Бишопын зөвлөл
Гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирсэн номлогч


“Гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирсэн номлогч,” Зөвлөгөө өгөх эх сурвалж (2020).

“Гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирсэн номлогч,” Зөвлөгөө өгөх эх сурвалж.

Гэртээ хугацаанаасаа өмнө эргэж ирсэн номлогч

Төлөвлөж байснаас эрт буцаж ирсэн эсвэл номлолоо эрт дуусгасан номлогчдод онцгой бэрхшээлүүд тулгарч магадгүй юм. Тэд номлолдоо бэлдэж, үйлчлэхээр явахдаа Их Эзэнд үйлчлэх итгэл найдвар, хүслээр дүүрэн байдаг. Тэд ямар нэгэн шалтгаанаар (бие бялдар, сэтгэцийн эрүүл мэндийн асуудал, зөрчил зэргийн улмаас) төлөвлөсөн хугацаанаасаа өмнө гэртээ ирэхдээ урам хугарч, санaa зовон, итгэл алдарч болзошгүй. Тэд өөрсдийг нь номлолд үйлчлэхэд хүргэсэн сүнслэг удирдамжид эргэлзэж магадгүй. Ийнхүү тэдгээр эргэж ирсэн номлогч бусад хүн эсвэл Их Эзэн тэднийг юу гэж харах бол гэдэгт санаа зовж болох юм. Тэд өөрсдийгөө бүтэлгүй эсвэл үнэ цэнгүй гэж бодон, сөргөөр шүүж байж ч магадгүй. Мөн бүтэлгүйтсэн мэдрэмж төрж, сэтгэл гутралын янз бүрийн үе шатыг дамжиж байж болох юм.

Гэртээ хугацаанаасаа эрт буцаж ирсэн номлогчдод энэ хэцүү цаг үеийг даван туулахад гэр бүл, найз нөхөд, удирдагч, тойргийн гишүүдийн нэгдмэл хүчин чармайлт тус болно. Эргэж ирсэн номлогч бүрд болон түүний гэр бүлд тайтгаруулах, зоригжуулах, халамжлах хайраар туслаарай. Номлогчоос өөрийгөө болон түүний гэр бүл, тойргийн гишүүдээс түүнийг “төлөвлөсөн хугацаанаасаа өмнө гэртээ ирсэн” эсвэл “эрт чөлөөлөгдсөн номлогч” гэж биш, харин “эргэж ирсэн номлогч” гэж дуудахыг хүсээрэй. Ийм үг хэллэг сонгох нь эрт чөлөөлөгдсөнтэй холбоотой сөрөг хандлагыг багасгахад тусална.

Ойлгохыг эрэлхийл

Хувь хүмүүстэй ярилцахдаа Аврагчийн адил хайрлах, өрөвдөх сэтгэлээ илэрхийлээрэй. Нөхцөл байдал бүр харилцан адилгүй байдаг тул номлогчийн санаа зовж буй асуудлыг илүү сайн ойлгож, түүнд хэрэгтэй зүйлийг олж харахад өөрт туслах асуултуудыг тавих талаар залбиран бодож үзээрэй.

  • Та номлолынхоо талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?

  • Та номлолд үйлчилснээр ямар ямар адислал авсан бэ?

  • Яг одоо та юунд хамгийн их эргэлзэж, санаа зовж байна вэ?

  • Та номлолоос чөлөөлөгдсөн талаараа ямар сэтгэгдэлтэй байна вэ?

  • Таны гэр бүлийнхэн номлолоос чөлөөлөгдсөнд тань хэрхэн хандаж байгаа вэ?

  • Та гэртээ буцахад хүргэсэн асуудлаа шийдвэрлэхийн тулд ямар төлөвлөгөө гаргасан бэ?

  • Танд дэмжлэг үзүүлэх ямар ямар эх үүсвэр байгаа вэ?

  • Таны номлолдоо олж авсан сургамжууд энэ шилжилтийн үеэр таныг хэрхэн хүчирхэгжүүлж чадах вэ?

  • Яг одоо та Их Эзэнтэй ямар харилцаатай байна вэ?

Хувь хүнд тусал

Эргэж ирсэн номлогчийн асуудалд туслахдаа дараах зарим зөвлөгөөг анхаарч үзээрэй. Үүнд:

Хэрэв тус болно гэвэл, эргэж ирсэн номлогчид итгэл найдвар төрүүлж, эдгэрэхэд нь туслахын тулд түүнтэй тогтмол уулз.

  • Ямар ч бэрхшээл тулгарахад туслах Аврагчийн хүчийг ойлгоход нь номлогчид тусал (Алма 7:11–12; Сургаал ба Гэрээ 88:6; Мозая 24:13–15-ыг үзнэ үү).

  • Уг номлогчид Бурханы хүүхдийн хувьд өөрийн мөн чанар, үнэ цэнийг ойлгож, давуу тал, авьяас чадвар, боломж, сүнслэг бэлгээ танихад нь тусал (Сургаал ба Гэрээ 18:10–11; Үйлс 17:28–29).

  • Номлогчийг санваарын адислалыг эрэлхийлэхэд урамшуулан дэмж.

  • Хэрэв номлогч бие махбод эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн байдлаас болж гэртээ эргэн ирсэн бол түүнд цаг алдалгүй, зохих эмчилгээг хийлгэхэд тусал.

Их Эзэн түүний номлогчийн хувиар үйлчилсэн үйлчлэлийг, тэр тусмаа үйлчлэх дуудлага хүлээн авсныг нь үнэлдэг, хүлээн зөвшөөрдөг гэдгийг ойлгоход уг номлогчид тусал (Сургаал ба Гэрээ 124:49).

  • Тухайн хүнд номлогчоор үйлчилсэнд нь таларх.

  • Хэрэв номлогч бие махбод эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар эргэн ирсэн бол бишоп түүнийг гадасны дээд зөвлөлд тайлагнахыг зөвшөөрч болно.

  • Түүнийг тойрогтоо буцаж ирэхэд таатай мэдрэмж төрүүлэх эсвэл номлолын талаар туршлагаа хуваалцахад туслах арга замыг ол. Хэрэв тохиромжтой бол номлогчоос залбирах, гэрчлэлээ хуваалцах эсвэл сүм дээр үг хэлэх хүсэлтэй байгаа эсэхийг асуу.

  • Номлогчийн нэрийн тэмдэг зүүхээ больсон ч гэсэн түүнд Их Эзэний ажилд үйлчлэх олон боломж байгааг ойлгоход тусал.

Эргэж ирсэн номлогчийн нэн түрүүнд хийх ажил бол эдгэрэх явдал бөгөөд номлолд үйлчлэхээр буцаж гарахтай холбоотой шийдвэрүүдийг дараа нь гаргах хэрэгтэй гэдгийг онцол.

  • Номлогчийг номлолын талбарт буцаж гарахыг бүү шах. Түүнийг гэртээ эргэн ирэхэд хүргэсэн асуудлуудаа бүрэн даван туулсны дараа л уг шийдвэрийг гаргаж болно.

  • Номлолд үйлчлэхээр буцаж гарахыг хүссэн эсвэл үйлчлэх бусад боломжийг эрэлхийлж буй хүмүүс “Номлолдоо буцаж гарах нь” нийтлэлийг үзнэ үү.

Номлогчийг шилжилтийн энэ үеийг даван туулж байхдаа номлолын ерөнхийлөгч, түүний эхнэр хоёртой байнга холбоотой байх тухай хэлж урамшуул.

Хэрэв номлогч бүрэн цагийн үйлчлэлд буцаж гарахгүй бол түүнд тусалж, халамжлахыг хичээгээрэй. Эргэж ирсэн номлогчийг ирээдүйнхээ төлөө зорилго тавьж эхэлмэгц дараах зүйлсийн талаар зөвлөөрэй. Үүнд:

  • Боловсрол

  • Ажил эрхлэлт

  • Харилцаа (болзоо)

  • Үйлчлэх боломж

  • Институтэд хамрагдах

  • Ариун сүмд орох ба зохистой байдал

Бишопын хувьд: Хэрэв номлогч эргэж ирснийхээ дараа удалгүй нүүж эсвэл тойргоо өөрчилбөл номлогчийн шинэ бишоптой холбогдож, эргэж ирсэн номлогчийн нөхцөл байдлыг мэдэгдэхэд анхаараарай.

  • Хэрэв номлогч зохистой байдалтай холбоотой асуудлаар гэртээ эргэж ирсэн бол наманчлах үйл явцад нь түүнд туслаарай (Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь [2020], 32-р бүлгийг үзнэ үү).

  • Хэрэв номлогчийг бие махбод эсвэл сэтгэцийн эрүүл мэндийн шалтгаанаар чөлөөлсөн бол бишоп түүнд гадасны дээд зөвлөлд тайлагнахыг зөвшөөрөх талаар бодож үзэж болно.

Гэр бүлийг дэмж

Эргэж ирсэн номлогчийн хугацаанаасаа өмнө гэртээ ирсэн нь түүний гэр бүлийн гишүүдийн амьдралд бас нөлөөлдөг. Гишүүний гэр бүлд үзүүлэх нөлөөллийг тодорхойлж, эдгээр асуудалд анхаарахыг эрэлхийл.

Номлогч хугацаанаасаа өмнө эргэн ирэхэд ямар сорилт, сэтгэл зовнил эсвэл асуултууд тулгардаг талаар гэр бүлийн гишүүдэд нь зөвлөгөө өгч, туслаарай.

  • Аврагч хэрхэн эдгээж, амар амгаланг авчирч, өөрсдийг нь болон эргэж ирсэн номлогчийг тайтгаруулдаг талаар ойлгоход гэр бүлийнх нь гишүүдэд туслаарай.

Гэр бүлд гэртээ эргэж ирсэн номлогчийн хэрэгцээ, түүнд туслах эх сурвалжийн боломжийн талаар хамтдаа зөвлөгөө өгөхийг уриал.

  • Гэр бүлийн гишүүдэд бусад хүн нөхцөл байдлыг хэрхэн үзэх талаар биш, харин тэдний анхаарлыг номлогч дээр болон түүний эдгэрэлтэд төвлөрүүлэхэд тусал.

  • Номлогчийн эцэг эхэд хүү эсвэл охин нь хугацаанаасаа өмнө эргэн ирсэн явдал эцэг эхийнх нь хувьд тэдний буруу биш гэдгийг ойлгуул.

  • Номлогч хугацаанаасаа өмнө эргэн ирсэнд өөрсдийгөө болон бусдыг шийтгэх эсвэл буруутгах шаардлагагүй гэдгийг ойлгоход эцэг эхчүүдэд тусал.

Номлогчийг номлолд буцаж гарахад бэлэн биш эсвэл эргэж очихыг хүсэхгүй байгаа тохиолдолд гэр бүлийн гишүүд нь номлолын үйлчлэлд буцаж гарахыг шахаж шаардахыг хоригло.

Гадас, тойргийн нөөц бололцоог ашигла

Тасралтгүй дэмжлэг, зөвлөмж, туслалцаа үзүүлэхийн тулд тойргийн удирдагчидтай юм уу итгэмжлэгдсэн бусад хүнтэй ажиллах талаар бодож үзээрэй. Нөхцөл байдлыг бусадтай ярилцахаас өмнө тухайн хүнээс зөвшөөрөл хүс.

Удирдагчид эргэж ирсэн номлогчийн нөхцөл байдлыг тойргийн зөвлөлөөр хэлэлцэж, түүнд туслах эх үүсвэр, боломжуудыг тодорхойлох талаар бодож үзэх боломжтой.

  • Сүмийн удирдагчид энэ чухал цаг үед эргэж ирсэн номлогч, түүний гэр бүлийнхэнд идэвхтэй үйлчилж, дэмжих арга замыг олоорой.

Номлогчийг итгэмжлэгдсэн хүнийг зөвлөгчөөрөө тодорхойлоход мөн тэднээс тогтмол уулзахыг хүсэхэд урамшуул.

  • Зөвлөх нь эргэж ирсэн номлогчийн тохинуулагч эгч эсвэл ах байж болно.

  • Аврагч Есүс Христийн ачаар мөн Түүний сайн мэдээний ачаар итгэл найдвар, хүч чадал олж авсан, адил төстэй туршлага бүхий эргэж ирсэн өөр нэг номлогчийг сонгох талаар бодож үз.

Уг номлогчийг бэлэн болсон үед дуудлага болон үйлчлэх боломжийг өгч, үг хэлүүлж болно.

Тохиромжтой бол сайн мэдээний зарчимд нийцсэн Сүмийн болон нийгмийн эх сурвалжуудаас нэмэлт тусламж авах тухай бодож үзээрэй.

  • Зарим газарт Гэр бүлийн үйлчилгээний албанаас Сүмийн удирдагчдад зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлж, хугацаанаасаа өмнө гэртээ эргэж ирсэн номлогчдод зөвлөгөө өгөх цуглаан явуулдаг.

  • Хэрэв Гэр бүлийн үйлчилгээний алба байхгүй бол тухайн орон нутаг дахь нэмэлт эх сурвалжуудыг авч үзээрэй.