа харилцахад тань ямар ямар бэрхшээл тулгарч байна вэ?

  • Таны нөхцөл байдал сайжрах уу, энэ хэвээр үргэлжлэх үү эсвэл цаг хугацаа өнгөрөх тусам дордох болов уу?

  • Одоогийн байдлаар та ямар төрлийн халамжийн тусламж авч байгаа вэ (гэр бүлийн бусад гишүүн, тохинуулагч ах эгч нар, орон нутгийн эх сурвалж, эрүүл мэндийн байгууллагуудаас)?

  • Та болон танай гэр бүлийн бусад гишүүн цаг зав хомс эсвэл боломжгүй байгаагийн улмаас ямар үүрэг, хариуцлагыг гүйцэтгэж чадахгүй байна вэ?

  • Өөртөө анхаарал тавихын тулд та юу хийж байна вэ (хоол хүнс, унтах, дасгал хөдөлгөөн хийх, эмнэлгийн байнгын тусламж үйлчилгээ авах)?

  • Та өөрийнхөө нөхцөл байдлын талаар надтай өөр юу хуваалцахыг хүсэж байна вэ?

Хувь хүнд тусал

Тухайн гишүүний нөхцөл байдалд нийцүүлэн тусалж байхдаа дараах зөвлөгөөнүүдийн заримыг ашиглах талаар бодож үз.

Аврагч Есүс Христийн боломж олгогч, гэтэлгэгч хүчийг ойлгоход нь асран хамгаалагчид тусал (Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 88:6; Мозая 24:13–15-ыг үзнэ үү).

Тойргийн бусад гишүүнтэй болон шүтлэг бишрэлийн үйл ажиллагаатай холбоотой байхад нь асран хамгаалагчид хэрхэн туслахаа тодорхойл.

  • Хэрэв асран хамгаалагч, халамжлуулагч хоёр нь өөрсдийгөө тойрогтоо дарамт болж байгаа мэт бодож байвал тэднийг үнэ цэнтэй, тойргийн олон гишүүн тэдэнд үйлчлэхдээ баяртай байгаа гэдгийг ойлгуулаарай.

  • Шаардлагатай бол ариун ёслолоос гэртээ хүртэхэд анхаар.

  • Сүмд явах, ариун сүмийн эсвэл бусад үйл ажиллагаанд оролцоход нь асран хамгаалагчид тусламж хэрэгтэй эсэхийг тодорхойл.

  • Түүний үлгэр жишээ, туршлага тойргийн бусад гишүүнд хэрхэн тус болж байгааг асран хамгаалагчтай хуваалцаарай.

  • Асран хамгаалагчийн ачааллыг нэмэхгүйгээр үйлчлэл хийх тохиромжтой боломж олгох тухай бодож үзээрэй.

Асран хамгаалагч, халамжлуулагч хоёрыг эргэж оч мөн оролцсон бүх хүнд хайр халамжаа илэрхийл.

  • Нөхцөл байдлыг илүү сайн ойлгохын тулд гэрт нь зочлохоор төлөвлө.

  • Урам хайрлаж, асран хамгаалагчийг ганцаараа биш гэдгээ ойлгоход нь тусал.

  • Хүссэн эсвэл сүнслэгээр өдөөгдсөн тохиолдолд санваарын адислалуудыг өгөхөд тусал.

  • Халамжийг зохицуулах төлөвлөгөөнүүд гаргах, нөхцөл байдал хүндэрвэл юу хийх, тойргийн зүгээс хэрхэн тусалж болох талаар асран хамгаалагчтай ярилц.

Асран хамгаалагчийн зүгээс тусламж хүсэж болох боломжтой, одоо байгаа эх сурвалжуудыг тодорхойл.

  • Шаардлагатай тусламж үзүүлж чадах гэр бүлийн гишүүд, найз нөхдийн авьяас, ур чадвар, эх сурвалжуудын жагсаалтыг гаргаж, эдгээр эх сурвалжийг ашиглах төлөвлөгөө гарга.

  • Өөртөө цаг зав гаргах боломжийг тодорхойлоход нь асран хамгаалагчид туслаарай. Сүнслэг болон хувийн хэрэгцээ, амралт чөлөөт цагийг анхаарч үзээрэй.

Шаардлагатай нэмэлт эх сурвалжуудыг тодорхойл, жишээ нь:

  • Санхүүгийн тусламж

  • Даатгал

  • Гэр бүлийн бусад гишүүний туслалцаа, дэмжлэг

  • Бие махбодын болон оюун санааны сайн сайхны төлөөх дэмжлэг

  • Ажил эрхлэлт

  • Унаа тээвэр

  • Хүртээмжтэй байдал, туслах технологи эсвэл тоног төхөөрөмж

Гэр бүлийг дэмж

Хэрэв гэрт нь гэр бүлийн бусад гишүүн байгаа бол тэд асран хамгаалагчид туслах хэрэгтэй болж магадгүй. Энэ нь асран хамгаалагч, халамжлуулагч, түүнчлэн хань, үр хүүхэд, гэр бүлийн бусад гишүүнд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойл мөн тэдгээр асуудалд анхаар.

Гэр орон дахь өөрчлөгдөж буй үүрэг, хэрэгцээг ойлгоход хүүхдүүдэд тусал.

  • Хэрэв эцэг эх эсвэл ах, эгч нь асран хамгаалагч эсвэл халамжлуулагч бол хүүхэд, өсвөр насныхан илүү их үүрэг хариуцлага хүлээнэ (жишээ нь: гэр орон, хашаа хороогоо янзлах, тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг хариуцах).

  • Асран хамгаалагчид юм уу асаргаанд буй эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хүссэнээрээ цагийг өнгөрөөх боломжгүй байж болно.

Хүүхдүүдийг тойргийн бусад гэр бүлтэй хамт үйл ажиллагаанд хамруулаарай.

  • Тойргийнхоо гэр бүлүүдийг гэртээ зочлоход урьж, гэр бүлийн үдэш зэрэг гэр бүлийн үйл ажиллагаанд оролцоход уриалан дэмж.

Халамжлуулж байгаа хүн өөрийгөө асран хамгаалагчид дарамт болж байна гэж бодож магадгүй бөгөөд түүний чадвар үнэхээр хязгаарлагдмал байвал учрыг нь олоход бэрхшээлтэй байж болох юм. Тухайн хүнд зорилгоо олох, боломжоо бүрэн дайчлахад туслах арга замуудыг бодож үз.

  • Нөхцөл байдлаас шалтгаалан, ач холбогдол бүхий үйл ажиллагаануудыг (үйлчлэл, амралт, гэр бүлийн цугларалт, хувийн төсөл, хобби гэх мэт) тодорхойлоход түүнд тусал.

  • FamilySearch индексжүүлэлт эсвэл бусад онлайн боломжийг ашиглан гэрээсээ Сүмд үйлчлэх боломжийг нь бодолцож үзээрэй.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Тойргийн удирдагчид эсвэл итгэлтэй бусад хүн тогтмол дэмжлэг, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх боломжтой. Нөхцөл байдлыг бусадтай ярилцахаас өмнө асран хамгаалагчаас зөвшөөрөл ав.

Удирдагчид тойргоос асран хамгаалагчийг болон халамжлуулж буй хүнийг хэрхэн дэмжиж чадахыг тодорхойлохын тулд нөхцөл байдлын талаар тойргийн зөвлөлийн хурлаар хэлэлцэж болно.

  • Бишоп Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчийн зөвлөлийг асран хамгаалагчтай хамтран нөхцөл байдлыг цаашид үнэлэх, хэрэгцээг хэрхэн анхаарах зэргийг тодорхойлоход урьж болно.

  • Ахлагчдын чуулгын болон Халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгчид тууштай тохинуулагч ах, эгч нарыг уг гэр бүлд хуваарилах талаар бодож үзэх хэрэгтэй.

  • Өөрт нь байнгын дэмжлэг болж чадах найдвартай хүнийг олж мэдэхэд нь асран хамгаалагчид тусал. Энэ нь тохинуулагч ах, эгч эсвэл тойргийн өөр гишүүн байж болно.

Тойргийн гишүүдийн тусламж үзүүлэх арга замыг хайж ол.

  • Ганцаардлыг нь багасгахын тулд гэрт нь зочлон очиж болох гишүүдийг тодорхойл.

  • Гэр бүлд туслах үйлчлэлийн төслүүдэд өсвөр үеийнхэн эсвэл бусад хүнийг оролцуул.

  • Асран хамгаалагчийг дэмжлэг үзүүлэх бүлэгт хамрагдах, сүнслэг болон хувийн хэрэгцээгээ хангах, бусад түр зуурын амралт авах үед халамжлуулагчид нь туслах замаар тойргийн гишүүд тогтмол амралт өгөх арга хэлбэрийг олж тогтоо.

Орон нутгийн байгууллага, эх сурвалжуудыг тодорхойлж, тэдгээрийг ашиглахад асран хамгаалагчийг уриалан дэмж. Дараах эх сурвалжууд байж болно. Үүнд:

  • Мэргэжлийн зөвлөхүүд

  • Асран хамгаалагчдад зориулсан орон нутгийн болон үндэсний дэмжих бүлгүүд (биечлэн эсвэл онлайнаар)

  • Төрийн болон хувийн байгууллагууд

  • Төрийн бус байгууллагууд (ТББ)