Бишопын зөвлөл
Хэзээ мэргэжлийн тусламж авах вэ?


“Хэзээ мэргэжлийн тусламж авах вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Хэзээ мэргэжлийн тусламж авах вэ?” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Хэзээ мэргэжлийн тусламж авах вэ?

Сүмийн удирдагчдыг сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд гэж үзэж эсвэл дэмжиж болохгүй. Гэсэн хэдий ч иймэрхүү нөхцөл байдлын улмаас шаналж буй хүмүүс ихэвчлэн юу хийх ёстой талаараа тусламж авахын тулд удирдагчдадаа ханддаг.

Хэдийгээр бараг хүн болгон амьдралынхаа янз бүрийн үеүдэд сэтгэцийн эрүүл мэндийн сорилтуудтай тодорхой хэмжээгээр тулгарч байдаг ч тухайн сорилтууд маш хэцүү байх нь бий. Хөнгөн хэлбэрийн сорилтуудтай нүүр тулгарсан хүмүүс ихэнх тохиолдолд Номлогчийн амьдралд дасан зохицох нь (товхимол, 2013) хэвлэмэл материалд тусгасан санал зөвлөмжүүдийг уншсанаар асуудлаа шийдвэрлэх боломжтой. Энэхүү эх сурвалжийг номлогчдод зориулан бэлтгэсэн хэдий ч сорилтуудыг даван туулах арга замуудыг таньж мэдэхэд бүх хүнд тусалдаг. Түүнчлэн өөрөөс нь төдийгүй гэр бүлийнх нь гишүүдээс болон бусдаас тухайн хүний нөхцөл байдлыг ойлгосон дэмжлэг авах нь тухайн хүнд сэтгэцийн эрүүл мэндийн сорилт бэрхшээлийг даван туулахад тусална.

Гэсэн хэдий ч тухайн хүнд эдгээр арга тус болохгүй бол сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэнд хандаж, зөв оношлуулах хэрэгтэй.

Сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнээр үнэлгээ хийлгэх шаардлагатай бөгөөд Сүмийн удирдагчдын хариуцсан тойрог, салбарын гишүүдэд тулгарч болзошгүй сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг энд дурдав. Үүнд:

  • Амиа хорлох тухай бодох эсвэл оролдлого гаргах

  • Удаан хугацаанд сэтгэл гутарч явах

  • Өдөр тутмын энгийн үүрэг даалгавруудаа гүйцэтгэж чадахгүй байх

  • Цөхрөх, итгэл найдвараа алдах, өөрийгөө үзэн ядах

  • Өөрийгөө зүсэх, эрэмдэглэх, өөртөө хор хөнөөл учруулах

  • Жин нэмэхээс хэт айх; эрчимтэй эсвэл огцом жин хасах, нэмэх

  • Өөрийн эрхгүй дахин давтсан, хянах боломжгүй зан авир гаргах, тийм үг хэл хэрэглэх

  • Нэг бодол эсвэл өдөөлтийг хэтрүүлэн бодох эсвэл дахин дахин давтах

  • Ялихгүй асуудлаар дахин давтан наманчлах

  • Айдас, сандрал эсвэл сэтгэл зовнисон бодлоо хянах чадваргүй байх

  • Тусгаарлах

  • Ааш, зан авир нь огцом хувирах

  • Солиорох, хий юм харах, хий дуу чимээ сонсох

  • Эрсдэлтэй бэлгийн харьцаанд орох

  • Түрэмгий зан авир гаргах (уурлах, догшрох, сөргөлдөх)

Эдгээр болон санаа зовоож буй бусад асуудлаар мэргэжлийн зөвлөгөө авах тухай бодож үзээрэй (“Мэргэжлийн зөвлөгөө ба эмчилгээ,” Ерөнхий гарын авлага, 31.2.6-р хэсгийг харна уу). Сүмийн удирдагчид тухайн хүнд хэрхэн туслах болон эх сурвалж олох талаар мэдэж авахын тулд Гэр бүлийн үйлчилгээний (боломжтой бол) эсвэл бүсийн албатай зөвлөлдөх боломжтой.