Бишопын зөвлөл
Ажил эрхлэлт


“Ажил эрхлэлт,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Ажил эрхлэлт,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Ажил эрхлэлт

Сайн ажил эрхлэх нь хувь хүмүүс өөрсдийнхөө болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангалттай хангах, ур чадвараа ашиглах, сэтгэл ханамж олж авах нэг арга зам юм. Ажил хайж байгаа хүмүүсийн зарим нь ажилгүй хүмүүс байдаг бол зарим нь одоо ажил хийж байгаа боловч ажлын нөхцөл байдлаа өөрчлөх эсвэл орлогоо сайжруулах гэх мэт илүү том боломжийг хайж байдаг.

Хүмүүсийн ажил хайж байгаа шалтгаанаас үл хамааран ажил хайх нь төвөгтэй бөгөөд ажил хайж байгаа хүн бүр өөр өөр хэрэгцээтэй байх болно. Эдгээр хэрэгцээ санхүүгийн болон сэтгэл санаа, бие махбодын эсвэл сүнслэг хэрэгцээ байж болно. Та ажил хайж байгаа хүмүүстэй ажиллахдаа, эхлээд эдгээр хэрэгцээг ойлгуулахыг эрэлхийлж, дараа нь тэднийг амжилтад хүрэхэд туслах эх сурвалж руу чиглүүл. Хамт ажиллаж буй хүмүүстээ хайрлаж явдгаа илэрхийлж, ажил хайх явцад эсвэл боловсрол олж авах, хувиараа ажил эрхлэх нэмэлт боломжийг хайж олоход нь найдвар байгааг мэдрэхэд тусал.

Ойлгохыг эрэлхийл

Хэн нэгнийг ажил хайж байх үед эхлээд түүнд өөрийг нь ойлгож байгаа гэдгийг мэдрэхэд нь туслахад анхаар. Үүнийг тухайн хүнд ая тухтай байх үүднээс, бусадтай хуваалцах хүсэл эрмэлзлийг нь нэмэгдүүлэх зорилгоор ганцаарчлан ярилцах үед хамгийн сайн хийдэг. Нөхцөл байдлыг илүү сайн ойлгож, хэрэгцээг нь олж мэдэхэд туслах дараах асуултуудыг эелдэг, мэдрэмжтэй байдлаар тавиарай. Үүнд:

  • Ажил хайх хэцүү байдгийг би мэднэ. Таны хувьд хэр байна даа? Би хэрхэн тусалж болох вэ?

  • Та одоо ямар ажил эрхэлж байна вэ?

  • Та ямархуу боломж олж авахаар төлөвлөж байгаа вэ?

  • Та ямар албан тушаал эсвэл ажил сонирхож байгаа вэ?

Хувь хүнд тусал

Тухайн хүний ​​ажил эрхлэх хэрэгцээг ойлгохын тулд дараах зөвлөмжийн заримыг ашиглах талаар бодож үзээрэй. Түүнтэй ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, энэрэх сэтгэлээ илэрхийлэхэд анхаар. Ажил хайж буй хүмүүст хэрхэн хамгийн сайн туслах талаар заавар авахын тулд доорх агуулгаас гадна “Ажил хайж байгаа хүнд хэрхэн туслах вэ” нийтлэлийг уншина уу.

Тухайн хүний ​​ажил хайж буй мэдээллийг хуваалцахаасаа өмнө асуу.

  • Ажил хайж буй хүнд хамгийн их тус болж чадах гадас, тойргийн гишүүд зэрэг бусад хүний талаар залбирч байгаад бод.

  • Тухайн хүнээс “Би энэ мэдээллийг танил тал сайтай болон ажлын байр олж өгч чадахуйц хүмүүстэй хуваалцаж болох уу?” гэж асууж үзээрэй.

Зөвхөн тухайн хүний ​​ашиг сонирхолд нийцсэн мэдээллийг хуваалц.

  • Ихэнх хүн зүгээр нэг ажил биш, өөрт тохирсон ажлыг л зорьж хайж байдаг тул зөвхөн тухайн хүний ​​ажил эрхлэх зорилгод хамааралтай ажлын удирдамж, холбоо барих хаягийг хуваалц. Таныг сайхан санаагаар ямар ч хамаагүй ажлын зар илгээхэд тухайн хүнд буруу ойлголт төрж болзошгүй юм.

  • Тойрог дотроо янз бүрийн салбар, албан тушаалд ажил хайж буй хүмүүст ашигтай холбоо тогтоож өгөх харилцагчдын жагсаалт гаргах тухай бодож үз.

Мэргэжилтнүүдийн эх сурвалжтай холбогд. Ажил хайж байгаа хүн таныг ажил хэрхэн хийхийг зааж өгөх юм уу тэдний ажил мэргэжлийн чиглүүлэгч болохыг танаас хүсэхгүй. Ихэнх тохиолдолд та тухайн хүнийг ажил хайх мэргэжилтнүүдийн эх сурвалжтай холбож өгвөл хамгийн их тус болно.

  • Олон нийтийн эх сурвалж, онлайн видео бичлэг, вэб хайлт, ном, одоогийн нийтлэлүүд нь бүгд ажил хайх мэдээллийн гайхалтай эх сурвалжууд юм.

  • Хэрэв тухайн хүн ажил мэргэжлийн чиглүүлэгчтэй болохыг хүсэж байвал түүнд ажил хайх мэргэжилтэнтэй холбогдоход нь тусал. Үнэгүй ажиллах, ажил мэргэжлийн чиглүүлэгчийг интернэтээр хайх нь туслах хүсэлтэй мэргэжилтнүүдийг олоход тань тусална.

  • Зарим газарт та Сүмийн ажил эрхлэлтийн албаны тусламж, эх сурвалжтай холбогдох боломжтой байж ч магадгүй.

  • Хэрэв энэ хүн ажил хайх хүнд хэцүү байдлаас болж сэтгэцийн болон сэтгэл санааны хямралд орсон бол түүнийг сэтгэл засалч эмчтэй юм уу сэтгэцийн эрүүл мэндийн бусад эх сурвалжтай холбож өгөх талаар бодож үзээрэй.

Гэр бүлийг дэмж

Ажил эрхлэлтийн асуудал нь хувь хүнд төдийгүй гэр бүлийн гишүүдэд ч нөлөөлж болзошгүй. Гэр бүлийн гишүүдэд сэтгэл санаа, сүнслэг байдлын болон санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байж магадгүй. Гэр бүл бүрийн ялгаатай нөхцөл байдалд мэдрэмжтэй хандах хэрэгтэйг сана. Ажил эрхлэлтийн асуудалтай холбоотой сэтгэцийн эрүүл мэндийн хэрэгцээ, шаардлагыг мэдэж авч, тусламж хэрэгтэй хүмүүсийг мэргэжлийн эх сурвалжуудтай холбож өг.

Санхүүгийн байдлынх нь талаар тухайн гэр бүлтэй зөвлөлдөж, нөөц боломжийнх нь талаар ярилц. Олон гишүүн шаардлагатай үед ч санхүүгийн тусламж хүсэхдээ эргэлзэж тээнэгэлзэн, асуухаас ч татгалзах магадлалтай гэдгийг сана. Үүнд мэдрэмжтэй хандаж, асуухаас нь өмнө тусламж санал болгох тухай бодож үзээрэй. Санхүү эх сурвалжаас тусламж авахыг санал болгох талаар бодож үз.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Сүмийн гишүүд ажил хайж байгаа хүмүүсийг дэмжиж, тусалж болно. Тухайн хүний ажил хайж буй мэдээллийг хуваалцахаасаа өмнө өөрөөс нь зөвшөөрөл хүс. Ажил хайж байгаа хүнд хэрхэн тохинуулахаа мэдэхэд нь гишүүдэд туслахын тулд “Ажил хайж байгаа хүнд хэрхэн туслах вэ” гэсэн нийтлэлийг санал болгоно уу.

Ажил эрхлэхэд саад бэрхшээлтэй (бүрэн бэлтгэгдээгүй, нийгмийн болон сэтгэл хөдлөлийн асуудалтай, хэл ярианы бэрхшээлтэй гэх мэт) хүмүүст туслахад танд нэмэлт эх сурвалж шаардлагатай байж магадгүй.

Дотоодын ажил мэргэжлийн үйлчилгээний байгууллага, эх сурвалжуудыг тодорхойлж, ашиглахад уриал. Дараах эх сурвалжууд байж болно. Үүнд:

  • Засгийн газрын болон хувийн агентлагууд

  • Боловсролын байгууллагын ажил мэргэжлийн үйлчилгээний төвүүд

  • ТББ (төрийн бус байгууллагууд)

  • Дагалдан сурах, дадлага хийх, ажлын байран дахь сургалтын хөтөлбөрүүд