Бишопын зөвлөл
Гишүүдтэй хүйсийн талаар ярих нь


“Гишүүдтэй хүйсийн талаар ярих нь”, Зөвлөгөө өгөх эх сурвалж (2023)

“Хүйсийн талаар ярих нь”, Зөвлөгөө өгөх эх сурвалж

Гишүүдтэй хүйсийн талаар ярих нь

Гишүүд заримдаа хүйсийн тухайд өөрт төрж буй мэдрэмжийн талаар асуултуудтай байдаг. Тэдэнд ийм асуултуудыг тээж яваа гэр бүлийн гишүүд, найз нөхөд байж магадгүй. Эсвэл тэд хүйсийн талаар дэлхий ертөнцөөс сонссон зүйлсдээ эргэлзэн тээнэгэлзэж байж болох юм.

Хэрэв гишүүд танд хандан хүйсийн талаар зөвлөлдөхийг хүсвэл залбирч Ариун Сүнсний удирдамжийг эрэлхийл. Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөний мөнхийн үнэний дагуу асуултуудаа эргэцүүлэхэд тэдэнд тусал. Хайр, өрөвч сэтгэл гарган сонсох нь тэднийг Аврагчид найдаж, ойлголт болон сүнслэг хүч чадлыг олоход тусална.

Тэднийг ойлгож, тэдэнд туслахыг эрэлхийлэхдээ гэр бүлийг нь дэмжих мөн боломжит эх сурвалжуудыг ашиглах хэрэгтэйг анхаараарай. Gospel Library дахь Амьдралд зориулсан тусламж хэсгээс “Transgender: Supporting Others” (Трансжендер: Бусдыг дэмжих нь)-ийг үзнэ үү.

Жич: Хүйс нь бэлгийн чиг хандлагатай адилгүй. Өөрсдийгөө трансжендер гэж үздэг зарим хүн ижил хүйстэндээ татагддаггүй. Үүнтэй адилаар ижил хүйстэндээ татагддаг хүмүүс тэр бүр өөрсдийн хүйсэнд эргэлздэггүй. Бэлгийн чиг хандлагын тухай ярилцах тусламжийг Зөвлөгөө өгөх эх сурвалж “Same-Sex Attraction” (Ижил хүйстэндээ татагдах нь)-аас үзнэ үү.

Мөнхийн үнэн

Бид тэнгэрлэг эцэг эхийн хайртай хөвгүүд, охид билээ. Энэ бол бидний хамгийн чухал мөн чанар.

Бид төрөхөөсөө өмнө Бурхантай хамт амьдарч байсан. Түүний хүүхдүүдийн хувьд, бидэнд Түүнтэй адилхан болох чадавх бий.

Бурханы хүүхэд гэгдэх мөн чанар маань бидний хувьд эн тэргүүний зүйл юм.

Gospel Library дахь Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой сонголтууд” (Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2022 оны 5-р сарын 15); ялангуяа “Нэгдүгээрт: Өөрсдийгөө хэн болох талаар үнэнийг мэдэж ав” гэж гарчигласан хэсгийг үзнэ үү.

Эрэгтэй, эмэгтэй бие махбод маань Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн.

Тэнгэрлэг Эцэгийн охид, хөвгүүдийн хоорондох ялгаанууд Түүний мөнхийн төлөвлөгөөнд чухал ач холбогдолтой. Тэдгээр ялгаа нь бидэнд амьдрал бүтээж, аз жаргалтай мөнхийн гэр бүлүүдийг бий болгох боломжийг олгодог. Энэ шалтгааны улмаас ариун явдлын хуулийг дагаж өөрсдийн бие махбодоо мөн үр удмаа үлдээх хүчийг нандин бэлэг хэмээн үзэхийг Тэр зарлигласан.

Эхлэл 1:27; 1 Коринт 11:11-ийг мөн үзнэ үү.

Бидний хүн нэг бүр бие махбод болон сүнстэй, мөн бидний бие махбод бидний сүнстэй адил төрхтэй.

“Хүйс бол хувь хүний мөнх бус байдлын өмнөх, мөнх бус болон мөнхийн амьдралын тодорхойлолт ба зорилгын салшгүй шинж чанар юм” (“Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”).

Гэр бүлийн тунхагт орсон хүйс гэдэг үг нь “төрөлхийн биологийн хүйс” гэсэн утгатай.

Зарим хүн өөрсдийн хүйсийн шинж чанар нь (дотроо юу гэж мэдэрдэг нь) биологийн хүйстэй нь таардаггүй гэж боддог. Ийм мэдрэмж нь гэм нүгэл биш ч зарим хүнд үүнийг мэдрэх нь хэцүү байдаг.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүкс хүйсийн талаар “энэ төөрөгдөл нь хүний амьдралын аль ч цаг үед, ямар ч хэлбэрээр илэрч болно” хэмээн заасан. Үүнтэй тулгарсан хүмүүс “цаадхыг харж, мөнхийн зарчмуудад найдаж, тэдгээрийн дагуу үйлдэхийг эрэлхийлэх” ёстой” (“Үнэний төлөө зогс” [Залуучуудад зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2023 оны 5-р сарын 21], newsroom.ChurchofJesusChrist.org). Хүйсийн талаарх эргэлзээг ашиглан тэднийг Аврагчаас холдуулах, эсвээс мөнхийн аз жаргалын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд итгэх итгэлийг нь нураахыг тэд Сатанд зөвшөөрөх ёсгүй.

Зарим асуулт энэ амьдралд бүрэн хариулагдаж чадахгүй байсан ч Есүс Христ, Түүний сайн мэдээ, Түүний Сүмээс сэтгэлийн амар амгалан, сүнслэг хүч чадал, мөнхийн ойлголтыг олох боломжтой.

“Хэрэв та эсвэл гэр бүлийн гишүүн эсвэл найз чинь мөн чанарынхаа талаар эргэлзэж байвал сайн мэдээний хууль, бидний Аврагч, Гэтэлгэгчийн хайр, нигүүлслийг хоёуланг нь хэрэгжүүлэхэд би та нарыг уриалж байна. Харин та нар Түүний замаар тэвчээртэй явах юм бол Тэр танд тусалж, таныг хөтөлнө. … Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийнхээ сонгомол адислалуудаас хүртэхийн тулд дагах ёстой замыг бидэнд заадаг. … Тэр биднийг хайрладаг бөгөөд удирдан залсан газраар нь явахыг эрэлхийлэх юм бол Тэр биднийг удирдан чиглүүлэх болно” (Даллин Х.Өүкс, “Үнэний төлөө зогс”).

Мөн Ифер 3:16; Сургаал ба Гэрээ 77:2; 88:15-ыг мөн үзнэ үү.

Бурхан Өөрийн бүх хүүхдүүддээ хайртай ба хүн бүр хайрлагдаж хүндлэгдэх эрхтэй.

Хүйсийн тухай мэдрэмждээ эргэлзсэн хүмүүс ихэвчлэн Их Эзэнтэй харилцах харилцаандаа эсвэл Түүний сүм дэх өөрийн байр сууринд эргэлздэг. Хэдийгээр бид “бүх зүйлүүдийн утгыг мэдэх нь үгүй” боловч бид Бурханд найдаж мөн “тэрбээр хүүхдүүддээ хайртайг нь мэднэ” (1 Нифай 11:17).

Сүм бүгдэд нээлттэй. Хүйсийн талаарх бидний мэдрэмж ямар байхаас үл хамаарч бид бүгдэд Христийн хайрын үлгэр жишээ болсон сайн найзууд хэрэгтэй. Бурханы бүх хүүхдийг хайрлах тухайд бид дараах зүйлсийг сурсан билээ. Үүнд:

“Хүйсийн шинж чанарын асуудалтай тулгарсан хүмүүсийг хайрлаж, хүндэлдэггүй хэн ч байсан эхний болон хоёр дахь агуу зарлигийг дэмжихгүй байна гэсэн үг. Тиймээс Бурханы хуулийн сэдвээр ярихад, Тэрээр эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг бүтээсэн гэдгээ ахин дахин илчилсэн гэдгийг санавал зохино. Хөршөө хайрлах үүргийн тухай дурдахад, бүх зарлигийг дагадаггүй хүмүүсийг ч гэсэн хайрлахыг Бурхан бидэнд зарлигласан гэдгийг санах хэрэгтэй. …

“… Тэнгэр дэх Эцэгийн бүтээлүүд бидний хувьд ямар төрөл байхаас үл хамааран Тэр биднийг бүгдийг нь хайрладаг бөгөөд Түүний аз жаргалын төгс төлөвлөгөөнд бүгдэд нь багтах орон зай бий гэдгийг санагтун. Бид Түүний хүүхдүүдийг хайрлах зэрэг зарлигуудыг нь сахиснаар Түүнд хайраа харуулдаг” (Даллин Х.Өүкс, “Үнэний төлөө зогс”).